Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 145/шш2022/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

 

Нэхэмжлэгч:*******,******* тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 56 настай, ******* овгийн*******ийн *******,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******,******* тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 63 настай,******* овгийн*******ийн******* нарын нэхэмжлэлтэй, 

              Хариуцагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

“77280000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цог,  хариуцагч*******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цог, А.Долгорсүрэн нар нь хариуцагч Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “77280000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн, Н.Цог нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 дугаар сарын 03-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг дарга О.Түмэнжаргалтай Сум хөгжүүлэх сангаас зээл авч, фермерийн аж ахуй эрхлэх төслийн гэрээг байгуулж 5-н үнээ авч зорилтод үүргийн дагуу маллаж өсгөж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байна. Нийт 92 сар бид хоёрын хөдөлмөрийн хөлс 77280000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 03-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг дарга О.Түмэнжаргалтай Сум хөгжүүлэх сангаас зээл авч, фермерийн аж ахуй эрхлэх төслийн гэрээг байгуулж 5-н үнээ авч зорилтод үүргийн дагуу маллаж өсгөж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байна. Монгол Улсын Их хурлын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан №23 тоот тогтоолд хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Үүний 5 дахь заалтанд “Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж бэлтгэл борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулалт олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгах заалттай байна. Засаг даргатай байгуулсан гэрээтэй холбоотой хөдөлмөр эрхлээгүй учир хөдөлмөрийн хөлс авах үндэслэл байхгүй байна” гэжээ.  Н.Цог, А.Долгорсүрэн бид хоёр өнөөдрийг хүртэл гэрээнд заасны дагуу үхэр маллаж, одоо 14 үхэр зүсээрээ байна. Энэ жил 6 үнээ тугалахаас түрүүч нь тугалчихсан байна. Өнгөрсөн хугацаанд 48 төл авч өсгөж ирэв. Харин өнгөрсөн хугацаанд Б.Сугар,******* хоёр тогтоолуудыг хэрэгжүүлэх ямар ч ажил хийгээгүй байж цалин авч ирсэн нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй бөгөөд Засгийн газрын 134 дугаар тогтоолын 6.3-т заасны дагуу хуульд заасан хариуцлага хүлээх ёстой, А.Долгорсүрэн, Н.Цог бид хоёр Монгол Улсын иргэн мөн бөгөөд хөдөлмөрийн хөлс төрөөс гаргуулах үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хүн бүр хөдөлмөрлөх ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгааллуулах, ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан авах эрхтэй. /Хүний эрхийн түгээмэл тунхаглал 23/,  “Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” /Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пактын 7 дугаар зүйл/, МУ-ын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. 3-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, МУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл 1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Иймд 77280000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарын дарга******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарийнтээл сумын 4 дүгээр багийн иргэн Н.Цог, А.Долгорсүрэн нар нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сум хөгжүүлэх сангаас Фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар 8000000 төгрөгний зээл авсан боловч зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг барагдуулаагүй учир зээл олгогч Засаг даргын Тамгын газар аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 552 тоот шийдвэрээр 6100000 төгрөгийг барагдуулсан ба 2170000 төгрөгний үлдэгдэлтэй байсныг аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 488 шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Н.Цогийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 77280000 төгрөг Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нягтлан үзээд доорх нөхцөл байдал байгаа тул хүлээн авах боломжгүй байгааг мэдэгдэж байна.Үүнд: Сум хөгжүүлэх сангийн 8000000 төгрөгийн зээлийг өөрийн хүсэлтээр өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор авч ашигласан. 3ээлийн гэрээнд Засаг даргын Тамгын газар хөлс урамшуулал олгох талаар заалт байхгүй. Засаг даргын Тамгын газарт зээл авсантай холбоотой хөдөлмөр эрхлээгүй учир хөдөлмөрийн хөлс авах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад Монгол улсын Үндсэн хууль болон хүний эрхийн түгээмэл эрхэд хүний хөдөлмөрлөх эрх болон цалин хөлс авах талаар заасан байгаа хэдий ч энэ нь хэрэгжих гол зүйл нь Хөдөлмөрийн тухай хууль бусад хуультай энэ заалтууд хэрэгжих ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрлөх эрхийг хангах хэрэгтэй гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан заалтуудтай санал нэг байж хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний зохицуулж байгаа гол баримт бичиг нь хөдөлмөрийн хууль байгаа. Тэгэхээр Засгийн газрын 134 дүгээр тогтоолын сум хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд өөрсдөө төсөл бичээд, хүссэн аж ахуйгаа хөгжүүлэх, ажил орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох төслийнх нь үндсэн дээр сум хөгжүүлэх сангийн ажлын хэсгээр хэлэлцээд зээл олгодог журамтай байгаа. Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж тодорхой ашиг өгч байгаа иргэнд урамшуулал олгоно гэсэн заалт байдаг. Бид нар А.Долгорсүрэнд төслийн хэмжээний хүрээнд зээл олгож үхэр сүрэг нь өсөөд төслийн хүрээнд ашиг шимээ хүртсэн байгаа. Харин  нэхэмжлэгч нартай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Сум хөгжүүлэх сангийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2 тоот зээлийн гэрээ, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 322 тоот тодорхойлолт, мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2014- 2021 оны тооллогуудыг, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Монгол Улсын Их хурлын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 тоот тогтоол, гэрэл зураг,

Хариуцагчаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/01 дугаартай захирамж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/70 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Сум хөгжүүлэх сангийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2 тоот зээлийн гэрээ, 2013 оны “Өшгөг төсөл” зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн, Н.Цог нарын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “77280000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.Долгорсүрэн, Н.Цог нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 8000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар зээлийн гэрээг сум хөгжүүлэх сантай байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгчийн Төрийн банк дахь тоот дансанд 8000000 төгрөгийг шилжүүлэн сум хөгжүүлэх сангаас үүргээ биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч нар фермерийн аж ахуй эрхлэх зориулалтын дагуу зээлээ захиран зарцуулж дээрхи гэрээнд заасан үүргээ биелүүлэн мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогыг 2014-2021 он хүртэл тоолуулжээ.

             Монгол улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 6.3-т “Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, чанаргүй төсөл сонгон шалгаруулсан, тэдгээрт зохих хяналт тавиагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол сумын Засаг даргад хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан хэдий боловч хариуцагч нь 8000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар А.Долгорсүрэн, Н.Цог нарт олгож, мөн нэхэмжлэгч нар зориулалтын дагуу фермерийн аж ахуйг эрхлэж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулснаас үзэхэд талууд дээрхи гэрээнд заасан үүргээ тус тус биелүүлсэн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Харин нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагаас цалин хөлс авах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч нар дээрх зээлийн гэрээний дагуу фермерийн аж ахуй эрхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч байгууллагатай ажил гүйцэтгэх болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн, Н.Цог нар нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын сум хөгжүүлэх сантай 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу авах цалин 77280000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Долгорсүрэн, Н.Цог нарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “77280000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар А.Долорсүрэн, Н.Цог нарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “77280000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 544350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                     

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА