Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0852

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С***-ийн О**** /РД:*******/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Б****** нарын хоорондын ажлаас чөлөөлсөн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х****, хариуцагчийн өмнөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О****** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “С.О******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх  тухай” Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх 2017 онд дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд томилогджээ.

2.1. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “С.О******г ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс чөлөөлсөн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч С.О******гээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

2.3. Шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.О******г томилж, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “С.О******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаар маргаан бүхий захиргааны акт гарсан байна.

3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06/1379 дүгээр албан бичгээр татгалзсан хариуг авснаар тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч С.О****** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "С.О******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай" Б/17 тоот захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 1 дүгээр заалтаар “Тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар С.О******г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсүгэй” гэж, 2-р заалтаар “С.О******тэй 2022 оны 01 дүгээр 19-ний өдөр ажил хүлээлцэх ажлын хэсгийг байгуулсугай” гэж, 3-р заалтаар “С.О******тэй тооцоо хийж дуусгахыг даалгасугай” гэж, 4-р заалтаар “Холбогдох хууль тогтоомжийн дагуу Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах саналыг хорооны Иргэдийн нийтийн хуралд хүргүүлж, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг үүрэг болгосугай” гэсэн захирамжийг гаргасан.

4.1. Тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар С.О******г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсүгэй” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч С.О****** намайг хариуцагч нь тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар С.О******г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилоогүй, харин бүтэн 1 жилийн дараа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 тоот захирамжаар урьд эрхэлж байсан Засаг даргын ажил албан тушаалд томилоогүй, харин 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар “Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр” Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг байлцуулан томилж, ажил хүлээлцсэн. 

Гэтэл хариуцагч уг захирамжид бүтэн нэг жилийн өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил албан тушаалд томилсон мэтээр худал үндэслэлийг захирамждаа зааж, уг худал үндэслэлийг үндэслэж үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дуусгавар болсон мэтээр, үүрэг гүйцэтгэгчээр 1 жил ажиллуулсан мэтээр ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд энэ нь хариуцагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаал болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажил хүлээлцсэн баримтуудаас хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр биелүүлсэн бус харин 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж танилцуулж, ажил хүлээлцсэн болох нь баримтуудаас тодорхой харагддаг.

Мөн уг хууль бус захирамжид дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үүрэг гүйцэтгэгчээр, эсвэл Засаг даргаар томилсон гэж заасан үндэслэл нь үндэслэлгүй бөгөөд учир нь энэ цаг хугацаанд хариуцагчийн 2020 оны Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 0765 дугаар шийдвэрт хариуцагч талаас давж заалдах шатны журмаар гомдол гаргасан байсан бөгөөд уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал товлогдоогүй байсан цаг хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийг 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр, эсвэл Засаг даргаар ажиллуулж байсан байх боломжгүй юм.

4.2. Маргаан бүхий акт гаргасан он цаг хугацааны талаар:

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/17 дугаар захирамжид уг захирамжийг гаргасан он цаг хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гэх атлаа үндэслэх хэсгийн 1-р заалтад “... Тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар С.О******г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш ...” гэх үндэслэлийг бичжээ.

Эндээс хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч намайг түр орлон гүйцэтгэгчээр бус харин эсрэгээрээ жинхэлсэн Засаг даргаар С.О******г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсон гэх атлаа уг жинхэлсэн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон гэжээ. Мөн уг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсон Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсүгэй гэжээ.

Хэрвээ хариуцагч нь нэхэмжлэгч намайг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Засаг даргаар томилон юм бол яахаараа уг Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа нь ойлгомжгүй юм. 

Гэтэл үндэслэх хэсгийн төгсгөлд “...бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсүгэй” гэжээ.

Энэ захирамжид ... хариуцагч намайг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн эсэх, эсвэл 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш хугацаа дуусгавар болсны улмаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, утга агуулгын алдаатай хууль бус захирамжийг гаргасан.

4.3. Хорооны Засаг даргыг чөлөөлөх хуульд заасан үндэслэлийн талаар:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох үндэслэлийг заасан байдаг.

Дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т "Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө", 64.2-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна", 64.2.1-т "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон", 64.2.2-т "хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн", 64.2.3-т "энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан", 64.2.4-т "Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан, 64.2.5-т "энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр" хорооны Засаг даргыг чөлөөлөх талаар тусгажээ.

Гэтэл дээрх хуулийн зохицуулалтын 64.1-т заасан аль ч үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Мөн дүүргийн Засаг дарга намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилсон атлаа, томилсноос хойш 20 хон минутын дараа дахин эгүүлэн тогтоосон шийдвэрээ үгүйсгэж, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

4.4. Захирамжид дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.2, 56.5, 57.1 дэх хэсгийн талаар:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ", 56.5-т “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна", 57.1-т "Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна" гэж заасан байдаг.

Гэтэл дүүргийн Засаг дарга Н.Б******* нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5-т заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана" гэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нам, бүлгийн эвслийн хуульд заасан эдлэх эрхийн заалтыг өөрийн буюу дүүргийн Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээ гэж андуурч, хэтрүүлэн уг хуулийн заалтыг үндэслэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нам бүлгийн эвсэл өнөөдрийг хүртэл хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хийгээгүй байхад хийсэн мэтээр, өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж, хуульд заагаагүй эрх хэмжээ болох захирамжийнхаа 4-р заалтаар ... Засаг даргын томилуулахаар нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах саналыг гаргах эрхгүй атлаа эрхтэй мэтээр хуулийг буруу хэрэглэн ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа болно.

5. Иймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай атлаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Б/17 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус хуулиар зохицуулсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь өмнөх захирамжид гомдол гаргах явцад орон нутгийн сонгууль болсон ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсан. Шинэчлэн батлагдсаны дараа маргаан бүхий захирамжийг хариуцагч гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. 18-ны өдрийн огноотой байдаг боловч 19-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулсан. 19-ний өдөр танилцуулаад 20 минутын дараа буцаан чөлөөлсөн тухай захирамж гаргасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг томилох талаар заасан байдаг. Хэрхэн томилох вэ гэвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 56 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд иргэдийн Нийтийн Хурлын санал болгосноор томилохоор заасан.

Гэтэл маргаан бүхий захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг тусгасан. Маргаан бүхий захирамж нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдсан байна гэж үзэж байна. Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг иргэдийн Нийтийн Хуралд заасан журмын дагуу явуулна гэсэн байдаг. Дараагийн хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн үндэслэлийг заасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг чөлөөлөх тухай, огцруулах тухай, өөрийн хүсэлтээр чөлөөлөх гэсэн 3 үндэслэлийг заасан. Ямар үндэслэлээр Засаг даргаас чөлөөлөх вэ гэвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.2-д Дээд шатны Засаг дарга эсвэл иргэдийн Нийтийн Хурлын санал болгосноор чөлөөлнө, өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлнө. Өөрөө хүсэлтээ гаргасан гэдэг нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Засаг дарга нь өөрөө Засаг даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол тус хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэж Засаг даргаас чөлөөлнө гэсэн хуулийн заалттай. Иргэдийн Нийтийн Хурал зохих журмын дагуу Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдсэний дараа олонхын санал авсан хүнийг Засаг дарга томилсны дараагаар чөлөөлнө. Энэ үйл ажиллагаанаас харахад орон нутгийн сонгууль явагдаад иргэдийн Нийтийн Хурал томилогдоогүй талаарх баримт хэрэгт авагдсан.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгч болон иргэдийн Нийтийн Хурлаас одоогоор Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх үйл ажиллагаа явагдаагүй талаарх албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хуульд заасан үндэслэлээр Засаг даргыг дээд шатны Засаг дарга 5 үндэслэлээр чөлөөлөх талаар зааж өгсөн. Уг үндэслэлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн бол гэсэн байдаг, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж иргэдийн Нийтийн Хурал дүгнэсэн бол, хуульд тогтоомж болон Засаг даргын шийдвэр, дээд шатны Засаг даргын өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга үзсэн бол огцруулж болно. Тус үндэслэлүүдээр огцруулж болох талаар заасан байдаг боловч аль ч үндэслэл бүрдээгүй байхад Засаг даргаас чөлөөлсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга бүрэн эрхийн хугацаанд хуульд заасан үндэслэлээр захирамж гаргадаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлөөгүй. Маргаан бүхий захирамжид дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээс авч үзэхэд Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдсан тул дараагийн Засаг даргыг томилох гэсэн агуулгаар чөлөөлсөн байдаг. Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэгийг томилсон захирамж хэрэгт авагдсан. Одоог хүртэл Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаагүй гэдэг нь бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилсныг орон нутгийн сонгууль болсонтой холбогдуулан хүлээн зөвшөөрч, маргаагүй. Засаг даргаар чөлөөлөхдөө хуульд заасны дагуу 5 үндэслэлээр чөлөөлөх байсан боловч үндэслэл бүрдээгүй байхад чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан 100 дугаар хуудас, 105 дугаар хуудаст авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар үгүйсгэгддэг. Нөхөн томилогдсон Засаг даргад хамаарагдахгүй гэж зааж өгсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг дарга үндэслэл бүхий захирамж гаргаагүй, хуульд заасан үндэслэлээр Засаг даргын үүргээс чөлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа: “... Маргаан бүхий Б/17 дугаар захирамж гарахаас өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/09 дүгээр захирамж гарсан. Тус захирамж нь шүүхийн шийдвэрийн дагуу С.О******г ажлаас чөлөөлсөн буюу тухайн үеийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Тус захирамжийн 2 дахь заалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга С.О******г Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан болохыг дурдсугай гэж Б/09 дүгээр захирамж гарсан. Б/17 дугаар захирамжийн тухайд техникийн алдаа гарсан байгааг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн тухайд логикийн дарааллын хувьд алдаатай, техникийн алдаа ба ач холбогдолтой заалт гэж үзэхгүй байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/17 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Иймд С.О******гийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан талаар дурдсан. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн агуулгын талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.О******г Засаг даргаар томилсон захирамж байдаг. 2017 оноос 2021 он хүртэл 4 жилийн хугацаа нь 01 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Бүрэн эрхийн хугацаа дууссан тул түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн хуулийн дагуу үйл ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа 4  жил байдаг. С.О******г 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар томилсон. Түүнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.О******гийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Гэвч шүүх шийдвэр нэгэнт гарсан тул биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлсний дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсний дагуу чөлөөлсөн.

8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б/24 дүгээр захирамжийг 3 шатны шүүхээр хүчингүй болгож хариуцагчид С.О******г ажилд нь томилох шүүхийн шийдвэрийг гаргасан. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022  оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар биелүүлж С.О******г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн эрх хэмжээний хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/17 дугаар захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс  чөлөөлсөн. Тус захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч С.О******г 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргаар 2013 он болон 2017 онуудад томилсон байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хууль 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 26 дугаар зүйлийн  26.2 болон 26.3-д зааснаар тухайн шатны хурлаар Засаг даргыг дэвшүүлнэ. 4 жилийн хугацаанд томилно гэж заасан. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилоход тухайн нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн цаг хугацаа мөрдөгдөж байсан. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 37.8-д баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын нийтлэг эрхийг зааж өгсөн ба 32 дугаар зүйлийн 32.8.4-д Засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг хуулиар тусгайлан олгосон байдаг. Тус шүүхээс явуулсан албан бичиг болон Чингэлтэй дүүргийн иргэдийн Нийтийн Хурал одоогийн байдлаар хуралдаагүй гэдгээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариу ирүүлсэн байдаг. Дараагийн шатны Засаг даргыг тухайн иргэдийн Нийтийн Хурал албан ёсоор санал болгоогүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч С.О******гийн бүрэн эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд Засаг дарга хуульд заасан үндэслэлээр С.О******г түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасан үндэслэл нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон хүнд хамаарахгүй. Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд чөлөөлсөн нь хууль зүйн хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч С.О****** Чингэлтэй дүүргийн Засаг даргад  холбогдуулан  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “С.О******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх  тухай” Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Тодорхойлох хэсгийн 4-д зааснаар маргасныг шүүхийн зүгээс хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг харьцуулан үнэлж дүгнэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 4854 дугаар шүүгчийн захирамжаар иргэн С.О******гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр,

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлал, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаар захирамжийг хүчингүй болгож,

5. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “С***-ийн О****г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/16 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 112 дугаар магадлалыг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С***-ийн О****г 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилжээ.

6. Ингэснээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Ө*****-ы 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 22/01-83 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн төлбөр төлөгч Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох 21300591 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

7. Улмаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “С***-ийн О****г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж буй.

8. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5. “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 57 дугаар зүйлийн 57.1. “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна”, 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг үндэслэн гарсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

9. Учир нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг зохицуулж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн”, 56.2. “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.1. “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж заасны /өмнөх хуулийн зохицуулалтад уг агуулга байгаа/ дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдсон байсан, ийнхүү томилогдсон өдрөөс хойш дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж зааснаар Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хугацааг дуусгавар болгосон байна.

10. Нэхэмжлэгчийн “үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнөөр ажилдаа буцаан томилогдсоноос хойш уг хугацаа үргэлжлэн тоологдох ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2. “Энэ хуулийн 57.1-д заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилогдсон, үүний дараа хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. “төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангаж”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

11. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1579 дугаар шийдвэрээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 15,123,223 /арван таван сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О******д ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулж олгосон байгаа нь нэхэмжлэгчийг маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлсэн гэж ойлгоно.

12. Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/420 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар С.О******г дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр томилж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар чөлөөлж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Б.Б*****-ийг 4-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай мэдээллийг манайд ирүүлсэн болно”,  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 191 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “Тус хорооноос 2020-2021 оны хооронд /Ковид-19/ халдварын нөхцөл байдлын улмаас хорооны иргэд Иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаагүй болно” гэх нотлох баримт ирүүлсэн нь хэрэгт авагдсан бөгөөд  энэ байдал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4.”баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасны дагуу дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд нэр дэвшүүлээгүй байгаа нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “хууль тогтоомж биелүүлэх” бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

13. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх харилцаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж, түүний тухайд Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчим хангагдаж, тэр дундаа “түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох” эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй гэж шүүх үзлээ.

14. Маргаан бүхий хариуцагчийн 2022 оны Б/17 дугаар захирамжид “огноог 2020 он” гэж, нэг дэх заалтад “2021 оны” гэж техникийн алдаа гаргасан нь уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О******гийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “С.О******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх  тухай” Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН