| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ц.С,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Ц-ийн С-д холбогдох 2528000000075 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Караоке хаус”-ын баруун талд буюу хуучин Музейн барилгын зүүн талд байсан гээгдэл эд хөрөнгө болох Ө.Д-ын эзэмшлийн саарал өнгийн “Samsung Galaxy S24” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.С-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...тухайн газар хүн хүргэж өгөөд явж байгаад шороон дээр хэвтэж байсан утсыг олсон. Тухайн газар олон камер байсан учраас камер шүүгээд намайг олоод ирэх байх гэж бодсон. Би утастайгаа сайн харьцаж чадахгүй учраас фейсбүүк дээр зар тавиагүй гэдгээрээ хэрэгт холбогдож байгаа. Бусдаар тухайн утсыг хүний кармагаас аваагүй, энд тэнд тавиатай, албан байгууллагад байхад нь аваагүй. Би тэгээд гэртээ аваачаад орхисон байсан. Нөхөр эзгүй, хүүхдүүд оюутан би гэртээ ганцаараа байдаг. Би өөрөө зар тавьж чадаагүй. Утсаа сурсан хүн байна уу гээд зар хараад байсан. Хайхрамжгүй үйлдлээсээ болж ийм хэрэгт холбогдсон. Миний эзэмшилд байсан нь үнэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Да мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найзуудын хамт гэрээсээ 00 цагт гараад “Караоке хаус”-д ороод 2 цаг 30 минут орчим дуулчхаад гараад эхнэрийн хамт таксигаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй тухайн үед хаана хаясан гээсэн талаараа мэдэхгүй, сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн саарал өнгийн “Samsung Galaxy S24” загварын гар утсыг 2024 оны 11 дүгээр сарын 18-нд Өмнөговь аймгийн “РС молл”-оос дөрвөн сая долоон зуун мянган төгрөгөөр шинээр нь авч байсан ямар нэгэн сэв зураас байхгүй шинэ гар утас байсан. Би тухайн гар утсанд зах зээлийн үнэлгээ гаргуулна. Би суусан таксины дугаарыг мэдэхгүй байна. Надад тухайн гар утасны ІМЕА дугаар байгаа тул шалгаж өгнө үү. Би тухайн гар утсаа олох зорилгоор Fecbook хаягаар Өмнөговь аймгийн бүх л зарын группт “Samsung Galaxy S24” загварын гар утас алга болгосон тул олж өгсөн хүнд шагналтай гэсэн агуулга бүхий зар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тавьсан байсан. Тэгээд гар утас засварладаг газруудаар “Samsung Galaxy S24” загварын гар утасны код тайлуулах гэж хүн ирсэн үү? ирсэн бол энэ дугаар pyy холбогдоорой гэж өөрийн гар утасны дугаараа өгсөн. Би цагдаагийн байгууллагад хандсан байсан юм. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 20-ны үеэр цагдаагаас намайг дуудаад миний гар утсыг хүлээлгэж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ӨмЦ-25-50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Samsung Galaxy S24 загварын гар утас 2025 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 1,480,000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-33 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)
Эрүүл мэндийн даатгалын төлөлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Караоке хаус”-ын баруун талд буюу хуучин Музейн барилгын зүүн талд байсан гээгдэл эд хөрөнгө болох Ө.Д-ын эзэмшлийн саарал өнгийн “Samsung Galaxy S24” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Да мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ӨмЦ-25-50 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-33 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ц.С-гийн дээрх бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.С-гийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй ч гар утсыг хүний халааснаас эсхүл албан байгууллага байхад нь аваагүй, цахим сүлжээ ашиглаж сураагүйн улмаас олсон гар утсыг олон нийтийн сүлжээнд тавьж чадаагүй учир хэрэгтэн болж байна гэх агуулгатай тайлбарыг гаргав.
Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн үед Ө.Д-ын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох саарал өнгийн “Samsung Galaxy S24” загварын гар утсыг олсон атлаа холбогдох байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, 116.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Э-д хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж гээгдэл эд хөрөнгөтэй холбоотой иргэний үүргийг хуульчилсан.
Шүүгдэгч Ц.С нь бусдын эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг олсон атлаа дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хохирогч Ө.Да нь Цагдаагийн байгууллагад хандсаны дагуу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль, хяналтын байгууллагын тусламжтайгаар гээсэн эд хөрөнгөө олж авсан үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгчийн тайлбарыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Да мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2025 оны 03 дугаар сарын 20-ны үеэр цагдаагаас намайг дуудаад миний гар утсыг хүлээлгэж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 10-11 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.С-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.С-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Да-д “Samsung Galaxy S24” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Да-д “Samsung Galaxy S24” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ