Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 09

 

 

2021  оны 04 сарын 07 өдөр                      2021/ДШМ/09                                   Хэрлэн сум                                  

 

М.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0009/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа  даргалж, шүүгч Я.Алтаннавч Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч өмгөөлөгч Г.Баярсайхан  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлоор М.Ч-д холбогдох 2039004090028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дугаар багийн нутагт, иргэн С.А-ийн уруудуулж алдсан 29 тооны бог малнаас 24 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан завшиж, 1 хонийг хүнсэндээ хэрэглэн, 8 тооны хонийг зарж борлуулан иргэн С.А-д 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар М.Ч-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Ч-ийг бусдын алдуул малыг завшсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Чнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:.. Шүүгдэгч М.Ч-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  14-66 ХЭҮ  улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн автомашиныг нүдээр үзэлгүйгээр  4.700.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Дахин үнэлгээ гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Прокурор Ж.Батбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:Шүүгдэгч М.Ч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-66 ХЭҮ  улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг хөрөнгийн  үнэлгээний  “Фэйр Валуэшн” ХХК-н автомашины үйлдвэрлэсэн он, маркийг харгалзан зах зээлийн ханшийг харгалзан гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хурлын явцад энэ талаар гомдол гаргаагүй. Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү “ гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанаар тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог билээ.

 Прокурор яллах дүгнэлтдээ М.Ч-ийг иргэн С.А-ийн уруудуулж алдсан 24 богийг завшсан гэж дүгнэсэн хэрнээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  зарж борлуулсан болон  хүнсэндээ хэрэглэсэн 9 хонины үнэ 1.350.000 төгрөгөөр үндэслэлгүй тооцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шинжээч нь үнэлэгдэж байгаа тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн байдал зэргийг харгалзан үнэлгээг хийсэн гэж байгаа боловч хавтаст хэрэгт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд  шинжилгээний объект болон бусад ямар бичиг баримтуудыг шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хамт шинжээчид хүргүүлсэн нь тодорхойгүй, мөрдөгч тухайн хөрөнгөнд үзлэг хийж битүүмжлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.1 зүйлийн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд “шинжээчийн дүгнэлт  зөв эсэх нь эргэлзээтэй” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай., тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                  Б.ДЭНСМАА