| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овгийн Н-ын О-т холбогдох 2528001110074 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын төвөөс 24 дэх километрт Мандалговь Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай автозамаар “Subaru Outback” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч О.С гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.О-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний буруу, санамсаргүй байдлаас болж осол гарсан. 03 дугаар сарын 02-ны өдөр ам бүл дөрвүүлээ Өмнөговь аймаг руу явж байсан. Цогт-Овоо сумаас гараад 20 орчим километрт явж байсан. Манай том охин ард уйлаад би эргээд харсан. Тэгээд эхнэр дуудаад эргээд харахад машин жолоодлогогүй болсон. Машин замын баруун тал руу гарч байхаар нь эсрэг тал руу нь дарахад тэр чигтээ замын хажуу руу онхолдсон гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 04 цагийн үед босоод 5 цагийн үед Улаанбаатар хотоос Даланзадгад сумын чиглэлд явсан. Тэгээд 10 цагийн үед Цогт-Овоо сум өнгөрөөд явж байсан. Тухайн үед манай нөхөр О машин бариад явж байсан. Би жолоочийн хажуу талын суудалд 2 настай охин О.С-ыг тэврээд явж байсан. Тэгээд явж байхад манай ард сууж явсан охин См уйлсан тэр үед манай нөхөр О эргэж харахад машины баруун талын дугуй шороон дээр гарсан. Би нөхрийгөө дуудахад нөхөр эргээд урагшаа харсан чинь машин жолоодлогогүй болоод замын зүүн талын хэсэг рүү гараад онхолдсон... Би байнга милл хараад явдаг. Би милл хараад нөхрийг хурдан явахаар нь удаан яв гэж байнга хэлээд явж байдаг бөгөөд энэ нь надад байнгын реплэкс болсон зүйл. Би осол болохын өмнөхөн милл харахад 80 километр цагийн хурдтай явж байсан... Тухайн осол болох үед зөвхөн манай гэр бүлийн хүмүүс уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бөгөөд уг осолтой холбоотой надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай байгууллагын нэр дээр тус ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тус тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулж тус автомашиныг барьцаалж 11 сая төгрөгийг зээлж авсан. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 6,086,865 төгрөгийн үлдэгдэлтэй буюу зээлийн ангилал нь хэвийн байна. ” (хавтаст хэргийн 93-94 дэх тал)
Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Даланзадгад суманд очиж хадам аав, ээж нартай золгохоор өөрийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Тэгээд 10 цагийн үед Цогт-Овоо сум өнгөрөөд явж байсан. Тухайн үед манай эхнэр А бага охин С-ыг тэврээд миний хажууд сууж явсан. Том охин С-м ард талын суудалд ганцаараа сууж явсан. Тэгээд явж байхад С-м уйлагнасан, тэгэхээр нь би эргэж харчихаад буцаад зам руу хартал машины баруун талын дугуй замын хатуу хучилттай хэсгээс гарч байсан. Тэгэхээр нь би буцаагаад зам руу дарсан чинь баруун талын урд дугуй салаад машин ямар ч жолоодлогогүй болоод замын зүүн талын хэсэг рүү гараад онхолдсон.” (хавтаст хэргийн 34-35 дахь)
Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Миний санамсаргүй байдлаас болсон байх гэж бодож байна. Уг хэрэг явдлын улмаас би төрсөн охиноо алдсан би хэргийн талаар олон дахин бодохоор сэтгэл санааны таагүй байдалд орчихоод байгаа болохоор хэргийн талаар аль болох олон дахин ярмааргүй байна.” (хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨМГ0625/056 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач О.С-ын цогцост тархины баруун, зүүн тал бөмбөлгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, гавлын дух, зулай хэсгийн цөмөрсөн хугарал, харалдаа хэсгийн хуйхан доорх цусан хуралт, дух зулай, баруун хацар, хамар, хэвлий, нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хэвлий, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач цогцост учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч аврах боломжтой байсан эсэхийг тогтооход нэмэлт материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй.” (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт: “Хариулт-1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨМГ0625/056 дугаартай шинжээчийн дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (xүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй. Харин ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна.” (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-16 дахь тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 84 дэх тал)
Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 15 дугаартай санал (хавтаст хэргийн 102-103 дахь тал)
Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 15 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 100-101 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь манай үйлчлүүлэгч Н.О нь тавилгын үйлдвэрлэл эрхлэх ажил хөдөлмөр эрхэлж эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд анх удаа болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ гэмт хэргийн улмаас манай үйлчлүүлэгчийн хүүхдийн амь нас хохирсон. Энэ гэр бүлийн хувьд нөхөж баршгүй хор уршиг учирсан. Аль алиных нь сэтгэл санааны байдал тогтворгүй, хүнд байдалтай цаг хугацааг туулж өнгөрөөж байна. Н.О-ын хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар нь хэлж мэдүүлсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг прокурорын зүгээс хүлээн авч шийдвэрлэсэн... гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд Н.О нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын төвөөс 24 дэх километрт Мандалговь Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай автозамаар “Subaru Outback” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч О.С гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨМГ0625/056 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-16 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр “Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨМГ0625/056 дугаартай шинжээчийн дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (xүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна (хавтаст хэргийн 51-52 дахь тал) гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Н.О-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Н.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Н.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас О.С нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨМГ0625/056 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.О-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас О.С нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдcон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн осол болох үед зөвхөн манай гэр бүлийн хүмүүс уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бөгөөд уг осолтой холбоотой надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан. Тийм учраас прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлага болон албадлагын арга хэмжээг болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг дэмжиж оролцож байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд асар том хохирол учирсан, маш их харамсаж байгаагаа хэлье гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.О-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.О-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь тэнсэгдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.О-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь тэнсэгдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ