| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Х
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 20** оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .........................................................................................
..............................................................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.М нь 20** оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Д аймгийн Д сумын *-р багийн нутаг дэвсгэрт байх Т ш гэх газраас О.Т-ын өмчлөлийн олон тооны 22 тооны хонийг уналга буюу зээрд зүсмийн морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Т-д 5,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нотлох баримтын үнэлгээ:
Улсын яллагчаас:
Хохирогч О.Т-ын "... 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн Д сумын *-р баг явуулчхаад урд айл руугаа хүүхэд хүргэж өгөөд өвөөгийнхөө гэрт байж байгаад орой 10 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэрт ирэх үед хонь хотолсон байхаар нь морио тавиад унтсан. Тэгээд өглөө босоод морио барих гээд овоон дээр гараад малаа дурандах үед зүүн хойноос ганц хонь гарч ирсэн. Тэгэхээр нь "Юу болов?" ганц хонин дээр яваад очтол манай хонь байсан. Тэрийгээ хөөж хашиж хороондоо хийгээд бэлчээрт гарсан хонио тууж авчраад хашиж байгаад тоолох үед 24 тооны хонь дутуу байсан... Тухайн өдрөө малаа хайгаад олоогүй. 20** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нагац эгч Т.М утсаар "24 тооны хонио хайгаад олохгүй байна. Б бой дээгүүр яваад сураглаад үз" гэж хэлсэн. Тэгээд би Х аймгийн Д сумын бойгоор ороод үзээд явж байтал Т.М эгч утсаар залгаад "Х аймгийн Б сумын баруун талын бойнд өгөөд хийсэн байна. Толгой нь байна" гэсэн. Тэгэхээр нь ирээд үзтэл манай зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа догол, зарим нь голоороо цуулбар, буруу нь араасаа хөндлөн имтэй манай хонины толгойнууд мөн байсан. Мөн 12-13 ширхэг малын мах нь ууцлаад хийсэн байдалтай байсан. Тэгээд цагдаад хандсан. Намайг ирэх үед манай эгч М бойны хүмүүс "М гэдэг хүний эхнэр авчирч зарсан" гэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Гэрч Т.М "...20** оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай эгчийн хүүхэд болох... Т нь "Малаас 24 тооны хонь алга болсон тул Б дээр байх бойгоор ороод үзээд өгөөч" гэсэн. Тэгэхээр нь 20** оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 12 цагийн орчимд Х аймгийн Б сумын баруун талд байх Х б гэх газар болон өөр нэг бойн дээр очсон. Нөгөө газар нь хүнгүй Х б хүнтэй байсан. Тэгэхээр нь уг бойны хүмүүсээс "Танайд 24 тооны хонь хүн авч ирж борлуулсан уу" гэж асуусан. Тэгтэл "20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 1 эмэгтэй ирж 22 тооны хонь зарсан. Тэгээд харж зогсож байгаад хийлгээд мөнгийг нь аваад явсан" гэсэн. Тэгэхээр нь "Малын толгой нь байгаа юу" гэж асуухад "Байгаа" гэхээр нь орж үзтэл нагац дүүгийн алдсан зөв нь урдаасаа догол буруу нь араасаа догол, зарим нь зөв голоороо цуулбар буруу нь араасаа хөндөл имтэй хонины толгойнууд байсан. Уг толгой нь алдсан малын имтэй толгой мөн байсан. Тэгээд О.Т-д хэлээд ирж үзээд алдсан мал нь мөн байсан... Тэгэхээр нь "М уу" гэтэл "Тийм. Тэрний эхнэр байсан." гэж бойны гэдэс арилгадаг хүүхэн хэлж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Гэрч Ш.А "... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө манай нөхөр утсаар залгаад "Зүүн хойноос нэг хонь ирсэн. Тэгээд хонио хашаад тоолох үед 24 хонь дутаж байна" гэсэн. Тэгээд би 20** оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчимд гэртээ ирээд, 20** оны 01 дүгээр сарын 21-ний өглөө дахин хонио тоолох үед 24 тооны хонь дутаж байсан. Тэгээд бид хоёр хонио ойр орчмын айлуудаар болон Д сумаар хайж байсан. Тэгээд нөхрийн нагац эгчид бас хонь алга болсон тухай хэлж, "Х аймгийн Б сумын бойгоор ороод үз" гэж хэлсэн. Тэгтэл "Х аймгийн Б сумын баруун талын бойнд хонь өгсөн байна. Толгойг нь үзэх үед им эт таараад байна" гэсэн. Тэгэхээр нь ирээд үзтэл 22 тооны толгой байсан. Уг толгойноос 14 тооны толгой нь манай хонины им болох зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа догол имтэй, 8 нь зөв чих голоороо цуулбар, баруун чих араасаа хөндлөн имтэй байсан. Манай хонь зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа догол имтэй, манай малд хадам ээж Т С мал байдаг. Тэдний мал зөв чих голоороо цуулбар, буруу чих араасаа хөндлөн имтэй. Бойны хүмүүс хэлэхдээ "М эхнэр 22 тооны хонь зарсан" гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал М утсаар залгаад "Уулзъя, би буруу юм хийсэн байна, танай хонийг төлж өгнө. Уулзаад зохицож болох уу?" гэж ярьсан... Манай эгчид "Морь уургалдаг, адуучдын тэмцээнд ордог хүний эхнэр" гэж хэлсэн. Тэгэхэд манай эгч "М уу?" гэтэл бойны хүмүүс "Тийм" гэж хариулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Гэрч М.М "... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Ч явах гэж байтал дарга Б овогтой Б утсаар залгаад "Явахгүй байж байгаарай, 20-иод тооны хонь ирж байгаа, байж байгаарай, хийнэ шүү" гэсэн. Тэгэхээр нь цайгаа уучхаад байж байтал М эхнэр цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр хонь ачиж орж ирсэн. Тэгээд 22 хонь тоолж буулгасан. Портер маркийн машин нь "Яараад хэр хурдан хийх вэ?" гэсэн. Тэгэхээр нь би "3 цаг гаруй болох байх" гэж хэлээд "Намайг энд 3 цаг хүлээгээд яах вэ, айлд очоод байж бай, би дуусаад залгана" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Гэрч Б.Б "...20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн үед Д аймгийн Д сумын иргэн М гэж хүн ******* дугаарын утсаар залгаад мах авч байгаа юу? Хониор авч байгаа юу? гэсэн. Тэгэхэд нь би авч байгаа, хонийг 10,000 төгрөгөөр авч байна гэж хэлсэн. Тэгэхэд за, эргээд залгана гэж хэлээд утсаа таслаад буцаж залгаад "Хэдэн хонь өгөх юм, хийх хүн байгаа юу?" гэсэн. Тэгэхэд нь би хүн байгаа, аваад ир гэсэн. Тэгээд "Машин олдохгүй байна, туугаад очъё” гэсэн. Тэгэхээр нь "Хаанаас ирж байгаа юм бэ?" гэхэд "Гэрээсээ ирж байна" гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад "Машин олсон. Би өөрөө малаа хараад үлдлээ, эхнэрээ явуулъя" гэж хэлсэн. Тэгээд М "Өглөө машины сэлбэг захиалсан, унаанд тавих гээд мөнгө өгөх хэрэгтэй байна, түрүүлээд 500,000 төгрөг өгөөч" гэхээр нь би М-ын Хаан банкны ***** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд очих үед хонио манай бойн дээр буулгаад хашаанд хашсан байсан. М гэх манай ажилтанд өгөөд буулгаад үлдээгээд хурдан хийлгэмээр байна. Хүнээ нэмээд өгөөч. Мөнгө яаралтай хэрэгтэй байна" гэсэн гэж хэлэхээр нь би Б гэх хүнийг гэрээс нь очиж аваад бой хийлгэхээр үлдээсэн. Тэгээд хашаанд хашсан байсан хонины зургийг нь юмыг яаж мэдэх вэ гэж бодоод дараад авсан. Тэгээд би төвд хүнтэй уулзаж явж байтал 14 цагийн үед М-ын эхнэр **** дугаарын утсаар залгаад "Малаа хийгээд дууссан байна. Ирээд хиллээд өгөөч" гэсэн. Тэгэхээр нь би очоод "За гарал үүслийн бичгээ гаргаад ир" гэж хэлсэн. "Манайх гарал үүслийн бичиггүй тооцоо хийхгүй" гэсэн. Тэгтэл М-ын эхнэр "Гарал үүслийн бичиг авч байгаа, явуулна" гэсэн. Тэгэхээр нь "Та нар малынхаа зургийг авсан юм уу?" гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь би фейсбүүкийн аваад зургийг нь явуулсан. "Бичгээ явуулаарай, би 9 хонины махыг нь хотод зооринд хийнэ" гэж хэлсэн. Тэгтэл "Удахгүй явуулна" гэхээр нь махыг нь хиллээд 7 хонь 168 килограмм болоод хилийг нь 10,000 төгрөгөөр бодоод 1,680,000 төгрөг болсон. 2 хурга 29 кг болоод 9,000 төгрөгөөр бодоод 261,000 төгрөг болсон. 13 хонь 338 кг болоод 11,000 төгрөгөөр бодоод 3,718,000 төгрөг болсон. Бойнд оруулсан ажлын хөлс нэг хонь 9,000 төгрөг бодоод 198,000 төгрөг болсон. Гэдэс, элэг зэргийг нь нийлүүлээд нэг хонь 3,500 төгрөг, нийт 77,000 төгрөг болсон. Нийт 5,469,000 төгрөг өгөхөөр болоод... 4,969,000 төгрөгийг М-ын өөрийнх нь Х банкны ***** тоот данс руу хоёр хувааж... хийсэн. Мөнгө хийхээс өмнө гарал үүслийн бичгээ нэхэх үед М-ын эхнэр "Бичгээ ярьж байгаад одоо аваад өгнө, одоо ажилтай байна, яараад байна" гээд зогсоод байсан. Тэгэхээр нь би "Хараад байвал яваад ажлаа амжуул, би бичгийг чинь ирэхээр нь мөнгө хийнэ" гэсэн. Тэгтэл М-ын эхнэр "Дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чөлөөлж авах гээд яараад байна, Д сум явна" гэхээр нь би эхнэрээсээ мөнгө асуусан. Тэгтэл эхнэр "2 сая төгрөг байна" гэхээр нь эхнэрийн данснаас 2,970,000 төгрөг шилжүүлээд, М-ын эхнэрийн данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бичгээ өгөөч гэтэл, "Би ярьж байна, малын эмчийн код явуулахаар Фейсбүүкээр явуулна гээд яваад өгсөн. Тэгээд хот руу орох үед код нь ирээгүй байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Гэрч Д.У "... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 22 хонь бойны дээр ирсэн. Манай нөхөр М, Б хоёр хийсэн... 20** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүмүүс мал алдсан гээд ирэхээр нь толгойг нь үзүүлэх үед манай малын толгой мөн байна гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
Гэрч Г.Б"... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө манай бойны захирал "Бойн дээр хорин хэдэн хонь ирсэн хонь хийлц" гээд намайг гэрээс ирж авсан. Тэгээд би бойн дээр 22 хонь бойчин М хамт хийсэн... Манай бойны захирал гарал үүслийн бичиг нэхээд байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Гэрч П.Б "... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө үхэртээ яваад 09 цагийн орчимд гэртээ иртэл эхнэр надад "М чамайг хонь Б оруулаад өгчих. Ченжид өгөх гэж байгаа юм" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагаан өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй М-ын гэрт очсон... М-ын гэр манай гэрээс баруун урагшаа 10 гаруй км зайтай байдаг. Тэгээд очих үед М малынхаа хашаан дээр морьтой зогсож байсан. Тэгтэл М "Хашаа руу ухраад зогсоорой гэхээр нь би ухарч зогсоод, М бид хоёр хамт хашаанд байсан хонийг ачсан. Тэгтэл М "Болсон гэхээр нь гэрт нь орох үед эхнэр, хүүхэд нь байсан. Тэгээд эхнэр хувцаслаад хүүхдээ дагуулаад надтай хамт Х аймгийн Б сум руу явсан. М гэртээ үлдсэн. Тэгээд Х аймгийн Б суманд орох үед М-ын эхнэр О Баруун урд талд байх бойны газарт очно гэсэн. Тэгээд уг бойны газар очоод хонио буулгаад, хашаанд нь хийж үлдээгээд би О М-ын ээжийнх нь гэрт хүргэж өгөөд буцаад М-ын гэрээс урьд нь хоёр бярууны авлагатай байсан тэрийгээ авах гээд очсон. Тэгээд хоёр бяруугаа аваад гэр рүүгээ явсан... М өөрийнхөө хотноос ачсан тул өөрийнхөө малыг ачиж байна гэж бодоод имийг нь хараагүй. Хэдэн хонь байсныг ч тоолоогүй. Би М-ын хотноос ачсан тул хулгайн мал гэж мэдээгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Гэрч С.Ө "... 20** оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд М миний ****** дугаарын утас руу ****** дугаарын утсаар залгаад "Ченжид мал өгөх гэсэн юм хүргээд өгөөч гэж ярьсан. Тухайн нөхрийгөө ирэхээр нь "М ченжид мал өгнө, хүргээд өгөөч гэж байна" гэтэл "За" гээд манай нөхөр Б өөрийн нэр дээр байх ***** улсын дугаартай цагаан өнгийн 'Бонго 3' маркийн тээврийн хэрэгсэлтэй М-ын гэр лүү явсан. Тэгээд орой 16-17 цагийн орчимд манай нөхөр Б машин дээрээ хоёр авах ёстой байсан. Тэрийгээ аваад ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
А б ХХК-ий шинжээчийн 20** оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ****** дугаартай "...Зээрд зүсмийн хязаалан насны морины зах зээлийн үнэ цэнийг 20** оны 01 дүгээр сарын байдлаар 1,200,000 төгрөгөөр тогтоов..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 83-86 дахь тал),
А б ХХК-ий шинжээчийн 20** оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *******дугаартай "...малын зах зээлийн үнэ цэнийг 20** оны 01 дүгээр сарын байдлаар 5,670,000 төгрөгөөр тогтоов..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-95 дахь тал),
Гэрч Б.Б гаргаж өгсөн "Мал, мах түүхий эдийн бүртгэл" (хавтаст хэргийн 147-154 дэх тал),
М.М-ын эзэмшлийн Х банкны ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 176-192 дахь тал),
С.О гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-36 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-12 дахь тал)
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш:
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөр төлсөн баримтыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.М нь 20** оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Д аймгийн Д сумын *-р багийн нутаг дэвсгэрт байх Т ш гэх газраас О.Т-ын өмчлөлийн олон тооны 22 тооны хонийг уналга буюу зээрд зүсмийн морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Т-д 5,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
22 тооны хонь нь хохирогч О.Т-ын өмчлөлийн хонь болох нь гэрч Т.М мэдүүлэг, хохирогч О.Т, Ш.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
“Мал” хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц, далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч,өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх,эрх чөлөөг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч М.М нь бусдын 22 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч М.М нь хохирогч О.Т-д учруулсан 5,270,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.М-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний 1/2 буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох зээр зүсмийн морины үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгч М.М-аас гаргуулж улсын орлого болгох саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний 1/2 буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох зээр зүсмийн морины үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгч М.М-аас гаргуулж улсын орлого болгох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И С овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох зээрд зүсмийн морины үнэ болох 1,200,000 төгрөгийг шүүгдэгч М.М-аас гаргуулж улсын орлого болгосугай.
5.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА