Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2019/00024

 

  М.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц тосгонд оршин суух М.Б-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Онцгой байдлын газарт  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц-ын шатахууны агуулахын насосчин, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Намайг Ц дахь Нефть хангамжийн газарт машинист, буулгагчаар ажиллаж байхад Улсын нөөцийн салбарт ажлын байрны хамт шилжүүлж, салбарын эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчины ажилд томилон ажиллуулснаас хойш тасралтгүй ажилласан. Хэдэн жилийн өмнө миний засварчин гэх албан тушаалыг агуулахын инженерт хавсарган өгч тушаал гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 01-нд цомтголд орохдоо мэдсэн бөгөөд надад албан ажлын өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй, цалинд өөрчлөлт ороогүй тул би засварчны ажлыг хийсээр байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Ц ирээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудас гардуулан, орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлснөө мэдэгдэж, ажлаа хүлээж авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг өнөөдрийг хүртэл өгөөгүй, шаардаад авч чадаагүй. Шүүхэд гомдол гаргах хугацаанд баригдан гомдол гаргаж байгаа. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн тул намайг аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц тосгоны шатахууны агуулахын засварчин, насосчинийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус газрын Ц тосгон дахь Улсын нөөцийн газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар нефтийн агуулахын засварчин, насосчноор томилогдож тасралтгүй 16 жил 6 сар ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Орон тоо батлах тухай” А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон. Уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Чөлөөлөх тухай” А/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц-ын шатахууны агуулахын насосчин, засварчнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.            

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Ажил олгогч аймгийн Онцгой байдлын газар М.Б-ийг Ц дахь шатахуун нөөцийн агуулахын насосчин, засварчны ажлаас орон тоо нь хасагдсан гэх  үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 42 дугаар зүйлийн 42.1-т заасан заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын заалтуудыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Ажил олгогч нь М.Б-ийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төвд дуудан ирүүлж шаардлага үл хангах мэдэгдэх хуудсыг гардуулан, түүндээ Онцгой байдлын Ерөнхий газрын төрийн албаны зөвлөлд гомдол гаргахыг тусган 2 хоногийн дараа ажлыг нь очиж хүлээн авсан байна. М.Б-т ажлаас чөлөөлсөн газрын даргын тушаал гаргаж, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зүйл заалтаар ажлаас чөлөөлж байгаа, мөн хуулийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх, ажил хүлээлцэх хугацааг, төлбөр тооцооны талаар тодорхой тусгасан тушаал гаргах ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан гаргасан “тус газрын Улсын нөөцийн салбарын Ц-ын шатахууны агуулахын насосчин, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан мөн бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааны дотор гаргасан байна. Ажил олгогчоос гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

 

            1. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов.  

 

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/461 дугаар тушаалаар[1] Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бүтэц, орон тоог тогтоохдоо тушаалын хавсралтаар[2] тус аймаг дахь Улсын нөөцийн салбарын “Ц сум дахь Улсын нөөцийн цэг”-т ажиллагсдын бүрэлдэхүүнийг Сав, тоног төхөөрөмжийн засварын инженер 1, Нөөцийн барааны нярав 1, Харуул 3, нийт 5 хүний орон тоотой баталсан бөгөөд М.Б-ийн ажиллаж байсан[3] “насосчин, засварчны” орон тоо хасагдсан байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

           

            Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар[4] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14, 30.3, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны Б/1551 дүгээр тушаалыг үндэслэж тус аймаг дахь Улсын нөөцийн салбарын болон гэрээт ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлсний дотор Ц тосгон дахь Улсын нөөцийн цэгт насосчин ажилтай М.Б багтсан бөгөөд дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр түүний ажиллаж байсан орон тоо хасагдсан тул М.Б нь буцаан ажилдаа томилогдоогүй байна.

 

            Түүнчлэн, ажил олгогчоос ажилтанд орон тоо хасагдсан талаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн нь зохигчийн тайлбараар, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тухайн орон тоо хасагдсанаас хойш ажилтныг нэг сар ажиллуулж, цалин хөлсийг нь өгсний дараа ажлаас чөлөөлсөн нь хариуцагчийн тайлбар, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/461 дугаар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар тус тус тогтоогджээ.

            2. М.Б-ийн “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг зөрчсөн” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан нь ажилтанд өөр ажлын байр хайх боломжит хугацаа олгох, ажил олгогчоос эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлж тухайн ажлын байр хасагдаж үгүй болсон ч нэг сар ажиллуулан хөдөлмөрийн хөлс олгосны дараа ажлаас чөлөөлөх зэргээр ажилтны эрх зүйн байдалд хүндэтгэлтэй хандах зорилготой.

Хэрвээ энэ журам зөрчигдсөн тохиолдолд ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх бөгөөд ажил олгогч хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхдээ ажлаас чөлөөлөх тушаалыг хэзээ гаргаснаас  үл шалтгаалан ажлаас халагдсан өдрөөс[5] нэг сарын өмнө, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дурдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр ажилтанд мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулах ёстой юм.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь М.Б-т түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон боловч дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон тоо хасагдсанаас хойш ажилтныг нэг сар тухайн ажлын байрандаа ажиллуулж, цалин хөлсийг нь өгсний дараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна.

Мөн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан  үндэслэлээр цуцалж, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг заавал баримтлах шаардлагыг зөрчсөн хэдий ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуулийн дээрх заалтад нийцсэн нь тогтоогджээ.

            Ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн үйл ажиллагаа нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох боловч дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тус аймаг дахь Улсын нөөцийн салбарын Ц дахь Улсын нөөцийн цэгийн насосчин, засварчны орон тоо нэгэнт хасагдсан, уг орон тоог хассан шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд М.Б-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох бодит үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

3. Ажил олгогчийн төлөөлөл нь ажилтанд “орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухайгаа ажлаас чөлөөлөхөөс нэг хоногийн өмнө мэдэгдсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас” (Хэргийн 7 дугаар тал) гэх хуулбар, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т нийцээгүй байна. Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, М.Б-ийн гомдлын үндэслэлд  холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан зохицуулалтыг агуулга, зорилгод нь нийцүүлж мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасантай уялдуулан тайлбарлаж хэрэглээгүй, тухайн заалтыг “ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн” гэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийснийг тэмдэглэж байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч түүний “гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 25, 28 дугаар тал.

[2] 6 дахь хүснэгтийн 12-14 дэх мөр.

[3] Хэргийн 3-5, 51-54 дүгээр тал.

[4] Хэргийн 29 дүгээр тал.

[5] Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар.