Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 44

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:        Х.Батсүрэн,

Шүүгчид:                      Г.Банзрагч,

                                     Д.Мөнхтуяа,

                                     П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, MҮ-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг даалгах тухай,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0617 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0818 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Г.Ч-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0617 дугаар шийдвэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан “MҮ-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0818 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Г.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч нь яг энэхүү заалтын хүрээнд, энэ заалтаар олгосон эрх, боломжийг эдлэхийг хүссэн. Уг зүйлд тодорхой шаардлага, нөхцөл дурдагдаж байгаа бөгөөд эдгээрийг бүрэн хангаж байгаа. Энэхүү хуулийн заалтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаачлан Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор тогтоогдсон талбай, хил хязгаарын асуудлыг хөндөх шаардлагагүй.

4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан ба хилийн зааг хүрээ хязгаарыг тогтоох нь Засгийн газрын эрх хэмжээ бөгөөд 289 дүгээр тогтоолоор хязгаарлагдахгүй дахин хилийн зааг тогтоосон тогтоол, шийдвэр гаргах эрх нь Засгийн газарт хуулиар олгогдсон. Энэ дагуу Засгийн газраас тодорхой санал, хүсэлт, өргөдлүүдийг үндэслэн судалж, боломжтой талбайг урт нэртэй хуулийн хүрээ хязгаараас чөлөөлж, ашигт малтмал ашиглах, хайх үйл ажиллагаа явуулах боломжийг олгосоор байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү хилийн зааг, хүрээ хязгаарын асуудал нь дараа буюу тусдаа шийдэгдэх асуудал болно.

5. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан, энэ өөрчлөлтөөр 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирсэн өргөдлийг шийдвэрлэж, тусгай зөвшөөрлөөс хасагдсан талбайг буцаан олгохоор зохицуулсан. Давж заалдах шатны шүүхийн дурдаад байгаа 289 дүгээр тогтоол нь энэ үед огт гараагүй байсан болно. Өөрөөр хэлбэл 289 дүгээр тогтоол хуулийн өөрчлөлтийн дараа, хуулийн өөрчлөлтөд дурдсан 3 сарын хугацаа өнгөрсний дараа гарсан учраас хуульд заасан эрхийг тухайн үед гараагүй байсан тогтоолоор хязгаарлах боломжгүй.

6. Энэхүү хэрэг маргаан өмнө нь Улсын Дээд шүүхээр хэлэлцэгдэж нэхэмжлэгч компани хуульд заасан 3 сарын дотор өргөдөл гаргасан эсэх баримтыг тодруулах нь зүйтэй, нэхэмжлэгч өмнө нь эзэмшиж байсан талбайгаа сэргээн авах эрхээ эдлэхийн тулд хуулиар тавигдсан шаардлагыг хангаж, үүргээ биелүүлсэн байх шаардлага хангасан эсэхийг тодруулахаар анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Улмаар энэ талаарх нотлох баримт буюу “Ж” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлөөс хасагдсан талбайгаа буцаан сэргээлгэхийг хүссэн албан бичгийг Ашигт малтмалын газарт өгч байсныг нотолсон баримт анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед авагдаж, Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдагдсан ажиллагаа хийгдсэнээр шийдвэр гарсан юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хянавал:

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасанд нийцжээ.

8. Нэхэмжлэгч нь “ашигт малтмалын МҮ-12806А тусгай зөвшөөрлийн талбайгаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн дагуу “хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаж, тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжтой болсон” гэх үндэслэлээр гаргасныг, хариуцагч нь “Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлсэн, уг тогтоолын хавсралтаар оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгчийн эзэмшлийн ашиглалтын МҮ-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлэх байтал, уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

10. Тодруулбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болох үед Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Хилийн заагийг хэсэглэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоол хүчинтэй байсан /уг тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгчийн МҮ-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь хамаарсан/, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2012 оны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд өөрчлөлт оруулж баталжээ.

11. Хавтаст хэрэгт, хариуцагчийн “МҮ-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй” гэсэн тайлбарыг батлах эсвэл үгүйсгэх баримт авагдаагүй, иймээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт өгч маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

12. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор тогтоогдсон талбай, хил хязгаарын асуудлыг хөндөх шаардлагагүй, уг тогтоол нь ...хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дараа, хуулийн өөрчлөлтөд дурдсан 3 сарын хугацаа өнгөрсний дараа гарсан учраас хуульд заасан эрхийг тухайн үед гараагүй байсан тогтоолоор хязгаарлах боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0818 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ