Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,   

Шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат,    

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Ч-ад холбогдох 2428001890078 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:                                 

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Э.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн төвд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан М.О-тай маргалдаж, улмаар түүний зүүн шанаа, эрүү хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, эрүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ч-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Э.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрөө Даланзадгад суманд амьдардаг учир тухайн өдөр сумынхаа шинэ барилгын нээлтийн үеэр Чтай муудалцсаны дараа би Ч-аас салаад удаан уулзаагүй нутгийн ах дүү, найз нөхөдтэй уулзаж ярилцаад явсан. Наадмын талбай дээр орой 18 цагийн үед нийтийг хамарсан бүжиг болсон. Тухайн бүжиг нь дээр би Б-тэй уулзаад байж байтал Б надаас наад нүүр ам чинь ямар аймар болчихсон юм бэ, эмнэлэгт үзүүлэхгүй юм уу гэсэн. За гайгүй байлгүй дээ гээд би цаашаа явтал М надтай таарсан. Бас л надаас нүүр ам чинь аймар болчихсон байна шүү дээ эмнэлэгт үзүүлээч гэж хэлсэн. Г надтай таараад мөн ижил юм ярьсан. Ер нь тэнд байсан ихэнх хүн намайг хараад ижил утгатай зүйлс хэлж байсан бүжиг дундуур миний нүүрний хавдар улам ихсэж өвдөөд болохгүй болохоор нь би яаралтай аймгийн төвд байх гэр рүүгээ өөрийн унаж ирсэн Приус-20 загварын машинтай явсан. Оройн 21 цагийн үед гэртээ ортол эхнэр намайг хараад юу болсон юм бэ? хүн амьтантай муудалцсан юм уу? эмнэлэгт очиж үзүүлье гэхэд нь би Ч гээд нутгийн ахтай муудалцаад зодуулчихлаа. Анх хугарсан гэдгээ мэдэхгүй зүгээр хавдчихсан юм байна гэж бодоод өвчин намдаах эм ууж хавдар дээрээ хүйтэн жин тавиад 1 өдөр хэвтсэн. Гэтэл хавдар нь буухгүй улам өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэх гэтэл амралтын өдөр таарсан. Амралтын өдрийг өнгөрөөгөөд эмнэлэгт үзүүлтэл эрүүний яс чинь хугарсан байна. Улаанбаатар хотод очиж ясаа хадуул гэж хэлээд би Улаанбаатар хот явж нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлээд эргэж ирж цагдаад өргөдөл өгсөн юм...

Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн төвийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд дээр очсон. Тэгээд 11 цагийн үед байх хурдан дааганы уралдаан эхлэх гэж байсан. Би морь уяж байгаа хүмүүсийн морь уясан шон дээр очсон. Би уяа морины шон дээр очоод явж байгаад Ч-тай маргалдсан. Тэгсэн Ч намайг харааж зүхээд байхаар нь би мөн өмнөөс нь хэрэлдсэн. Ч намайг аавыгаа дуурайсан архичин эндээс зайл шон бузарлаад гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байсан чинь Ч намайг заамдаж аваад Миний зүүн шанаа эрүү хэсэгт 2-3 удаа цохиж авсан. Ч миний зүүн эрүү шанаа хэсэгт цохих үед миний эрүүний яс эвгүй дуугараад хөндүүр орсон. Тэгээд Ч намайг цохьчихоод цаашаа яваад өгсөн. Би мөн өөр тийшээ явж хүмүүстэй уулзсан. Ч намайг цохисноос хойш эрүү өвдөөд байсан болохоор тэр оройгоо аймгийн төв дээр байх гэртээ ирсэн. Маргааш нь миний эрүү хавдаад өвдөөд байхаар нь хүйтэн жин тавиад өдөржин гэртээ хэвтээд маргааш нь өвдөөд зүгээр болохгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэхэд миний эрүүний ясыг хугарсан байна нэг дэх өдөр ирж эрүүний ясны зураг авхуул гэсэн. Би Ч-тай яриад та намайг цохиод миний эрүүний ясыг хугалсан байна гэсэн чинь би чамайг цохиогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь та намайг 3 удаа цохисон гэсэн чинь Ч чи тэгээд бүх юм аа санаж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй байна. Цаашид нэхэмжлэх зүйл гарвал баримтаар нэхэмжилнэ.” (хавтаст хэргийн 26-28, 30-31 дэх тал)      

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед манай сумын шинэ бригадын нээлт болж бага хэмжээний наадам болж хүмүүс цугласан байсан. Өглөө дааганы уралдаан болсон. Би өдөр 14 цаг өнгөрөөд шинэ барилгын нээлт болж байхад нь очсон юм. Барилгын нээлт дуусаад дайллага цайллага болсон. Орой нь харин 18 цагийн үед нийтийн бүжиг болсон юм. Тэр бүжиг нь дээр би О-тай таарсан. Тэгтэл согтуу нүүр нь хавдчихсан байсан. Би харчихаад хүнд зодуулчихсан юм байхдаа гээд наад нүүр ам чинь ямар аймар болчихсон юм бэ? хурдан эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Хэнд зодуулсан юм гэтэл Ч ахтай муудалцсан гэж хэлж байсан.” (хавтаст хэргийн 36 дахь тал)  

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед Цогт-Овоо сумын Замын шанд багийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа болж байсан. Даага гараанаас гарч мордох үед Э.Ч, М.О нар нь хоорондоо маргалдаж байсан. О гэх залуу нь Чын уяж очсон дааганы хөл рүү шүлсээ хаяж, ийм даахьтай адуу явдаггүй гэх мэтчилэнгээр ярьж байхыг би сонссон. Тэгээд даага мордож араас нь дагаж байгаад даага эргэж ирэхээр нь би шууд сумын төв рүү явсан... Төрөө гэх залуу шүдлэн морь авчирчихаад дааганд мордуулна гэх ярианаас маргалдаж эхэлсэн байх, маргалдаж байгаад Ч цагдаа дуудна гээд явж байснаа О-ын дүү болох Э гэх залууг авчирсан. Тэгээд би нойл ороод ирэхэд зодолдсон гэчихсэн зогсоцгоож байсан.” (хавтаст хэргийн 37-38 дахь тал)    

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Оын зүүн талын хацар нь бараг хамартайгаа чацуу болтлоо хавдчихсан, хамар нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Би сандраад наад нүүр амаа яачихсан юм гэсэн чинь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хэнд зодуулсан юм бэ гэж асуутал настай Ч гэдэг хүнд зодуулсан гэж ярьж байсан. Маргааш нь хавдар буучих болов уу гээд 1 хоног хартал хавдар нь буухгүй яг хэвээндээ байгаад байсан. Тэгэхээр нь эмнэлэг ажиллаж эхлэхээр нь очиж үзүүлтэл эрүү нь хугарсан байна, энд эмчлэх боломжгүй, Улаанбаатар хотод очиж яаралтай эмчлүүл гээд шууд Улаанбаатар хот руу яваад нэгдүгээр эмнэлэгт очиж эмчлүүлсэн.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед манай сумын шинэ бригадын нээлт болж бага хэмжээний наадам болж хүмүүс цугласан байсан. Хөтөлбөр хуваарийн дагуу даага уралдах гэж байтал О нь цагаан өнгийн Prius-20 загварын машинтай ганцаараа согтуу машин барьж ирснээ яг миний машины хажууд ирж зогссон. Тэгээд бууж ирснээ машины хамаг гэрэл асчихлаа юундаа байдаг юм бол гэж хэлж байсан. Тэгснээ О Ч дээр очсоноо хэл амаар доромжлон адуу малыг нь өшиглөсөн. Тэгтэл Ч уурлаад 1 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд заамдаж аваад мушгиж газар унагасан. Тэр 2 хоорондоо ноцолдоод байхаар нь Баагий, Төрөө гэх хүмүүс очиж салгасан. Тэгээд морь мордох болоод бид нар салцгаасан... Би тухайн үед өөрийн машин дотор суугаад тэд нарыг харж байтал Ч О-ыг 1-2 удаа цохиж байхыг нь харсан. Гэтэл О дахиад дайраад давшлаад байхаар нь ялт ч үгүй Ч Оыг заамдаад хавирч унагасан. Тэгээд хүмүүс тэр дор нь очоод салгасан.” (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед манай сумын шинэ бригадын нээлт болж бага хэмжээний наадам болж хүмүүс цугласан байсан. Хөтөлбөр хуваарийн дагуу даага уралдах гэж байтал О сумаас Prius-20 загварын машинтай ганцаараа согтуу ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирэн Ч дээр очсоноо хэл амаар доромжлон адуу малыг нь өшиглөсөн. Тэгтэл Ч уурлаад заамдаж аваад мушгиж газар унагасан. Тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар нь бид хэд очиж салгасан. Тэгээд морь мордох болоод бид нар салцгаасан. Би Ч О-ыг цохиж байхыг нь бол хараагүй. Ялт ч үгүй Ч Оыг заамдаад хавирч унагаад газар дарж байхыг нь бол харсан.” (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед манай сумын шинэ бригадын нээлт болж бага хэмжээний наадам болж хүмүүс цугласан байсан. Хөтөлбөр хуваарийн дагуу даага уралдах гэж байтал манай сумын О гэх ах цагаан өнгийн Prius-20 загварын машинтай ганцаараа согтуу машин барьж ирснээ Б, Д хоёрын машины хажуугаар ирж зогссон. Бид хэд нээлт дууссаны дараа Даагаа эмээллэж байхад О ах Ч ах дээр очсоноо хэл амаар доромжилж үгээр идэж байсан. Тэгтэл Ч уурлаад 1 удаа цохиод, заамдаж аваад мушгиж газар унагасан. Тэгэхээр нь бид хэд очиж салгаад даага уралдах бариа руу явсан. Би тухайн үед өөрийн машин дотор суугаад тэд нарыг харж байтал Ч О-ыг 1 удаа цохиж байхыг нь харсан. Гэтэл О дахиад дайраад давшлаад байхаар нь ялт ч үгүй Ч О-ыг заамдаад хавирч унагасан. Тэгээд хүмүүс тэр дор нь очоод салгасан.” (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.О-ын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал)

М.О-аас Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 16-21 дэх тал)            

Хохирогч М.О-ын хүсэлт (хавтаст хэргийн 102 дахь тал)

Хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 103 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 106 дахь тал)

Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 12 дугаартай санал (хавтаст хэргийн 109-110 дахь тал)

Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 12 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 107-108 дахь тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ч-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн танилцуулсан үйл баримт, дүгнэлт, ялын санал дээр нэмж өөрчлүүлэх санал байхгүй. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа чирэгдэл, төвөг учруулаагүй. Хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж уучлалт гуйсан...гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн төвд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан М.О-тай маргалдаж, улмаар түүний зүүн шанаа, эрүү хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь эрүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.         

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ча-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28, 30-31 дэх тал), гэрч С.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрч А.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), гэрч Б.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч Л.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Х.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), гэрч Ш.Т-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), М.О-ын Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 16-21 дэх тал), Хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                      

Шүүгдэгч Э.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын биед эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.             

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Ч, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Ч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын биед эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасагт “...Э-ийн Ч нь миний эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 3,950,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн уучлал гуйсан тул одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” (хавтаст хэргийн 102 дахь) гэх хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 103 дахь тал) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 3,950,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.          

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Ча-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцоод орж ирж байгаа учраас нэмж хэлэх санал, хүсэлт байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч Э.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.      

Шүүх шүүгдэгч Э.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ча-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ча-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-т 3,950,000 (гурван сая есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ча-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ча-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ча-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-т 3,950,000 (гурван сая есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ча-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                   

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ