Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Т овогт В.А /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................ байрлах, Д ТӨХК /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,822,933 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.А нь Д ТӨХК-д холбогдуулан татвараас чөлөөлөгдөх орлогоос үндэслэлгүй суутгасан 3,822,933 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Д-ад ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн ******* тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 38,229,332 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг тэтгэмжийг миний харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасны дагуу татвараас чөлөөлөгдөх орлогоос татвар авч хохироосон учир суутгасан 3,822,933 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: В.А нь Д ТӨХК-д 37 жил 4 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 9 сарын 30-ний өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын Хамтын гэрээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж 38,229,332 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, олгохдоо 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн байдаг тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр 30-ны өдрийн ******* тоот тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот дансны хуулга, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 4 дүгээр улирлын суутгагчийн хувь хүнд ногдуулсан орлогын албан татварын тайланг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр 30-ны өдрийн ******* тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 38,229,332 төгрөг олгохоор шийдвэрлэж, шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг үндэслэлгүй суутган авсан тул 3,822,933 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1 Хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутган авч, Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн тул манайх хариуцахгүй.

3.2 Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаал, нэхэмжлэгчийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар Захиргаа, хүүний нөөцийн албаны сургалтын мэргэжилтэн В.А-г өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, В.А-д Эрчим хүчний салбарт ажилласан 37 жил 4 сард ногдох 38,229,332 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр В.А-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд 34,406,398.80 төгрөг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 3,822,933 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2019 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч суутган мөнгийг Татварт шилжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх маргаан байна.

7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.

8. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

9. Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

10. Хариуцагч байгууллага нь татварын байгууллагад шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах ёстой гэж маргасан ч Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч нь хариуцагч байгууллага тул татварын тайланг буруу гаргаж, татварыг илүү төлсөн нь хариуцагч энэхүү зөрчлөө өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

11. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 76,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д ТӨХК-иас 3,822,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 76,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.А-д олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ