Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/01219

 

 

 

 

 

 

2022 05 23

181/ШШ2022/01219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭМДЕГ -ын,

Хариуцагч:  Ү ХХК-д холбогдох

Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгө болох 25.418.022.780,63 төгрөг, хүү 2.113.490.401,93 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Н.У, гуравдагч этгээд төрийг төлөөлөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

ЭМДЕГ нь Ү ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Тусгай гэрээт харилцах дансны 2900015015 дугаартай харилцах дансны гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ү наас гаргаж өгсөн дансны үлдэгдлийн баталгаагаар эцсийн үлдэгдэл 25,418,022,780.63 төгрөг байршиж байсан.

Ү нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн даалгавар болон Монголбанкнаас тус банканд хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүй. Мөн манай газар Ү инд байршиж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт мөнгөн хөрөнгийг төрийн сангийн дансанд татан төвлөрүүлэхээр төлбөрийн даалгавар удаа дараа хүргүүлсэн боловч зарлагын гүйлгээг хийхгүй байсаар өдий хүрснийг нотлох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан.Ү нь гэрээний үүргийн зөрчил, манай байгууллагын шаардах эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зарлагын гүйлгээ хийх хуваарийн тухай албан хүсэлтийн дагуу 4 удаагийн нийт 4,500,000,000.00 төгрөгийн дүнтэй төлбөрийн даалгавар хүргүүлэхэд 700,000,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээг хийсэн.

Банкны тухай хуулийн 16 дугаар 16.1.1-д заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх үүрэгтэй байхаар, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийгтухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ, 454 дүгээр зүйлийн 454.4-д Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй, 445 дугаар зүйлийн 445.1-д Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ, 445.4-д Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ, 445.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй, 446 дугаар зүйлийн 446.1.3-д харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх гэж тус тус заасныг зөрчсөн байна.

ЭМДЕГ нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, эрх бүхий байгууллагуудад хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн бөгөөд мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх тул даатгуулагч иргэдийн шимтгэлээс бүрдсэн мөнгөн хөрөнгийг төлүүлэх, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Иймд Ү ХХК-иас гэрээний үүрэгт 25,418,022,780.63 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үндсэн мөнгө 25,418,022,780.63 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нь манай хадгалуулсан мөнгийг цаг тухай бүрд нь буцааж өгөлгүй их удаасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарлагын гүйлгээ хийх төлбөрийн даалгаврыг хариуцагч нь 2019 оны 9 дүгээр 30-ны өдрөөс хойш биелүүлээгүй. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээнд заасан хүүг тооцож, дансанд шилжүүлээгүй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарлагын гүйлгээ хийх төлбөрийн даалгавар бүрийг Ү ХХК тухай бүр биелүүлсэн тохиолдолд харилцах дансанд хүү тооцохгүй байх дээрх хуулийн зохицуулалт үйлчлэх боломжтой байсан. Харин хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш анхны шаадлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй юм.

Ү ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 25,418,022,780.63 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэг үүссэнээс хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 25,418,022,780.63 төгрөгийг шилжүүлсэн тул дансны үлдэгдлээс уг шилжүүлгүүдийг тухай бүр хасаж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар тогтсон эвлэрлийн эцсийн хугацаа болох 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, гэрээнд тусгайлан заасан жилийн 5.5%-ийн хүүнд нийт 2,113,490,401.93 төгрөгийг Ү ХХК-иас нэмж нэхэмжилж байна.

Тусгай гэрээт харилцах дансны гэрээгээр хүлээсэн үүргээ хадгалагч Ү ХХК гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг төлөхийг хадгалуулагч ЭМДЕГ нь дараах хууль зүйн үндэслэлээр шаардах эрхтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021 оны 05 дугаар сарын 21 өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан)-ийн 5 дугаар зүйлийн 9-т Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар хадгалуулагч нь хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэх эрхтэй байхаар тус тус хуульчилсан.

Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхий тогтоолын 3 дугаар зүйлийн 3.12-т Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол гэдэгт банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс түүний зөвшөөрөлгүй буюу төлбөрийн даалгаваргүйгээр гүйлгээ хийсэн, гэрээнд заасан нөхцлийн дагуу анхны шаадлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлээгүй, хүүгийн хэмжээг үнэн зөв бодож олгоогүй, хадгаламжийн нууцыг задруулсан болон хадгалуулагч талтай бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээгээр тохиролцсон бусад үүргээ биелүүлээгүй зэргээс хадгалуулагчид учирсан хохирлыг хамааруулна гэсэн байдаг.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 227.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн Ү ХХК-иас 2,113,490,401.93 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай банк нэхэмжлэлийн шаардлага болох 25,418,022,780.63 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан.

ЭМДЕГ 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ үед 14,268,022,877.42 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч энэ үлдэгдлийг нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүрэн төлсөн.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр тусгай гэрээт харилцах дансаар хүү гэж 2.113.490.401.93 мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс  нийтээр дагаж мөрдсөн коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалтаар банкны хугацаагүй хадгаламж харилцах дансанд хүү тооцохгүй гэж заасан зохицуулалтаар манайх уг хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлтэй юм.

Уг заалтын дагуу бүх арилжааны банк хүү төлөхөөс чөлөөлөгдсөн. Харилцах дансны 3 төрлийн бүтээгдэхүүн байдаг.  Үүний нэг нь нэхэмжлэгчтэй байгуулсан тусгай гэрээт харилцах дансны гэрээ байгаа юм. Банк нь өөрөө харилцагчид үзүүлэх үйлчилгээний бүтээгдэхүүнд тооцох хүү, шимтгэлээ өөрсдөө батлаад нийтэд ил тод мэдээлэлдэг.

Бидний хооронд байгуулагдсан гэрээнд заагдсанаар тусгай харилцах данс гэдэг нь иргэд аж ахуй нэгж байгууллагууд хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийж хүүгийн нөхцлийг тусгайлан гаргаж гэрээ байгуулсны үндсэн дээр банкинд байршуулсан данс юм. Энэ нөхцлийн онцлог нь харилцагчиддаа гэрээний нөхцөлөө хүүгээр тохирдог онцлогтой. Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сараас хойш манай хадгалуулсан мөнгөнд хүү төлөх үүргээ биелүүлээгүй учраас ковидын хуулийн үйлчлэл хэрэгжихгүй гэсэн зүйл ярьж байна. Монгол улсын хууль нийтэд эрх тэгш үйлчилдэг. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гээд хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн хууль эрх зүйн зарчим Монголд байхгүй гэж ойлгож байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа хуулийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.9, 5.7 дахь заалт харилцагчид учруулсан хохиролтой холбоотой заалт байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хохирол юм уу, хүү юм уу гэдэг нь эргэлзээтэй нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа хүүгийн хохирол гэж үзэж байгаа. Хүү гэдэг маань тусгай гэрээт харилцах дансны гэрээгээр 5.5% гээд энэ хүүг нэхэмжилж байна гэсэн мөртлөө хүүгийн хохирол гэж ямар хохирол байгааг ойлгохгүй байна.

Хохирол гэдэг өөрөө 5.9 дахь заалтад хадгалуулагчид энэ мөнгийг гаргаж өгөхгүйгээс Эрүүл мэндийн ерөнхий газарт хэдэн төгрөгийн хохирол учирсан, түүнийгээ урьдчилж тооцоолж, мөнгөн дүнгээр юм уу эсвэл эд хөрөнгөөр юм уу гэдгээ тодорхойлсон байх ёстой. Зүгээр хохирол гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр оролцож байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэдэг эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.6-т зааснаар төр, иргэн, хуулийн этгээдээс шимтгэлийн орлого бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэсэн байдаг. Уг даатгалын сангийн нэхэмжилж байгаа мөнгө нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй гэсэн байдлаар хүсэлтийг хүлээн авч байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага 25.4 тэрбум төгрөгийн үндсэн шаардлага гаргасан. Хариуцагч Ү наас 25.4 тэрбум төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Үүнтэй нэхэмжлэгч маргахгүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүүг 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ шаардлагыг хариуцагч Ү эс зөвшөөрч тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа. Уг 2.1 тэрбум төгрөгийг прокурорын зүгээс үзэхдээ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж дэмжиж байна.

Уг үндэслэлээ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тусгай гэрээт харилцах данс гэсэн гэрээг байгуулж, уг гэрээний үндсэн дээр уг гэрээ байгуулагдаж үйлчилгээг банкнаас үзүүлсэн байдаг. Уг гэрээний 3.1.2-т банк сарын дундаж үлдэгдэл энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хүү төлөх үүрэгтэй 3.1.3-т банкны харилцах дансны хүүг өдөр болгон хуримтлуулан тооцож, тохиролцсон хугацаанд бэлэн бусаар харилцагчийн дансанд шилжүүлнэ. 3.1.6-т харилцагчийн хүсэлтээр дансны хуула гүйлгээ, бүртгэлийн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөх, 3.1.7-т харилцлан зөвшөөрөөгүй данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх, 3.1.8 харилцагчийн төлбөр тооцоогоор банкаар гүйцэтгүүлэх хэвийн үйл ажиллагаа алдагдуулахгүй байх гэсэн байна.

Банк гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн мэдэгдэл, шаардлага, банкинд хандсан, мөн Монгол банкинд хандсан баримтуудаар тогтоогдсон. Гэрээ зөрчсөн талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Гэрээ зөрчигдсөн учраас нэхэмжлэгч тал гэрээний дагуу байршуулсан мөнгөн хөрөнгийг төлбөрийн хүсэлтээр шаардсан тохиолдол бүрт хариуцагчаас гаргаж өгөөгүйн улмаас хохирол гэм хорыг гаргуулах шаардлага үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнийг дэмжиж байна. корона вирус тахлын улмаас баталсан энэ хуульд 10.1.4-т зааснаар төлөхгүй гэж байна. Гэрээгээ биелүүлж байсан тохиолдолд үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Гэрээгээ огт биелүүлээгүй байж хуулийн дагуу хүү төлөхгүй гэдэг нь үндлэслэлгүй. Хуулийн дагуу гэрээгээ зохих ёсоор биелүүлж байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү наас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хүү 2.1 тэрбум төгрөгийг гаргуулан Ү инд олгох, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 25.4 тэрбум төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч нотлох баримтаар:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 111 дугаарын Ажилд түр томилох тухай тогтоол, ЭМДЕГ нь Ү ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тусгай гэрээт харилцах дансны 2900015015 дугаарын гэрээ,Ү дахь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 29000015015 тоот дансны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдлийн баталгаа, Ү дахь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 29000015015 тоот дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны дансны хуулга,2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн № 7201 дугаартай 2.0 тэрбум төгрөгийн зарлагын төлбөрийн хүсэлт,2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №710 дугаартай 2.0 тэрбум төгрөгийн зарлагын төлбөрийн хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-1/1295 тоот ЭМДЕГ-ын албан бичиг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүсэлт гаргах тухай А-1/1335 дугаар албан бичиг,Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Н.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай А-6/1024 дугаар албан бичиг,2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 8000 дугаартай 1.0 тэрбум төгрөгийн зарлагын төлбөрийн хүсэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Төлбөрийн хүсэлт биелүүлэх тухай шаардлага А-1/1452 дугаар албан бичиг,Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн хүсэлт биелүүлэхгүй байгаа тайлбар ирүүлэх тухай А-1/1577 дугаар албан бичиг,Монголбанк Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ҮХО банкинд ЭМДСангийн төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн яаралтай хариу мэдэгдэхийг шаардсан тухай А-6/78 дугаарын албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №617 дугаартай 500.0 сая төгрөгийн төлбөрийн даалгаврын хамт А-1/95 дугаар албан бичиг,Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүсэлт гаргах тухай А-1/99 дугаартай албан бичиг /Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд/, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № 617 дугаартай 5.0 зуун сая төгрөгийн зарлагын төлбөрийн хүсэлт, Ү ны гүйцэтгэх захирал Б.Тулгаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хадгаламжийн дансанд ЭМДСангийн мөнгө хөрөнгө байршуулах хүсэлт 01/01-86 дугаарын албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дансны тооцоо зэргийг ирүүлсэн.

Хариуцагч нотлох баримтаар:

тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, дотоодын дансны хуулга, дансны тооцоо, дансны үлдэгдэл шилжүүлэх хуваарь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны 01/1237 дугаар албан бичиг, Ү ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний 01/01-597 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын19-ны 01/1432 дугаар албан бичиг, Ү ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны 01/01-665, 2021 оны 12 дугаар сарын 02-ны 01/01-797, дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны хуулга, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрийн гэрчилгээ, Бэйкер Тилли Далайван Такс ТМЗ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Ү ны гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний А/24 дугаар тушаал, Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/59 дугаар тушаал, Монгол банкны Хуулийн хэрэгжилтийг хангах тухай 2020 оны 5 дугаар сарын 15 -ны А-10/605 дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн.

Шүүхийн журмаар: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаарх Монгол банкнаас нийтэд зарласан хадгаламжийн жилийн хүүгийн дунджаар тооцон 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар хадгаламжийн хүүгийн тооцоолол, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Монгол банкнаас нийтэд зарласан хадгаламжийн жилийн хүүгийн лавлагаа бүрдүүлсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ЭМДЕГ нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламж 25.418.022.780,63 төгрөг, түүний хүү 2.113.490.401,93 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ү ХХК нь 25.418.022.780,63 төгрөгийг төлчихсөн, цар тахлын үед банкны харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй гэсэн хууль гарсан тул хүү гэж нэхэмжилж буй 2.113.490.401,93 төгрөгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын еранхий газар нь хариуцагч Ү ХХК -тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5,5%-ийн хүүтэйгээр 2900015015 дугаартай төгрөгийн дансыг эзэмшихээр 2900015015 дугаартай Тусгай гэрээт харилцах данс эзэмших гэрээ байгуулж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 454 дүгээр зүйлийн 454.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ /1-р хх-ийн 11-14-р хуудас/

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч /хадгалуулагч/ ЭМДЕГ нь 2900015015 дугаартай төгрөгийн дансыг эзэмшиж,эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг байршуулан төлбөр тооцооны үйлчилгээ авахдаа гэрээнд заасан нөхцөл журмыг баримтлах, хариуцагч /хадгалагч/ Ү ХХК нь уг харилцах дансны хүүг өдөр болгон хуримтлуулан тооцож, тохиролцсон хугацаа болох сарын эцэст бэлэн бусаар харилцагчийн 2900015015 тоот дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, Тусгай гэрээт харилцах данс эзэмших гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-11-19, 62-101,194, 209-211, 248, 2-р хх-ийн 107-129-р хуудас/

Дээрх гэрээний дагуу хадгалуулсан мөнгө нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд эцсийн үлдэгдэл нь 25.418.022.780,63 төгрөг байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 15,16-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан хадгаламжийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ хадгалагч, хадгалуулагч биелүүлэх үүрэгтэй.

Хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.-д зааснаар хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүргийг хүлээнэ.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4.-т зааснаар хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцлаж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй тул нэхэмжлэгч ЭМДЕГ нь хариуцагч Ү ХХК-д хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 4.2.8.-д заасны дагуу Хууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-1/295, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-1/1335, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А-6/1024, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/1452, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-1/1577, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-6/78, а-1/95, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А-1/222, 2020 оны 3 дугаар сарын 09-ний А-1/258, ... дугаартай албан бичгүүдийг зохих байгууллагуудад нь хүргүүлэн шаардаж байсан байна./1-р хх-ийн 21-30, 33-39, 49-101-р хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хадгалуулсан мөнгө болох 25.418.022.780,63 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 25.418.022.780,63 төгрөг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /1-р хх-ийн 194, 209-211, 248, 2-р хх-ийн 65-67-р хуудас/

Дээрх Тусгай хэрэгцээт харилцах данс эзэмших гэрээний 2.3.-т дансны хүү 5,5% байна гэж,

3.1.3.-т Банк харилцах дансны хүүг өдөр болгон хуримтлуулан тооцож, тохиролцсон хугацаанд бэлэн бусаар харилцагчийн 2900015015 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй гэж харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 11, 12-р хуудас/

Хадгалагч Ү ХХК-нь дээрх гэрээний дагуу хадгалуулсан /байршуулсан/ мөнгө, түүний хүүг дээрх гэрээний 3.1.6.-д заасны дагуу харилцагчийн хүсэлтээр цаг тухайд нь гаргаж өгөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, удаа дараа шаардаж, хугацаа өгсөөр байхад хариуцагч /хадгалагч/ гэрээний үүргээ биелүүлээгүй тул хадгалуулсан мөнгө, хүү шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг харилцагчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ү ХХК нь хадгалуулсан мөнгө түүний хүүг харилцагчийн хүсэлтээр цаг тухай бүрт нь өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс хариуцагч Ү ХХК-ийг үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Зохигчид Тусгай гэрээт харилцах данс эзэмших гэрээгээр Иргэний хуулийн 454 дугаар зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 1.-т зааснаар хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгохоор тохиролцжээ.

Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2900015015 дугаартай гэрээний үүрэгт хүү 2.113.490.401,93 төгрөгийг төлөх үүрэгтэй.

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад Монгол улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжих, бэлэн байдлын зэргийг бууруулах, бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих гэх мэт тогтоолуудыг гаргаж байсан.

Хариуцагч /хадгалагч/ Ү ХХК-нь 2019 оноос эхлэн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй зөрчил гаргаж эхэлсэнд дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.4. дэх заалт хамаарна гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэгч Эрүүл мэндийн ерөнхий газрын нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас 25.418.022.780,63 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үлдэх 2.113.490.401,93 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 25.418.022.780,63 төгрөгийг төлсөн тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар шийдвэрлэсэн болно. /У.Т.Х: 127.248.064төгрөг:2 = 63.624.032 төгрөг, 63.624.032 төгрөг + 10.725.402 = 74.349.434 төгрөг/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118- т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т заасныг баримтлан Ү ХХК-иас 2.113.490.401,93 / хоёр тэр бум нэг зуун арван гурван сая дөрвөн зуун ерөн мянга дөрвөн зуун нэг төгрөг, ерөн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 25.418.022.780,63 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6. дэх хэсэгт зааснаар ЭМДЕГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74.349.434 /далан дөрвөн сая гурван зуун дөчин есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО