Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтугалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч С.Мэндбаяр /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Мэндбаярт холбогдох 201716010056 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багт оршин суух, урьд нь 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан Гөрөөчин овогт Сүндгээгийн Мэндбаяр /РД:КЮ63041914/.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

С.Мэндбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын Бумбатын бууц гэх газар Э.Амарсанаатай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Э.Амарсанаагийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мэндбаярын: “...Улсын яллагчийн уншсан яллагдагчаар татах тогтоолтой тохирч байна. Би айлын мал малалж байсан. Хохирогч дэвсгэр дээр юм асгасан учир би айлын гэр муухай болгочихлоо цэвэрлэх талаар хэлэхэд би чам шиг айлын барлаг хийдэггүй гэж хэлсэн учир уурласан. Надаас залуу хүн байсан. Айлгах гэж хутга авсан. Хутга авсаны дараа  гараараа цохисон.” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Амарсанаагийн: “....2017 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 13 цагийн үед Мэндээ манайд мотоциклтой ирсэн. Тэгээд Мэндээ бид хоёр хоорондоо юм ярьж байгаад тэрээр намайг гэрт хүрээд ир цэргийн баярын юм байгаа гэж хэлчихээд явсан. Би малаа бэлчээчхээд Мэндээгийн араас 17 цагийн орчим яваад очиход цай чаначихсан идээ тавиад 0.75 граммын Ерөөл архи гаргаж ирсэн. Бид хоёр барашза болон нөгөө архиа хувааж уунгаа хоорондоо юм ярьж нэлээн орой болтол сууж байгаад би согтоод уначихсан. Нэг сэрэхэд миний толгой дээр архины шил бутартал хагарахаар нь босож ирэхэд Мэндээ толгой руу цохиж, нэг гартаа хутга барьж нөгөө гартаа галын дэгээ төмөр бариад цохиод байсан. Би тухайн үед Мэндээ ахын гарт байсан хутгыг түлхээд биеэ хамгаалахад галын дэгээгээр миний гар болон бие рүү цохиод байхаар нь дээлээ аваад гэрээс нь гараад өөрийнхөө гэрлүү машин зам дагаж алхаад харьсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг түгжээд хэвтэж байтал манай дүү Хүүбаатар мотоциклтой ирээд Амаа ахаа хаалгаа гэхээр нь гэрийнхээр хаалгыг онгойлгож болсон зүйлийн талаар хэлэхэд намайг Хүүбаатар гэртээ аваачиж нүүр болон биеийн хавдартай хэсгүүдэд хүйтэн жин тавьж миний охин Цогнямыг дуудчихлаа гэж хэлсэн. Манай охин Цогням 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим ирээд намайг сумын эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч А.Цогнямын: “...Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед ажлаа хийгээд байж байтал манай аавын төрсөн дүү Хүүбаатар ах над руу залгаад “Амарсанаа ах хөдөө гэртээ Мэндбаяр гээд Бямбацогийн малчинд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад гэрийнхэндээ мэдэгдэж хөдөө аавынхаа гэр рүү 17 цагийн үед яваад 19 цагийн орчимд очсон. Очоод аавыг машиндаа суулгаад зөөлөн явсаар 00 цагийн үед Сум дундын эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирэхэд эмнэлгээс Цагдаагийн хэлтэст зодуулсан хүн ирлээ гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэх /хавтаст хэргийн 23-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ө.Наранбатын: “ ....2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Э.Амарсанаагийн биед үзлэг хийсэн. Э.Амарсанаа хүнд зодуулсан гэх ба нүүр нь хавдар ихтэй, хоёр нүд хөхөрсөн, уруулын дотор талд язарсан шархтай, цээжний урд хэсэг 2-3 хавдрын түвшинд 2х3 см хөхөрсөн, аюулхайн орчим 12-13 см урт5-6 см, баруун гар нь 3х4 см, 19х10 см, зүүн гар нь мөрнөөс доош гадна хэсгээр нэлэнхүйдээ хөхөрсөн, хоёр өвдөг тойрсон хөхрөлттэй байсан. Баруун гарын тав дугаар хурууны дөрөв дүгээр үеэр эмзэглэлтэй болохыг эмнэлгийн тэмдэгээр баталгаажсан цаасан дээр үзлэг хийсэн тухай тодорхойлолт бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.Хүүбаатарын: “... Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед төрсөн ах Амарсанаагийн гэрт очиход ах маань хүнд зодуулсан бололтой нүүр ам нь хавдчихсан хоёр нүд нь таглагдчихсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Бямбацогийн гэрт Мэндээтэй архи ууж байгаад зодуулсан гэж хэлсэн. Мэндээг одоогоос 10 жилийн өмнөөс танидаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Бямбацогын: “....Мэндбаяр надад хэлэхдээ “Амарсанаа гэрт ирж бид хоёр архи ууж юм ярьж байгаад савтай барашка асгахаар нь энийгээ цэвэрлэхгүй бол айлын гэр муухай болгочихлоо цэвэрлэ гэж хэлсэн. Тэгэхэд Амарсанаа ах би цэвэрлэхгүй чам шиг айлын зарц барлаг хийгээд явдаггүй өөрөө цэвэрлэ гэж хэлэхээр нь уур хүрээд зодчихсон юм” гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн “...Э.Амарсанаагийн биед тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, цээж, хэвлий, хоёр гар, өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 25-р хуудас/

Хохирогч Э.Амарсанаагийн гэмтлийн фото зураг /хавтаст хэргийн 28-33-р хуудас/

Хохирогч Э.Амарсанаагийн өвчний түүх /хавтаст хэргийн 35-43-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44-р хуудас/

Өмнөговь аймгийн Малай сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 45-р хуудас/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрэн сурвалжлуулах зарлал /хавтаст хэргийн 46-р хуудас/

Хохирогч Э.Амарсанаагийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 75-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Мэндбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын Бумбатын бууц гэх газар Э.Амарсанаатай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Э.Амарсанаагийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.Амарсанаагийн            “...Нэг сэрэхэд миний толгой дээр архины шил бутартал хагарахаар нь босож ирэхэд Мэндээ толгой руу цохиж, нэг гартаа хутга барьж нөгөө гартаа галын дэгээ төмөр бариад цохиод байсан. Би тухайн үед Мэндээ ахын гарт байсан хутгыг түлхээд биеэ хамгаалахад галын дэгээгээр миний гар болон бие рүү цохиод байхаар нь дээлээ аваад гэрээс нь гараад өөрийнхөө гэрлүү машин зам дагаж алхаад харьсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Цогнямын: “...Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед ажлаа хийгээд байж байтал манай аавын төрсөн дүү Хүүбаатар ах над руу залгаад “Амарсанаа ах хөдөө гэртээ Мэндбаяр гээд Бямбацогийн малчинд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад гэрийнхэндээ мэдэгдэж хөдөө аавынхаа гэр рүү 17 цагийн үед яваад 19 цагийн орчимд очсон. Очоод аавыг машиндаа суулгаад зөөлөн явсаар 00 цагийн үед Сум дундын эмнэлэгт ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ө.Наранбатын: “ ....2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Э.Амарсанаагийн биед үзлэг хийсэн. Э.Амарсанаа хүнд зодуулсан гэх ба нүүр нь хавдар ихтэй, хоёр нүд хөхөрсөн, уруулын дотор талд язарсан шархтай, цээжний урд хэсэг 2-3 хавдрын түвшинд 2х3 см хөхөрсөн, аюулхайн орчим 12-13 см урт5-6 см, баруун гар нь 3х4 см, 19х10 см, зүүн гар нь мөрнөөс доош гадна хэсгээр нэлэнхүйдээ хөхөрсөн, хоёр өвдөг тойрсон хөхрөлттэй байсан. Баруун гарын тав дугаар хурууны дөрөв дүгээр үеэр эмзэглэлтэй болохыг эмнэлгийн тэмдэгээр баталгаажсан цаасан дээр үзлэг хийсэн тухай тодорхойлолт бичиж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.Хүүбаатарын: “... Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед төрсөн ах Амарсанаагийн гэрт очиход ах маань хүнд зодуулсан бололтой нүүр ам нь хавдчихсан хоёр нүд нь таглагдчихсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Бямбацогийн гэрт Мэндээтэй архи ууж байгаад зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Бямбацогын: “....Мэндбаяр надад хэлэхдээ “Амарсанаа гэрт ирж бид хоёр архи ууж юм ярьж байгаад савтай барашка асгахаар нь энийгээ цэвэрлэхгүй бол айлын гэр муухай болгочихлоо цэвэрлэ гэж хэлсэн. Тэгэхэд Амарсанаа ах би цэвэрлэхгүй чам шиг айлын зарц барлаг хийгээд явдаггүй өөрөө цэвэрлэ гэж хэлэхээр нь уур хүрээд зодчихсон юм” гэж байсан” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн “...Э.Амарсанаагийн биед тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, цээж, хэвлий, хоёр гар, өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Мэндбаяр нь 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч С.Мэндбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцож, түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тооцож түүнд баривчлах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн хувьд Иргэний хуулийн 497 дугааар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Амарсанаагаас нийт 1,500,000 төгрөг нэхэмжилснээс 707,641 төгрөгийг буюу асарч сувилахтай холбогдсон зайлшгүй зардал гэж үзэн Э.Амарсанаагийн худалдан авсан эм, тарианы зардлыг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэн үлдсэн 792,359 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Мэндбаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн 44 см урт, 8.5 см мурийлган тахийлгасан иштэй, үзүүр хэсэг нь 6 см мурийлгасан галын дэгээ төмөр 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Сүндгээгийн Мэндбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар С.Мэндбаярыг 2 /хоёр/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.Мэндбаярт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. С.Мэндбаяр нь цагдан хоригдсон 1 /нэг/ хоногтой бөгөөд түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн 44 см урт, 8.5 см мурийлган тахийлгасан иштэй, үзүүр хэсэг нь 6 см мурийлгасан галын дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Мэндбаяраас 707,641 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Амарсанаад олгож, 792,359 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мэндбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүдэгч С.Мэндбаярын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдлүүлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мэндбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА