Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/01232

 

 

 

 

 

2022 05 24

181/ШШ2022/01232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.О,

Нэхэмжлэгч: Д.М нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  М сан -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч Д.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гэрч Г.Б, Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.О нь М сан д 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс гурван жилийн хугацаатай хэрэгжих Импакт төсөлд Төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.А тай хөдөлмөрийн гэрээг төслийн зохицуулагчаар 3 сарын хугацаанд ажиллахаар болж тус сантай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №21/05 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл болон ажлаас халсан тухай тушаал бүхий й-мэйлийг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авсан. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр М сан гийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Ц-д хандан гомдол гаргасан.

М сан гийн гүйцэтгэх захирал Б.А гийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 3/4 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа бүх ажилтнуудтай Б.А захирал 3 сарын хугацаатай гэрээ байгуулж байгаа, гэхдээ энэ нь гэрээг дуусгана гэсэн үг биш хэмээн хэлж хууран байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэн боловсруулагдаж, сангийн удирдах зөвлөл батлан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хүртэл буюу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээ байгуулан ажлын байрыг түр болгон өөрчилж гэрээ байгуулсан.

Гэрээнд өөрийн саналыг тусгах, гарын үсэг зурахаас татгалзахад ажиллуулахгүй байдалд хүргэж байсан учираас гэрээнд гарын үсэг зурсан. Миний ажлын байр бол 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 11 дүгээр сарын 15 хүртэл төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд батлагдсан орон тоо байсан. Гэрээнд заасан энэхүү байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон 2021-2022 оны бизнес төлөвлөгөө болох байгууллагын бодлогын баримт бичгийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж батлуулаагүй тул тодорхойгүй нөхцлөөр тодорхой хугацаа заан гэрээ дуусгавар болгосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна, 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хэмээн заасан байна. Эндээс үзвэл миний ажлын байр бол төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулахаар байна.

Гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байгаа Б.А гийн ажилтнуудтай харилцааны асуудалтай байгаа талаар гомдлоо гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт гаргасны дараа байдал сайжрахгүй төдийгүй зөвлөхөөс ажилтнуудыг дарамталсаар байсан тул гүйцэтгэх захирлуудын шилжилтийн хөтөлбөрийн санхүүжүүлэгч Проспера байгууллагад М сан д шүгэл үлээгчийн бодлоготой болох, байгууллагын дотоод ардчиллыг бэхжүүлэх тухай зөвлөн туслах хүсэлт гаргасныг мэдсэний хариу арга хэмжээ авч байна гэж үзэж байна. Үүнийг Б.А захирал үүрэгт ажлаа бүрэн хүлээн авснаас хойш ажилтны үнэлгээ хийх үедээ 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээний цахим уулзалтын дуу бичлэг болон 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ажилтны хурлын тэмдэглэлээр нотлон харуулж болно. Энэ нь хүний эрхийг дээдлэн, феминист зарчмын баримтлан ажилладаг байгууллагын дүрэм төдийгүй, төрийн бус байгууллагын ёс зүйн дүрэм, олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байна гэж үзэж байна.

Төрийн бус байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах эрх гүйцэтгэх захиралд олгогдоогүй, удирдах зөвлөлөөр батлах байсан. А.О ийн ажлын байр нь байнгын ажлын байр учираас хугацаатай гэрээ байгуулах ёсгүй юм.

Иймд А.О намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.М нь М сан д 2014 оноос эхлэн ажиллаж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/01 тоот Хөдөлмөрийн гэрээгээр оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтнаар 3 сарын хугацаанд ажиллахаар болж тус сантай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл болон ажлаас халсан тухай тушаал бүхий й-мэйлийг тэр өдрийн оройн 18:03 цагт явуулсан байсан. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр М сан гийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Цэвэлмаад хандан гомдол гаргасан.

М сан гийн гүйцэтгэх захирал Б.А гийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 3/5 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа бүх ажилтнуудтай Б.А захирал 3 сарын хугацаатай гэрээ байгуулж байгаа, гэхдээ энэ нь гэрээг дуусгана гэсэн үг биш хэмээн хэлж хууран байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэн боловсруулагдаж, сангийн удирдах зөвлөл батлан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хүртэл буюу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээ байгуулан ажлын байрыг түр ажлын байр болгон өөрчилж гэрээ байгуулсан. Гэрээнд заасан энэхүү байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар баталгаажаагүй, сангийн шинэ бүтэц гараагүй байхад тушаал гаргаж захиргаа, харилцаа холбоо хариуцсан үндсэн ажилтны орон тоог дур мэдэн түр орон тоо болгосон. Энэ үйлдэл нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж ажилчдыг хууль бусаар халах гэсэн үйлдэл юм. Анхнаасаа ажилчидтай байгуулах энэхүү хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцооны үндсэн дээр байгуулаагүй. Ажилтнуудаас Д.Буянжаргал гэрээний нөхцөл ажил олгогчийн санаачлагаар гэрээ зөрчсөн байгаа, цалин хөлсийг төсөвт тусгаснаар бүрэн оруулахыг шаардахад гэрээ зурвал зур, үгүй бол гар гэж загнаж байсан тул ажилтнууд аргагүй байдалд хүрч гэрээндээ гарын үсэг зурсан байдаг.

М сан гийн Удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталгаажуулсан Хөдөлмөрийн дотоод журмийн 4.3-т Ажлаас чөлөөлөх мэдэгдлийг гүйцэтгэх захирал тухайн ажилтанд албан бичгээр нэг сарын өмнө өгнө гэж заасан байдаг хэдий ч гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдэл, тушаал 2 нь нэг гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөө над дээр ирсэн юм.

Гүйцэтгэх захирал Б.А нь гүйцэтгэх захирлаар сонгогдоод туршилтын хугацаанд ажиллаж байхад ажилтнууд зан харилцааны хувьд ажилтнуудтай ялгавартай харилцаж байгаа тухай гомдлыг гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулсан ажлын хэсэгт гомдол гаргасныг мэдсэн тул албан тушаалаа хүлээн авснаас хойш хавчин гадуурхах, ялгаварлах, албан тушаалын давуу байдлаар загнах дарамтлах явдал их гарах болсон. Ажилтнуудыг хууль бусаар халах зорилготой байсан нь миний бүх хуваарьт ажил үүргийг дадлагажигч оюутан Б.Хонгорзулыг 2021 оны 2 дугаар сарын 19 -ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хагас цагийн ажилтнаар ажилуулахдаа даалгасан байснаар нотлоно.

Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр хувийн бизнес эрхэлдэг том хүү 11 настай, охин 5 настай, бага хүү 2 ой 5 сартай. Коронавирусийн тархалт, дэгдэлтээс урьдчилан сэргийлэхээр Монгол улсын Засгийн газраас хөл хорио тогтоосонтой холбоотой нөхрийн маань ажил зогссон, манай гэрийн орлогын эх үүсвэр нь зөвхөн миний цалин байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага хэрнээ дотор нь ажиллаж байгаа ажилтнуудынхаа эрхийг зөрчсөн, хуулийг зөрчсөн, хүнлэг бус шийдвэр гаргаж хууль бусаар зохион байгуулалттай ажлаас халсан гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно хэмээн заасныг зөрчсөн байна.

Д.М ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3.-аар Хөдөлмөрийн гэрээний 4.1.-ийг зөрчсөн гэж үзсэн, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах ёсгүй юм. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Мөнхзулыг төөрөгдүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн ажлаас халсан.

Иймд Д.М намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М сан ТББ нь Монголын эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө нөөц баялгийг хуримтлуулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг сайн дурын байгууллага болно.

Манай байгууллага нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байнгын ажлын байраас бусад буюу тодорхой хугацаатай гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарах үед тухай бүр гарсан ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж ажилтныг Хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн ажлын байранд тодорхой хугацаагаар ажилд авдаг.

М сан нь Европын холбооны дэмжлэгтэйгээр Хил хязгааргүй малын эмч ба агрономичид, Жэрэс-Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчин, Эв нэгдлийн бүлгэм олон улсын байгууллагуудтай хамтран Импакт-Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах төслийг 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хэрэгжүүлж байна.

Импакт төслийн зорилго нь Монгол улсад бүтээмж бий болгох, бодлого боловсруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүд өөрчлөгч, хөгжлийн салбарын гол оролцогч болоход хувь нэмэр оруулах бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд хөдөөгийн эмэгтэйчүүдийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бий болгох үйл явц болон энэ салбарт үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцдог болоход чадваржуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

1.Энэ төслийн хүрээнд А.О ийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд Төслийн менежер, 2021оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Төслийн зохицуулагчаар тус тус ажиллуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд тус хэсгийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан.

А.О нь ажлын гэрээт хугацаандаа өөрийн хариуцсан ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж түнш байгууллагуудаас санал гомдол ирүүлж байсан тул бид тухайн ажилтны Хөдөлмөрийн гэрээг сунган цаашид ажиллуулах нь Импакт төслийг Монгол Улсад амжилттайгаар хэрэгжүүлж дуусгахад тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байсан тул түүний Хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгаагүй болно.

2.Манай байгууллага нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон тодорхой хугацаатай гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарах үед ажилчдыг хуульд заасны дагуу Хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ байгуулан ажиллуудаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2-д Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: гээд тус хэсгийн 23.2.1 байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2 энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэж тус тус заасан. Тус хуулийн заалтын дагуу манай байгууллага Д.М тай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгууллагын оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтнаар ажилд авсан.

Д.М тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно: гээд тус хэсгийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг сунгалгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болгосон.

А.О Д.М нар нь ижил үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа тул хоёуланд нь хамруулаад тайлбарыг нэгтгэн хэлье. А.О Д.М нар нь хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүчээр зуруулсан, дарамталсан гэж байгаа нь үндэслэлгүй юмаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нар нотлох баримтаа өөрөө цуглуулах үүрэгтэй байтал хүчээр зуруулсан дарамталсан тухай баримтыг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, тэр талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй.

Үнэхээр хүчээр зуруулсан юм бол тэр талаар гомдлоо гаргахгүй яагаад 3 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд яваад байсан юм. Энэ нь хугацаатай гэрээний талаар шаардах эрхээ алдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2.-т талууд хоорондоо тохиролцож хугацаатай гэрээ байгуулж болно гэсэн байгаа тул хугацаатай гэрээ байгуулсанд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа талаар А.О , Д.М нарт мэдэгдсэн.

Д.М ын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-ийг ярьж байна, энэ зааолт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр ажлаас чөлөөлөхөд яригддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 бол хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох юмаа. А.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч феминизм зарчим хэрэгжүүлдэг байгууллага гэж ярьж байна, ийм байгууллага дэлхий дээр хаана ч байхгүй, нэхэмжлэгч нар өөрсдийн ажлын байрыг байнгын орон тоо гэж үзэж байгаа бол гэрээ байгуулах үедээ гомдол гаргахгүй яасан юм.

Иймд нэхэмжлэгч А.О Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.О нотлох баримтаар:

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал /хуулбар/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хуулбар/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хуулбар/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, мэдэгдэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэх зэргийг гаргасан.

Нэхэмжлэгч Д.М нотлох баримтаар:

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Оффис менежер ба харилцаа холбоо хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 3/5 дугаартай тушаал, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн D/002 дугаар мэдэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Хариуцагчаас: нотлох баримтаар:

Улсын бүртгэлийн гэрчилгээ, М сан гийн дүрэм, М сан гийн удирдах зөвлөлийн гишүүдийн 2011 оны 02 сарын 14-ний хурлаар шинэчлэн баталсан дүрэм, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 21/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, төслийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт, 360 хэмийн үнэлгээ, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн А/01 тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 05 сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоол, тогтоолын хавсралт 1 М сан 2021-2026 оны стратеги, хавсралт 2. М сан гийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Удирдах зөвлөлийн даргын 2021 оны 08 сарын 13-ны өдрийн тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, МОНЭС-ийн хүний нөөцийн баримт бичиг,

Шүүхийн журмаар: гэрч Д.Буянжаргал, Д.А нараас мэдүүлэг авсан.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч А.О , Д.М нар нь хариуцагч М сан -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ. Нэхэмжлэгч А.О ийн тухайд:

1.1.Хариуцагч М сан нь нэхэмжлэгч А.О тэй 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж А.О нь тус сангийн Төслийн зохицуулагчийн ажил албан тушаалд ажиллахаар нэг жилийн хугацаатай буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэлх хугацаатай гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 17-р хуудас/

1.2.Дээрх гэрээ дуусгавар болсон тул хариуцагч /ажил олгогч/ М сан нь нэхэмжлэгч /ажилтан/ А.О тэй 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 39-44-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ М сан нь Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэй Импакт буюу орон нутгийн эдийн засгийн хөгжилд хөдөөгийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх тэгш байдлыг сайжруулах зорилготой 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч /ажилтан/ А.О ийг төслийн зохицуулагчийн ажил албан тушаалд ажиллуулж Ажлын байрны тодорхойлолтыг түүнд танилцуулсан байна./хх-ийн 45-47-р хуудас/

Ажил олгогч М сан гийн ажил эрхлэлтийн харилцааг зохицуулах бодлогын баримт бичгийн 1.6.-д Гүйцэтгэх захирлын эрх, мэдэл, үйл ажиллагааг тусгайлан тусгасан байх бөгөөд гүйцэтгэх захирал нь сангийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх албаны ажилтнуудтай санг төлөөлөн гэрээ хийх, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх эрхтэй байна. /1-р хх-ийн 233-250, 242-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэж,

23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ. Иймд:

1.3.Ажил олгогч М сан нь ажилтан А.О ийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл буюу тус байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон, 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэгдэн боловсруулагдаж, Сангийн удирдах зөвлөлбатлан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд 1.200 еврогийн цалинтайгаар төслийн зохицуулагчаар ажиллуулахаар Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 39-47-р хуудас/

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад А.О тэй байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний нөхцлүүдийг тус тус тохиролцон хугацааг нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан болохыг ажилтан А.О зөвшөөрч №21/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуржээ./1-р хх-ийн 17, 39-44-р хуудас/

Ажил олгогч М сан ажилтан А.О тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болж байгаа тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А.О т өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19-р хуудас/

ХОЁР. Нэхэмжлэгч Д.М ын тухайд:

2.1.Хариуцагч М сан нь нэхэмжлэгч Д.М тай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж Д.М нь тус сангийн Оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажил албан тушаалд ажиллахаар нэг жилийн хугацаатай буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаатай гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 131- 134-р хуудас/

2.2.Дээрх гэрээ дуусгавар болсон тул хариуцагч /ажил олгогч/ М сан нь нэхэмжлэгч /ажилтан/ Д.М тай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 135-139-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ М сан нь тус сангийн ажилтнуудын хэвийн ажиллах нөхцлийг хангах, байгууллагын дотоод болон гадагшаа өгөх мэдээлэл, харилцааг шуурхай байлгах зорилгоор нэхэмжлэгч /ажилтан/ Д.М ыг сангийн Оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажил албан тушаалд ажиллуулж Ажлын байрны тодорхойлолтыг түүнд танилцуулсан байна./1-р хх-ийн 131-134-р хуудас/

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад Д.М тай байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний нөхцлүүдийг тус тус тохиролцон хугацааг нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан болохыг ажилтан Д.М зөвшөөрч №21/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээн дээр Д.М гарын үсэг зуржээ./1-р хх-ийн 135-139-р хуудас/

Ажил олгогч М сан ажилтан Д.М тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болж байгаа тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.М д өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 41-р хуудас/

2.3.Ажил олгогч М сан нь ажилтан Д.М ыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл буюу тус байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон, 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэгдэн боловсруулагдаж, Сангийн удирдах зөвлөлбатлан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд 1.500.000 төгрөгийн цалинтайгаар Оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтанаар ажиллуулахаар Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 135-139-р хуудас/

Дээрх бүхнийг дүгнэхэд:

Байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч /ажилтан/ А.О ийг М сан гийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/4 дугаартай тушаалаар, нэхэмжлэгч Д.М ыг тус сангийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/5 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон А.О ийг тус сангийн төслийн зохицуулагчийн үүрэгт ажлаас, Д.М ыг Оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтны үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ. /1-р хх-ийн 18, 140-р хуудас/

А.О , Д.М нар нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэг сарын хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хүргүүлэхээр шууданд хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасантай нийцэж байна. /хх-ийн 1, 2, 18, 22, 128, 129, 140, 146-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэжээ.

Нэхэмжлэгч /ажилтан/ А.О тэй, Д.М тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 17-19, 39-47, 135-140-р хуудас/

М сан гийн хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэй Импакт буюу орон нутгийн эдийн засгийн хөгжилд хөдөөгийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх тэгш байдлыг сайжруулах зорилготой 3 жилийн хугацаатай төслийн зохицуулагч ажилтай А.О , тус сангийн оффис менежер ба харилцаа холбоо хариуцсан ажилтан Д.М нарыг тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч /ажилтан/ Д.М нь М сан тай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай хийх үед 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэндэлсэн хүү Г.Ачит-Эрдэнэ нь 2 нас 3 сартай, Д.М ыг ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2 нас 6 сартай байсан байх тул хариуцагч /ажил олгогч/ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасныг баримтлах үндэсгүй юм. Тодруулбал: ажилтан Д.М Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үед хүү Г.Ачит-Эрдэнэ 3 нас хүрээгүй байсан байна.

Ажилтан А.О , Д.М нар нь ажил олгогчийг хугацаатай хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа дарамталсан, хүчээр зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед гомдол гаргаж байсан эсэх болон дарамталж, хүчээр гарын үсэг зуруулсан эсэх талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно. Тодруулбал: нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй болно.

 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М сан гийн Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай А.О ийн, мөн сангийн Оффис менежер ба харилцаа холбоо хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Д.М ын нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О ээс төлсөн 70.200, Д.М аас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО