Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2022/00226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: М-ын Б нарын   

       Хариуцагч: УАЗД-д холбогдох,

  Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, олон нийтийн бүх мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хÿíàн хэлэлцэв. 

     Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, С.Б, Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, иргэдийн төлөөлөгч Б.Цээнэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар îðîëöîâ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, С.Б, Т.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УАЗД Ч.Ч нь орон нутгийн Увс нам бус телевизэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн ярилцлагадаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрыг "МАН-ын аудит уу? Төрийн аудит уу?" гэж хэлж байгууллага, төрийн албан хаагчдыг илтэд гүтгэн, гүжирдэж, буруу ташаа мэдээллийг ард иргэдэд хүргэсэн, мөн аймгийн ИТХ-ын 6-р хуралдааны үеэр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдыг "Зарц" хэмээн хэлж албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндэд халдсан нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "Төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг", 6 дугаар зүйлийн 6.1-д "Төрийн албыг доор дурдсанаар ангилна", 6.1.3-т "төрийн тусгай алба", Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно", 4.1.3-т "төрийн аудитын байгууллага" гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг" 25 дугаар зүйлийн 25.1-д "Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна", Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална" гэж, 7.1.3-д "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх" гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид "зарц" гэсэн ойлголт байхгүй байна. УАЗД Ч.Ч нь Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлд "Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл", 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу боломжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", 511 дүгээр зүйлд "Эдийн бус гэм хорыг арилгах", 511.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ" гэж тус тус заасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж УАЗД Ч.Ч-ээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдаас уучлалт гуйлгаж, залруулга хийлгэж, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Ч.Ч шүүх гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Төрийн аудитын газрын нэр бүхий 13 ажилтны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд дараах эс зөвшөөрсөн тайлбарыг нотлох баримтад тулгуурлан хүргэж байна. 1. ...Ч.Ч нь орон нутгийн Увс нам бус телевизэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн ярилцлагадаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрыг МАН-ын аудит уу? Төрийн аудит уу? гэж хэлж байгууллага, төрийн албан хаагчдыг илтэд гүтгэн, гүжирдэж, буруу ташаа мэдээллийг ард иргэдэд хүргэсэн ... гэсэн нэхэмжлэлийг дараах тайлбараар эс зөвшөөрч байна. Хариуцагч Ч.Ч би ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зориудаар өөрийн санаачилгаар урьж ярилцлага өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажил албаа гүйцэтгэж байтал хэвлэл мэдээллийн ажилтнууд урьдчилан хэлж тохиролцсон зөвшөөрөлгүй ажлын байранд орж ирэн хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгөхийг шаардсан. Би мэдээлэл өгөхгүй харин та бүхэн нэгэнт ороод ирсэн тул асуусан асуултанд хариулт өгч болно гэж хариулсан. Хурлаар хэлэлцэх асуудал болон бусад сонирхсон асуултаа сэтгүүлчид асуусан. Увсчууд сайтын хөтлөгч надаас дараах асуултыг асуусан, тэр үед дараах байдлаар хариулсан байдаг. Увсчууд сайтын хөтлөгч Б.Ц: 2021 оны газар олгосон нь үнэхээр тийм хууль бус газар олгосон юм уу? Олгоогүй юм уу? Яг тэр захирамж нь яаж гардаг юм. Жишээ нь газрын албанаас мэдээж ийм газрыг ийм хүнд олгоё гээд ороод ирдэг байх. Энэ дээр? Хөтлөгчийн асуултанд би дараах байдлаар хариулсан. ...Төрийн байгууллага хийдэг ажлын хийгээд л явж байгаа. Гэтэл тэр улс төрийн намын удирдлагад миний тэр гаргасан шийдвэр очих ёсгүй юм л даа. Тэр иргэн дээр нэг байдаг, газрын албанд нэг байдаг, аймгийн архивт ийм л гурван шийдвэр байхгүй юу. Тэгтэл тэр Монгол ардын намын улс төрийн ажилтны гар дээр бүрэн эхээрээ оччихсон байна лээ. Сонин байгаа биз. Энэ төрийн ажил уу? Намын ажил уу? Төрийн ажил хийж байгаа хүмүүс дотор намын ажил хийж байгаа хүмүүс байна гэж би үзэж байгаа. Ингэж болохгүй биз дээ энэ. Тэр намын ажил хийж байгаа хүн нь гараад ардын баатар болоод намайг ална тална авилгатай тэмцэх газар дээлийн өмсгө гэж байна лээ. "...Төрийн ажлаар улс төр хийж байгаа хүмүүсийн учрыг олно гэдгийн төлөө л би ингээд яриад сууж байна. Одоо аймгийн хурал дээр та нар аудитын байгууллагын дүгнэлт орж ирнэ хараарай. Энэ Ч тэдэн төгрөгийн газрыг зараад ашиг олоод, орлого олох ёстой байтал орлого оруулсангүй гэсэн дүгнэлт оруулж ирнэ, та нар харж байгаарай, ирүүлсэн байгаа. Энэ төрийн аудит уу? Монгол ардын намын аудит уу? Айн? Төрийн ажил хийж байна гэж үзэх үү? Энэ чинь аудит юм бол энэ Чимэд ямар шийдвэр гаргаад, яагаад юунаас болов, энэ юунаас болов гэдгээ дүгнэж байж хэлнэ биздээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр нэг ч газрыг худалдах төлөвлөгөө өнгөрсөн жил Э дарга оруулж ирээгүй, ирээгүй газрыг яаж зардаг юм. Увсчууд сайтын хөтлөгчийн асуусан асуулт нь МАН-ын дэд дарга, улс төрийн ажилтан сошиал хаягаараа ард иргэдэд хандаж гаргаж тавьсан мэдээлэл юм. Мөн төрийн аудитын байгууллагаас ГХБХБ-ын газраас нэр бүхий иргэнд газар олгосон тухай иргэний газартай холбогдох хувийн хэргийг гаргаж өгөхийг надад албан тоотоор ирүүлсэн байдаг. Төрийн аудитын ирүүлсэн албан тоотыг хавсаргав. МАН-ын удирдах албан тушаалтны ярьж буй газар, Төрийн аудитын байгууллагаас шаардсан газар нь давхцаж байсан тул би асуултанд хариулахдаа МАН аудит хийж байгаа юм уу? Төр аудит хийж байгаа юм уу? гэдэгт эргэлзэж байгаагаа л илэрхийлж ярьсан. Мөн би хэлсэн үгэндээ ...Энэ чинь аудит юм бол энэ Чимэд ямар шийдвэр гаргаад, яагаад юунаас болов, энэ юунаас болов гэдгээ дүгнэж байж хэлнэ биздээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр нэг ч газрыг худалдах төлөвлөгөө өнгөрсөн жил Энхбаатар дарга оруулж ирээгүй, ирээгүй газрыг яаж зардаг юм гэж хэлсэн. Үнэндээ МАН-ын удирдлагын хөндөж тавьсан асуудлыг шүүрч аваад газраас орлого олох боломж байсан гэж төрийн аудит хуралд санал оруулж байгаа нь буруу гэж үзэж байна. Өмнөх 2016-2020 онд аймгийн аудитаас газраас орлого нэмэгдүүлэх чиглэлээр газартай холбоотой ямар нэгэн санал оруулж ирээгүй байсан. Энэ тухайгаа ч аудитын дарга М.Б "... Манай байгууллага 2017, 2018 манай газар өөр сэдвээр орлого нэмэгдүүлэх санал оруулж байсан... 2017, 2018, 2019 онд тань шиг газар судалж яваагүй учраас Газар зохион байгуулалт, газрын дуудлага худалдаагаар санал оруулж байгаагүй... /нотлох баримт, АИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн хуралдааны тэмдэглэл/ гэж асуултанд хариулахдаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх нотлох баримтаас харахад би өөрийн асуултанд хариулсан хариултаа Төрийн аудитын мэдээлэл, МАН-ын сошиалд хийж буй улс төрийг ялгахгүй байгаагаа илэрхийлснийг төрийн аудитын ажилчид өөртөө шууд хамааруулан авч нэхэмжлэл гаргасан нь буруу гэж үзэж байна. Увс нам бус телевизээр Увсчууд сайтын асуусан асуултанд хариулсан хариултыг Увс нам бус телевиз олон нийтэд ямар зорилгоор мэдээлснийг би мэдэхгүй. Миний санаачилга, захиалгаар хийгдээгүй тул энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Мөн нотлох баримт бүхий видео бичлэгт Төрийн аудит бол МАН-ын аудит юм гэж батлан хэлсэн нэг ч баримт байхгүй. Төрийн аудитын ажилтнууд МАН-ын аудитын ажилтан мөн гэж хэлсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй нь энэ нотлох баримт үндэслэлгүй болохыг бүрэн нотолж байна гэж үзлээ. Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сэтгүүлчдийн шаардлагаар асуусан асуултад хариулт өгсөн болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ирүүлсэн мэдээлэл болох Увс нам бус телевизэд бие даасан ярилцлага өгөөгүй болно. 2. ...Аймгийн ИТХ-ын 6-р хуралдааны үеэр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдыг зарц хэмээн хэлж албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндэд халдсан... гэх нэхэмжпэлийг дараах тайлбараар эс зөвшөөрч байна. Миний бие “Батсууриа би оруулж ирж байгаа асуудалдаа одоо энэ бүх оруулж ирж байгаа асуудалдаа эзэн болоод сууж байгаа, чи бас дарга юм бол эзэн болоод сууж бай, тэгж байгаа биз, чи их ямар олон зарцтай юм, би чамаас олон зарцтай мөртлөөсөө бүгдийн ойлгоод, өөр дээрээ хариултаа аваад эрхээ ч эдэлж байгаа, үүргээ биелүүлээд явж байгаа, чи ажлаа хийж байгаа бол хийсэн шиг хий” гэж хэлсэн. Энэ нотлох баримтаас харахад би Төрийн аудитын ажилчид бол зарц юм гэж хэлээгүй нь тогтоогдож байна. Миний хурлын хуралдааны үеэр хэлсэн зарц хэмээх үгтэй холбоотой тайлбараа Увс аймгийн ИТХ-ын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаан дээр Засаг дарга Ч.Ч би хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдад буруу ойлгогдсон бол уучлаарай хэмээн албан ёсоор нийт төрийн албан хаагчдаас уучлал хүсэж хэлсэн үгийг дараах нотлох баримтаар батлан илэрхийлж байна. Энэ уучлал нь нэхэмжлэл гаргагч төрийн аудитын албан хаагчид хамаарна гэж үзэж байна. Увс нам бус телевиз УАЗД Ч.Ч миний ард иргэддээ хандаж хэлсэн дараах үгийг бүрэн эрхээр нь дамжуулсан байна.

"...Миний багийн хийсэн ажил гэж ойлгож байгаа. Уучлаарай сая би Батсуурьт жаахан гомдоод, хажуудаа байгаа хүнийг зарц шиг чи хэл, чи хэл гээд өөрөөс нь юм асуугаад байхад тэгэхээр нь зэрэг чамд зарц байдаг юм бол надад тэрнээс илүү зарц шиг төрийн албан хаагч байдаг гэж хэлэхээрээ зарц гээд хэлсэн юм шиг байна, Уучлаарай би тэгж хэлээгүй юм шүү. Би Батсуурьт гомдсондоо жаахан тийм буруу зүйрлэл хэлсэн байж магадгүй. Би нийт төрийн албан хаагчдаас бас энэ индэр дээрээс албан ёсоор уучлалт гуйж байна. Та бүхэнтэйгээ хамтарч 84 хувийн гүйцэтгэлтэй ажилласандаа бахархаж байна” гэж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сэтгүүлчдийн асуултад харилцсан хариултанд зарц гэсэн үгтэй холбоотой тайлбарыг орон нутгийн телевиз, сайтуудаар дамжуулан иргэдэд хандан тайлбарласан. Тайлбарт дараах байдлаар өгүүлсэн байна. Үүнд: “...Би яг аймгийн ерөнхий аудитороос өөрөөс нь хариулт авмаар байна аа гэсэн. Тэгсэн чинь хажуудаа суусан хүнийг хариул гэж хэлсэн байхгүй юу, тэгэхээр нь үгүй ээ Батсууриа чи өөрөө хариулчих оо, дахиад хариул гэсэн нөгөө хүнээ, тэгэхээр нь би залуу чи яагаад байгаа юм бэ, би чамаас асууж байна шдээ, би бол чамайг бодоход яг чиний хажууд сууж байгаа, ингээд чи зарц хүн шиг хандаад байнаа, чи хариул хариул гээд хажуудаа суусан хүнээ, иймэрхүү зарц хүмүүс надад зөндөө байна дөчин хэдүүлээ байна жишээ нь болвол. Тэгвэл би энэ хүмүүсийгээ дөчин хэдүүлэнг нь хажуудаа авч ирж суулгаагүй чиний хариул гэсэн хариултанд хэнээс ч хамаарахгүйгээр бүх бэлтгэлээ хангаж ороод хариулаад би одоо ингээд явж байна. Тэгэхээр чи миний нэрийг нь зоогоод асуусан асуултад чи өөрөө хариулчих л даа. Чиний хандаж байгаа хандлага чинь яг зарцтай харьцаж байгаа юм шиг байна аа гэсэн утгатай юм хэлсэн юм байхгүй юу. Тэгэхээр л тэр зарц гэдэг үгийг салгаж аваад намайг төрийн албан хаагчдийг зарц гэж хэллээ, энэ одоо хаан юмуу хатан юмуу гээд бүтэн доромжлоод фэйсбүүкээр явчихаж байгаа байхгүй юу. Гэхдээ би бол энэ хурал хааж хэлсэн үгэндээ хэлсэн шдээ би. Уучлаарай тэгж ойлгогдсон бол би төрийн албан хаагчдаасаа уучлалт гуйж байна, би та нарынхаа хүчээр 84 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлыг хийсэн, энд талархаж байгаа” гэдгээ хэлсэн байгаа. Хэвлэл мэдээллээр гарсан дээрх нотлох баримтуудад Төрийн аудитын ажилчид бол зарц гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй нь нэхэмжлэл үндэслэлгүй болохыг тодорхойлж байна. Увс аймгийн Төрийн аудитын байгууллагын нэр бүхий 13 ажилчдын нэхэмжлэлийг нотлох баримтад тулгуурлан эс зөвшөөрч байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Иргэдийн төлөөлөгч Б.Цээнэй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “УАЗД нь Увс аймгийн ард иргэдийн эв нэгдлийг эрхэмлэгч, хүн нь өөрөө ямар нэгэн хүнд дургүй болон гомдсон сэтгэлээр төрийн албан хаагчдыг зарц гэж хоморголон хэлсэн нь буруу үйлдэл гэж үзэж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг зарц гэж хэлсэндээ албан хаагчдаас уучлалт гуйх нь зөв юм” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч М.Б нар нь хариуцагч УАЗД-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, олон нийтийн бүх мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “УАЗД Ч.Ч нь орон нутгийн Увс нам бус телевизэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн ярилцлагадаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрыг "МАН-ын аудит уу? Төрийн аудит уу?" гэж хэлж байгууллага, төрийн албан хаагчдыг илтэд гүтгэн, гүжирдэж, буруу ташаа мэдээллийг ард иргэдэд хүргэсэн, мөн аймгийн ИТХ-ын 6-р хуралдааны үеэр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдыг "Зарц" хэмээн хэлж албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндэд халдсан. Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч УАЗД Ч.Ч-ээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдаас уучлалт гуйлгаж, залруулга хийлгэж, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж өгнө үү” гэж тодорхойлсон.

     Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг “Хариуцагч Ч.Ч би ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зориудаар өөрийн санаачилгаар урьж ярилцлага өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажил албаа гүйцэтгэж байтал хэвлэл мэдээллийн ажилтнууд урьдчилан хэлж тохиролцсон зөвшөөрөлгүй ажлын байранд орж ирэн хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгөхийг шаардсан. Би мэдээлэл өгөхгүй, харин та бүхэн нэгэнт ороод ирсэн тул асуусан асуултанд хариулт өгч болно гэж хариулсан. Төрийн аудитын байгууллагаас ГХБХБ-ын газраас нэр бүхий иргэнд газар олгосон тухай иргэний газартай холбогдох хувийн хэргийг гаргаж өгөхийг надад албан тоотоор ирүүлсэн байдаг. МАН-ын удирдах албан тушаалтны ярьж буй газар, Төрийн аудитын байгууллагаас шаардсан газар нь давхцаж байсан тул би асуултанд хариулахдаа МАН аудит хийж байгаа юм уу? Төр аудит хийж байгаа юм уу? гэдэгт эргэлзэж байгаагаа л илэрхийлж ярьсан. Мөн Аймгийн ИТХ-ын 6-р хуралдааны үеэр миний бие “Б-иа би оруулж ирж байгаа асуудалдаа одоо энэ бүх оруулж ирж байгаа асуудалдаа эзэн болоод сууж байгаа, чи бас дарга юм бол эзэн болоод сууж бай, тэгж байгаа биз, чи ямар олон зарцтай юм, би чамаас олон зарцтай мөртлөөсөө бүгдийн ойлгоод, өөр дээрээ хариултаа аваад эрхээ ч эдэлж байгаа, үүргээ биелүүлээд явж байгаа, чи ажлаа хийж байгаа бол хийсэн шиг хий” гэж хэлсэн. Миний бие Увс аймгийн ИТХ-ын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ зарц хэмээх үг нь төрийн албан хаагчдад буруу зөрүү ойлгогдсон бол уучлаарай хэмээн албан ёсоор нийт төрийн албан хаагчдаас уучлалт хүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр няцаасан.

     Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      Хариуцагч УАЗД Ч.Ч нь орон нутгийн Увс нам бус телевизэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн ярилцлагадаа “...Одоо аймгийн хурал дээр та нар аудитын байгууллагын дүгнэлт орж ирнэ хараарай. Энэ Ч тэдэн төгрөгийн газрыг зараад ашиг, орлого олох ёстой байтал орлого оруулсангүй гэсэн дүгнэлт оруулж ирнэ та нар харж байгаарай, ирүүлчихсэн байж байгаа. Энэ төрийн аудит уу? Монгол ардын намын аудит уу? Төрийн ажил хийж байна гэж үзэх үү? Энэ чинь аудит юм бол Чимэд ямар шийдвэр гаргаад, яагаад юунаас болов гэдгээ дүгнэж байж хэлнэ биз дээ” гэж хэлсэн байна.

     Хариуцагчийн "Энэ төрийн аудит уу? Монгол ардын намын аудит уу?” гэх өгүүлбэр нь тусгайлан утга санаа бүхий төгссөн өгүүлбэр биш асуух өгүүлбэр байна.

    Иймээс дээрх асуух өгүүлбэрийн улмаас Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг шууд гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан гэж үзэх үндэслэлгүй юм.

     Харин Увс аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдааны үеэр хариуцагч УАЗД Ч.Ч “...Б-иа би оруулж ирж байгаа асуудалдаа одоо энэ бүх оруулж ирж байгаа асуудалдаа эзэн болоод сууж байгаа, чи бас дарга юм бол эзэн болоод сууж бай, тэгж байгаа биз, чи их ямар олон зарцтай юм, би чамаас олон зарцтай мөртлөөсөө бүгдийн ойлгоод, өөр дээрээ хариултаа аваад эрхээ ч эдэлж байгаа, үүргээ биелүүлээд явж байгаа, чи ажлаа хийж байгаа бол хийсэн шиг хий” гэж хэлсэн байна.

       Үүний дараа УАЗД Ч.Ч нь орон нутгийн Увс нам бус телевизээр “Миний багийн хийсэн ажил гэж ойлгож байгаа. Уучлаарай сая би Б-д жаахан гомдоод, хажуудаа байгаа хүнийг зарц шиг чи хэл, чи хэл гээд өөрөөс нь юм асуугаад байхад тэгэхээр нь зэрэг чамд зарц байдаг юм бол надад тэрнээс илүү зарц шиг төрийн албан хаагч байдаг гэж хэлэхээрээ зарц гээд хэлсэн юм шиг байна. ...Уучлаарай би тэгж хэлээгүй юм шүү. Би Б-д гомдсондоо жаахан тийм буруу зүйрлэл хэлсэн байж магадгүй. Би нийт төрийн албан хаагчдаасаа бас энэ индэр дээрээс албан ёсоор уучлалт гуйж байна. Та бүхэнтэйгээ хамтарч 84 хувийн гүйцэтгэлтэй ажилласандаа бахархаж байна” гэж нэхэмжлэгч нарын ажил хэргийн нэр хүндийг гутаасан үг хэлснээ хүлээн зөвшөөрч, зарц гэж хэлсэн үгэндээ нийт төрийн албан хаагчдаас уучлалт гуйж, залруулга хийжээ.

            Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж гаргасан “...хариуцагч Ч.Ч-ийн энэхүү мэдэгдэл нь төрийн аудитын газрын ажилтнуудаас уучлалт гуйж залруулга хийсэн гэж үзэхгүй, зөвхөн өөрийн харьяа төрийн албан хаагч нараас уучлалт гуйсан хэлбэр юм” гэх тайлбар үндэслэлгүй байна.

    Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна” гэж, 6.1.1-д “төрийн улс төрийн алба” гэж, 6.1.2-т “төрийн захиргааны алба” гэж, 6.1.3-т “төрийн тусгай алба” гэж, 6.1.4-т “төрийн үйлчилгээний алба” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн  хорооны дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар, Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна” гэж тус тус зааснаас үзэхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, албан хаагч нар нь төрийн албан хаагчид хамаарч байна.

     Иймд хариуцагчийн “...Нийт төрийн албан хаагчдаас бас энэ индэр дээрээс албан ёсоор уучлалт гуйж байна. Та бүхэнтэйгээ хамтарч 84 хувийн гүйцэтгэлтэй ажилласандаа бахархаж байна” гэж хэлсэн нийт төрийн албан хаагч гэсэнд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, албан хаагч нар хамаарч байх тул хариуцагчийг Увс аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдааны үеэр хэлсэн зарц гэж хэлсэн үгэндээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1.-д зааснаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээрээ залруулга хийсэн гэх үйл баримт тогтоогдож байх тул дахин залруулга хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч нарын уучлалт гуйлгах тухай шаардлагын тухайд уучлалт гуйх гэдгийг хуульд нэр төр сэргээх арга хэрэгсэл гэж заагаагүй бөгөөд энэ үйлдэл нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр бус хүний сэтгэлээс бий болдог зүйл бөгөөд уучлалт гуйх эсэх нь тухайн хүний өөрөө шийдэх зан суртахууны хэрэг юм.

      Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгч Б.Ц-гийн шүүх хуралдаанд гаргасан “УАЗД нь Увс аймгийн ард иргэдийн эв нэгдлийг эрхэмлэгч, хүн нь өөрөө ямар нэгэн хүнд дургүй болон гомдсон сэтгэлээр төрийн албан хаагчдыг зарц гэж хоморголон хэлсэн нь буруу үйлдэл гэж үзэж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг зарц гэж хэлсэндээ албан хаагчдаас уучлалт гуйх нь зөв юм” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

     Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАЗДд холбогдох, нэхэмжлэгч М.Б нарын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, олон нийтийн бүх мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАЗДд холбогдох, нэхэмжлэгч М.Б нарын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, олон нийтийн бүх мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш  14  хоногийн  дотор  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         ÄÀÐÃÀËÀÃ×, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БОЛОР

                                              Ø¯¯Ã×ИД                            О.БАТДОРЖ                                                                                                                                                                                                                                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ