Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2022/00322

 

 

 

 

 

 

2022 05 24 153/ШШ2022/00322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох,

Гэм хорын хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.*******т зодуулан эрүүл мэндээрээ хохирч 10 хоног эмнэлгээр эмчлүүлэн дахин үргэлжлүүлэн гадуур эмчилгээнд 10 хоног эмчлүүлж, 100,000 гаруй төгрөгөөр шингэн эм авч уусан. Одоо 13А маягтаар Улаанбаатар хотод явж эмчлүүлэх гэтэл зардал мөнгөгүй, эм авч чадахгүй байгаа учир эмчилгээний мөнгө гаргуулж өгнө үү... гэжээ.

...Би 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би хот явж эмчлүүлэх гээд 13А маягт аваад явж чадахгүй байгаа. Би энэ хүнээр зодуулчхаад эмчилгээнд явсаар байгаад группээсээ хасагдсан. Группээ сунгуулаад зээл аваад эмчилгээнд явах гэсэн боловч чадаагүй. Эмчилгээнд явах мөнгө байхгүй. Тархи толгой байнга өвдөөд, нойр хүрэхгүй байгаа. 1,000,000 төгрөг гаргаж өгөхгүй бол би энэ хүнээс хэзээ ч салахгүй. Надаас уучлалт гуйгаагүй. Намайг аймаар доромжилсон. Би маш их гомдолтой байна. Би 100 гаруй мянган төгрөгөөр шатаад бие хаа өвдөөд таг байна. Би энэ хүнээс болж маш их хохирч байна. Эм тариа авахаас гадна 500,000-600,000 төгрөгөөр нүүж байна. Энэ айлтай ойрхон байж байгаад холдоод явсан... Эм тариа авсан, хувийн эмнэлэгт хэвтсэн зардал 1,000,000 төгрөг нэхэмжилж байна, Улаанбаатар хот руу явахад өөр зардал гарна... гэв.

2. Хариуцагч Д.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. С.******* нь надад зодуулаад тархи нь доргисон болохоос биш өөр биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Би нэхэмжилж байгаа мөнгийг өгч чадахгүй. Миний амьдрал муу. Би ганцаараа өнчин хүүхэдтэйгээ амьдардаг. Миний залуу аваарт орчихсон. Би өвчтэй зовлонтой байгаа С.*******од 1,000,000 төгрөг өгч чадахгүй би өөрийгөө яая гэж байна.... гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Д.******* нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ С.*******, Д.******* нар нь хувийн таарамжгүй харцааны улмаас харилцан бие биедээ гар хүрч бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь үнэн байна. Энэ нөхцөл байдалд миний бие шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг дагалдан хэргийн үнэн зөв гаргасан шийдвэрийг үндэслэн үзнэ гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн *******ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн 000658 дугаартай эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол, БОЭТ-ийн амбултораир эмчлүүлэгчдийн карт, эм тариа авсан НӨАТ-ын баримтууд 5 хуудас, Тархины цахилгаан бичлэгийн хариу, энгийн эмийн жор, НӨАТ-ын баримт, амбулториор эмчлүүлэгчдийн картын эх хувь, компьютер томогрфикын зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлээс 79,710 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 920,290 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хохирогч С.******* би 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Д.*******т зодуулж, эрүүл мэндээрээ хохирч, 10 хоног эмнэлгээр, дахин үргэлжлүүлэн гадуур эмчилгээнд 10 хоног эмчлүүлж 100,000 гаруй төгрөгөөр шингэн эм авч ууж, одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа ба 13А маягтын дагуу Улаанбаатар хот явж эмчлүүлэх гэтэл зардал байхгүй учир эмчилгээний мөнгө 50,000-1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.1. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...Ирээдүйд гарах зардлаа хариуцагчаас тусад нь нэхэмжлэх болно, харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авсан зардал 1,000,000 төгрөгийг гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...С.******* надаар зодуулаад тархи нь доргисон болохоос биш, өөр биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 20,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд, С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******ийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт охиныхоо нүүрс хулгайлсан хэмээн хэл амаар доромжилж харьцсанаас үүдэн хохирогч С.*******ыг хогийн шүүр болон үнсний хутгуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн болох нь, хариуцагч Д.******* нь өөрийн гэм буруугийн талаар маргаж шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-11-р тал/

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс эм тариа худалдан авсан мөнгөө гаргуулна гэж, хариуцагчаас С.*******ын тархи нь доргисон болохоос биш, өөр биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй тул мөнгө төлөхгүй гэж тус тус маргана. Харин С.*******ыг зодсон, мөн зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан, хариуцагч Д.******* нь эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр татагдаж шийтгүүлж байсан талаар зохигчид маргаагүй болно.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

  6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч түүний биед гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн улмаас байнга толгой өвдөнө, хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр миний эм тарианд хэрэглэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мөнгийг тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

  6.2. Хариуцагч Д.******* нь эрүүгийн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч түүний үйлдлийн улмаас түүнд ноцтой хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

  6.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-д гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан байх шинжээр тогтооно гэж заасан байх ба нэхэмжлэгч С.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч С.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Д.*******ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй.

  7.1. Нэхэмжлэгч С.******* нь 2,200 төгрөг, 15,350 төгрөг, 850 төгрөг, 30,600 төгрөг, 14,700 төгрөг, 16,010 төгрөгөөр тус тус эмийн сангаас эмчийн жороор эм худалдан авсан нийт 79,710 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдож байх тул 79,710 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /хх-ийн 13, 14, 34 дүгээр тал/

7.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

7.3. Харин нэхэмжлэлээс тархины компьютерт томографийн шинжилгээ болон тархины цахилгаан бичлэг хийлгэсэн, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 300,000 гаруй төгрөгийн зардал гарсан гэх боловч баримтаар 79,710 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс 920,290 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.4. Түүнчлэн, нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зарим зардлыг эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлүүлсэн гэснийг дурдах нь зүйтэй.

8. Иргэдийн төлөөлөгч өөрийн гаргасан дүгнэлтдээ Нэхэмжлэгч С.******* Д.******* нар нь хоорондын маргаан даамжирсны улмаас харилцан бие биедээ гар хүрч бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь үнэн байна. Энэ нөхцөл байдалд миний бие шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг дагалдан хэргийн үнэн зөв гаргасан шийдвэрийг үндэслэн үзнэ гэх дүгнэлт гаргасан боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.*******ээс  нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн 79,710 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******ээс 79,710 /далан есөн мянга долоон зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 920,290 /есөн зуун хорин мянга хоёр зуун ер/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Д.*******ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Б.РАУШАН