| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
2025 04 14 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогчийн өмгөөлөгч *************,
Шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************д холбогдох 2526000330060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “**************” барилгын материалын дэлгүүрт ажилладаг, ам бүл 6: эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 35-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************* /РД:ЙИ92071518/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 72-12 тоот хаягт байх *************гийн гэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************г цохиж улмаар түүний биед “11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний хугарал, 31 дүгээр шүдний сулрал, дээд урууланд шарх, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би тэр орой *************гийнд очсон. Жоохон ууснаасаа болоод найзыгаа цохисондоо уучлалт гуйж байна. Найзыгаа уучлаарай. Дахиж тийм юм гаргахгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр багийн 72-12 тоотод гэртээ байж байтал 17 цагийн орчимд ************* над руу утсаар яриад юу хийж байна гэртээ байна уу пиво уумаар байна танайд яваад очъё гэсэн. Би одоохондоо завгүй байна гэрт ажилтай байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 20 цагийн орчимд ************* манайд халамцуу манай хүүхдүүдэд бэлэгтэй 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво аваад манайд ороод ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө пиво хувааж ************* чи найз байж манайд очихгүй юм гээд байхаар нь бид хоёр *************ийнх рүү явсан замдаа дэлгүүр ороод хүүхдүүдэд нь бэлэг, 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво аваад Арвайхээр сумын 10 дугаар хороонд *************ийн гэрт нь очсон. Бид авч очсон пивоо уугаад тэгээд *************ийг эхнэр нь унтуулах гээд аваад үлдсэн. Би гэр лүүгээ алхаад иртэл ************* манайд ирчихсэн сууж байсан тэгээд би яагаад хүрээд ирсэн юм гээд баруун хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би тасарчихсан байна лээ нэг мэдсэн нэг шүд уначихсан, амнаас цус гарчихсан байсан. Би чи яагаад ингэчихэж байгаа юм гэсэн чинь тэгвэл алаад хаячихъя гээд дайраад байсан. Манай эхнэр ********** **********ийг гэрээс гаргаад явуулсан. Би *************ийг яагаад манайд хүрээд ирсэн юм гээд би өшиглөсөн тэгээд бид хоёр маргасан. Би *************ийн биед бол халдаж нэг удаа өшиглөсөн хэл үгээр бол доромжлоогүй тухайн үед миний 1 шүд унаж, 2 шүд хөдөлсөн их өвчтэй байсан өөр шарх сорви байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр **********гийн хамт Арвайхээр сумын 11 дүгээр багийн 72-12 тоотод гэртээ байсан манай нөхөр **********гийн утас руу ********** залгаад ярьсан. Юу ярьсан талаар би сайн мэдэхгүй. Манайд ********** хүүхдүүдэд бэлэг нэг том пивотой ирээд манай нөхөр **********тэй хувааж уучихаад тэгээд ********** чи манайд очихгүй би дандаа танайд ирдэг гээд байсан. Манай нөхөр ********** за за шинэ жил болох гэж байна хүүхдүүдэд нь бэлэг өгчхөөд ирье гээд ********** ********** хоёр явсан тэгээд удалгүй байж байтал ********** манай гэрт ороод ирсэн, удалгүй араас нь манай нөхөр ********** гаднаас согтуу ороод ирсэн. ********** чи яагаад түрүүлээд ирчихдэг юм гээд маргаад байсан. Би хүүхдээ хөхүүлж байгаад хартал **********гийн уруул хэсгээс цус гарчихсан ********** миний шүдийг ********** цохиод унагачихлаа гэсэн. Би салгаад **********ийг яаж байгаа юм гэсэн. ********** **********гийн цамцнаас зуурчхаад тэгвэл дахиад цохичихъё гээд байсан би салгаад **********ийг гар гээд гэрээс гаргаад явуулсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Насанд хүрээгүй гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр ********** ах манайд согтуу ирсэн. Тэгээд манай аав **********г дагуулаад гарсан. ********** ах манайд эргээд хүрээд ирсэн, удалгүй аав ороод ирсэн. Би бие засах гээд гадаа жорлон орчхоод гэртээ ортол аав **********гийн амнаас цус гарсан, дүү нар уйлчихсан байсан. Манай ээж ********** ********** ахыг гар гээд гэрээс гаргасан. Тухайн өдөр манай гэрт аав **********, ээж **********, хоёр жаахан дүү, ********** ах бид хэд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********** №74 дугаартай “...*************гийн биед 11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний хугарал, 31-р шүдний сулрал, дээд урууланд шарх, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********** №75 дугаартай “...*************ийн биед 31-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоохгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч **********нарын №18 дугаартай “...*************гийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улсаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/ зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч *************ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45, 47-55 хуудас) зэрэг авагдсан байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *************ийн тухайд 2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өөрийн найз *************тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ************* нь найз *************гийн гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар буцаж *************ийн гэрт очиж дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ. Ингээд суварч *************гийн гэрт ирээд *************гийн гэрт хэн аль нь буюу нэгнийгээ чи яагаад түрүүлж ирсэн юм бэ гэдэг байдлаар маргаан үүсгэж бие биеийнхээ биед халдсан байдаг. Халдсан үйлдлийн улмаас буюу *************ийн үйлдлийн улмаас *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Ийм учраас *************ийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Харин ************* нь *************ийн биед халдсан байгаа боловч энэ нь хохирлын зэрэг тогтоогдоогүй учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу шийтгэл арга хэмжээ авагдаж шийтгэл оногдуулсан нөхцөл байдал байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдоно. Үүнд хохирогч *************гийн тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрсэлсэн мэдүүлэг нь мэдүүлгийн ач холбогдолтой буюу шууд нотлох баримт байдаг. Мөн тухайн цаг хугацаанд тухайн болсон үйл явдлыг нүдээр харсан гэрч **********гийн мэдүүлэг байна. Мөн адилхан болж өнгөрсөн үйл явдлыг нүдээр үзсэн мэдүүлэг. Мөн насанд хүрээгүй гэрч **********гийн мэдүүлэг байна. Эдгээр мэдүүлэг нь тухайн цаг хугацаанд байсан болсон үйл явдлыг харсан хүмүүсийн мэдүүлэг байгаа учраас нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл *************, ************* нарын хооронд маргаан бүхий байдал болсон. Түүнийг эдгээр хүмүүс харжээ. Ийм учраас нотлох баримтаар үнэлсэн. Шинжээчийн 74, 75 дугаартай дүгнэлтүүд байна. Энэ дүгнэлтүүд *************гийн биед ямар хохирол учирсан *************ийн биед ямар хохирол учирсан бэ гэдгийг дүгнэсэн шинжээчийн дүгнэлт. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэх эргэлзээ тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт бүгдэд нь танилцуулсан. Энэ талаар гомдол санал гаргаагүй. Нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ************* нь бусдын эрүүл мэндэд санаатай байдлаар халдсан. Энэ нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ гэж үзэх үндэслэлтэй. Гэмт хэргийн шинжийн тухайд зөвхөн субьектив шинж буюу болгоомжгүй юм уу санаатай юм уу гэдэг шинжээр ялгагддаг. Хэрэв болгоомжгүй байх юм бол гэмт хэргийн шинжээ алддаг. Санаатай үйлдэл байх юм бол гэмт хэрэг гэж үздэг. Хууль тогтоогчоос гэмт хэргийн шинжийг дээрх байдлаар хуульчилсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа нөхцөл байдлын тухайд *************, ************* нар нь хэн алиныхаа биед санаатай үйлдлээр халдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл чи яагаад түрүүлж ирсэн юм бэ гэдэг байдлаар эхлээд ************* нь *************ийн бие рүү өшиглөж байна. Дараагийн дугаарт ************* нь *************гийн биед халджээ. Энэ халдсан үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн болон тодорхой хэмжээний хохирлууд учруулжээ. Энэ шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Ийм учраас *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн өмгөөлөгчөөс шүд хийлгэсэн цаашид дахин өөр байдлаар шүд хийлгэх хүсэл зорилготой байгаа гэдгийг тайлбарлаж байгаа учраас хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүл мэндэд учирсан хохирол буюу гэмт хэргийн улмаас үүсэн хохирол хор уршигтай холбоотой асуудал дээр цаашид эрүүл мэндэд холбогдох асуудал буюу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй хэргийн оролцогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцсан байгаа учраас энэ дүгнэлтийг үндэслэж дээрх хэмжээ хязгаарын хүрээнд хор уршгаар илэрхийлэх мөнгөн дүнг шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд тооцож хохирогчид олох нь зүйтэй гэсэн тайлбарыг мөн гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг
Хохирогчийн өмгөөлөгч ************* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...*************, ************* нар нь тухайн үеийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас *************гийн биед хөнгөн хохирол учирсан. Хөнгөн хохирол учрахдаа түүний 3 шүд унаж хиймэл шүд хийлгэсэн. Бусад хөнгөн гэмтлүүдтэй харилцуулахад шүд унах гэмтэл нь эргэж нөхөн төлжих боломжгүй нөхцөл байдал байдаг. Ийм учраас *************гийн хувьд гоо сайхны болон энэ гэмт хэргийн улмаас бодитойгоор хохирсон нөхцөл байдал байгаа. Нэгэнт шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн хохирол тогтоогдсон. Тийм учраас прокуророос зүйлчилж оруулж ирсэн хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд *************гээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт байхгүй. Харин энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл тогтоогдсон. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлоо *************гийн зүгээс нэхэмжилж байгаа. Сая улсын яллагчийн зүгээс хэлсэн цаашид гарах эмчилгээ үйлчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...************* нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр найз *************тэй архидан согтуурч улмаар түүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэн. *************ийн зүгээс мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж Прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлдэг. Мөн хохирол төлбөрөө барагдуулах талаар хохирогчтой удаа дараа холбогдохыг хүсэж энэ талаар ярьсаар ирсэн байдаг. Гэвч хохирогч тухайн үед хүлээж аваагүй. Хохирогч болон миний үйлчлүүлэгч ************* нь найзууд бөгөөд шинэ жилийн үеэр найзууд бие биеийнхээр орж хүүхдүүддээ бэлэг солилцож улмаар архидан согтуурч маргалдаж нэг нэгнийгээ цохиж нэгнийх нь биед гэмтлийн зэрэг тогтоогдож харин нэг нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Энэ дүгнэлтийн улмаас найз болох ************* нь эрүүгийн хариуцлага хүлээх гээд зогсож байна. *************ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын зүйлчлэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл тогтоолгосон. Хавтаст хэргийн материалд бодит хохирлын баримт авагдаагүй байдаг.” гэсэн дүгнэлтийг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч *************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 72-12 тоот хаягт байх *************гийн гэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************г цохиж улмаар түүний биед “11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний хугарал, 31 дүгээр шүдний сулрал, дээд урууланд шарх, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *************ийн өгсөн “...Би тэр орой *************гийнд очсон. Жоохон ууснаасаа болоод найзыгаа цохисондоо уучлалт гуйж байна.” гэсэн мэдүүлэг,
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр багийн 72-12 тоотод гэртээ байж байтал 17 цагийн орчимд ********** над руу утсаар яриад юу хийж байна гэртээ байна уу пиво уумаар байна танайд яваад очъё гэсэн. Би одоохондоо завгүй байна гэрт ажилтай байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 20 цагийн орчимд ********** манайд халамцуу манай хүүхдүүдэд бэлэгтэй 2,5 литрийн савлагаатай сэнгүр нэртэй пиво аваад манайд ороод ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө пиво хувааж ********** чи найз байж манайд очихгүй юм гээд байхаар нь бид хоёр **********ийнх рүү явсан замдаа дэлгүүр ороод хүүхдүүдэд нь бэлэг, 2.5 литрийн савлагаатай сэнгүр нэртэй пиво аваад Арвайхээр сумын 10 дугаар хороонд **********ийн гэрт нь очсон. Бид авч очсон пивоо уугаад тэгээд **********ийг эхнэр нь унтуулах гээд аваад үлдсэн би гэр лүүгээ алхаад иртэл ********** манайд ирчихсэн сууж байсан тэгээд би яагаад хүрээд ирсэн юм гээд баруун хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би тасарчихсан байна лээ нэг мэдсэн нэг шүд уначихсан, амнаас цус гарчихсан байсан. Би чи яагаад ингэчхэж байгаа юм гэсэн чинь тэгвэл алаад хаячихъя гээд дайраад байсан. Манай эхнэр ********** **********ийг гэрээс гаргаад явуулсан. Би **********ийг яагаад манайд хүрээд ирсэн юм гээд би өшиглөсөн тэгээд бид хоёр маргасан. Би **********ийн биед бол халдаж нэг удаа өшиглөсөн хэл үгээр бол доромжлоогүй тухайн үед миний 1 шүд унаж, 2 шүд хөдөлсөн их өвчтэй байсан өөр шарх сорви байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр **********гийн хамт Арвайхээр сумын 11 дүгээр багийн 72-12 тоотод гэртээ байсан манай нөхөр **********гийн утас руу ********** залгаад ярьсан юу ярьсныг бол би сайн мэдэхгүй тэгээд манайд ********** хүүхдүүдэд бэлэг нэг том пивотой ирээд манай нөхөр **********тэй хувааж уучхаад тэгээд ********** чи манайд очихгүй би дандаа танайд ирдэг гээд байсан. Манай нөхөр ********** за за шинэ жил болох гэж байна хүүхдүүдэд нь бэлэг өгчхөөд ирье гээд ********** ********** хоёр явсан тэгээд удалгүй байж байтал ********** манай гэрт ороод ирсэн, удалгүй араас нь манай нөхөр ********** гаднаас согтуу ороод ирсэн. ********** чи яагаад түрүүлээд ирчихдэг юм гээд маргаад байсан. Би хүүхдээ хөхүүлж байгаад хартал **********гийн уруул хэсгээс цус гарчихсан ********** миний шүдийг ********** цохиод унагачихлаа гэсэн. Би салгаад **********ийг яаж байгаа юм гэсэн. ********** **********гийн цамцнаас зуурчхаад тэгвэл дахиад цохичихъё гээд байсан би салгаад **********ийг гар гээд гэрээс гаргаад явуулсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Насанд хүрээгүй гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр ********** ах манайд согтуу ирсэн. Тэгээд манай аав **********г дагуулаад гарсан. ********** ах манайд эргээд хүрээд ирсэн, удалгүй аав ороод ирсэн. Би бие засах гээд гадаа жорлон орчхоод гэртээ ортол аав **********гийн амнаас цус гарсан, дүү нар уйлчихсан байсан. Манай ээж ********** ********** ахыг гар гээд гэрээс гаргасан. Тухайн өдөр манай гэрт аав **********, ээж **********, хоёр жаахан дүү, ********** ах бид хэд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********** №74 дугаартай “...*************гийн биед 11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний хугарал, 31-р шүдний сулрал, дээд урууланд шарх, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********** №75 дугаартай “...*************ийн биед 31-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоохгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч **********нарын №18 дугаартай “...*************гийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улсаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас// зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ************* нь хохирогч *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *************д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *************д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний хуульд заасны дагуу хохирогч ************* нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч ************* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хохирогч ************* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч *************ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч **********нарын №18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *************гийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улсаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна” гэж тогтоосон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байна” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн сард 660000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд тус гэмт хэрэг нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн байх тул тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцлоо.
Иймд хохирогч *************гийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн ангилал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3293400 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ээс 3293400 төгрөг гаргуулж хохирогч *************д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************* нь гомдолтой гэсэн болно.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдал мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж үзэж байна. Мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн улмаас хохирогчид учирч байгаа хохирол буюу эрүүл мэндэд учирч байгаа хохирлын шинж байдал хууль тогтоогчоос энэ гэмт хэргийг тухайлан хуульчилсан гэмт хэргийн шинж зэргийг харгалзаж үзээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хэлийн хориг тавигдаагүй. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөргийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлээх саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч ************* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож *************д 3.293.400 төгрөг олгуулахаар шийдвэр гаргалаа. Улсын яллагчаас торгох санал гаргаж байна. Энэ хуулийн санкц нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн гурван төрлийн шийтгэл оногдуулж болохоор хуульчлан заасан. *************ийн өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар 3.293.000 төгрөгийн хохирлыг *************д олгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр 600.00 төгрөг дээр нэмээд 4 гаран сая төгрөгийн хохирол төлбөрийн асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний хувийн байдалд тохирсон эсэх тал дээр эргэлзэж байна. Тийм учраас 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс миний үйлчлүүлэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. *************ийн үйлдэл нь Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдалд хамаарч байна. 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 3-12 насны дөрвөн хүүхэдтэй. Ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг. Улсын өмгөөлөгчөөс үйлчилгээ авч байгаа хүн байгаа. Харамсалтайгаар энэ хэрэгт холбогдож тодорхой хэмжээгээр өр төлбөрт унаад хариуцлага хүлээгээд зогсож байна. Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийг 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************д мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн бариатмаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийг 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх зааснаар шүүгдэгч зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *************ээс 3293400 төгрөгийг гаргуулж *************д олгож, хохирогч ************* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА