| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/1003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1243 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1243
2025 05 13 2025/ШЦТ/1243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Э
Монгол Улсын иргэн, *
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * *автомат мөнгөний машинаас /АТМ/-ээс хохирогч Д.Б-ын эзэмшлийн Төрийн банк дахь ***тоот дансны виза картыг ашиглан 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны *дүгээр сарын *-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Л.Э* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Э* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, *буудлын автобусны буудлын автомат мөнгөний машинаас /АТМ/-ээс хохирогч Д.Б-ын эзэмшлийн Төрийн банк дахь ****тоот дансны виза картыг ашиглан 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
Хохирогч Д.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн *дүгээр хороо *зусланд байх гэртээ байж байгаад өдрийн 13 цагийн орчимд “*” нэртэй дэлгүүр орж 0.5 литрийн савлагаатай “Агар” нэртэй 1 шил архи, ус ундаа аваад танил Л.Э-д очсон. Л.Э* бид хоёр миний авч очсон нэг шил архийг хувааж уусан. Би Л.Э-ыг “Дахиад архи уух уу? чи дэлгүүр ороод архи аваад ир” гээд Төрийн банкны картын нууц үгийг хэлж өгч байсан санагдаж байна. Тэгсэн Л.Э “Би архи уухаа болилоо” гэхээр нь гэртээ очиж амарсан. Унтаж байгаад орой сэрээд гэртээ байж байтал миний Төрийн банкны данснаас 600,000 төгрөг бэлнээр гарсан талаарх мэдээлэл миний гар утсанд мессежээр ирсэн. Би Төрийн банкны картаа хаана үлдээснээ санахад ямар ч байсан "Номадс" дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад картаа халаасандаа хийгээд шууд Л.Э-ын гэрт очсон болохоор тэнд л үлдээсэн. Дээр нь Л.Э-т картын нууц кодоо хэлж байсан болохоор Л.Э-ыг авсан болов уу? гэж хардаж байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Л.Э-тай очиж уулзаад “Миний төрийн банкны картаас 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг гарчихсан байна. Чамд мэдсэн юм байна уу?” гэж асуухад Л.Э “Мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн гаргах санал хүсэлт бол байхгүй. Д.Б гэх эмэгтэй нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд бид хоёр 0.5 литрийн “Агар” гэх нэртэй архийг хувааж угаад дууссан. Тэгээд “Дахиж нэг шил архи уух уу?” гэж Д.Б-ыг хэлэхээр нь “Надад мөнгө байхгүй” гэхэд “Чи миний картыг аваад яв” гэж надад Төрийн банкны картын нууц үгээ хэлж өгсөн юм. “Би ер нь архи уухаа болилоо эм тан ууж байгаа” гэж хэлээд архи дахин авч уухаас татгалзсан. Д.Б эгч удалгүй манай гэрээс гарч явсан. Б эгч манайхаас гарч явахдаа ширээн дээр Төрийн банкны картаа үлдээгээд явчихсан байхаар нь би картыг нь авч гараад 7 буудал орж бэлэн мөнгөний машин дээр очоод Д.Б эгчийн Төрийн банкны картыг уншуулаад дансны үлдэгдлийг нь шалгасан чинь 640,000 гаруй мянган төгрөг байхаар нь бэлнээр 600,000 /зургаан зуун мянга/төгрөгийг гаргаад авчихсан. Төрийн банкны картыг нь 7 буудлын автобусны буудал орчимд хаясан. Би архи ууж согтуугаараа бусдын мөнгийг эзэмшигчид нь хэлэлгүй нууцаар авч буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Д.Б-ын эзэмшлийн Төрийн банкны ******дугаарын дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Э нь оршин суугаа газар өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн ийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Э нь оршин суугаа газараа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД