Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0860

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О***** /РД: **********/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.Ц*****ы хууль ёсны төлөөлөгч Д.Я*****,

Гуравдагч этгээд: Ц.Ц*****,

Гуравдагч этгээд: Ц.Э*****,

Гуравдагч этгээд: Ц.Ү**** нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М****, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.Ц*****ы хууль ёсны төлөөлөгч Д.Я*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О***** нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулж, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0*****5 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.  

2. Нэхэмжлэгч С***-ийн О****ийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0******0 дугаар гэрчилгээ олгожээ.

2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцлээр гэрчилгээний 0******0 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, С******* хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.О***** нь Д.Я*****г хамтран өмчлөгчөөр нэмж оролцуулсан байна.

3. Ингэснээр нэхэмжлэгч С.О*****, гуравдагч этгээд Д.Я***** нарын буюу хоёр хүний өмчөөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*****5 дугаар гэрчилгээ олгожээ.

2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцлээр гэрчилгээний 0******0 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, С******* хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс С***-ийн О**** хасагдаж, өмчлөгчөөр Д.Я***** үлдэж, түүнийг тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*****7 дугаар гэрчилгээ олгожээ.

4. Дээрх үйл баримттай холбоотойгоор хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа хэмээн нэхэмжлэгч С.О***** маргаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

5. Нэхэмжлэгч С.О***** нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0*****5 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-т заасан үндэслэлээр маргаж, шүүхэд анх 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... С.О***** би, эрхийн улсын Ү-2*********2 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 дугаар шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай, нийт 440 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны бөгөөд хууль ёсны цорын ганц өмчлөгч юм. Гэтэл Д.Я***** нь надад мэдэгдэлгүй, миний гарын үсгийг дуурайлган зурж, холбогдох хуулиудыг зөрчин, 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Өмчлөгчид хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцэл, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцлийг тус тус хуурамчаар үйлдэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Уг хэлцлүүд хуурамч болох нь шинжээчийн 1951 тоот дүгнэлтээр нотлогдсон.

Гэтэл улсын бүртгэгч нь уг хуурамч хэлцлийг үндэслэн улсын бүртгэл хөтөлсөн байх ба ингэхдээ 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйл, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-т заасныг хангаж байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0*****5 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон улсын бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй байна” гэжээ.

7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тодруулбал, гуравдагч этгээд Д.Я***** нь миний хууль ёсны үл хөдлөх хөрөнгө болох  6572 дугаарт үл хөдлөхийн гэрчилгээг хууль бусаар өөрийн болгож, 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нотариатч М.С*******тэй хуйвалдаж гарын үсгийг минь дуурайлган зурж өмчид өмчлөгч нэмэх үйлдэл гаргаж, хамтран өмчлөгч болгосон. Тус хэлцэл хуурамч болохыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэлтсийн мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1951 дугаартай дүгнэлтээр тогтоосон. Мөн М.С**** нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журмыг тус тус зөрчиж, өөрт хадгалах ёстой хувийг нотариатын танхимын болон Нийслэлийн архивын газарт алинд нь ч хадгалуулаагүй болохыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04/57 дугаар албан бичиг, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт болон Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний анхан шатны шүүхэд хаягласан хариу албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1605 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. Мөн М.С***** нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн иргэн миний хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд энэ тухай тайлбар мөн хийгээгүй. Хуурамч хэлцэл үйлдсэнийхээ дараа 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Я***** нь улсын бүртгэлийн байгууллагад 994505 дугаарт мэдүүлэг бөглөсөн. Мэдүүлэг гаргагч Д.Я***** хамтран өмчлөгч С.О***** гэж бичсэн байдаг. Мэдүүлгийн бүртгүүлэх хэсгийг бөглөөгүй, тэмдэглэл байдаггүй. Миний бие өөрөө энэ хэлцлийн тухай огт мэдээгүй, оролцоогүй. Улмаар уг шаардлага хангаагүй мэдүүлэг, төлбөрийн баримт, хуурамчаар үйлдсэн хэлцэл гэсэн 3 баримтаар улсын бүртгэлийн бүртгэгч нь миний хууль ёсны гэрчилгээг хүчингүй болгож, улмаар Д.Я*****д 00*****5 дугаартай гэрчилгээ гаргаж өгсөн. Тухайн бүртгэлийг үйлдэхдээ улсын бүртгэгч нь улсын бүртгэл үйлдэх үйлдлийг хуулиар тусгайлан зохицуулсан хэм хэмжээг  тогтоож өгсөөр байтал зөрчиж, өмчлөгч миний эрхэнд халдсан. Тухайн үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 3 дугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна” гэж заасан. Миний бие өөрөө очоогүй, гарын үсгээ зураагүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, мөн 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж тус тус заасан боловч эдгээр баримтууд байдаггүй. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 19 дүгээр зүйлд “эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан. Миний зөвшөөрлийг авах ёстой гэж зохицуулсан байх боловч би мэдэхгүй. Би зөвшөөрөл өгөөгүй, ямар нэгэн бүртгэл үйлдэхэд миний зөвшөөрлийг аваагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.3-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж тус тус зохицуулсан байдаг. Хуулийн заалтаас харахад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн үл хөдлөх хөрөнгөд өмчлөх эрх үүсэхээргүй байна.

Иймд гуравдагч этгээд Д.Я***** өмчлөгч биш мөн мэдүүлэг бөглөх эрх олгогдоогүй. Зөвхөн С.О***** надад мэдүүлэг бөглөх эрхийг хуулиар зохицуулж олгосон байдаг. Хэрэв тухайн цаг үед улсын бүртгэлийн байгууллага хуулийн дагуу үнэн зөв Д.Я*****гоос бүрдүүлбэрийг бүрэн хангуулахыг шаардаж хуулиа дээдэлж ажилласан бол өнөөдөр миний эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ улсын бүртгэгч хэрэгжүүлээгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн улсын бүртгэгчийн эрх үүргийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах” гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг дараах байдлаар заасан, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.4-д “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заасан. Улсын бүртгэгч хуулиар хүлээсэн тухайн үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байхад улсын бүртгэлийн байгууллага шаардлага хангаагүй материалыг хүлээн авч бүртгэл үйлдсэн.

 Захиргааны байгууллага албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулж хэм хэмжээг тогтоосон байхад түүнийг зөрчиж, улсын бүртгэл хийсэн байх бөгөөд хуулиас гадуур нэмэлт бүрэн эрхээ хэтрүүлэх гэж оролдсон гэж үзэж байна. Тухайн тохиолдолд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.М*****, Г.Ө**** нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуульд хэм хэмжээг тогтоож өгсөөр байтал зөрчиж мэдүүлгийг хүлээж авч бүртгэл үйлдсэн байна. Тус хуульд өмчлөгч өөрөө ирж хүсэлт гаргана гэж заасаар байхад өмчлөгч бус этгээдээс мэдүүлэг авч бүртгэл үйлдсэн.

Иймд улсын бүртгэлийн байгууллага эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэм хэмжээ хязгаарлалтыг өөрсдөө бий болгосон гэж үзэж байна. Хэргийн үнэн бодит байдлыг тогтоох нотлох баримтуудыг шүүхийн зүгээс цуглуулсан. Энэ баримтуудаас тус маргаан бүхий бүртгэлтэй холбоотой баримтуудыг үнэлүүлэх хүсэлттэй байна. Учир нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэдгийг эдгээр баримтуудаар нотлогдож байна. Барьцаат зээлийн гэрээг үйлдэхдээ 6572 дугаарт үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг бөгөөд 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6572 дугаартай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаагүй. 2007 оны 10 дугаар сард анх удаа авсан бүртгэл юм. 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс хойш 10 хоногийн зайтай 2 удаа өмчлөгч миний эрхэнд халдаж, намайг өмчлөгчөөс бүрмөсөн хассан байдаг. Гуравдагч этгээд Д.Я*****г жинхэнэ өмчлөгч мэт харагдуулах гэж улсын бүртгэлийн байгууллага барьцаат зээлийн гэрээг бүртгэсэн гэж үзэхээр байна. Улсын бүртгэлийн байгууллага Д.Я*****гийн үйлдэж байгаа хуурамч хэлцлийг мэдэж байсан, өөрсдөө хууль зөрчиж бүртгэл хийж байгаа гэдгээ мэдэж байсан.

Миний гарын үсэг, хүсэлт зөвшөөрөл авах гэх мэт баримтуудыг надаас шаардаагүй. Зөвхөн Д.Я*****гийн мэдүүлгээр бүртгэл үйлдэж, миний эрх ашиг сонирхлыг хохироосон. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэгч н.Анхбаяр нотлох баримтаас зөрүүтэйгээр надад худал лавлагаа өгсөн. Энэ нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлтэй ямар учраас холбоотой талаар тайлбарлавал, 2009 оны бүртгэлийг би 2018 он хүртэл мэдээгүй байсан гэдгийг нотолдог. Мөн хууль зөрчиж бүртгэл үйлдсэнээ улсын бүртгэлийн байгууллага 2018 онд нууж байсан гэдгийг нотлох баримт мөн юм. Улсын бүртгэлийн бүртгэгч ингэж худал тодорхойлолт өгөх нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох үйлдэл юм.

Илт хууль бус захиргааны акт бол эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршигтай алдаа дутагдалтай. Үүнд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаа хамаардаг. Хуулиар улсын бүртгэл хийхийг зохицуулаад байхад тогтоосон хэм хэмжээ хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлж, захиргааны акт гаргасан үйлдлийг ноцтой, хор уршигтай алдаа гэж үзнэ. Мөн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг баримтална, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4-т заасан улсын бүртгэл нь үнэн зөв бодитой байх зарчим, 4.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөхийг зохицуулсан байтал хуулиар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж үйлдэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж, энэ захиргааны актыг илт хууль бусад тооцуулах хүсэлттэй байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр тус тус маргаж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасан байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй байхад улсын бүртгэгч хүлээн авч, бүртгэснээрээ хууль зөрчсөн. Гуравдагч этгээд тухайн үед баттай баримт өгөөгүй байсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д улсын бүртгэгч ямар тохиолдолд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах талаар тодорхой заасан. Гэтэл тухайн гуравдагч этгээд бусдын эзэмшлийг гарын үсэг дуурайлган, мэдүүлэг гарган өгч байгаа нөхцөл байдлыг тодруулахгүйгээр бүртгэл хийж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Хууль ёсны өмчлөгч С.О*****ийн зөвшөөрөл байгаагүй. Харин энэ тухай 2018, 2019 онуудад мэдсэн. Эрх бүхий байгууллагуудаас энэ тухай баримтуудыг гаргуулж авсан. Иймд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг иш татан үндэслэсэн. Учир нь тухайн үед эд хөрөнгө өмчлөгч нь өөрийн зөвшөөрлийг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна. Хоёр удаагийн үйлдлээр тухайн эд хөрөнгийг бүрмөсөн өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тухай хэлсэн. Гарын үсэг дуурайлгасан асуудлын тухайд прокурорын тогтоолын үндэслэх хэсгийг иш татан тайлбарладаг боловч энэ нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд хууль зөрчиж, бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн. Гуравдагч этгээд Д.Я***** нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах нотлох баримт байхгүй байхад түүнд олгож байгаа захиргааны акт гаргасан нь илт хууль бус юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хуульд заасан илэрхий үндэслэл өмчлөгчийн эрхэнд шууд халдах үндэслэл байгаагүй. Харин ч хориглосон заалтууд байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл илрэх юм бол татгалзаж буцаана гэсэн заалт байдаг. Мэдүүлэг гаргагч өөрөө нотариатаар батлуулаагүй, зөвшөөрөөгүй, мэдүүлэгт гарын үсэг зураагүй байна. Эдгээр  нь мэдүүлгийг буцаах үндэслэл болох байсан. Мэтгэлцээний явцад хариуцагч хэлж байна. Эхлээд хүлээж авдаг, хүлээж авахдаа алдаа гаргаад хүлээн авсан байж болно. Гэтэл цаана нь хянан шалгадаг. Хянан шалгадаг эрх үүрэг бол дээрх хуулийн 14, 15 дугаар зүйл заалтаар зохицуулагдсан байдаг боловч хэрэгжүүлээгүй. Мэдүүлгийн хэв загвар яаж гарах тухай хуучин хуулийн 14 дүгээр зүйлд, шинэ хуулийн 7 дугаар зүйлд заасан. Хуучин хуульд заасан шаардлагууд шинэ хуульд өөрчлөгдөөд нарийвчлалтай болж, өмчлөх эрхүүдийг тодорхой болгож өгсөн байдаг. Хуульд огт байхгүй үндэслэлийг яриагүй. Эсвэл өмнө нь үйлчилж байгаад одоо хүчингүй болсон зүйлийн тухай яриагүй. Гуравдагч этгээд 14 жилийн өмнөх үйл явдлыг яриад байна, тэр үед өөрөө очсон эсэхээ мэдэхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Өөрөө 4, 5, 6 давхрыг өмчилж, эзэмшиж байна. Гэтэл өөрт нь ямар ч өмч үлдээгээгүй юм шиг дүүгийнхээ өмчийг эхнэр нь авч, үүнийг зөвтгөж яриад байна. Зөвтгөж ярихдаа улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны байсан гэж яриад байна. Мөн эдгээр зүйлийг хэлцэлд юу гэж заасан бэ, хариуцагч хэлцлийг зөвшөөрөл гэж ойлгоно гэж яриад байна. Тэр хэлцэл дээр тухайн эд хөрөнгийг ямар учраас шилжүүлж байгаа талаар үг үсэг байхгүй, төлбөр мөнгө яаж шилжсэн тухай ч баримт байхгүй. Энэ бол цэвэр Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлд заагдсан өмчлөгчийн эрхийн хүрээнд ариун цагаан хөдөлмөрөөр олж, бүтээсэн зүйл байсан. Гэтэл үүнийг төрийн албанд ажилладаг байсан нөхөр нь хууль бусаар газар аваад, хууль бусаар олсон орлогоороо барьж, тэтгэвэртээ гарсныхаа дараа түүнийгээ шилжүүлж авсан мэтээр тайлбарлах нь буруу юм. Бидний маргааны гол зүйл бол 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгох юм. Энэ бүртгэлийг хүчингүй болгох зүйл нь бүртгэлийг буцаах боломж байсаар байхад тухайн бүртгэлийг хууль зөрчин явуулсан үйлдэл юм. Тухайн өмч хөрөнгийг хүлээн авч байгаа этгээд нь тодорхойгүй, шилжүүлэн өгч байгаа этгээд нь ч тодорхойгүй. Өмчлөх эрхийг илт хуульд бусад тооцох нь хэн нэгэнд хохирол учруулахгүй. С.Ц**** агсан тухайн эд хөрөнгийг бүхэлд нь эзэмших эрхтэй байсан юм биш үү, түүний шударга хөдөлмөрөөрөө олсон энэ болгон нь хөндөгдөх юм биш үү гэдэг байдлаар шүүгч асуусан. Өвлөх эрхээр би авсан гэж гуравдагч этгээд хэлж байгаа боловч тухайн өмчлөх эрхийг хууль зөрчих аргаар нөхөртөө шилжүүлэн авч, 2 жил гаран хугацааны дараа өөртөө өвлөх эрхийг шилжүүлж авсан. Өөрт нь болон хүүхдүүддээ бэлэглэлээр өгч байгаа үйлдлээ зөвтгөж тайлбарлаж байна. 4, 5, 6 давхарт ахынх нь хууль ёсны өмчлөх эрх байдаг. Хариуцагчийн гол үндэслэл болгож яриад байгаа хэлцэл бол С.О***** гарын үсэг зураагүй болох нь тогтоогдоод иргэний шүүх дээр маргаж байсан. Энэ хэлцлийг хүчингүй болговол нэхэмжлэгчийн эрх сэргэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар түдгэлзсэн байна. Хоёр ч хэрэг маргаан түдгэлзсэн байдалтай байна. 2014 онд нэхэмжлэгч мэдсэн атлаа тэр үед яагаад хүчингүй болгож болоогүй вэ гэж асууж байна. Тухайн үед төөрөлдүүлэх аргыг хэрэглэсэн буюу лавлагаагаар өмчлөгчийн эрх бусдад шилжсэн нь мэдэгдэхгүй байсан. Мөн миний нэр дээр байгаа удахгүй буцаагаад өгнө гэдэг байдлаар тайлбарласан учраас нь энэ нь хүлээгдэж байсан. Иймд улсын бүртгэгчийн үйлдэл тухайн үед үйлчилж байсан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4, 13 дугаар зүйлийн 13.5, 13.9, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар буцаах боломж байхад буцаалгүйгээр 5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нэг ч төгрөг төлөлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн нь өөрөө хууль бус үйлдэл юм. Яагаад үнийн дүн тавиагүй вэ гэхээр татвараас зайлсхийж нуун дарагдуулсан юм. Ямарваа нэгэн эд хөрөнгө өгсөн, өгөөгүй гэдэг маргаан болоогүй, хууль бус арга хэрэглэн авсныг хуульд зөвшөөрөх үндэслэл байхгүй байхад улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь буруу байна. Иймд маргаан бүхий гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б***** шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Тухайн цаг үед мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль, мөн тухайн үеийн эд хөрөнгийн улсын бүртгэгчийн ажиллах журам үйлчилж байсан. Бид бүхэн хүсэлт гаргаад хувийн хэргийг хариуцагч байгууллагаас гаргуулсан. Тус баримттай танилцахад маргаан бүхий захиргааны акт гарах ёсгүй буюу улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах үндэслэл байсан. Мэдүүлэг дутуу буюу С.О*****, Д.Я***** гэсэн боловч гарын үсэг дутуу, нэхэмжлэгч С.О*****ийн гарын үсэг огт байдаггүй. Өмгөөлөгчийн хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр мэдүүлэг гаргасан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч биечлэн очоогүй, гарын үсэг зурагдаагүй байхад мэдүүлэг бөглөгдсөн. Энэ нь дээр дурдсан хууль тогтоомжуудын 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.6 дахь хэсгийг хангаж байна. Хангагдаж байгаа тохиолдолд хууль журмаараа болон 2003 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаад буцаах үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэлгүй, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 19 дүгээр зүйл нь бүртгэлд өөрчлөлт оруулах гэсэн тусгайлсан зохицуулалт байдаг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасан. Тус зөвшөөрөл нь нотариатаар баталгаажсан байх гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл эдгээр хууль тогтоомжийг зөрчөөд мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн. Бүртгэснээс 12 хоногийн зайтай буюу гарын үсгийг нь дуурайлгасан 2 хэлцлийг үндэслээд нэхэмжлэгч С.О*****ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн. Энэ нь хувийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд 1951 буюу 2019 оны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч өөрөө мэдээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад 2 хэлцэл дээр дуурайлган гарын үсэг зурсан. Мэдүүлэг нь ч дутуу бөглөгдсөн, зөвшөөрөлгүй улсын бүртгэл хийгдсэн байгаа нь 0*****5 тоот гэрчилгээг олгосон бүртгэл нь илт хууль бус байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна.

Тухайн цаг үед үйлчилж байсан хууль, журам, зарчмуудыг шударгаар мөрдөж байсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байх боломжтой байсан. Өнөөдөр хариуцагч байгууллагыг төлөөлөн орж ирж байгаа хүн өөрөө хариуцлагагүй, тухайн цаг үед үйлчилж байсан журмаа мэдэхгүй, сайн мэдэхгүй байна гэдэг байдлаар хариулдаг, эсвэл хэлцэл байгаа болохоор зөвшөөрөл гэж үзнэ гэж бодож байна гэдэг байдлаар хариулдаг, мэдүүлэг дээр мэдүүлэг гаргагч хэн болох нь мэдэгдэхгүй гарын үсэггүй байхад түүнийг хуульд заасан хэлбэрээр гаргасан гэж хариулдаг, ийм байдлаар хүний өмчлөх эрхэнд халдаж байна. Төрийн эрх бүхий байгууллага хариуцлагагүй байгаагаас өнөөдөр иргэд хэдэн жилийн дараа маргаан үүсгээд явж байна. Улсын бүртгэл хийх гол үндэслэл, баримт бичиг бол мэдүүлгээс эхэлдэг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн үндэслэл байдаг. Эрх бүхий байгууллагын  шийдвэр гарвал өөрчлөгдөж болдог. Хуульд зааснаар 3, 4 төрлөөр өөрчлөлт орж болно. Анхны өмчлөгчийн бичгээр олгосон зөвшөөрөл байх хэрэгтэй. Энэ хүн нотариатаар орох шаардлагатай гээд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан. Гэтэл хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлцэл байгаа болохоор зөвшөөрөл шаардлагагүй гэж тайлбарлан, хоёр өөр баримт бичгээ хооронд нь санаатай хольж хутгаж байна. Нэгэнт алдаа гаргасан гэдгийг мэдэж байх шиг байна. Гарын үсэггүй мэдүүлэг өөрөө 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан шаардлагыг хангахгүй байна. Загвар гэж талууд тайлбартаа дурдаж байна. Загвар бол хэн мэдүүлэг өгч байгаа болон он сар гарын үсэгтэй байх ёстой. Мөн зөвшөөрөл олгогдоогүй, өмчлөгч нь өөрөө мэдээгүй явж байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 буюу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичиг хавсаргагдаагүй гэдэгт хамаарч байна. Мөн мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй байсан. Тухайн үед мөрдөж ажилладаг байсан 2004 оны Засгийн газрын тогтоолоор баталсан журамд хүртэл заасан байна. 14 хоногийн хугацаанд улсын бүртгэгч мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн аваад 14 хоногийн дотор нягталсны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх эсэхээ шийддэг байсан. Нэн даруй шийдвэрлэнэ, нэн даруй бүртгэнэ гэсэн заалт байхгүй. 14 хоногийн хугацаа тавьж өгөөд байгаа нь өөрөө учиртай. Хүний өмчлөх эрхийн асуудал нь үр дагавартай асуудал байдаг учраас урт хугацаа зааж өгсөн гэж үзэж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.4, 19 дүгээр зүйлийн 19.2-т тус тус заасан заалтууд зөрчигдсөн. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан өмчлөх эрхэд халдах үндэслэл байхгүй байхад хууль бус аргаар хуулийг зөрчиж бүртгэл хийж байгаа нь өөрөө илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М**** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д засан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 24.2-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 дугаар давхар 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг хаягт байршилтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх иргэн С.О*****ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн Д.Я***** нэмэгдэж, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр иргэн С.О***** хасагдаж, иргэн Д.Я*****гийн өмчлөлд бүртгэгдсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар иргэн Д.Я*****, Ц.Ц*****, Ц.Э*****, Ц.Ү**** нарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна...” гэжээ

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Тайлбартаа бүх зүйлийг тодорхой бичсэн. Илүү дутуу зүйлгүйгээр, хуулийн зүйл заалт, мэдүүлэг хүлээн татгалзах үндэслэл байсан эсэх гэх мэт бүгдийг тодорхой бичсэн. 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ ямар үндэслэлээр гарсан талаар нэхэмжлэгч маргахдаа гол үндэслэл нь өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг яриад байна. 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нь нотариатаар гэрчлэгдсэн байгаа учраас нөгөө хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авах шаардлагагүй. Нотариатаар зөвшөөрөгдөөд гарын үсэг зурсан байгаа юм. Үүнийг буруу ойлгоод байх шиг байна. Үүнийг буруу ойлгоод байх шиг байна. Өөр тайлбар байхгүй” гэв.

12. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.Ц*****ы хууль ёсны төлөөлөгч Д.Я***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С.О***** нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийн агуулга нь “хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг гарын үсэг хуурамчаар үйлдсэн хэмээн одоо энэ захиргааны маргаанд мөн үндэслэл болгоод буй шинжээчийн дүгнэлтээ барьж, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай бөгөөд энэ хэрэгт Д.Я***** би мөн гуравдагч этгээдээр 3 хүүхдийн хамт оролцсон.

Иргэн С.О*****ийн гомдлоор Ү-2*********2 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийг Д.Я***** нь 2009 онд нотариатч Р.Онончимэгтэй хуйвалдах зальдаж авсан гэх агуулгаар шалгуулж буй хэрэг бүртгэлтийн 180902448 дугаарын хэрэгт гарсан шинжээчийн 1951 дүгээр дүгнэлт /2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр/-ийг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эцэслэн шийдэх боломжгүй, тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гарын үсгийн асуудлыг шалгаж байгаа тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаагаар нотариатын үйлдлийнх нь тухайд иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэгэнт хэрэг бүртгэлтийн хэрэг хянагдаж дуусахаар нь, дараа нь нотариатын үйлдлийнх нь асуудлыг авч хэлэлцэхээр түдгэлзүүлсэн нь шүүхээс эцэслэн тогтоогдсон. Иймд нотариатын үйлдлийг хүчинтэй эсэхийг иргэний журмаар хянан шийдвэрлэж эцэслэн тогтоосных нь дараа нотариатын үйлдлийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хянах эрх зүйн үндэстэй болох тул иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаагаар энэ хэргийг түдгэлзүүлэх, ерөөс хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй.

Гуравдагч этгээд Ц.Ц*****ы хувьд төрсөн эцэг С.Ц****аас өв залгамжлалаар өвлөж авсан 25 хувийн буюу дөрөвний нэг хувийн өмчлөгч юм. 2009 оны гэрчилгээ, бүртгэл нь 2010 онд хүчингүй болсон гэж үзэж байна. Тодруулбал, бидний эх Д.Я*****гийн өмчлөлөөс “Э****” ХХК-ийн өмчлөлд шилжсэн, 2014 онд компанийн өмчлөлөөс аав С.Ц****ын өмчлөлд шилжсэн, барьцаанд тавьж хөрөнгө оруулалт хийх зэргээр захиран зарцуулж байсан бүртгэлүүд хэрэгт авагдсан байна.

2009 оны 10 дугаар сард өмчлөл шилжсэн гэрээ, түүнээс хойших бүхий л гэрээ хэлцэл бүгд хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх тойргийн нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл, өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэж, хийгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл огт байхгүй юм. Эдгээр бүх өмчийн шилжүүлэг нь бүгд аавынх нь заавар, журмаар хэрэгждэг байсан. Илт хууль бусад тооцуулна гэж бүртгэлд гомдол гаргасан байдаг ч шаардлагаа өөрчилсөн. Гэтэл энэ асуудал нь 2021 онд гаргасан нэхэмжлэлээр шийдэгдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, 2021 онд С.О***** нь Ү-2*********2 хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлэх, өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байдаг. Үндэслэл нь одоо энэ хэрэгт яригдаад байгаа нөгөө л нэг 1951 дугаарын шинжээчийн дүгнэлт юм. Захиргаа тухайн бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, өмчлөгч 4 иргэн бид бүгд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ маргаан хянагдах явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн байгууллагад гомдол гаргаснаасаа, гомдлоо нэмэгдүүлснээсээ хойш нэхэмжлэгч С.О***** нь бүртгэлийг хүчингүй болгож өгөхгүй байна гэж маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Ц.Ц*****ы хууль ёсны төлөөлөгч миний үзэж байгаагаар, С.О*****ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0*****5 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэл нь хууль эрх зүйн ямар нэг үндэслэлгүй, өмнө шийдэгдсэн асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Гуравдагч этгээд Ц.Э***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Миний аав С.Ц**** 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир таалал төгссөн. Миний аав С.Ц****ын 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй. Манай гэр бүлийн өмчлөлд 2007 оноос байж ирсэн тус үл хөдлөх эд хөрөнгийг аавыг нас барснаас хойш нэг жилийн дараа 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Э***-ийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Я***** 25 хувь, Ц.Э***** миний бие 25 хувь, дүү Ц.Ү**** 25 хувь, дүү Ц.Ц***** 25 хувиар тус тус өвлөж авсан. Иймд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэг. Хэргийн материалаас үзэхэд, С.О***** нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авч, С.О*****ийн нэр дээр бүртгэлгүй гэдгийг мэдсэн байна. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа хариуг хүлээж авснаас хойш тооцоход 2022 оныг хүртэл бүтэн 8 жилийн дараа улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах үндэслэлтэй байна.

Хоёр. Аавыг маань нас барснаас хойш төрсөн дүү С.О*****, С.Ч***** нар нь үндэслэлгүй гомдол, хэрэг маргаан үүсгэж эхэлсэн. Ингээд бид Ү-2*********2 улсын дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 24 хаягт байрлах, 3 дугаар давхар ба 1, 2, 3 давхрын шатны хонгил, үүдний хэсэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр хянуулж байна. Энд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оноос эхэлсэн. Энэ хэргийг удаашруулах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүхийн ажлыг хүндрүүлж байна” гэжээ.

14. Гуравдагч этгээд Ц.Ү**** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...С.О***** нь улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 24, 3 дугаар давхар, 1-3 давхрын шатны хонгил, үүдний хэсгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бэлэглэлийн гэрээгээр 2007-2009 оны хооронд бүртгэлтэй байжээ. Тухайн хөрөнгөд С.О*****ийн зүгээс ямар нэг хөрөнгө оруулалт огт хийгээгүй, эсрэгээрээ миний аав С****ийн Ц**** нь тухайн барилгын газар эзэмших эрхийг өөрийн нэрээр олж авч, контор дэлгүүрийн барилга барьж, 1996-2004 онд ажиллуулсан орлогоороо өргөжүүлэн барьсан. Энэ 3 дугаар давхарт миний аавын ажлын өрөөнүүд, миний ээж Д.Я*****гийн ажлын өрөө байрладаг. Харин С.О***** эгчийн гуйлтаар миний эцэг эх 3 дугаар давхрын тодорхой хэсэгт 2015-2016 онд л ямар нэг түрээс авалгүй дүүгээ дэмжих зорилгоор хоолны газар ажиллуулж үзэхийг нь зөвшөөрсөн. С.О***** нь ашиг бага байна гэж бүх эд зүйлээ авч явсан.

Нэгэнт анхнаасаа манай гэр бүлийн хөрөнгө бөгөөд одоогоос 14 жилийн өмнө миний аав төрийн албаны удирдах ажлыг давхар хашиж байсан шалтгаанаасаа болоод төрсөн дүүгийн нэр дээр түр байлгасан асуудал байдаг. Гэвч энэ нь өмчлөгч бидний хувьд бол хамааралгүй юм. Учир нь бид С.О*****ээс ямар нэг өмчлөх эрх олж аваагүй, тухайн хөрөнгө 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрчилгээгээр С.Ц****ын нэр дээр бүртгэгдсэн. Түүний өмнө аавын маань зургийн компани болох “Энх үйлс орших” нэр дээр бүртгэлтэй байхад ч С.О***** нь аавыг амьд сэрүүн байхад аавтай, эсхүл энэ компанитай ямар нэг гомдол санал ярьж улсын бүртгэлд хандаж байгаагүй байдаг. С.О***** нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж, өмчлөлийн бүртгэл өөрчлөгдсөн тухай лавлагаагаар баталгаажуулсан атлаа энэ цаг хугацаанаас хойш гомдол гаргалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 8 жилээр хэтрүүлсэн.

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аав маань нас барснаар бид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан, шударга, хууль ёсны өмчлөгчид тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

15. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Ц.Ц*****ы хууль ёсны төлөөлөгч Д.Я***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээг олгосон бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэл байхгүй.

Одоо маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг буюу 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг үндэслэж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэе гэдэг асуудлаа улсын бүртгэлийн газарт хандаад 2020, 2021 онд шийдвэрлүүлсэн байдаг.

2021 онд 2 гомдол гаргасан байдаг. Эхний гомдолдоо бүртгэлийг хүчингүй болгож өмчлөх эрхийг сэргээлгэе гэсэн байдаг. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь гомдолдоо нэмэгдүүлээд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин гомдол гаргадаг. Хоёр дахь гомдол нь энэ бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлье гэдэг. Энэ 2 гомдлыг хүлээн аваад улсын байцаагч бүртгэлийг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хүчингүй болгохоос татгалзаж түдгэлзүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй. Нэгэнт өмнө нь шийдвэрлэгдэж дууссан шүүхийн шийдвэр, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр энэ бүхэн нотлогдоно. Одоогийн маргаан буюу илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд тайлбарлавал, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд илт хууль бус болохыг тогтоолгох гэдэг нь ямар тохиолдолд хэрэгжихийг зааж өгсөн. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын яриад байгаа үндэслэлүүд бүгд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдлаа гэж үзэж байна. Харин илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад үндэслэл бүхий тайлбар хэлсэнгүй. Ямар тохиолдолд илт хууль бус болохыг тогтоодог вэ гэвэл, тухайн бүртгэлийг хийхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, бүртгэл хийх журам хоёроор мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэсэн хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Гурван төрлийн материал бүрдсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрдлийг шалгадаг. Мэдүүлэг эхний хуудас бичиглэлтэй, дараагийн хуудас бичиглэлгүй гэдэгт мэдүүлгийн загварыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга баталдаг. Энэ мэдүүлгийг хэн гаргах ёстой вэ гэдгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан. Үүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгч байгаа, шилжүүлэн авч байгаа этгээд хэн нь ч бүртгэлийг гаргах эрхтэй гэсэн. Иймд зөвхөн байгууллага дотооддоо баримт бичгийн бүрдлийг хянах загвар байдаг. Улсын бүртгэгч нар бүртгэхээс татгалзвал, эсвэл нэмэлт материал шаардлагатай тохиолдолд дээр нь тэмдэглэл хийдэг юм байна. Хэрэгт цугларсан баримтуудыг харахад сүүлийн үед эд хөрөнгийн мэдүүлэг гэдэг зүйлийг халчихсан байсан. Мэдүүлэгт хэн гарын үсэг зурах, хэн доторх бичилтийг хийх вэ гэдэг нь Эд хөрөнгийн өмчлөх эрхийн тухай хуулиараа буюу Иргэний хуулиар заадаггүй. Бүртгэлийг хийх үндэслэл нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ хэлцэл юм. Өнөөдрийн байдлаар хамтран өмчлөгч нэмэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй. Энэ хэлцэл өнөөдөр хүчин төгөлдөр байна. Учир нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч өөрийн гараар өргөдөл бичээд миний нэр дээр биш гэдгийг сайн мэдэж байгаа нь харагддаг. Хэний нэр дээрх нь тодорхойгүй, өөрийнх нь нэр дээр байдаггүй. Барьцаанд тавьсан эсэхийг лавлах лавлагаа авсан байдаг. Энэ лавлагааны хариуг авсан гэдгээ өмнө нь шийдэгдэж дууссан шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Шүүхийн шийдвэрээр нэгэнт нотлогдчихсон баримтыг дахин нотлохгүй үзэж байна. 2009 онд Д.Я*****д шилжээд, дараа нь манай нөхрийн зургийн компани уруу шилжээд улмаар барьцаанд авагдаад эцэст нь жинхэнэ өмчлөгч манай гэр бүлийн гишүүн С.Ц**** агсны нэр дээр 2014 оны 03 дугаар сарын  04-ний өдөр шилжсэн. Ахыгаа амьд сэрүүн байхад С.О*****ийн өмч байсан юм бол надтай, надгүй өгөөд авчих боломж байсан гэж үзэж байна.

Гарын үсгийн 1951 дугаартай дүгнэлтийг хаа сайгүй ярьдаг. Энэ дүгнэлт ямар ажиллагааны хүрээнд гарсан талаар тайлбарлавал, Сүхбаатар дүүрэгт хянагдаж байгаа гэдэг С.О***** нарын гомдлоор үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийн явцад хийсэн гарын үсгийн шинжилгээ юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, бүх талаас нь үнэн зөв нотлох баримт байгаа тохиолдолд үнэлнэ. Одоогийн байдлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж чадаагүй 5 жил болсон. Хэрэг үүсгэх боломжгүй, үүсээгүй. Шүүхийн шийдвэр, шүүхийн шийтгэх тогтоол байхгүй, ийм тохиолдолд эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. Иргэний журмаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 1951 дугаарын дүгнэлтэд Д.Я***** үйлдсэн гэж яриад байдаг. Гарын үсгийн шинжилгээ хийхдээ надад мэдэгдээгүй, миний гарын үсгийг аваагүй. Шинжээчийн дүгнэлтэд С.О*****ийн гарын үсгийг Д.Я***** үйлдсэн гэдэг үг, үсэг байдаггүй. Гагцхүү 2009 оны хэлцэл дээр зурсан гарын үсэг бөгөөд тэрийг юутай тулгаж хийснийг би мэдэхгүй байна. Тохирохгүй байна л гэж гарсан байдаг. Энэ нь өөрөө эргэлзээгүй үнэн зөв нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Талуудын хэлцлийг хуульд зааснаар хэн аль нь ч гаргах эрхтэй. Улсын бүртгэл үүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүй. 2014 онд авсан энэ лавлагаа дээрх өмчлөх эрх өөр дээр нь биш байна гэдгийг үндэслээд илт хууль бус байна гэж тогтоолгоод, хүчингүй болгуулъя гэж явах эрх нь нээлттэй байсан. 2014 оны лавлагааг гаргахдаа тухайн улсын бүртгэлийн бүх байцаагч нарыг надтай хуйвалдсан, тохиролцсон гэж байна. Төрийн албан хаагч нарыг хамаагүй харлуулж болохгүй, иргэн хүн ч хуулийг сахиулах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа 2018 онд анх гарын үсгийн шинжилгээ хийлгэж мэдээд цагдаагаар явсан гэж тайлбарладаг. Энэ бол үнэн бодит байдалтай, нийцдэггүй. Гарын үсгийн дүгнэлт нь 2019 оны 04 дүгээр сард гарсан байдаг. Илт хууль бус болохыг тогтоолгоё гэхээр хуульд заасан үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.  

Хариуцагч байгууллага хариу тайлбар өгөхдөө “хүчингүй болгуулах, түдгэлзүүлье” гэсэн 2 удаагийн тайлбар өгсөн гэсэн. Нэгэнтээ хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа учраас ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй. Тухайн хариу тайлбарт Д.Х**** шүүгчийн шийдсэн шийдвэрийг дурдсан байдаг. Нэг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэдэг хариутай маргаагүй байдаг. Болохгүй болохоор нь илт хууль бус захиргааны акт гэдгээр нь маргаад явж байгаа юм байна. Илт хууль бус болгохын тулд хуульд маш тодорхой шаардлага тавьсан. Утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага огт байхгүй эсвэл ямар албан тушаалтан гаргасан нь тодорхойгүй гэсэн хуулийн шаардлагын алинд ч маргаан бүхий бүртгэл хамаардаггүй. Эсрэгээрээ хуульд заасан шаардлагатай баримтуудаа бүрдүүлээд авсан хууль ёсны бүртгэл байдаг. Тийм ч учраас маргаагүй өдийг хүрсэн байна. Ямар хуулийн шаардлагаар зөвшөөрөл шаардлагагүй болсон бэ гэж олон удаа асууж байна. Тухайн үед үйлчилж байсан одоо ч үйлчилж байгаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олгож байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан. Энэ мэдүүлгийг бөглөсөн Д.Я***** би “би энэ мэдүүлгийг гаргаагүй, миний гарын үсэг биш” гэж хаана ч заргалдаагүй, хуулийн байгууллагаар тогтоосон асуудал байхгүй. Маргах шаардлагагүй манай гэр бүлийн хөрөнгө учраас захиран зарцуулах үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Тэгэхээр үлдсэн 3 хууль ёсны өвлөгч бөгөөд өмчлөгч 3 иргэдийн өмнөөс хэлэхэд тухайн 3 иргэн бол хүчин төгөлдөр үйлчилж байгаа өвлөх эрхийн гэрчилгээгээр эцгийнхээ үүсгэн байгуулсан газар дээр эцгийнхээ хөлс хөдөлмөрөөрөө барьсан тэрхүү объектоос тодорхой хэсгийг нь аавынх нь өөрийнх нь хүсэл зоригийн дагуу өөрийнхөө нэр дээр болгосон. Эндээс өвлөж авсан шударга өвлөгчид байгаа. Энэ бол улсын бүртгэлд авагдсан. Байж болохын аргагүй бүртгэл огт биш. Мэдүүлэг, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл зэргийг хавсаргасан. Энэ хэлцэл хүчин төгөлдөр байхад энэ хэлцлийн эрх зүйн үр дагавар нь нотариатч хуульчийнхаа хувьд хариуцаж байгуулсан гэдгийг гэрчилж байгаа болохоос улсын бүртгэлийн байгууллага бол нэгэнтээ байгуулагдсан хэлцлийг зөвхөн бүртгэх чиг үүрэгтэй. Бүрдэл дутуу бол татгалзана, бүрэн материалыг бүртгэх чиг үүрэгтэй. Хуульд зааснаар бүртгэхээс татгалзах ямар нэг үндэслэл байгаагүй. Нотариат бол “миний тамгыг хуурамчаар үйлдсэн” гэж цагдаагаар яваагүй. Эсрэгээрээ миний тамга мөн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Олон тооны нотлох баримтаар бусдын өмчийг Д.Я***** улсын бүртгэгч нарын бүх л цаг үеийн бүртгэгч нартай хуйвалдаад өөрийн болгосон юм бол юу юугүй хурдан л өөрсдийн өмчлөлөөс гаргаж зугтахыг бодно гэж үзэж байна. 2017 онд өвлөх эрх нээгдээд 2018 оноос хойш өвлөөд өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүсийн үндэслэлгүй элдэв зарга чирэгдлийн үндсэн дээр шударга өмчлөгчид нь өмчийн зүйлээ захиран зарцуулах эрхгүй болоод байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд илт хууль бус гэж үзэх ямар нэг хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шударга ёсыг тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.О*****ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн талаар хэрэгт авагдсан үйл баримтуудыг хугацааны дарааллаар нь авч үзвэл:

2.1. 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлээр, С***-ийн О****ийн буюу нэг хүний өмчөөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 0******0 дугаар гэрчилгээ олгожээ.

2.2. 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцлээр гэрчилгээний 0******0 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, С******* хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С***-ийн О**** нь Дамбадаржаагийн Янжинхорлоог хамтран өмчлөгчөөр нэмж, уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээр,

2.3. 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээр, С***-ийн О****, Д****ийн Я***** нарын буюу хоёр хүний өмчөөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 0*****5 дугаар гэрчилгээ олгожээ.

2.4. 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцлээр гэрчилгээний 0******0 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, С******* хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс С***-ийн О**** хасагдаж, өмчлөгчөөр Дамбадаржаагийн Янжинхорлоо гэх нэг хүний өмчлөлд үлдсэн байна.

2.5. 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр гэрчилгээний 0*****7 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Я***** нь “Э***” ХХК-д шилжүүлсэн.

2.6. 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээний 0****7 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Э***” ХХК-ийг төлөөлөн тус компанийн захирал, 100 хувьцаа эзэмшигч Д.Я***** нь иргэн С.Ц****т бэлэглэснээр,

2.6.а. С****ийн Ц***-ыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний /80 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай 361 м.кв- 3 дугаар давхар, 54 м.кв- шатны хонгил, 25 м.кв- талбайтай үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000286933 дугаар гэрчилгээг олгож /1-р хх-ийн 73-р талд/ шийдвэрлэж,

2.6.б. С****-ийн Ц****ыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний /80 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай 361 м.кв- 3 дугаар давхар, 54 м.кв- шатны хонгил, 25 м.кв- талбайтай үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 76-р тал/ олгосон байна.

2.7. С***ийн Ц*** нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан учир 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Өвлөх эрхийн 004 дүгээр гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний /80 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай 361 м.кв-3 дугаар давхар, 54 м.кв- шатны хонгил, 25 м.кв-талбайтай үүдний хэсэг 000585493 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай, 50,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр Д.Я***** 25 хувь, хүү Ц.Э***** 25 хувь, хүү Ц.Ү**** 25 хувь, охин Ц.Ц***** 25 хувь тус тус өвлөн авсан.

2.8. Ингэснээр иргэн Д.Я*****, Ц.Ц*****, Ц.Ү****, Ц.Э***** нар нь тус тус 25 хувиар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв- 3 дугаар давхар, 54 м.кв- шатны хонгил, 25 м.кв- талбайтай үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000740826 дугаар гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 77-р талд/-г олгожээ.

2.9. Иргэн Д.Я*****, Ц.Ц*****, Ц.Ү****, Ц.Э***** нар нь тус тус 25 хувиар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай 361 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, 54 м.кв шатны хонгил, 25 м.кв үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0****2 дугаар гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 80-р талд/-г олгожээ.

2.10. Сүхбаатар дүүргийн Тойргийн нотариатч Д.Э****-ийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 67 дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-ээр гэрчилгээний 000741812 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг тоот, 361 м.кв талбайтай, Контор, үйлчилгээний зориулалттай, 54 м.кв шатны хонгил, 25 м.кв үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Э***** өөрт ногдох хэсгээ төрсөн ээж Д.Я*****д бэлэглэжээ. /1-р хх-ийн 81-д/

2.11. Д.Я***** 50 хувиар, Ц.Ц*****, Ц.Ү**** нар нь тус тус 25 хувиар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай 361 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай 54 м.кв шатны хонгил, 25 м.кв үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*****2 дугаар гэрчилгээг олгожээ. /1-р хх-ийн 82-т/

2.12. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Э***-ийн үйлдсэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийн 1061 дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-ээр гэрчилгээний 000741892 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг тоот, 361 м.кв талбайтай, Контор, үйлчилгээний зориулалттай, 54 м.кв шатны хонгил, 25 м.кв үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Я***** өөрт ногдох хэсгээс 25 хувийг төрсөн хүү Ц.Э*****д бэлэглэжээ. /1-р хх-ийн 84-т/

2.13. Иргэн Д.Я*****, Ц.Ц*****, Ц.Ү****, Ц.Э***** нар нь тус тус 25 хувиар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж *******тай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай 361 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, 54 м.кв шатны хонгил, 25 м.кв үүдний хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /1-р хх-ийн 88-д, 2-р хх-ийн 158-д/

3. Нэхэмжлэгч нь дээрх 2.3 дахь хэсэгт дугаарлагдсан бүртгэл буюу хариуцагч захиргааны байгууллагын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээр, С***-ийн О****, Д****-ийн Я*** нарын буюу хоёр хүний өмчөөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 0*****5 дугаар гэрчилгээ олгосон улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргахдаа:

3.1. Өмчлөгч биш этгээд мэдүүлэг бөглөсөн, мэдүүлэг гаргасан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй, өмчлөгч бус этгээдийн мэдүүлгээр бүртгэл үйлдсэн нь хууль бус;

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тодруулбал, “итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй байхад улсын бүртгэгч хүлээж авч бүртгэснээрээ хууль зөрчсөн. Хууль ёсны өмчлөгч С.О*****ийн зөвшөөрөл аваагүй, мэдүүлэг гаргагч өөрөө байхгүй байхад хуульд заасан тодорхой заалтуудыг зөрчин хүлээн авсан, гуравдагч этгээд бусдын гарын үсгийг дуурайлган, мэдүүлэг гаргасан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр бүртгэл хийсэн нь хууль бус, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй;

3.3. мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах боломж байсаар байхад түүнийг хэрэгжүүлээгүй, 2003 оны хуулийн 15.4-т зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаад буцаах үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан хэмээн маргаснаас гадна Тодорхойлох хэсгийн 6-д заасан үндэслэлээр маргасан.

4. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, маргаж буй бүртгэлд хамаарах дээр дурдсан үйл баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд өгсөн хариуцагчийн татгалзал, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж, хариуцагч захиргааны байгууллагын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь илт хууль бус  захиргааны акт болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

5. Тодруулбал, нэхэмжлэгч талын 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  гуравдугаар бүлэгт: “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл”-ийг зохицуулсан, 13 дугаар зүйлийн 13.3. “дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна” гэж зааснаар өмчлөгч гарын үсэг зураагүйг анхаараагүй, 13.5.1. “...үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.7. “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ...”, 13.5.8. “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж зааснаар өмчлөгч этгээд нь мэдүүлгээ /өргөдөл/ гаргаагүй байхад өмчлөгч биш этгээдийн мэдүүлгийг хүлээн авсан гэх тайлбар,

Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох ...зөвшөөрлийг заавал авсан байх ... зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй гэх тайлбарыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх тохиолдолд хамаатуулж, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт буюу “бүртгэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Яагаад гэвэл, Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 45 дугаар тогтоолын 7. “хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан “үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэдэгт энэ зүйлийн 13.5.2-13.5.5-д заасан баримтуудаас гадна тухайн этгээд уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон бусад баримтуудыг мөн хамааруулна” гэж зааснаас үзвэл, түүнчлэн 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.1. “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэж зааснаар мэдүүлэг гаргагч нь нотариатаар батлуулсан хэлцлийг хавсаргасан нь өмчлөх эрхтэйгээ нотолсон баримтаа гаргаж өгсөн гэж үзэхээр байна.

7. Нөгөөтээгүүр илт хууль бус болохыг тогтоолгох гэж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргахдаа маргаан бүхий захиргааны актын үндэслэлээр тайлбарлан маргаж байна. Энэ талаарх гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Тодруулбал, захиргааны акт нь “Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдлууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлд хамаарахгүй болно.

8. Маргаж буй захиргааны актын алдаа нь ноцтой үр дагаврыг үүсгэж, нийтэд илэрхий мэдэгдэж байгаа тохиолдолд илт хууль бус болох бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий асуудалд огт хамааралгүй, маргааны зүйлийг зохицуулж журамласан хэм хэмжээг огт үндэслээгүй байх, эсхүл захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ үндэслэсэн хууль тогтоомжид нь ерөөсөө заагаагүй байхад, зохицуулсан заалт байсан ч түүнийг давсан, агуулгыг нь илтэд гуйвуулж үндэслэсэн байвал “...халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзнэ. Харин эсрэгээрээ энэ тохиолдолд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тухайлбал, маргаан бүхий асуудлаар “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах” эрхийг хууль тогтоогч олгосон гэж үзнэ.

9. Илт хууль бус болохыг тогтоолгох гэж буй захиргааны акт нь нэхэмжлэгчийн тухайд бүрэн агуулгаараа сөрөг захиргааны акт байж, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй акт гэж тогтоогдохын тулд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа буюу түүний өмчлөх эрхийн бүртгэлийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, маргаж буй 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлтэй хэвээрээ байх ба харин нэхэмжлэгчийг бүртгэлээс хассан тухай бүртгэлтэй маргаагүй байж, өөрийнх нь нэр бичигдсэн, өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа бүртгэлийг илт хууль бус гэж маргасан нь ойлгомжгүй, хэлцлийн дагуу хамтран өмчлөгч нэмсэнтэй холбоотойгоор бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хариуцагч захиргааны байгууллагаас хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хууль бусад тооцож хүчингүй болгох боломжтой захиргааны акт байж болох авч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр илт хууль бус захиргааны актын алдаа байхгүй байна.

10. Энэ утгаараа 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй”, 14.1.4. “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй”, 14.1.6. “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй” гэх үндэслэлүүдээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаах байсан гэх агуулгатай нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

11. Хариуцагч захиргааны байгууллага нь “өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг нотариатаар гэрчлүүлж, иргэний үнэмлэхээ хавсарган мэдүүлэг гаргасныг угтаа өмчлөх эрхээ баталгаажуулах ойлголт байна гэж үзэж, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр ...” гэж заасныг тайлбарласан дээр дурдсан Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолын 2.2. “...4.2-т заасан ...гэдгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохыг зохицуулсан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгтэй холбон үзэж, улсын бүртгэлд шинэ болон хуучин өмчлөгчийн үүссэн буюу дуусгавар болсон өмчлөх эрхээс гадна энэ эрхийг шилжүүлэх үндэслэл болсон хэлцлийг мөн бүртгүүлнэ гэж ойлговол зохино” гэж тайлбарласны дагуу өмчлөгч нь өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлснийг иш үндэс болгон бүртгэл хийснийг буруутгах үндэслэл байхгүй, харин энэ тохиолдолд гарын үсэг хуурамч байсан, нотариатын үйлдэл хууль бус байсан зэргийг хариуцагч захиргааны байгууллага шалгах үүрэггүй, мөн тогтоох ч боломжгүй юм.

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч,  цагдаагийн ахмад М.Э**** Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.У****-ын хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ыг үндэслэн бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1951 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасныг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн Д.Ч****-ын үйлдсэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” 1473 дугаар дүгнэлтээр: “2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэлд үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаартай бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1951 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон, мөн иргэн С.О***** нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2020 оны 2710 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь “үнэн зөв, бодитой, ...байх” гэж заасныг удирдлага болгон мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах...” гэж заасныг баримтлан эрхийн улсын Ү-2*********2 дугаартай бүртгэлийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэснийг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 2******* прокурорын зөвшөөрлөөр Ү-2*****4, Ү-2*********2 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгааг тус тус тэмдэглээд, энэхүү үйл баримтууд нь маргаж буй хариуцагч захиргааны байгууллагын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “С***-ийн О****, Д***-ийн Я*** нарын буюу хоёр хүний өмчөөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,  Сөүлийн гудамж, *******тай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч”-өөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********2 дугаарт бүртгэж, 0*****5 дугаар гэрчилгээ олгосон улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

13. Маргаж буй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар нэхэмжлэгч С.О*****ээс гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/810 дугаар албан бичгээр, мөн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хариу өгөх тухай” 8/2369 дүгээр албан бичгээр тус тус хариу өгснийг мөн тэмдэглэж байна.  

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримтлан иргэн С.О*****ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0*****5 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН