| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/224 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/224
2025 05 05 2025/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-т холбогдох эрүүгийн 2525000000208 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овгийн А-н Х, Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын * багийн ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн замд **** ОРБ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Х-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-н 2-р тал/
2. Цагдаагийн албан хаагчийн “Alcotest 7510 drager багажаар А.Х-нн согтуурлыг шалгахад 1.28% согтууралтай” гэх баримт. /хх-н 3-р тал/
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 6-8-р тал/
4. Гэрч Д.Н-н “Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа явах гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт явж байтал **** ОРБ улсын дугаартай цагаан өнгийн марк-2 загварын машинтай илт согтуу жолооч бордиюр мөргөөд явган хүний замаар явж байгаад буцаад зам руу орсон тэгээд би шууд хойноос нь машинтайгаа гүйцэж очоод урдуур нь ороод улаан модоор дохиж зогсоосон. Тэгээд би согтуу жолоочийг өөрийнхөө машинд суулгаад машиныг нь ачилтын машин дуудаж ачиж явуулчхаад цагдаагийн газар луу явсан. Тухайн үед согтуурал хэмжих багаж байхгүй байсан учир замын цагдаагийн тасагт очоод согтуу жолоочийг драгер буюу согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1.28 хувийн согтолттой мөн жолоочийн мэдээллийг цагдаагийн нэгдсэн санд орж шалгахад 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/
5. Сэжигтэн А.Х-н “Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хувиараа барилга дээр ажил хийгээд орой ажлаасаа тараад хамт ажилласан хүмүүстэйгээ архи уугаад гэртээ ирсэн чинь манай эхнэр амьдарлаа бодохгүй дандаа архи согтууруулах ундаа хэрэглэж байна гэж үглээд байхаар нь гэрийн гадаа машиндаа хоночихоод өглөө сэрээд тамхи татах гэсэн чинь тамхи байхгүй байсан тэгээд Дэнжийн дуурга дэлгүүр өнгөрөөд машиныхаа паарыг тавих гэж байгаад замаасаа гараад бордюр даваад дахиж буцаад зам руу ороод явж байтал нэг машин ирээд урдуур орж ирж намайг зогсоосон. Тэгтэл уг машинаас замын цагдаа гарч ирээд намайг согтуу байна гээд миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураагаад машинийг маань журмын хашаа руу ачуулаад намайг цагдаагийн газарт авч ирээд согтуурал шалгадаг багажаар үлээлгэхэд 1.28 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг. /хх-н 16-р тал/
6. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/1180 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар холбогдогч А.Х-нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн шийтгэвэр /хх-ийн 29-31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Х нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн орчимд **** ОРБ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн замд жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн албан хаагчийн “Alcotest 7510 drager багажаар А.Х-нн согтуурлыг шалгахад 1.28% согтууралтай” гэх баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Д.Н-н “Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт явж байтал **** ОРБ улсын дугаартай цагаан өнгийн марк-2 загварын машинтай илт согтуу жолооч бордюр мөргөөд явган хүний замаар явж байгаад буцаад зам руу орсон. Би хойноос нь машинтайгаа гүйцэж очоод урдуур нь ороод улаан модоор дохиж зогсоосон. Тэгээд би согтуу жолоочийг өөрийнхөө машинд суулгаад машиныг нь ачилтын машин дуудаж ачиж явуулчхаад цагдаагийн газар луу явсан. Тухайн үед согтуурал хэмжих багаж байхгүй байсан учир замын цагдаагийн тасагт очоод согтуу жолоочийг драгер буюу согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1.28 хувийн согтолттой мөн жолоочийн мэдээллийг цагдаагийн нэгдсэн санд орж шалгахад 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг, сэжигтэн А.Х-нн “Дэнжийн дуурга дэлгүүр өнгөрөөд машиныхаа паарыг тавих гэж байгаад замаасаа гараад бордюр даваад дахиж буцаад зам руу ороод явж байтал нэг машин ирээд урдуур орж ирж намайг зогсоосон. Тэгтэл уг машинаас замын цагдаа гарч ирээд намайг согтуу байна гээд миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураагаад машинийг маань журмын хашаа руу ачуулаад намайг цагдаагийн газарт авч ирээд согтуурал шалгадаг багажаар үлээлгэхэд 1.28 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/1180 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт **** ОРБ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 1,28 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн А-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А