Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/MA2017/0339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаарh221/МА2017/0339 

Улаанбаатар хот

 

 

   М.Баттулга, З.Зундуй нарын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Баттулга, З.Зундуй нарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын цагдаагийн цолыг сэргээж, ажилд нь эгүүлэн томилох, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “Цагдаагийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч нарын гаргасан гэх зөрчлийг шалгах ажиллагааг явуулж ирүүлсэн “төрийн албанаас халах” тухай саналыг өөрчлөн нэхэмжлэгч нарын албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэхдээ даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүйн дээр ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа” явуулаагүй, нэхэмжлэгч нарыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь үндэслэлгүй байх ба хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй байна” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нар 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамгаалалтад ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил хаяж явсан асуудалд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албаны шалгалт явуулахад нэхэмжлэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэж, хамгаалалтыг орхин явж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь албаны шалгалтын материал болон анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрч Ш.Цогтбаатар, Б.Соронзонболор нараас авсан мэдүүлгээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч нарын дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д үүргийг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн ес зүйн дүрмийн 4.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.9, 12.12-д заасныг тус тус зөрчсөнөөс гадна “Эрүүгийн ахлах төлөөлөгчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт”-ын “1.Ажлын байрны зорилго” хэсэгт заасан “...хуулиар хүлээсэн бусад албан үүргээ хэрэгжүүлэх”, “2.Ажлын байрны үндсэн зорилт” хэсэгт заасан “З.Цагдаагийн ерөнхий газар, ...гаргасан тогтоол, хөтөлбөр, тушаал, журам, албан даалгавар, өгсөн үүргийг хэрэгжүүлэх”, “Ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа” хэсэгт заасан “5.Цагдаагийн ерөнхий газрын бодлого, чиглэл, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон удирдлагаас өгсөн үүрэг, тушаал шийдвэрийг биелүүлэх”, “Эрүүгийн төлөөлөгчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт”-ын “1.Ажлын байрны зорилго” хэсэгт заасан “...хуулиар хүлээсэн бусад албан үүргээ хэрэгжүүлэх”, “Ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа” хэсэгт заасан “1.Цагдаагийн ерөнхий газрын бодлого, чиглэл, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон удирдлагаас өгсөн үүрэг, тушаал шийдвэрийг биелүүлэх” үүргээ тус тус биелүүлээгүй нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар сахилга, ёс зүйн зөрчил гаргасан эсэх, тэдгээрийг “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт”-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд ямар нэг дүгнэлт хийлгүй, хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа”-г журмыг дагуу явуулаагүй гэж буруутган нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр М.Баттулга, З.Зундуй нарт албаны шалгалт явуулахдаа гаргасан зөрчилд нь албаны шалгалт явуулж байгаа талаар мэдэгдэж, тэднээс болсон хэргийн талаар тайлбар авч, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын зөвлөлийн хуралдаанд биеэр оролцуулж шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодруулга авсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа”-г явуулаагүй гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамгаалалтад ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил хаяж явснаа хүлээн зөвшөөрч, алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож, цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, албанаас халахаас өөр арга хэмжээ авах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, нэхэмжлэгч нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалаар албан тушаал бууруулан томилох шийдвэр гаргасныг “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй” гэж буруутгах боломжгүй.

Учир нь М.Баттулга, З.Зундуй нар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт”-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга “...хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, ...халах”, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9-д цагдаагийн төв байгууллагын дарга “цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 20.1.12-т “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар, 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасан.

Нэхэмжлэгч нар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэх маргаан бүхий захиргааны актын талаарх гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар гаргалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг шийдвэрлэж холбогдох хуулийг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус үндэслэн “өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, албаны бэлэн байдал хангаж ажиллаагүй, албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагч М.Баттулга, З.Зундуй нарыг мөн өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулан цагдаагаар ажиллуулахаар М.Баттулгын “цагдаагийн ахмад” цолыг хурааж “цагдаагийн ахлах ахлагч” цол, З.Зундуйн “цагдаагийн ахлах дэслэгч” цолыг хурааж “цагдаагийн ахлагч” цол тус тус олгон, Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

М.Баттулга, З.Зундуй нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэх, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэнэ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалд эрх зүйн илэрхий алдаа байхгүй, өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нараас “нэхэмжлэгч нарыг албан тушаал бууруулсан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч хуулийн энэхүү заалтад хуулиар зохицуулаагүй, хуульд заагаагүй байхад захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдаж гаргасан шийдвэрийг хамааруулах болохоос Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг хамруулан үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй болох нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон, нэхэмжлэгч нараас энэ байдлаа хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн байхад шүүх “албан хаагч зөрчил гаргасан тохиолдолд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулахаар байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймээс хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Баттулга, З.Зундуй нарын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэх, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН