Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/01953

 

 

 

 

 

 

2022 04 27

101/ШШ2022/01953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т н СӨХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М холбогдох,

 

929,055 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т н СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж ашигласаар байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх;, Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 17.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасны дагуу нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой.

Т н СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Т н СӨХ-ны төлбөрийг хог-2800, лифт-4000, цэвэрлэгээ-3500, жижүүр-5000, баримт-150, засвар үйлчилгээ 1 мкв-200 төгрөг, дундын гэрэл-1000 төгрөг байхаар шинэчлэн баталсан. Үүний дагуу тэрээр сард хог-2800, цэвэрлэгээ-3500, жижүүр-5000, баримт-150, засвар үйлчилгээ-15096, 20 төгрөг, дундын гэрэл-1000 төгрөг гражийн цэвэрлэгээний-5000, лифт-4000 буюу нийт 36546,20 төгрөгийг төлөх ёстой болно.

2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан тус СӨХ-оос сууц өмчлөгч нарын хогны төлбөр 2800 төгрөгийг 2021 оны 01 сараас хасаж тооцсон болно. 36Б байр 57 тоот 75,481 мкв орон сууцанд оршин суугч М нь дээрх хуульд заасан СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд cap бүр төлөх ёстой төлбөрөө 2019 оны 12 дугаар cap,2020 оны 01 дүгээр сараас 12 cap, 2021 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал нийт 25 сарын хугацаанд төлөөгүй, энэ нь хуримтлагдсаар 929,055,00 төгрөг болсон байна.

Түүнд дээрх хуулиудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан cap бүр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, үүний улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа болно.

Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд төлөх ёстой 929,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Ж.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т н хотхоны 36Б-57 тоотод оршин суугч Э миний бие нь тус байранд 2014 оны 1 сараас эхлэн амьдарч байна. Бид 2014 оны 01 сараас 2018 оны 8 сар хүртэл СӨХ-ны болон байрны төлбөрөө хариуцлагатай төлж ирсэн. Улмаар 2015 оны 8 сараас эхлэн бүх ном журмын дагуу зөвшөөрөл авч тэр үеийн Брэн группын СӨХ-тэй гэрээ хийн нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2018 оны 6 сараас Т н СӨХ-ны дарга Ганзаяа нь үйл ажиллагаа явуулж өрөөг авахын тулд төрөл бүрээр дарамтлан үйл ажиллагааг минь зогсоож тасалдуулсан ба иргэн намайг маш ихээр хохироосон ба шүүхээр явсан ч өмгөөлөгч дутуу ажилласнаас болж баримт хангаагүй гэж СӨХ-ны талд шийдэгдсэн юм. Маш их дарамт амсаж байсан учир СӨХ-ны мөнгийг өгөхгүй гэж шийдсэн. Мөн СӨХ-д өрөөгөө авахын тулд иж бүрэн дасгалын тоглоом, мөн гадагш худалдаа хийх гэж аюулгүйн гарц байсан өрөөг мөн л өөрийн хүчээр тохижуулан орхисон. Иргэн надад тус СӨХ-ноос авах авлага байгаа учир ярилцаж шийдэх хэрэгтэй байна. СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж хэлэхгүй. Гэвч тодорхой хэмжээгээр миний хохирлоос хасаж өгөхийг хүсч байна. Мөн шүүх хуралд оролцохыг зөвшөөрнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сууц өмчлөгчдийн холбооны 0096 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021.05.25-ны өдрийн 05/12 дугаартай Т н СӨХ-ноос 36Б байрны 57 тоотод оршин суугчид хүргүүлсэн мэдэгдэл, 2021.10.29-ний өдрийн 10/12 дугаартай Т н СӨХ-ноос 36Б байрны 57 тоотод оршин суугчид хүргүүлсэн мэдэгдэл, 2020.06.23-ны өдрийн 06/08 дугаартай Т н СӨХ-ноос 36Б байрны 57 тоотод оршин суугчид хүргүүлсэн мэдэгдэл, 36Б байрны 57 тоот өрхийн СӨХ-ны төлбөрийн жагсаалт, 2022.03.18-ны өдрийн Төрийн банкны бэлэн гүйлгээ, 2018.11.25-ны өдрийн Б/01 дугаартай Т н СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоолын хуулбар, 2022.04.25-ны өдрийн 04/16 дугаартай Т н СӨХ-ноос Л.Хт олгосон итгэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 2019.03.19-ний өдрийн 101/ШЗ2019/04317 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах тухай захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж залдах шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 542 дугаартай магадлал,

Хариуцагч нь 2022.03.21-ний өдрийн 0214 дугаартай Ж.Мээс М.Эд олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т н СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 929,055 төгрөгийг хариуцагч Ш.Мээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч 2022.03.21-ний өдөр хариуцагчийн төлсөн 73,092 төгрөгийг хасч, мөн 855,963 төгрөг болсноос 55,963 төгрөгийг хасч, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд оролцож тайлбар хэлэх явцдаа шүүх хуралдааны танхимыг хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр орхин гарч явсан ба шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсаар ярихад, буцаж орж ирэхгүй намайг оролцуулахгүйгээр хийнэ үү гэсэн тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэж маргахгүй ба харин СӨХ-ийн үйл ажиллагаанаас болж хохирол амссан тул төлбөрөөс хасуулах хүсэлтэй гэх агуулгатай тайлбар гаргасан.

5. Нэхэмжлэгч Т н СӨХ нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36-А, 36-Б, 36-В дугаар байруудад СӨХ-ийн үйл ажиллагаа хариуцан ажилладаг болох нь Т н СӨХ-ийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-4/

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхоны 36Б байрны 57 тоот орон сууцны СӨХ-ийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 25 сарын хугацаанд төлөөгүй, 929,055 төгрөг хуримтлагдсан болох нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан 36б байрны 57 тоот СӨХ-ийн төлбөрийн жагсаалт, төрийн банкны төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна.

Т н СӨХ-ийн бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 сарын 25-ны өдрийн Б/01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэлэлцэж тогтоосон байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасантай нийцэж байна. /хх-10/

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх юм.

Хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш гэж маргаагүй, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээнд маргаагүй ба харин СӨХ-ийн үйл ажиллагаанаас шалтгаалж хариуцагчид хохирол учирсан гэх боловч хэрэгт авагдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар М.Эгийн нэхэмжлэлтэй, Т н СӨХ-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн ба энэ нь өөр маргаан байх тул төлбөрийн хэмжээнээс хасуулах хүсэлтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ж.Мээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т н СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 800,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Ж.Мээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т н СӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ