| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 341
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, 1731001680032 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.Баасанхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, 2014 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 80 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Э.Баасанхүү гаргасан гомдолдоо: “Б.Б нь миний болон ах Э.Соёл-Эрдэнэ, Э.Өсөхбаяр нарын автомашиныг барьцаанд тавиулж мөнгийг авч ашигласан боловч гэрээний санхүүжилтээр орсон мөнгөө надад хэлэлгүй хувьдаа авч завшсан байна. Миний бие уг ажилд хамтарч ажиллана гэсэн ойлголт төрсөн. Гэтэл бүх санхүүгийн мэдэл Б.Бд байсан учраас би хэдэн төгрөгийн санхүүжилт орж байгааг огт мэдээгүй. Тийм ч учраас ах нарынхаа мөнгийг Б.Б-д итгэж авч өгсөн. Гэтэл зохиомол байдал бий болгож, ашиггүй ажилласан, ажил удааширсан мэт нөхцөл байдлыг бүрдүүлэн биднийг залилсан. Учир нь уг ажлыг жинхэнээсээ хийх санаа зорилготой байсан бол ийм байдал үүсгэхгүй, ажлыг хаяж явах шаардлагагүй байсан. Тендер, ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан бороо орж, ажил түр удааширсныг далимдуулж бидний мөнгийг залилж, ажил хийсэн дүр үзүүлээд санхүүжилтийн тодорхой хувийг авч ашиглачихаад эцэст нь ор сураггүй алга болж буй нь бидний итгэлийг эвдсэн хэрэг билээ. Үнэхээр уг тендерийн ажлаас ашиг олох боломжгүй байсан бол би өөрийн машинаа зарахгүй, ах нараас Б.Б-д мөнгө авахад оролцохгүй байсан. Надад тендерийн гэрээ үзүүлж, ашигтай ажиллах мэтээр тайлбарлаж бодит байдлыг нуух замаар биднийг төөрөгдүүллээ. Б.Б нь анхнаасаа уг дээврийн засварын ажлыг хийх санаа зорилгогүй, уг гэрээгээр халхавчлан намайг төөрөгдүүлэн найз нөхдийн итгэлийг эвдсэн байна. Б.Б нь ашигтай ажиллана, удахгүй санхүүжилт шийдэгдэнэ гэх мэтээр бодит байдлыг нууснаас болж бид хохирлоо. Иймд Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх Улсын дээд шүүхийн тайлбарыг баримталж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Б.Б-ы зохиомол байдал үүсгэсэн үйл ажиллагааг тухайн тендерийн ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож шүүгдэгчид зохих шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Прокуророос иргэний эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин хохирогч нарын нэхэмжлэл гаргах харьяаллыг шууд заасан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Э.Баасанхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.Б-ыг Сэлэнгэ аймгийн Спортын ордны дээвэр засварлах тендерийн ажлыг гүйцэтгэж байгаа, уг тендерийн ажлын мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлээд иргэн Э.Баасанхүүд итгэл төрүүлэх замаар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүний Приус-20 маркийн 40-59 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Пронтер маркийн 63-46 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Пробокс маркийн 01-07 СЭҮ тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд “Бэрс Капитал” ХХК-нд тавиулж нийт 8.500.000 төгрөгийг залилан авсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр иргэн С.Уранчимэгээс 10.5 м.куб буюу 2.100.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг мөнгийг нь өгнө гэж хуурч авч залилсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Б.Б-ы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн СЭ-ОНӨГ-11/2017 дугаартай Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа, “Ахмед Интернэшнл моторс” ХХК-ийг төлөөлж захирал С.Бямбацэрэн нарын хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Спортын ордны дээвэр засварын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №2017-01 дугаартай “Ахмед Интернэшнл моторс” ХХК-ийг төлөөлж захирал С.Бямбацэрэн болон иргэн Б.Б нарын хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын биеийн тамир, спортын газрын спортын ордны дээврийн засварын ажлын санхүүжилтийг дамжуулах гэрээ болон бусад нотлох баримтуудаар Б.Б нь спортын ордны дээвэр засварын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх явцад материалын саатал, санхүүжилтын тасалдал, бороо үргэлжлэн орох зэрэг хүндрэл учирснаас ажил удаашран зогсоход хүрсэн ба дээврийн ажлыг анх төлөвлөснөөс өөрчилж нэмэлт зардал гарган гүйцэтгэх шаардлага бий болсноос гадна хохирогч Э.Баасанхүү болон түүний ах нарын автомашиныг барьцаалан бусдаас хүүтэй мөнгө зээлж, уг зээлсэн мөнгө болон хохирогч С.Уранчимэгээс авсан 10.5 м.куб банз модыг спортын ордны дээвэр засварын ажилд зарцуулж, зээлийн эхний сарын төлбөрийг Б.Б төлж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдаас зээлсэн мөнгө болон банз модыг спортын ордны засварын ажлаас өөр зүйл дур мэдэн захиран зарцуулсан, эсхүл шунахай зорилгоор хувьдаа завшсан зэрэг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул хохирогч Э.Баасанхүүгийн гаргасан “цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх хохирогч Э.Баасанхүү болон иргэний нэхэмжлэгч Д.Оюунчулуун нарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах шүүхийн харьяаллыг Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх гэж шууд нэрлэн заасан нь буруу байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд” гэснийг хасч, цагаатгах тогтоолын бусад заалт болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Э.Баасанхүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН