Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 10

 

2021  оны 04 сарын 07 өдөр                      2021/ДШМ/10                                   Хэрлэн сум                                  

 

У.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0010/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа  даргалж, шүүгч Я.Алтаннавч Г.Болормаа  нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч өмгөөлөгч Г.Баярсайхан  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы  давж заалдах гомдлоор У.Э-т холбогдох эрүүгийн 2039005260292 дугаартай 1 хавтас, нийт 136 хуудастай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

2020 оны 09 дүгээр   сарын 15-ны өдрөөс  2020 оны 10 дугаар  сарын  01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг “Тариат ” гэх  газраас  100 ширхэг шинэс модыг  хууль  бусаар бэлтгэж,  9886 СҮА улсын дугаартай  “Hyunday Mighty” маркийн тээврийн хэрэгслээр  тээвэрлэн  ойн санд  1.366.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас У.Э-ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч У.Э-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  1500 /нэг  мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан ягаан өнгийн гинжит хөрөө болон СҮА 9886 улсын дугаартай “Hyunday Mighty” маркийн автомашины үнэ болох 4.676.200 /дөрвөн сая зургаан зуун далан зургаан мянга хоёр зуу/ төгрөг,  гэмт хэрэг үйлдэж   олсон хөрөнгө  болох 4.5  м3 хэмжээтэй 100 ширхэг шургааг модыг тус тус  улсын төсөвт  шилжүүлэх,  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан  давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн  Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2021.01.19-ний  өдрийн 22 тоот шийтгэх  тогтоолыг  2021.02.11-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар маргах зүйлгүй боловч одоогоос 3 жилийн  өмнө У.Э нь  Б.Баяр-Эрдэнэ гэгчээс 98-87 СҮА улсын дугаартай  Маяти маркийн тээврийн  хэрэгслийг  1 сая төгрөгөөр худалдаж авсан атал  уг машиныг үнэлгээний  газар  нүд үзэн үнэлээгүй атлаа 4.676.200 төгрөгөөр үнэлсэн нь  үндэслэлгүй учир гомдол гаргаж байна гэжээ. 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан. Хэргийг прокурорт буцааж дахин үнэлгээ гаргуулах  саналтай байна гэжээ.

 

Прокурор Ж.Батбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: У.Э-ынүйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тухайн тээрийн хэрэгслийн содон шинж тэмдэг, үйлдвэрлэсэн он, сарыг харгалзан дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  Өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх өгнө үү гэжээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэнтий аймгийн Прокурорын газраас У.Э-ыг 2020 оны 09 дүгээр   сарын 15-ны өдрөөс  2020 оны 10 дугаар  сарын  01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг “Тариат ” гэх  газраас  100 ширхэг шинэс модыг  хууль  бусаар бэлтгэж,  9886 СҮА улсын дугаартай  Hyunday Mighty маркийн тээврийн хэрэгсэлээр  тээвэрлэн  ойн санд  1.366.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч У.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.Үүнд:

- “Биндэр-ой” сум дундын ойн анги гэмт хэргийн улмаас учирсан экологи эдийн засгийн нийт үнэлгээ 758950 төгрөг, ойн санд учруулсан хохирол 1366110 төгрөг гэсэн 13 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.  

Анхан шатны шүүх  хууль  бусаар бэлтгэж,  тээвэрлэсэн  4.5м3 шинэс модны  экологи–эдийн засгийн үнэлгээ  758950 төгрөг, ойн санд учруулсан хохирол 2276850 төгрөг гэж дүгнэж, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд 4098330 төгрөг төлсөн тул илүү төлсөн 1821480 төгрөгийг буцааж нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэжээ.    

Гэмт хэргийн улмаас  ойн санд  учирсан хохирлыг прокурорын яллах дүгнэлтэнд 1.366.100 төгрөг,   шүүхийн шийтгэх тогтоолд 2276850 төгрөг гэж өөр өөрөөр дүгнэсэн байх ба  шүүх экологи–эдийн засгийн үнэлгээг  ямар үндэслэлээр 758950 төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй, энэ талаар шүүх хууль зүйн  дүгнэлт хийгээгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9886 СҮА улсын дугаартай  “Hyunday Mighty” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг зөвшөөрөхгүй  байгаа  өмгөөлөгчийн дүгнэлтийг  няцаан  үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Үнэлгээ гаргасан шинжээчийн  дүгнэлтийг  зөвшөөрөхгүй маргаантай байхад шүүх хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөв гэж үзсэн түүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн талаарх дүгнэлтээ  шийтгэх тогтоолд  тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн  үндэслэл, өмгөөлөгчийн саналыг  няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүйгээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг 2021/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол  хангаагүй  байна.

- Шүүгдэгч У.Э хохирол төлсөн талаар  хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 11, 2020 оны 12 сарын 23-ны өдрийн  2 албан бичиг, ХААН банкны     2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн  орлогын 3 баримт хэрэгт авагдсан байх ба дээрх баримтуудыг үндэслэн   шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд 4098330 төгрөг төлсөн  тул илүү төлсөн 1821480 төгрөгийг буцааж нэхэмжлэх эрхтэй гэж шүүх шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд  шүүгдэгч  2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр  1366110 төгрөгийг  3 удаа  төлсөн  ХААН банкны орлогын  3 ширхэг баримт байх ба хохиролд хэдэн төгрөг төлсөн талаарх асуултанд “мэдэхгүй, эхнэр төлсөн” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Дээрх баримтыг шүүх үнэлэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр  буюу нэг өдөрт  1366110 төгрөгийг  3 удаа төлсөн үү, эсвэл нэг баримтыг 3 удаа нотлох баримтаар өгсөн үү гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд хохиролд хэдэн төгрөг  төлөгдсөн талаархи нотлох баримт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлэгт үндэслэл хохирлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Э-тхолбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч У.Э-тхолбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд У.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                              Я.АЛТАННАВЧ

                                                                                              Г.БОЛОРМАА