| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Хохирогч Ц.М,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Б.Д,
Гэрч П.Б /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............. оны .......дугаар сарын ..........-ны өдөр ........аймгийн ...........суманд төрсөн, ..........настай, ........тэй, ..........боловсролтой, мэргэжилгүй, ............, ам бүл-8, эхнэр 6 хүүхдийн хамт ..........аймгийн ......сумын ...............багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ................регистрийн дугаартай, Х овогт Б-ын Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө ......... аймгийн .............сумын ............багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт хохирогч Ц.М--ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.М*-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Д-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө ......... аймгийн .............сумын ............багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт хохирогч Ц.М--ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.М*-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд нь:
Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би .........аймгийн .....сумын .........баг ..........гэх нэртэй газарт ганцаараа мал малладаг юм. Тухайн үед манай гэрт 2024.10.01-ний шөнийн 03 цагийн үед хөдөө гэрт Д, С нар ирсэн. Манай гэрт 2 хуванцар савтай “Сэнгүр” гэх нэртэй 2 литрийн пиво, 2 шил архитай ирэхээр нь хувааж уусан. Тэгээд бид гурав миний эзэмшлийн машин болох ...........улсын дугаартай цагаан өнгийн ..........маркийн тээврийг хэрэгслийг С жолоодон гэрийн гаднаас хөдөлсөн. Чулуутын гармаар гарах гэтэл С миний машиныг гарамд суулгасан. Тэгээд машинаа гарамаас гаргаж чадаагүй. Тэгээд буцаад бид 3 манай гэрт очсон. Тэгэхэд С гэр рүү ороод орон дээр хэвтсэн. Би Д*-тэй машин гарамд суулгасан, машиныг гаргах талаар ярилцаж байгаад түүнтэй маргалдах үед Д миний баруун хацар руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тухайн үед би Д-ийн хамт гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Түүний дараагаар С босоод ирсэн. Тухайн үед би Д-ийг цохисон зүйл байхгүй. Миний хацар руу Д нь гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үеийн асуудлыг би болон Д мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх 8/,
Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нар жаргах дөхчихсөн байх үед намайг гэртээ байхад Д манай гэрт орж ирээд намайг дээшээ өгсөөд мал харчхаад ирье гэхээр нь би түүний хамт явсан. Тэгээд замаараа буюу З аймгийн Т сумын Б баг Ч-ын гарам гэх нэртэй газарт байх М гэх айлд шөнийн 03 цагийн үед очсон. Тэнд 2 ширхэг 2 литрийн хэмжээтэй “Сэнгүр” гэх нэртэй пивыг М, Д нарын хамт уусан. Тэгээд тэндийнхээс Ч-ын гармаар гарч болох уу гэхэд болно гэж хэлэхээр нь би М-ийн машиныг жолоодон Ч-ын гармаар гарах үед суулгасан. Тэндээсээ буцаад М-ийн гэр рүү явсан. Тэднийд очоод би орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд Д дуудахаар нь би сэрээд юу болсон талаар асуухад М-ийг нүүр рүү нь ганц алдагдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 16/,
Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Ц.М-ийг манай “..” шүдний эмнэлгээр үйлчлүүлж байсан. М нь 11 сард гэж санаж байна. Шүдээ гэмтээгээд ирсэн. Надад цохиулаад булгарч унасан гэж ярьсан. Нийт 4-5 удаа ирж эмчилгээг дуусгасан. Циркон бүрээс хийлгэсэн, үүдэн 4 шүд хийлгэсэн. Төлбөр нь 4,100,000 төгрөг болсон. Түүний амны хөндийн гэмтэл цохилтын улмаас гэмтэл авч 11-р шүдний гэмтлийн улмаас 21-р шүд сурвалжийн ороод үрэвслийн шүд үүсэж шүд хөдөлгөөн орсон байсан. 11 шүүд гэмтсэн байгаа. 11-р шүдтэй болгохын тул заавал 12-р, 21-р шүдэн дээр тулгуурлах ёстой мөн 22-ыг бас тулгуурлан хамтад нь хийх шаардлагатай болсон. 1 шүд гэмтэл учирсан байхад 4 шүдэнд заавал эмчилгээ хийх заалттай. 11 дүгээр буюу 1 ширхэг шүдээ хүнд цохиулж гэмтэл авахад түүний ойролцоох шүднүүд буйл болон амны хөндийн ойролцоох хэсгүүдэд уг цохилтоос улбаалж гэмтэл үүсэх боломжтой. Холбоотой 21-р шүдний мэдрэл гэмтсэн учраас заавал мэдрэлийг авч бүрээс хийх шаардлагатай. Цоорсон, удаан хугацаанд явсан, мэдрэл өрөвсөн шүдэнд сувгийн эмчилгээ хийнэ. Мөн цохилт доргилтын мэдрэл гэмтэж үхэжсэн тохиолдолд сувгийн эмчилгээг хийнэ. Манай эмнэлгийн нэр “.....” компанийн нэр “....” гэсэн нэртэй. ...Тооцооны хуудсанд бичигдсэн эд зүйлд эмчилгээнд хэрэглэгдсэн багаж тоног төхөөрөмж байгаа. Мотор гэж сувгийн эмчилгээнд хэрэглэгддэг сувгийг цэвэрлэх, эмчлэх багаж тоног төхөөрөмж. Цилкон бүрээс нэг шүдэнд хийх гэхээр тэр шүд нь уначихсан. Зэргэлдээх 2 шүдэнд гэмтэл учирсан байгаа. Гэтэл 21, 22 дугаар шүдэнд доргилт үүсчихсэн байгаа учир цилкон бүрээс хийхээс өөр аргагүй. 11 дүгээр шүд булгарч унасан. 21, 22 доргилтын улмаас гэмтэл авч мэдрэл нь гэмтсэн байгаа учраас эмчилгээ хийхээс өөр аргагүй. 4,000,000 гаран төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Бэлнээр төлсөн. 3 төрлийн сонголт байсан. 1 дүгээрт имплант, 2 дугаарт авагддаг тагнаатай шүд хийлгэж болно. Хэрэв 11 дүгээр шүдэнд тагнаатай авагддаг шүд хийх юм бол нөгөө доргисон гэмтэл авсан 2 шүдийг авч үлдэхийн тулд дахин цилкон бүрээс хийж, эмчилгээ хийх байсан. Ц.М манай эмнэлэгт хандахдаа өөрийн шүдийг цохиулаад унагаасан учир авагддаггүй шүдтэй болно гэж хандсан. Цилкон хийхээр 11 шүдтэй болох байсан доргилт авсан 2 шүд дахин эмчилгээ шаардлагатай байсан учир хамгийн зөв сонголт нь цилкон бүрээс байсан. Цохилтын улмаас буйл хавдсан, 2 шүд хөдөлгөөн орсон байсан. Сувгийн эмчилгээ хийгээд эмчилгээний дараа хөдөлгөөн хязгаарлагддаг. Доргилтын улмаас хажуугийн шүдний мэдрэл үхэжсэн учраас эмчилгээ хийх шаардлагатай. Харахад шүд бүрэн бүтэн байгаа. Цорол үүсээгүй байгаа. Доргилтын улмаас шүдний сурвалж хөдлөх, мэдрэл гэмтэл үүсдэг. Сурвалжийн оройноос өрөвсөл үүсэж байгаа энэ нь цохилтын улмаас үүссэн байдаг. 11 дүгээр шүдийг тогтоохын тулд цилкон бүрээс хийж байгаа, мөн дээрх шүднүүд нь гэмтэл авсан байсан учир эмчилгээ хийж цилкон бүрээс хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 125-127/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц-ийн М нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 160,996 төгрөгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. ...Гэмт хэргийн улмаас иргэн Ц-ийн М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 160,996 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 14/,
.............аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ............сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С*-рын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000............ дугаартай “...Ц.М-ийн эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт хохирол тогтоогдлоо. Ц.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд байна. Баруун дээд 1 дүгээр шүдний булгарал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт, бусад хохирлууд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 42.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги 10% нөлөөлөх тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 26-28/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар ............. аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ............дугаартай “............аймгийн ..............л сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн .......... дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Ц.М-ийн биед учирсан дээд шүдний баруун талын 1 дүгээр буюу 11 дүгээр шүдний уналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Ц.М-ийн баруун дээд 1 дүгээр шүд нь дэлхийн эмч нарын холбооны тооллын системээр 11 дүгээр шүд юм (гэрэл зураг 01). Шүдний үзлэг хийхдээ байршлыг энэхүү тооллын систем нь үүдэн шүднээс эхлэн 1-8 гэсэн тоогоор дугаарлана. Байнгын шүдний амны хөндийн байршлыг 1-4 гэсэн тоогоор илэрхийлнэ. Жишээ нь дээд шүдний баруун талыг 1 буюу 11-18, зүүн талыг 2 буюу 21-28, доод шүдний зүүн талыг 3 буюу 31-38, баруун талыг 4 буюу 41-48 гэсэн эхлэлтэй байна. Хохирогчийн дээд шүдний баруун талын 1-2 буюу 11-12 дугаар шүд, дээд шүдний зүүн талын 1-2 буюу 21-22 дугаар шүд юм. Ц.М*ийн биед учирсан дээд шүдний баруун талын 1 буюу 11 дүгээр шүд унасан нь түүний ойролцоох шүднүүд, буйл хэсэг, дээд шүдний зүүн талын 1 буюу 21 дүгээр шүд, буйл хэсэг үрэвсэл үүсэх боломжтой. Хүний шүдний гадна талын паалан хэмээх хатуу эд элэгдэж, үрэвсэж, хорхойд идэгдсэний улмаас шүдний сувагт байх зөөлөн эд халдвар авч үрэвсэл үүсч, хүчтэй өвдөлт өгдөг учир сувгийн эмчилгээ хийх шаардлага гардаг. Мөн хорхой идсэн шүдэнд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай. Ц.М-ийн биед учирсан дээд шүдний баруун талын 1 буюу 11 дүгээр унасан шүдний оронд хиймэл шүд суулгах, холбогдох эмчилгээ хийх, бусад шүд болон буйл хэсэг гэмтсэн, үрэвсэл үүссэн шүдэнд эмчилгээ хийхгүй байх үед бүрэн эдгэрэхгүй...” гэсэн дүгнэлт /хх 132-135/,
Хүний их эмчийн Б.Т-гийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...Ц*ийн М 000 настай, -эй, 2024 оны 10 сарын 1-ний өглөө 08 цагийн үед хүнд цохиулж 1 шүд унасан гэв. Үзэхэд нүүрний тэгш хэм хэвийн, дээд үүдэн шүд буюу 11-р шүд булгарч унасан. Буйл шүдний орон эдгэрээгүй. Шинэ шархтай. Бусад шүднүүд 12, 21-р шүднүүдийг тогшиход эмзэглэлгүй. Цаашид авагддаггүй шүдэлбэр хийлгэх...” гэсэн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас /хх 23-25/
“Цогц наран” шүдний эмнэлгийн шүдний эмчилгээний карт дахь мэдээлэл /хх71-72/,
Нүүр амны их эмч П.Б-лын “...Ц-*ийн М 2024 оны 11 сарын 30-нд эмнэлэгт хандсан. Нүүр амны эмчийн үзлэгээр хүнд цохиулсны улмаас 11-р шүд буюу хоншоорын төвийн үүдэн шүд гэмтэл аван булгарч мултарч унасан байв. Буйл салст, түүшин яс нь шимэгдсэн гоо сайхны хувьд үүдэн шүд онгойсон байдалтай байв. Мөн 11-р шүдний зэргэлдээх 21-р шүдний мэдрэл доргилтын улмаас мэдрэл нь үхэжсэн зөөлцийн цахилгаан мэдрэг чанарт хариу урвал үзүүлэхгүй, рентген зурагт шүдний оройн үрэвслийн сүүдэртэй тул зэргэлдээх 21, 22-р шүднүүдэд сувгийн эмчилгээг хийнэ, мэдрэл судасны багцыг нь авч цэвэрлэн эмчилгээ хийв. Сувгийн эмчилгээнд орсон шүд зажилтын буюу хазалтын даралт даах чадваргүй болсон байдаг тул бүрээс хийх заалттай бөгөөд 11-р шүдний хоосон орон зайг шүдтэй болгохын тул зэргэлдээх 2-3 шүдэн дээр тулгууртай гүүрэлсэн шүдэлбэр хийж 12-22-р шүднүүдэд буюу 4-н үүдэн шүдэнд гоо сайхан болон хазайлтын даралтыг хадгалж үлдэх заалттайгаар 4-н үүдэн шүдэнд бүрээс хийв...” гэсэн эмчилгээний тайлбар /хх 113/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би М- ийн нүүрэн тус газарт алгадсан. Намайг алгадахаас өмнө нүүрэнд нь ямар нэг гэмтэл цус болоогүй байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул нотлох баримтаар үнэлэв.
Харин шүүгдэгч Б.Д-лийн “...Эхлээд Ц.М дүүтэйгээ маргалдаад хоорондоо муудалцаад байхаар нь би болиулсан. Эхлээд Ц.М-ийг дүү нь цохиод, дараа нь А.С цохисон. Би цусыг нь тогтоож өгсөн...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн шүүгдэгч Б.Д нь энэ мэдүүлгээ “...Би М*-ийн нүүрэн тус газарт алгадах нүүрэнд нь ямар нэг гэмтэл цус болоогүй байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэж няцаасан болно.
2. Шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Д-ийн хохирогч Ц.М-ийн нүүрэн тус газарт цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
4.1. Хохирогч Ц.М нь шүдний эмчилгээ хийлгэсний зардал 4,400,000 төгрөг, бусад зардал хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн …эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан …хиймэл эрхтэн хийлгэх, …зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Ц.М нь шүүгдэгч Б.Д-ийн цохилтын улмаас 11 дүгээр шүд булгарч унасан бусад хажуу талын шүдэнд цохилтын улмаас үрэвсэл үүсэж эмчилгээ хийлгэж шүд суулгасан циркон бүрээс хийлгэж нийт 4,400,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь Ц эмнэлгийн эмчийн “...11, 21, 12, 22-р шүд циркон бүрээс хийх заалттай, хажуугийн үүдэн шүд мэдрэл үхжиж хөдөлгөөн орсон. Циркон бүрээс 4х900,000=3,600,000 төгрөг, сувгийн эмчилгээ 2х250,000=500,000, түр шүд 160,000 төгрөг, шүдний хэв авалт 80,000 төгрөг, R-40,000, kj-60,000 төгрөг нийт эмчилгээ 4,400,000 төгрөг...” гэсэн төлөвлөгөө болон тооцооны хуудас, төлбөр төлсөн баримтаар тус тус тогтоогдож байна.
Мөн хохирогч нь бусад зардалд баримтаар хавтаст хэргийн 73 дугаар талд нийт 11 ширхэг 373,367 төгрөгийн баримтыг нотлох баримт авагдсан байна.
Үүнээс эм тариа авсан 34,500 болон ::::::явсан тээврийн зардлын 64,600 төгрөгийн 2 ширхэг нийт 99,100 төгрөгийн баримт нь шүүгдэгч Б.Д*-ийн үйлдэлтэй хамааралтай байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д*ээс эмчилгээний зардал 4,400,000 төгрөг, бусад зардал 99,100 төгрөг нийт 4,499,100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М*д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.
Хохирогчийн 5 ширхэг нийт 180,967 төгрөгийн шатахууны зардал гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Д-д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч шатахууны зардалтай холбоотой бусад нотлох баримтуудыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл ямар зорилгоор шатахуун авч хэрхсэн болох нь тодорхойгүй байна.
Хохирогч нь юу авсан болох нь тодорхойгүй 40,600 төгрөг, дэлгүүрээс хүнс авсан 21,200, 15,000, 16,500 төгрөгийн баримтууд нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй байх тул бусад зардал 113.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 160,996 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилжээ.
Хохирогч Ц.М нь шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийн улмаас шүдний эмчид үзүүлж яаралтай тусламж үйлчилгээ авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас, шүдний эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх23-25/
Шүүгдэгч Б.Д-ээс 160,996 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-ээс эмчилгээний зардал 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, бусад зардал 99,100 /ерэн есөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.М-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.М-ийн хүнсний зардалд 113,300 /нэг зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шатахууны зардал 180,967 /зуун наян мянга есөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Д*-д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 160,996 /зуун жаран мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Д*ээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгосугай
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ