Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0889

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*****” ХХК /РД:*****/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нарын хооронд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсантай  холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С*****” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдуулан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж анх маргасан ба хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

2. Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь “*******” нэртэй 9213.66 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0******7 дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр “Г*****” ХХК-д олгожээ. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-0******7 дугаар тусгай зөвшөөрлийг “С*****” ХХК-д шилжүүлжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 482 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч “С*****” ХХК-ийн Говь-Алтай аймаг, ******* сумын “*******” нэртэй талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-0******7 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч “С*****” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар албан бичгээр тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад удаа дараа хандсан ба тус газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 9/1349 дүгээр албан бичгээр “Сонсох ажиллагаа явуулсантай холбоотойгоор одоогоор Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гараагүй байгаа бөгөөд танайхаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хуульд заасан холбогдох ажиллагааг хийж байгаа болно” гэж, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2161 дүгээр албан бичгээр “танай компанийн тайлбар саналыг сонсох ажиллагаа явуулан хүлээн авч хянан үзэхэд хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж хариу өгснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. “С*****” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын XV-0*****7 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар энэхүү хугацаанд Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн бүхий л үүрэг, хариуцлагыг биелүүлж ирсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр компанийн ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаартай тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан бөгөөд энэхүү мэдээллийг бид Ашигт малтмал газрын тосны газрын вэб хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 21-нд гаргасан мэдээнээс авсан. Компани нь ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн хугацааны турш зохих төлбөрийг ямар нэг саадгүй төлж ирсэн бөгөөд зөвхөн 2021 онд гэхэд 777,921,627.41 төгрөгийн зардал гарган хайгуулын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.

 5.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэгтэй байсан хэдий ч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд цор ганц итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх, компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй этгээд болох Г******* овогтой С******* нь тархины цусан хангамжийн дутагдал болон бамбай булчирхайн хавдар буюу “Пароксизм вегетососудистая дистония, диффузная гипертензия, щитовидной узлевой зоба железа аденоматозная шиперплазия щитовидной узлевой зоба железа, триотоксический криз" гэх хүнд өвчний улмаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Глобалмед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хавдар авхуулах хагалгаанд орсон. Тус өвчний оношийг Чингэлтэй дүүргийн мэдрэлийн эмч баталгаажуулсан бөгөөд бамбай булчирхайн хавдар нь үргэлжлүүлэн эмчлүүлж, эмчийн хяналтад байх шаардлагатай хүнд өвчин гэж тодорхойлсон байна. Ийнхүү эмчлүүлэх хугацаанд компанийн гүйцэтгэх захирал Г.С*****ажилдаа ирж компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн төлбөр тооцоо хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт “хүндээр өвчилсөн”-ийг хамааруулахаар заасан ба Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж, 6.1.41.а. “Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” 6.1.41.в. “Эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан” гэж заасан. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь татварын нэг төрөл бөгөөд дээрх тодорхойлолтыг үндэслэн үзэхэд компанийг төлөөлөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх эрх бүхий этгээд болох Г.С*** хүндээр өвдөн, хэвтэн эмчлүүлж байсан дээрх нөхцөл байдал нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарахаар байна. Уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлөх хуульд заасан хугацаанаас 56 хоногоор хэтрүүлсэн байх ба хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах нөхцөл байдал арилмагц манай компани 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 13,359,807 төгрөг, алданги 2,124,209.31 төгрөг, нийт 15,484,016.31 төгрөгийг улсын төсвийн төрийн сан дахь дансанд бүрэн төлж, хугацаа хэтрүүлсэн хариуцлагаа хүлээсэн болно.

5.3. Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.2-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болон цуцалсан шийдвэрийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан. Хууль тогтоогч захиргааны байгууллагаас ийнхүү мэдэгдэл өгөх журмыг төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зорилгоор хуульд тусгасан байна. Гэтэл компанийн албан ёсны хаягаар /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, *******,*******/ цуцлах үндэслэл бүрдэж байгаа болон цуцалсан шийдвэрийн талаар аливаа мэдэгдэл ирээгүй бөгөөд төрийн захиргааны байгууллага тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан.

5.4. Компани нь 2021 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд урьдчилан төлж чадаагүй хэдий ч, Төрийн санд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр алдангийн хамт бүрэн төлж, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэж өгөх, шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөх этгээд буюу манай компанийн тайлбарыг сонсох шаардлагатай байсан талаарх 02 дугаартай албан бичгийг холбогдох баримтуудын хамтаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн юм. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай компанийн хайгуулын XV-0****7 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар “сонсох ажиллагаа” гэх уулзалт хийсэн. Гэвч сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргахаас өмнө буюу тухайн захирамжилсан шийдвэрээр чиглэгдсэн этгээдэд ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болохоос өмнө хийгдэх ёстой ажиллагаа юм. Компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сараас хойш нийт 9 албан бичиг, тайлбар, хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн боловч энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй удааж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас бидний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай 8/2161 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/2657 тоот албан бичиг тус тус ирүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь дээрх хүндэтгэх үзэх нөхцөл байдлыг бүрэн тогтоож үнэлээгүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй гэж үзэж байна.

6. Иймд  “С*****” ХХК-ийн хайгуулын XV-0****7 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээлгэх, Ашигт малтмал, газрын тосны газрын, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М**** шүүх хуралдаанд  гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай компани нь тухайн тусгай зөвшөөрлийг 2021 оны 5 дугаар сарын *******-ны өдөр бусад этгээдээс шилжүүлэн авсан. Үүнээс хойш хайгуул хийсэн. 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ашигт малтмалын лицензийн төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл компанийн гүйцэтгэх захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх, компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй этгээд болох Г.С***** нь хүнд өвчний улмаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд “Г****” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хавдар авхуулах хагалгаанд орсон юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүнд өвчнийг хамааруулахаар заасан ба Татварын ерөнхий хуулийн 6.1.41-т Хүндэтгэн үзэх шалтгаан гэж 6.1.41а-д эмнэлгийн өвчний гар картад бичигдсэн бөгөөд лабораторийн сорьцын шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатайн батлагдаж, эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 6.1.41в-д эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар энэ хуулийн 6.1.41а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан бол гэж заасан байна. К4 маягтыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Хэдийгээр хуульд заасан хугацаандаа хүргүүлээгүй ч гэсэн бидний шинэчилсэн хаягаар хүргүүлэхэд 3 хоногийн хугацаа байсан. Шинэчилсэн хаягаар Кадастрын хэлтэс мэдэгдэл хүргүүлэх боломжтой байсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24.1-24.5-д заасан бодит нөхцөл байдлыг тогтох шаардлагатай тохиолдолд Захиргааны байгууллага ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэгдэх, тайлбар авах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй зөрчил гарсан гэж үзэж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн маргаад байгаа гол зүйл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үед манай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Маргааны гол утга санаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад цуцалсан нь буруу юм гэж маргаж байгаа. Хариуцагч талаас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр цуцалж байгаа нь зөв гэж маргаж байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж хэлээд байна. Төлбөр гэдэг нь нэг төрлийн хураамж татварын орлого юм. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар сарын 6.1.36-т зааснаар төлбөр гэж Төрийн өмчийн газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмал ашигласны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар энэ хууль нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэж байгаа. Тиймээс Татварын ерөнхий хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-т заасан төлбөрийг хэлээд байна. Татварын ерөнхий хуультай холбогдоно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41а-д хүндэтгэн үзэх шалтгааны талаар бичсэн байгаа. Эмнэлгийн өвчтөний картад бичигдсэн бөгөөд эмнэлгийн магадлан шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай гэж нотлогдон хавтаст хэргийг шинжлэн судлах явцад нотлох баримтаар тогтоогдсон. Хугацаа хэтрүүлсэн гэх огноо нь өвчтөний эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон он сар өдөртэй давхацдаг. Энэ цаг үед хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Энэ хүндэтгэн үзэх шалтгаан нь Татварын ерөнхий хуульд заагдсан байна. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны тухай тусгайлан заагаагүй ч гэсэн энэ төлбөрийн тухай Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байна.

Хүндэтгэн үзэх шалтгааны тухай М.Н**** багшийн Монголын эрх зүйн толь бичгийн 575 дугаар хуудаст онолын тайлбар байдаг. Яах аргагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан учир 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хүлээх ажиллагаа явуулах ёстой байсан. Шаардлагатай ажиллагааг хийх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг яагаад төлөхгүй байгаа, төлөх боломжгүй байсан уу гэдэг талаар нотлох баримт цуглуулах, үнэлэх, шаардлагатай ажиллагааг хийхийг захиргааны байгууллага өөрөө хийнэ гэж заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар энэ ажиллагааг хийсэн мэт байна. Гэрч н.Э*****ын мэдүүлгээр сонсох ажиллагааг үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу? гэдэг шалтгаанаар сонсох ажиллагааг хийсэн гэсэн. Гэхдээ сонсох ажиллагааны зорилго нь өөр байдаг. Шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Сонсох ажиллагааг арай өөр зорилгоор хийсэн гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг Хууль зүйн хэлтсийн дүгнэлтээс харж болно. Хууль зүйн хэлтсийн чиг үүрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар чиг үүрэг тодорхой байгаа. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэлээ гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс Төрийн захиргааны байгууллага буруу шийдвэр гаргасан гэж үзэхээс илүүтэйгээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нягтлан үзэлгүйгээр энэ нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна. Түүнээс биш санаатайгаар төлбөрөө хоцроосон, төлөөгүй үйлдэл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

9. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь “*******” нэртэй 9213.66 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдийн 726 дугаар шийдвэрээр “Г*****” ХХК-д олгожээ. “Г*****” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг “С*****” ХХК-д шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “С*****” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнг 0,3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4838 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу “С*****” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “С*****” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 482 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12. “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... XV-0****7 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г*****” гэдэг компани 2018 онд авсан байсныг “С*******” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын *******-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байдаг. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авна гэдэг нь өмнөх компанийн бүхий л эрх, үүргийг шилжүүлэн авна гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3 жилд нэг удаа сунгуулахаар заасан байгаа. Тухайн компани нь хүчин төгөлдөр хугацаандаа нэг удаа сунгуулсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр сунгуулаад 2024 оны 10 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрөл хүчинтэй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр төлнө гэж байгаа. Тиймээс 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөнгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д зааснаар хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамдаа алданги төлөх 30 хоногийн хугацаа олгодог. Тэр хугацаандаа ч төлөөгүй байна. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээд байна. Энэ үндэслэлийг үндэслээд тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. Тиймээс 482 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуульд үндэслэсэн, хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй гэдэг тайлбар хэлдэг. Тухайн компани 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хаягийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Энэ өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 35.12-т зааснаар 14 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл энэ өөрчлөлтөөс 5 сарын дараа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан байна. Манай бүртгэлийн ажилтнууд Ашигт малтмалын тухай хуулийн 35.12-т заасныг баримтлаад бүртгэлийг хийгээгүй ба бүртгэхгүй гэдгээ хэлэх гээд 99****** дугаарын утас уруу залгахад утсаа аваагүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд тусгай тусгай зөвшөөрлийг цуцлах талаар заасан байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт хугацаандаа төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хадгалах гэж байгаа. Энд заасан тусгай зөвшөөрлөө хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Өвчтэй зовлонтой байсныг ойлгож байна. Гэхдээ 10 дугаар сарын 22-ны өдөр хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэхдээ төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзэж байна.

Тиймээс маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. “С*****” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0******7 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсны дагуу тэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй болсон ба хэрэв зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдахаар, харин үүргээ биелүүлж буй нөхцөлд л уг тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагдаж байхаар хуульд зохицуулагдсан байна.

3. Нэхэмжлэгчийн зүгээс “цуцлах шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байдлыг харгалзан үзээгүй” зэргээр маргасан бол хариуцагчийн зүгээс “захиргааны байгууллага нь мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж үзэж цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй” гэж маргасныг шүүхээс хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 482 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0******7 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар XV-0****7 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “С*****” ХХК нь жил бүр, дээр дурдсан 132 дугаар шийдвэрийн дагуу анх олгогдсон хугацаа болох тухайн жилийн 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна.

6. Ийнхүү дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд дахин нэг боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6. “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө”, мөн хуулийн 34.7. “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэснээр нэхэмжлэгч компанийн хувьд тухайн төлбөр төлөх жилийн 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байжээ.

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4838 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С*****” ХХК-д “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх, ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой” талаар албан бичгийг хүргүүлсэн авч “С*****” ХХК нь хүлээн аваагүй, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буцаагдсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ээр нотлогдож байна.

8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын XV-0****7 дугаар тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан ч төлөөгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлийг хүлээн аваагүй, хаягтаа байхгүй гэх шалтгаанаар буцаагдсан, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4 дэх жилийн төлбөр болон алдангийн төлбөрт 15,484,016.31 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан, уг баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

9. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд “С*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь холбогдох өвчний учир 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл “Глобалмед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүзүүний зүүн талаас 2.0 см орчим хоргүй хавдар авхуулсан, энэ талаарх “Г****” эмнэлгийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Г**** овогтой С****-ын өвчтөний түүх, шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. 

10. Энэхүү нөхцөл байдал нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41. “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.а. “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эм, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж зааснаар нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өвчний улмаас эмчлүүлж байсан болохыг, энэ байдал нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг нотолж байна гэж шүүх дүгнэлээ.

11. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 398 дугаар шийдвэрээр: “EX-009020 дугаарт бүртгэгдсэн “С*****” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн ******* сумын ******* нэртэй 9213.66 гектар талбай бүхий XV-0****7 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж” шийдвэрлэснийг захиргааны үйл ажиллагааны “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимтай холбон үзэж, мөн хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүргийг ханган ажиллах, хамгийн гол нь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, тухайн тусгай зөвшөөрлийг хянах эрх, үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянахгүйгээр, нэхэмжлэгч хуулийн этгээдийг “ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

12. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг нь цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг бүртгэлтэй хаягийн дагуу шуудангаар хүргүүлж мэдэгдэх ажиллагаа хийснийг, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсны дагуу холбогдох хаягийн өөрчлөлтөө зохих ёсоор мэдэгдэж бүртгүүлээгүй байгааг тус тус нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд шүүхээс тогтоон хянаж, эдгээр нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэх үндэслэлтэй боловч уг маргааны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх нөхцөл бүрдсэн гэдгийг бүрэн тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн тухай мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

13. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас болон хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргаж өгсөн дүгнэлт, тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, “мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүй” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Үүгээрээ Ашигт малтмалын тухай 11 дүгээр зүйлийн 11.2. “.... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхлэх” чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

           1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2, 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С*****” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “С*****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН