| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2021/04349/И |
| Дугаар | 184/ШШ2022/01742 |
| Огноо | 2022-05-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2022/01742
2022 05 24 184/ШШ2022/01742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн
Хариуцагч: Э ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний барьцаа төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Э ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №45 тоот Дүүргэгч материал ангилах үйлдвэр түрээсийн гэрээ-г байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д гэрээний зүйлийн барьцаанд нэг сарын түрээсийн төлбөр 9.000.000 төгрөг байхаар тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бутлуурын барьцааны урьдчилгаа 3.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Гэрээгээр тохирсны дагуу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дүүргэгч материал ангилах үйлдвэрийг түрээсэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сүүлчийн тооцоог хийж дуусгасан боловч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д сар сардаа түрээсээ төлөх ба гэрээ дуусгавар болсноор барьцааг суллана гэж заасны дагуу манай байгууллагын барьцаа болох 9.000.000 төгрөгийг одоог хүртэл буцаан олгоогүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Элбэг баян говь ХХК-аас 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Э ХХК-ийн нягтлан бодогч Т.О-т гаргаж өгсөн хариу тайлбараас харах юм бол №45 тоот гэрээний барьцааны 9.000.000 төгрөг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Э ХХК нь манайхаас алданги тооцож байгаа, алданги гэдэг нь өөрөө Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хуульд болон гэрээнд заасны дагуу нөгөө талдаа төлөх ёстой төлбөрийг алданги гэж нэрлээд байгаа харин Э ХХК нь гэрээнд заасан үндсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба хариуцагч талаас манай үндсэн үүргийг төлөөгүй гэх тайлбар гаргадаггүй, энэ төлбөрийг төлсөн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байдаг, алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга, энэ нь тухай бүртээ манайх 9.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд тэр төлбөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд алдангийг нэхэж байж энэ заалт нь хэрэгжинэ гэж ойлгуулна гэж бодож байна, ингэхээр үндсэн төлбөрт маргаан байхгүй, үүргийн гүйцэтгэлээ бүрэн төлж дууссан байхад дууссан энэ асуудал дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги шаардах эрхгүй гэж үзэж байна, тийм болохоор энэ алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нягтлан Т.Отгончимэгийн бичгээр гаргаж өгсөн хариу тайлбартаа 9.000.000 төгрөгийг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбараар батлагдаж байна гэж үзэж байна, ийм учраас 9.000.000 төгрөгөө авна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар түрээсийн үндсэн төлбөрт талууд маргаангүй байгаа учраас хариуцагч талын гаргасан алдангийн асуудлыг хэрэгсэхгүй болгоно гэж найдаж байна, манайх 9.000.000 төгрөгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулна, алдангийг үндэслэлгүй байна, манайх газрын түрээсийн маргаан дээр ямар нэгэн гомдол гаргаагүй, алдангийг хүлээн зөвшөөрсөн ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Э ХХК-иас нэхэмжилж байгаа нийт 9.000.000 төгрөг байдаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу нэхэмжилж байгаа гэж хэлж байна. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №45 тоот Дүүргэгч материал ангилах үйлдвэр түрээсийн гэрээ-г байгуулсан. Энэ цаг хугацаанд М ХХК-иас өгсөн нотлох баримтуудын хэмжээнд ярихад №45 тоот гэрээний 04 дүгээр зүйлийн холбогдох заалт түрээсийн гэрээний 01 дүгээр зүйлд заасны дагуу талууд төлбөр төлөөгүй тохиолдолд үйлдвэр хөрөнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгч төлнө гэж байгаа, энэ байдлаар манай Э ХХК төлбөрөө сар сардаа төлөөд явсан байгаа, энэ дээр сүүлийн тооцоог хийсэн ба манайх 2.920.500 төгрөгийг М ХХК-иас алданги тооцсон. Ийм учраас 2.920.500 төгрөгийг 9.000.000 төгрөгөөс хасаад тооцож байгаа, 9.000.000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, 2.920.500 төгрөгийг хасаад гаргасан үнийн дүн дээр хүлээн зөвшөөрч байна. 2 талын тооцоо нийлсэн баримт дээр бол нарийвчлаад хоногуудаа гаргаад 2 тал зөвшөөрсөн байдаг, энэ тал дээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирал н.Батбаяр өөрөө байдлаа илэрхийлээд 2 тал аль аль нь буцаад хасаад зөвхөн гэрээ гэж дурдаж байснаа сүүлдээ №250 тоот гэрээ гээд явчихсан байсан гэсэн гэж хэлж байсан, энэ нь нотлох баримтаас харагддаггүй, улс орны нөхцөл байдалтай холбогдуулаад тооцоолол өгөхөд нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, манайхаас алданги, мөнгөний үлдэгдэл дээр тооцоо хийсэн нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. М ХХК-иас алданги 2.920.500 төгрөгийг 9.000.000 төгрөгөөс хасаад гаргасан үнийн дүн дээр хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай Дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэр түрээсийн гэрээ, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн Барилга хот байгуулалтын яамны барилгын материал үйлдвэрлэлийн дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэрлэлийн болон бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрлүүд, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, 2020 оны 07 дугаар сарын 23, 29-ний өдрийн оноотой кассын орлогын ордер, мөн оны 07 дугаар сарын 23, 29, 31, 2020 оны 08 дугаар сарын 13, 2020 оны 09 дүгээр сарын 03, 2020 оны 10 дугаар сарын 27, 2020 оны 11 дүгээр сарын 10, 11, 2021 оны 03 дугаар сарын 05, 30, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн огноонуудтай бэлэн мөнгөний зарлагын баримтууд, шилжүүлгийн мэдээлэл, Г.Мөнгөнчимэгийн Хаан банк ХХК-ийн 5700557072 дугаартай депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн, хариуцагч талаас хариу тайлбар, хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-иас Э ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан гэх 22/31 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч талтай хариуцагч тал тооцоо нийлсэн гэх акт-003, шилжүүлсэн төлбөрийн жагсаалт, 5.100.000, 9.000.000, 9.000.000, 18.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэхүүд, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 45 тоот гэрээний бутлуурын түрээсийн тооцоо, Элбэг Баян говь ХХК-тай тооцоо нийдсэн акт гэх баримтуудын гарган өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-ид холбогдуулан түрээсийн гэрээний зүйлийн 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаанд төлсөн гэх 9.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 9.000.000 төгрөгөөс түрээсийн үндсэн төлбөр төлөх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаагаар хэтрүүлсэн 179 хоногоор тооцсон алдангийн төлбөр болох 2.920.500 төгрөгийг хасаж тооцуулаад 6.079.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргаж байна.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэр түрээсийн 45 дугаартай гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Хэнтий аймагт байрлах хариуцагч Э ХХК-ийн дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэрийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 9.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, 4 сарын хугацаатайгаар М ХХК түрээслэхээр, түрээслүүлэгч Э ХХК-ийн уг үйлдвэр болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулан хүлээлгэн өгөх, хүлээж авахад зориулан гэрээний зүйлийн барьцаа болгон урьдчилан 1 сарын түрээсийн төлбөр буюу 9.000.000 төгрөгийг нэмж, нийт 18.000.000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж барагдуулахаар, түүнчлэн түрээсийн гэрээ дуусгавар болсноор барьцааг суллахаар харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 1.7 дах заалт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тус гэрээний үндсэн үүрэг буюу түрээсийн 4 сарын төлбөр болон барьцаа төлбөрт 45.000.000 төгрөг төлөгдөхөөс 41.100.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй.
Түүнчлэн түрээсийн үндсэн төлбөр буюу 4 сарын хугацааны 36.000.000 төгрөгийн төлбөрөөс Ковид-19 халдварт өвчинтэй холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 13 хоногийн хугацааны төлбөрөөс 2 тал тухайн үед тохиролцоод түрээсийн төлбөр болох 3.900.000 төгрөгийн үүргээс чөлөөлсөн байдаг ба үлдэх 32.100.000 төгрөгийг төлөгдсөн талаар маргахгүй байна.
Мөн барьцаа төлбөрийг нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болон 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд 3.000.000 төгрөг болон 6.000.000 төгрөгөөр 2 хувааж төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний үндсэн үүрэг төлбөр болон барьцаа төлбөрүүдийн хамт 41.100.000 төгрөгийг хариуцагч тал авсан талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн талаар болон хариуцагч тал түрээсийн төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 5.100.000/2.000.000+2.000.000+1.100.000/ хугацаа хэтрүүлэн төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Гагцхүү хариуцагч тал барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбогдуулан талуудын хооронд байгуулсан Дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэр түрээсийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 01 дүгээр заалтад үндэслэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон үндэслэлээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 45 тоот гэрээний бутлуурын түрээсийн тооцоо гэх нягтлан бодогчийн гаргасан тооцооллын хүснэгтэд үндэслэн түрээсийн гэрээний 4 сарын хугацааны туршид 179/13+27+9+33+48+49/ хоногийн алданги тооцон 2.920.500 төгрөгийг суутган тооцох үндэслэлтэй гэж татгалзал гаргажээ.
Нэхэмжлэгч тал хасаж тооцох үндэслэлгүй талаар маргаж 9.000.000 төгрөгийг үндсэн төлбөрт маргаан байхгүй, үүргийн гүйцэтгэлээ бүрэн төлж дуусгасан тохиолдолд алданги шаардах эрхгүй гэж тайлбар гарган татгалзаж байна.
Шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр төдийгүй, гэрээний харилцаа дуусгавар болсон байна гэж үзлээ.
Түрээсийн гэрээгээр барилгын дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрийг түрээслэгч М ХХК нь эзэмшил ашиглалтдаа 4 сарын хугацаанд ашиглаж, түрээслүүлэгч Э ХХК-ид тохирсон түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Уг үүргээ хэн аль нь биелүүлсэн болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээслэгч М ХХК нь Э ХХК-ид түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар түрээслүүлэгч Э ХХК нь түрээслэгч М ХХК-иас өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар талууд түрээсийн төлбөрөөс гадна түрээсийн зүйлийг ашиглалтын хугацааны эвдрэл гэмтлийг засварлахад гарах нэмэлт зардлын төлбөрийг урьдчилан төлөх буюу барьцаа байдлаар төлөхөөр тохиолцсон гэж үзэхээр байна.
Гэвч гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар талууд маргаагүй тул бүрэн бүтэн байдал алдагдаагүй гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч тал уг барьцаа төлбөрөөс түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацааны алдангийг хасан тооцох байдлаар тайлбар татгалзал гаргасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл уг нэмэлт зардлын төлбөр нь ирээдүйд бий болох гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төлөхөөр тохиролцон харин гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгогүй байжээ гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээд хоорондын үүрэг хожим дуусгавар болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардан авах эрхтэй.
Иймд хариуцагч Э ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э ХХК-ийн дүүргэгч материал бутлан ангилах үйлдвэр буюу гэрээний зүйлийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор Э ХХК 9.000.000 төгрөгийг хүлээн авсан, гэрээний хугацаа дуусан үйлдвэр тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээн авсан, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан болон эвдэж гэмтээж, дутаасан талаар маргаагүй атал зохигч талуудын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар гэрээ дуусгавар болсноор барьцааг суллахаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7, 493.9-д зааснаар буцаан шаардах шаардлагад Иргэний хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй, эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн үрэгдүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй учраас хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.
Нөгөөтэйгөөр хариуцагч тал гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9.000.000 төгрөгөөс алдангийг хасах үндэслэлгүй тул 9.000.000 төгрөгийг бүхэлд нь гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 158.950 төгрөг гаргуулан М ХХК-ид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 158.950 төгрөг гаргуулан М ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б