| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/211 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/211
2025 04 24 2025/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Адаргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2525000000118 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц овгийн Б-ийн М, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой барилгын мужаан мэргэжилтэй, “*****” ХХК-нд уулын мастер ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Sugar бааранд Б.С-н зүүн гарын эрх хурууг хазаж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Тэр өдөр Дарханд найзтайгаа уулзаад1 шил архи уусан.Тэгээд таксинд суугаад Эрдэнэтэд ирсэн. Замдаа унтаад явсан болохоор согтуу нь гайгүй болсон байсан. Тэр залуучууд намайг зодсон. Би гарыг нь хазсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.С “шүүх хуралдаанд оролцохгүй.нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Шугар баарны дотор талын хяналтын камерын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн бичлэгт үзлэг хийхээр тогтов. Хяналтын камерын зүүн дээд буланд 2025.02.02 он, сар, өдөр, 00:20:03 цаг минут гэсэн бичиглэл харагдаж байна. хохирогч С нь хар бараан өнгийн цамц өмссөн, сэжигтэн М нь дээгүүрээ бор өнгийн куртик өмссөн байна. С нь П-н хамтаар баарны ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд М руу дайрч байх ба М уруул хэсгээ гараараа даран зогсож байна. С нь зүүн гарын эрхий хурууг цаас мэт цагаан өнгийн зүйлээр арчиж, гараа сэгсэрч байна. М цаад талд нь Ө болон дээгүүрээ саарал ноосон малгай өмссөн, хар бараан өнгийн урт куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүнтэй зогсож байв. С нь дээгүүрээ хар бараан өнгийн урт куртиктэй хар бараан өнгийн өмдтэй зүүн гараас нь цус гарсан байдалтай явж байна” гэх тэмдэглэл. /хх-ийн 14-17-р тал/
2. Хохирогч Б.С-н “Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний найз Ө, П , Ө нарын хамт Зэст багт байрлах Шугар бааранд ороод байж байхад манай найз Б Дарханаас ирж байна намайг тосоод авчих гэхээр нь би такси аваад барилгачин орж Бийг тосч авсан. Бтэй хамт Дарханаас ирсэн гээд нэг залуу нэлээн согтсон байдалтай над руу хандаад чи хэн бэ, би Эрдэнэтэд ирсэн байна гээд миний цээж рүү мөргөсөн. Тэгээд би тухайн залууд хандаад чи наад таксигаараа хүргүүлчих гэсэн чинь нөгөө залуу цуг явсаар байгаад Шугар бааранд ирсэн. Тэгээд тухайн бааранд хамт ороод хэсэг байж байгаад Бтэй хамт ирсэн залуутай 00 дотор таараад би тэр залууг чи одоо явчих гээд хүзүүн дээр нь нэг удаа алгагдсан чинь тэр залуу миний гарыг татаад хазсан 00 дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан миний гараас цус гарсан байдалтай байсан. Тэгээд Бтэй хамт байсан залуу гарч яваад цагдаа дуудсан байсан. Миний зүүн гарын эрхий хуруу өвдөж байна, зүүн гарын эрхий хуруу гэмтсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/
3. Гэрч Б.П-н “С үл таних хоёр залуу дагуулаад буцаад орж ирсэн юм. Манай ширээнд нөгөө хоёр залуугаа суулгаад манай найзуудтай танилц гэсэн чинь нэг залуу нь Б гэж хэлээд танилцсан нөгөөх залуу нь танилцах гээд би гараа өгөөд нэрээ хэлсэн чинь та нар хэн юм танилцахгүй гэсэн юм. С нөгөө үл таних М гэх залууг татаж босгоод өөр ширээнд суучих гэж хэлээд 00 орох гээд явсан чинь тухайн үл таних М гэх залуу араас нь дагаад явсан юм. Тэгээд удалгүй 00-д хүмүүс овоороод байхаар нь Ө гэх найзтайгаа хамт 00 руу очсон чинь Манай найз С нөгөө үл таних М гэх залуутай муудалцаад С ын зүүн гараас цус гарсан байдалтай өнгөө үл таних залуугийн амнаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24-р тал/
4. Гэрч Б.Өийн “Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчимд Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд найзууд болох П , С , Ө бид 4 орж бүжиглэж жоохон юм уух санаатай орсон юм. Тэгээд бид 4 ойролцоогоор 30 минут болоод байж байсан чинь С би хүнтэй уулзаад ирье гэж хэлээд тухайн баарнаас гараад явсан, тэгээд удалгүй С 2 үл таних залуутай хамт ороод ирсэн. Тэгээд С манай 2 найзтай танилцаарай гээд П бид 2-т хэлэхээр нь бид 2 тэр 2 үл таних залуучуудтай танилцаад нэг залууг нь Б гэж нэртэйг нь мэдэж авсан. Харин нөгөө залуу нь танилцахгүй та нар хэн юм бэ гээд согтуурхаад томроод байсан юм.Тэгсэн чинь С за за болцгоо гээд тухайн танилцаагүй залууг чи одоо яв яв гэж хэлсэн минь нөгөө залуу нь амандаа үглээд нойл орох гээд явсан. Удалгүй С араас нь нойл орно гээд яваад өгсөн. Харин П Ө бид 3 үргэлжпүүлээд авсан юм аа уугаад байж байхад Ө тасраад ширээн дээрээ унтаад өгсөн. Ө угаасаа архи ууж чаддаггүй болохоор амархан тасраад унадаг юм. Нойлд хүмүүс овоороод байхаар нь юу болсон юм болоо гээд П бид 2 очсон чинь нөгөө танилцахгүй согтуурхаад байсан залуу нь нойлд орилж хашхираад харин С ын гараас цус гарсан байдалтай байсан тэгээд юу болсон талаар асуусан чинь С юм яриагүй тэнд байсан хүмүүс П бид хоёрыг больцгоо гээд 2 тийш нь салгаад байж байсан чинь цагдаа нар ороод ирсэн байсан. Тэгээд цагдаа нар С ыг эмнэлэг авч яваад харин нөгөө согтуурхаад байсан залууг цагдаа руу аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/
5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №295 дугаартай “Б.С-н биед зүүн сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүн ба амьтны шүдээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 32-33-р тал/
6. Сэжигтэн Б.М ын “С ын хамтаар 00-н өрөө рүү орсон. Тэгээд С гэх залуу миний баруун талын шанаа руу 1 удаа цохисон чинь би 00-н суултуурны хажуу тал руу унасан чинь жижиг биетэй залуу нь миний куртикнээс дараад байсан, тэгэх хооронд нь С миний толгой, нуруу руу нилээн олон удаа өшиглөсөн. Би цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөөд байж байсан чинь хажуу талаас нэг хүн наад залуу чинь цагдаа дуудаад байна гар утсыг нь ав гэж хэлсэн. С миний гар утас руу гар нь орж ирээд булааж авах гээд тэгэхээр нь би гарных нь хурууг хазсан” гэх мэдүүлэг. /хх- ийн 52-53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Sugar бааранд Б.С-н зүүн гарын эрх хурууг хазаж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.С-н “Бтэй хамт ирсэн залуутай 00 дотор таараад би тэр залууг чи одоо явчих гээд хүзүүн дээр нь нэг удаа алгагдсан чинь тэр залуу миний гарыг татаад хазсан 00 дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан миний гараас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.П-н “Манай найз С нөгөө үл таних М гэх залуутай муудалцаад С ын зүүн гараас цус гарсан байдалтай өнгөө үл таних залуугийн амнаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Өийн “нөгөө танилцахгүй согтуурхаад байсан залуу нь нойлд орилж хашхираад харин С ын гараас цус гарсан байдалтай байсан тэгээд юу болсон талаар асуусан чинь С юм яриагүй тэнд байсан хүмүүс П бид хоёрыг больцгоо гээд 2 тийш нь салгаад байж байсан чинь цагдаа нар ороод ирсэн байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №295 дугаартай дүгнэлт, сэжигтэн Б.М ын “С миний гар утас руу гар нь орж ирээд булааж авах гээд тэгэхээр нь би гарных нь хурууг хазсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” нэртэй бааранд Б.С тай маргалдан, зүүн гарын эрх хурууг хазаж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд нь “зүүн сарвууны эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Б-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС