Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Б.Ундармаа,

хохирогч Б.Г,

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ц-д холбогдох 2516000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн *********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор А.Ц-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж байсан, ******************* регистрийн дугаартай, Е овгийн А-н Ц.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1.1. Шүүгдэгч А.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан   үедээ   2025  оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 25 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *************багийн нутаг дэвсгэрт ******* ГАЕ улсын дугаартай, “Приус-30” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1.1.1. Шүүгдэгч А.Ц-н амьсгал дахь спиртийн агууламж 1,83 хувь гарсныг тусгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

1.1.2. Шүүгдэгч А.Ц-н Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/161 дугаартай шийтгэврийн хуулбар./хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/

1.1.3. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 08-нд шугамд замд үүрэг гүйцэтгэж байгаад ****** багийн засмал зам дээр Приус-30 загварын ****** ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд авч очиж драгер үлээлгэхэд 1.83 хувийн согтолттой байсан. Иймд эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг журмын хашаад саатуулсан ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч  А.Ц-н  тухайд өмнө нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жолооч согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 1(нэг) жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

1.2. Шүүгдэгч А.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг   30   минутын   үед  Говь-Алтай  аймгийн  Есөнбулаг  сумын  ********  багийн “************” зочид буудлын гаднаас хохирогч Б.Г-н эзэмшлийн **** УБЦ улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж хойд талын гуферыг зурж, хагалан хохирогч Б.Г-т 300,000(гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.2.1.Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тоёота Приус-41 загварын ****** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 43-46/

1.2.2.Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “******” зочид буудлын теле хяналтын камерт үзлэг хийсэн “... 18 цаг 36 минутад А.Ц нь **** УБЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгслийг хөдөлгөж байгааг улаанаар тэмдэглэж харуулав...” гэх агуулга бүхий тэмдэглэл./хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

1.2.3.Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай нөхрийн **** УБЦ дугаартай тээврийн хэрэгсэл гэрийн хажуу талын хашаан дотроос алга болсон тул дуудлага өгсөн юм. Манай ажлын камерт манай машиныг Ц гэх залуу унаад явж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй цагдаагийнхан машиныг олж өгсөн. Манай нөхөр Г машины түлхүүрээ дотор нь үлдээсэн байсан ... Ц нь манай зочид буудлаар үйлчлүүлж байсан залуу байсан. Садан төрлийн холбоо байхгүй ... Би огт машин унаж яв гэж хэлээгүй зөвшөөрөл өгөөгүй. Манай нөхрийн машиныг зөвшөөрөлгүй унаж явсан ... Манай охин Г-н Л-н нэр дээр байдаг болохоос манай нөхрийн машин байгаа юм ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2.4. “Ашид Билгүүн” ХХК-н 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1838 дугаартай “**** УБЦ улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгсэлд 300,000( гурван зуун мянга) төгрөгийн хохирол учирсан…” гэх агуулга бүхий автомашины  техникийн  эвдрэл,  хохирлын  үнэлгээний тайлан. /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

1.2.5.Хохирогч Б.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Манайх төв гудамжинд байдаг. Машинаа гэр лүүгээ тулгаад тавьчихсан байсан. Эхнэр юманд явна гэсэн болохоор нь түлхүүрээ дунд хайрцагт үлдээгээр гадуур дотуур ажил хийж явж байгаад ирээд гэрийн гадаа машин байхгүй болохоор нь эхнэрийг явчихсан юм байна гэж бодоод гэрт ороод камерт харахад манай эхнэр караоке дотроо явж байхаар нь утсаар залгаад машин байхгүй байсан талаар тодруулахад “би унаж яваагүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд камер шүүж үзэхэд цагаан машинтай 3-4 залуу хажууд нь ирж зогсож байгаад гадуур дотуур яваад машиндаа архи ууж харагдсан. Энэ Ц гэх хүн манай машины хажууд очиж шээчихээд машинд орж суугаад асаагаад явж байгаа дүрс харагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... Тухайн тээврийн хэрэгсэл нь манай хүүхдийн нэр дээр байдаг боловч би эзэмшдэг ... Би Ц-д зөвшөөрөл өгөөгүй ... Би одоо үнэлгээний газрын тогтоосон 300,000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2.6.Шүүгдэгч А.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “… Тухайн өдөр 3 ахтай хамт ********* караокед орчихоод дуулж сууж байгаад дүүгээ эмээгийнд нь хүргээд өгчихье гэж бодоод Ц эгчээс машинаар чинь дүүгээ хүргэж өгчихөөд ирье гэхэд  зөвшөөрөөд түлхүүр нь машин дотор байгаа гэхээр нь унаж яваад дүүгээ гэрээс аваад 3 дугаар сургуулийн дээд талд байдаг эмээгийндээ хүргэж өгчихөөд уруудаад явж байхад цагдаагийн машин явж байхаар нь нэгдүгээр цэцэрлэгийн  зогсоол дээр зогсож байхад цагдаа ирж авсан. Тухайн үед Г ахад бол хэлээгүй...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

1.3. Шүүгдэгч  А.Ц  нь  2025  оны  02  дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай Зарын Нэгдсэн Групп гэх пэйж хаягт “А. Ц” гэх өөрийн фэйсбүүк хаягаас иргэн О.О-г “...өвөр2 дамжих янхан, О****. О******...”, “...Шээс2 даасан янхан О****. О********...”, Anonymous member гэх хаягаас “...яаашкаа гэдэг чи л бхдаа О****** О**********...” гэж бичин нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь:

1.3.1.Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед тухайн асуудлыг мэдсэн. Юу болсон бэ? гэхээр манай салсан нөхөр болох А.Ц нь Говь-Алтай аймгийн зарын группэд миний зураг болон одоогоор хамтран амьдарч буй залуутайгаа тэврэлдэж байгаа зургийг ашиглан пост оруулсан байсан. Тэр пост оруулсан гэх А.Ц бид хоёр 2020 онд үерхэж хамтдаа амьдарч эхлээд 2021 оны 09 дүгээр сард хүүтэй болсон. А.Ц нь тэр үед архи дарс их ууж гадуур их явдаг байсан бөгөөд улмаар миний биед хэд хэдэн удаа гар хүрч хэл ам, хэрүүл салахаа байсан учраас би салах шийдвэр гаргаад 2022 оны 07 дугаар сард хоёр тийшээ болсон юм. Сая миний талаар аймгийн зарын группэд оруулсан постынх нь агуулга нь “Яаашка гэдэг нь чи л байхдаа” мөн “Явдал чинь намайг үүрд зовооно”, “Хохь чинь” “шээс шээс даасан янхан О******** О***********" “Сохрын хэвтэр болж дээ чи минь хаха хуурамч эмэгчин” гэх мэтээр доромжилсон постуудыг байршуулсан байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан болно ... Оруулсан постоо 2-3 минут орчим болгоод л устгаад байсан. 30 орчим минут болоод ахиад л доромжилсон утгатай постуудаа оруулж байсан ... Надад тухайн постуудаас болж сэтгэл санааны хувьд маш хэцүү байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/

1.3.2.Шүүгдэгч А.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “... О*********-тэй хамт амьдардаг дундаасаа нэг охинтой, хуримаа хийгээгүй байсан. Өнгөрсөн хаврын 5 сар хүртэл бид 2 *********** сумд хадмынд хамт амьдарч байсан. Тэгээд хувийн таарамжгүй харилцаанаас болж би аймагт ирсэн. Тэгээд О сумын эмнэлэгт ажиллаж байгаад аймгийн эмнэлэгт шилжиж ирээд бид 2 ярилцаад эвлэрээд хамт амьдарч байсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Н******* Ө********* гэсэн фэйсбүүк хаягаас над руу О-тэй хамт унтаж байгаа зургаа над руу явуулаад одоо сал мал гээд элдэв юм бичсэн. Тэгээд би гайхаад итгэхгүй О-с асуухад намайг блок хийгээд алга болчихоор нь уурандаа зургийг нь фэйсбүүкэд хийчихсэн юм. Цагдаад гомдол гаргасны дараа Цагаан сарын дараа өөрөө аймагт ирээд удаагүй, гэм буруугаа би хүлээн зөвшөөрөөд гэмшиж байна хамт амьдаръя гээд саяхныг хүртэл хамт байсан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.3.3.Хохирогч О.О-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан шүүгдэгч А.Ц-н зарын группт оруулсан нийтлэлд бусад хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлүүдийн зураг./хавтаст хэргийн 85-94 дүгээр хуудас/

1.3.4. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн фейсбүүкэд үзлэг хийсэн “...Говь-Алтай зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк группт үзлэг хийхэд А.Ц гэх хэрэглэгч “Өвөр2 дамжих янхан О*****.О*********” гэх тайлбартайгаар нийтлэл оруулсан байв. Уг групп нь гучин мянга гурван зуун хэрэглэгчтэй групп байх ба тухайн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт А.Ц гэх хэрэглэгч “Анхандаа чиний янхан гэдгийг мэдэлгүй учирсан хаха мэдээд чамайг орхисон”, “Надаас дээрдүүлж чадсангүйдээ  өвчний үүр минь ээ”, “чиний ДОХ өвчинтэйг О********* лабаронт хэлсэн” гэх утгатай 3 цогцолбор сэтгэгдэл үлдээсэн байв. Мөн тус зарын группт “Шээс2 даасан янхан О********.О**********” гэх нийтлэлийг оруулсан байх ба сэтгэгдэл хэсэгт

885 дугаартай нэрээ нууцалсан хэрэглэгч “Peeh ingej bichij baigaa huntei ugaasa yu yrihaw dee chamaig hayaad uur hun songoson ym shig baina ene ohin uneheer zuw yum hiijee iim bolohoor chine l haysan baina sh dee”

941 дугаартай нэрээ нууцалсан хэрэглэгч “Archaagui eriin sug we chi emegtei hvniig ingej heleed yavj baihaasaa icheesei bile haha cham shig yumiig iil bolohoor chine hayaa bailgui ooroo zambal huniig ingej helj bolohgui baih shuu”

E***** E****** гэх хэрэглэгч “энэ группийн админ гэж байдаг бол ийм хачин постуудаа хянаач. Эсвэл группээ хаавал таарна. Хачин хачин постууд их орох юм”

А.Ц гэх хэрэглэгч “Дохтой янхан сайнаасаа хувирч сохортой учирлаа гэж хахаха”

Г******* С********* гэх хэрэглэгч “Chi bolioch

А.Ц гэх хэрэглэгч “Үнэн ш дээ”

Г********** С********** гэх хэрэглэгч “hunii ner tor ш дээ negen tsagt hanilj eavchihaad ingeh muuhai shuu” гэх сэтгэгдлүүдийг бичсэн байв.

Мөн тухайн группт нэрээ нууцалсан хэрэглэгч “Яаашка гэдэг чи л бхдаа О********.О**********” гэх нийтлэл оруулсан байх ба сэтгэгдэл хэсэгт

686 дугаартай нэрээ нууцалсан хэрэглэгч “emegtei hun bj ichidgvin bhdoo huurhii”

М********* гэх хэрэглэгч “Ma aimgiihan hiidgugeesee iluu hiideg gemgui yanhnuud olshirson yum bn le”  гэх агуулга бүхий тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 99-106 дугаар хуудас/

1.3.5.Иммунологийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “… ХДХВ, Серологи шрх тус тус сөрөг” гэх агуулгатай тэмдэглэгээ бүхий бичиг/хавтаст хэргийн 107 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. О-н талаар түүний зургийн хамтаар нэр төр, алдар хүндэд нь халдсан худал мэдээллийг Говь-Алтай зарын нэгдсэн групп гэсэн нэртэй фэйсбүүк/facebook/ олон нийтийн сүлжээний олон дагагчтай хаяган дээр нийтэлсэн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор

1. “хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэх мэдээлэл бүхий  шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/

-Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хуулбар/хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/****** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 145-151 дүгээр хуудас/

2. Хохирогч О.О-н Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан “... сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох хүсэлгүй байна. Харин Ц-р худал мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийлгэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт./хавтаст хэргийн 158 дугаар хуудас/

3. “Ашид Билгүүн” ХХК-н “үнэлгээний төлбөрт 38,000 төгрөг төлсөн “бэлэн мөнгөний орлогын баримт./хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

4. “Ашид Билгүүн” ХХК-н 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1838 дугаартай “****** УБЦ улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгсэлд 300,000( гурван зуун мянга) төгрөгийн хохирол учирсан…” гэх агуулга бүхий автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан./хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Ц-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2(хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2(хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих  эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1(нэг) жил 4(дөрөв) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялаар тогтоож шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7(долоо) сар 21(хорин нэг) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1(нэг) жил 4(дөрөв) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч А.Ц-н нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил 11(арван нэг) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ц-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-т учирсан 338,000(гурван зуун гучин найман мянга) төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ц-д тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/203 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгчийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр /Цагдаагийн газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35/04-2328 дугаартай албан бичиг/албадан ирүүлж цагдан хорих байранд хүлээлгэн өгчээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-н цагдан хоригдсон 3(гурав) хоногийг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч О.О хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Е овогт А-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”,  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2(хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2(хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялууд  болон Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7(долоо) сар 21(хорин нэг) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1(нэг) жил 11(арван нэг) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан 1(нэг) жил 11(арван нэг) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц-д сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-н цагдан хоригдсон 3(гурав) хоногийг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцсугай.

8.Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналтын төхөөрөмж ашиглан явуулахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч А.Ц-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 338,000(гурван зуун гучин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т олгосугай.

10.Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч О.О хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА