Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ут холбогдох 2524000000023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оршин суух хаягтай, Ө овогт Д.У, регистрийн дугаар,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.У нь хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Д.У нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр дөрвөн замын уулзвар гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Пгийн биед олон удаа гараараа цохих, зүүн гарын алга хэсгийг хазах зэргээр халдаж эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн гарын сарвууны дотор хэсэг, доод уруулын зүүн дотор хэсэгт шарх, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Б.Пгийн “...Би Завхан аймгийн Их-Уул сумаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 11 цагийн үед Уын эзэмшлийн машинтай би, У, С, Уын морь унадаг гэх Г нарын хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоотын даваа гэх нэртэй газар руу хурдан удмын их насны хонгор морь аваачиж өгөх гээд гарсан. Тэгээд хурдан удмын морио айлдаа хүргэж өгчхөөд эргээд хурдан удмын сартай бор даага ачин буцаад ирэх замдаа буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутагт байрлах 4-н зам руу буюу засмал зам руу орох гэж байхад У нь машины үрүүлийг С булаацалдаад байхаар нь Би Ут болохгүй миний хүү гэж хэлэхэд У нь миний толгой руу цохиод эхэлсэн юм. Тэгтэл машин зогссон. Дахин намайг толгой руу цохиод байхаар нь С нь болиулах гэтэл Сыг У нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд миний баруун гарын алганы дотор талыг амаараа зулгаагаад махыг нь амандаа зажилж байгаад нулимсан юм. Тэгээд бас У нь миний нүүр рүү цохих үед амны дотор талд хэгзэрсэн шарх үүсгэсэн юм. Тэндээсээ тэгээд цааш буюу Завхан аймгийн Их-Уул сум руу хөдөлсөн. Тэр үед би нэлээн халамцуу байсан. Тэгэхдээ би хийж буй үйлдлээ хянах чадвартай байсан. С, У, Уын хүүхэд Г нар тухайн үйл явдлыг харсан. Баруун гарын алганы дотор хэсгийг амаараа хазаж У миний гарт гэмтэл учруулсан. Мөн У нь гараараа олон удаа цохиж амын дотор хэсэгт хэгзлэгдсэн шарх үүсгэсэн юм. Би эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн өөрийн буруугаа У нь хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйлгуулах хүсэлтэй байна. Надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Д.У гэх залуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг 4 замын уулзвар гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүүр рүү олон удаа гараараа цохиж хамрын хянга ясны хугарал, доод уруулын зүүн дотор хэсэгт шарх, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт хохирлыг учруулсан. Зүүн гарын сарвууны дотор хэсэгт шарх хохирлыг хазаж учруулсан. Харин нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зүүн 1 дүгээр хавирганы хүзүү хэсгээр зөрүү багатай хугарал хохирлыг биедээ хэрхэн, яаж авсныг бол үнэндээ санахгүй байна. Намайг Ут хэрхэн яаж зодуулсныг С, Уын хүү Г нар сайн мэдэх байхаа. Би тухайн үед өөрөө маш их согтолттой байсан болохоороо зарим зүйлийг үнэндээ бол санахгүй байна. Гэхдээ би нүүр болон гартаа авсан гэмтлээ маш сайн санаж байна. Хавирганы гэмтлээ огт санахгүй байна. Би хавирганыхаа гэмтлээ санахгүй байгаа болохоор бас хүн хилсдүүлж магадгүй гэж бодож байна. Үнэхээр өөрөө санаж байсан бол хавирганы хугарлаа ингэж ингэж авсан гээд шууд хэлэх байсан. Би өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр нь бүгдийг нь мэдүүлж байна.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 17-18, 21-22-р хуудас/,

- Гэрч Ц.Сын “...Завхан аймгийн Их-уул сумаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 11 цагийн үед У ах хадам ахынхаа машин болох 45-19 ЗАН улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 маркийн машиныг би жолоодон хажууд П ах, У ах, түүний хүүхэд Г нарын хамт гарсан юм. Завхан аймгийн Их-Уул сумаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу хурдан морины наймаа хийхээр машин дээр хурдан удмын их насны морийг ачиж явсан. Тэгээд мориныхоо наймааг хийгээд буцахдаа хурдан удмын даагыг машиндаа ачаад наймаа хийсэн газраа очоод 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 15 цагийн үед тухайн газраас хөдөлсөн. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр 4-н замын уулзварын шовгор толгой харагдаж байхад У ах, П нар хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэр үед У ах, П ах нар машин дотор хоорондоо нудралцаад бие биеийгээ түлхээд байсан. Тэгтэл У ах машины жолооноос бариад авахаар нь би машинаа зогсоосон. Тухайн үед У ах 2 удаа жолоо булаасан. Тэр болгонд би машины тоормосыг гишгэж зогсоож байсан юм. Тухайн үед П ах У ахад хандан машины үрүүлийг барьж болдоггүй юм. Миний хүү ингэж болохгүй гэж У ахад хэлж байсан. Тэгэхэд У ах П ах нар машинаас хамт буусан. Тэгээд би бие засчхаад эргээд хартал У ах П ах нар хоорондоо бие биеийгээ цохиод барилцаад авсан. Тэгэхлээр би очоод дундуур нь ороод салгах гэтэл У ах П ахын зүүн гарыг хазаад шүлсээ хаяж байгаа мэт түй түй гэж байсан. Тэр үед У ах намайг бас нүүр рүү 5-6 удаа цохих үед би эрүүл байсан болохоор бултаад гараараа хаасан юм. Мөн тэр үед У ах П ахын нүүр рүү гараараа нэлээн олон буюу 10 гаран удаа цохиж байсныг би харсан. Тэр үед надаас өөр хүн тэр хоёрыг цохилцсоныг хараагүй. Тухайн үед У ахын хүү Г нь машины арын суудал дээр унтаж байснаа бие зассаны дараагаар сэрээд машинаас бууж ирсэн. Тэгээд би салгаад П ахын гарын цусыг нь тогтоох гэж оролдсон юм. Мөн би машиныхаа түлхүүрийг гээчхээд 30 гаран минут хайж олоод тэнд 2 цаг гаран болсон. 4-н зам орох гэж байхад утасны цагийг харахад 16 цаг өнгөрч байсан юм. Тэгээд би П ахын гарынх нь цусыг тогтоох гэж нойлын цаас болон өөрийнхөө татдаг тамхиар цусыг нь тогтоох гэж оролдоод 2 цаг шахуу болсон. Ингээд би тэр хоёрыг суулгаад засмал зам руу ороход урдаас У ахын эхнэр машинтайгаа тоссон. Тэгээд би У ахыг болон Г нарыг машинд нь суулгаж өгсөн. Тэр үед машинаас П ах буугаагүй юм. Тэгээд би шууд сумын төв рүү орохдоо эрүүл мэндийн төвийн дэргэд очсон. Очсоныхоо дараагаар П ахын хүргэн болох Э ахыг утсаараа дуудан энэ тухай хэлээд эмнэлэг дээр хүрээд ир гэсэн юм. Мөн би эхнэр болох Ү руу залгаад энэ талаар хэлэхэд эмнэлэгт оёдол тавина, гэрт оёдол тавьж болохгүй гэсэн. Тэгээд удаа ч үгүй Э ах эмнэлэг дээр ирсэн. Араас нь манай эхнэр Ү ирсэн. Түүний араас П ах эмнэлэг дээр ирсэн. Араас нь манай эхнэр Ү ирсэн. Түүний араас П ахын охин нь болох М ирээд аавынхаа гарт оёдол тавьсан юм. ...У ах П ахыг юунаас болоод цохисныг нь мэдэхгүй байна. Харин У ах П ах 2-ыг салгах гэж байхад бие биеийнхээ нүүрэн хэсэгт гараараа хүрсэн байхад У ах П ахын зүүн гарыг хазсан, хазаад түй түй гэж байсан. Мөн У ах П ахын нүүр рүү гараараа нэлээн олон удаа буюу 10 гаран цохиж байхыг харсан. Тэр үед П ах нь У ахын нүүр рүү 2-3 удаа цохиж оносныг би харсан. Мөн тухайн үйл явдлыг У ахын хүүхэд Г харсан өөр хүн тухайн үед байгаагүй юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27-р хуудас/,

Гэрч Ц.Сын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Би П ахыг сумын эмнэлэг рүү хүргэж өгөх үедээ замаараа буюу Их-Уул сум руу орох үедээ хамгийн эхэнд байрлах “О” караокед оруулан цусыг тогтоох гэсэн бодлоор орсон. Тэгтэл эхнэр болох Ү нь утсаар залгаад хаана явна гэхээр нь би одоо орж явна П ахын гарынх нь цус тогтоох гээд О караокед ирсэн байна гэсэн. Тэгтэл эхнэр тэгж болдоггүй юм гэж хэлэхээр шууд тэндээсээ гараад сумын эмнэлэг рүү очоод байж байтал эхнэр Ү орж ирсэн. ...Тэгээд л тэндээсээ шууд сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/,

Гэрч Ц.Сын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Тэр хоёр бие биеийнхээ толгой нүүр хэсэг рүүгээ гараараа цохилцоод байсан. Бие биеэ өшиглөсөн, унасан байхад дэвссэн, зодолдож байхдаа унасан зүйл байхгүй. Бие биеийнхээ нүүр рүүгээ цохилцоод байсан. П ах Д.Утай зодолдож дууссаныхаа дараа замын ховилд халтираад цээж хэсгээрээ нэг удаа унахаар нь би очиж түүнийг босгосон. Түүнээс П ахыг унасан байхад дээрээс нь дэвссэн, өшиглөсөн зүйл байхгүй. Намайг харж байхад П ах цээж рүүгээ цохиулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

- Гэрч Э.Үгийн “...Над руу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр залгаад П ахыг У ах зодчихлоо, би Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн гадаа ирсэн байна, хүрээд ирээч гэсэн. Тэгэхлээр нь би гэрээсээ гараад эмнэлэгт ирэхэд манай нөхөр С, П ах ирчихсэн байсан юм. Тэгэхэд манай эмнэлгийн сувилагч М нь П ахын зүүн гарын алга хэсэгт яаралтай оёдол тавих хэрэгтэй байна гэхээр нь би бол гарт оёдол тавьж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд М нь аавынхаа гарт нь 7-8 оёдол тавьсан. Мөн би П ахын доод уруулын дотор 3 ширхэг оёдол тавьж өгсөн. Тэгээд сумын эмнэлэгт ор байхгүй байсан учраас гэрээр эмчилгээ хийхээр болсон. Над руу 2025 оны 01 дүгээр сарын 3-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед М залгахаар би юу болсон юм бол гэж бодоод утсаа автал аавын зүрх нь сулраад, царай сонин болоод цонхийгоод байна гэхээр би очиж үзэхэд П гэх хүний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Тэгэхэд би гэрт нь шингэн сэлбэсэн, өвчин намдаах тариа, тархины хаван буулгах эмчилгээ хийсэн. Тэгээд л гэр рүүгээ буцаж явсан юм. ...Яг юунаас болсон талаар асуумжаар асуухад үзүүлэгч П нь ах нь зүгээрээ гэсэн. Үзүүлэгчийг анх үзэхэд нүүрэн хэсэг нь нэлэнхийдээ хаван хавдар болсон түүнийг У ах гараараа цохих үед үүсгэсэн. Мөн амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бас зүүн гарын алга хэсгийг нь У ах амаараа хазаж гэмтэл учруулсан байсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38-р хуудас/,

Гэрч Э.Үгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Надад иргэн Б.Пгийн биед учирсан гэх хохиролд хэн нэгэн хүн оёдол тавихыг шаардсан зүйл байхгүй. Харин манай нөхөр болох С нь П ахын бие муу байх үед нь замаараа О гэх нэртэй караокед оруулаад цусыг тогтоох гэж байна гэхээр нь би тэгж болдоггүй юм аа. Хүний биеийн байдал муу байгаа бол шууд эмнэлэг дээр ирсэн дээр гэж хэлэхэд за гэж хэлээд гарлаа гэсэн. Намайг сумын эмнэлэгт очиход тэр хэд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,

Гэрч Э.Үгийн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн “...У ахыг нь зодсон гэж л хэлсэн. Өөр тоймтой зүйл хэлээгүй. Цээж рүүгээ цохиулсан гэсэн зүйл огт яриагүй. Тухайн үед П гэх хүн их хэмжээний согтолттой байсан. Түүнээс шөнө очоод асуухад цээжээр өвдөөд байна, зүрхнээс болоод цээж өвдөөд байгаа байх л гэж хэлсэн. Түүнээс цээжиндээ гэмтэл авсан гэж хэлээгүй, цээжийг тэмтэрч үзэхэд ямар ч зовуурь, эмзэглэлгүй байсан. Ут биеийнхээ хаана, яаж, юугаар зодож цохиулсан талаараа огт хэлээгүй. Би маргааш нь П гэх хүнийг эрүүл болохоор нь асуухад нүүр, толгой руугаа цохиулж гараа хазуулсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,

- Гэрч Д.Э “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10-11 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс их насны хурдан удмын адууг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу морины наймаа хийхээр Уын машиныг С дүү жолоодон, машинд хадам аав П, У, Уын хүү Г нарын хамт хөдөлсөн юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед над руу С дүү залгаад “ирж яваад У ах П ахыг зодчихлоо, та эмнэлэг дээр хүрээд ирээч ээ” гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очих үед хадам аавын нүүр нь хаван хавдар болсон, уруулын дотор язарсан, зүүн гарын алганы хэсгээс цус гарч байсан. Тэгээд эмч Ү үзэж хадам аав Пгийн зүүн гарт оёдол хийсэн. Тухайн оёдлыг дүү Мын хамт эмч хийсэн. Тэгээд тэндээсээ сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн боловч ор байхгүй байсан учраас гэрээр эмчилгээ хийхээр болсон юм. Тэгээд хадам аавыг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэндээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 05 цаг хүртэл эхнэр М, дүү М нарын хамт асарсан. Тэгээд буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед хадам аавын царай цонхийгоод байхаар нь сумын эмч Үг утсаар дуудан эмчилгээ хийлгэсэн юм. ...Хадам аав болох Пгийн биед учруулсан гэмтлийг У гэх хүн нь зүүн гарт нь үүссэн шархийг амаараа хазаж учруулсан, нүүрэн хэсэгт үүссэн хаван хавдрыг гараараа олон удаа цохиж учруулсан гэж надад С дүү өөрөө хэлсэн. Тухайн үед У, хадам аав хоёр 2 шил архийг замдаа хувааж уусан гэж С дүү надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч У.Гын “...Би аав У, П /П/ ах, С /С/ ах нарын хамт цагаан өнгийн Бонго маркийн машинд хурдан удмын их насны морийг ачин наймаа хийхээр Их-Уул сумаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байх айл руу хүргэж өгөхөөр 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 11 цагийн үед хөдөлсөн юм. Тэгээд тухайн айлд ачиж явсан гэх морио хүргэж өгөөд буцаад нэг унагыг машин дээрээ ачаад тухайн айлаас хөдлөөд удаа ч үгүй явж байхдаа би машины арын суудал дээр унтсан байсан. Сэрээд машинаас буухад аав У, Пүрвээ ах 2 хоорондоо зодолдоод байсан. Юунаас болоод зодолдсоныг мэдэхгүй байна. П ах аавыг нүүрэн хэсэгт нь мангасдахад аав П ахын зүүн гарыг хазсан. Тэгэхэд С ах, П ахын гарынх нь цусыг тогтоох гээд хэсэг болоод тэгээд тэндээсээ хөдөлсөн. Тэгээд Тосонцэнгэл сум руу орох гэж байхад өмнөөс ээж машинтай ирж аав бид хоёрыг тоссон. ...Аав болох Уын нэг хацар нь нөгөө хацраасаа жаахан том болж хавдсан байсан. Түүнийг Пү ах гараараа цохиж үүсгэсэн. Харин П ахын зүүн гарыг аав хазаж гэмтээсэн. Нүүр хэсэг бага зэрэг хавдсан байсан. Мөн уруулын доод хэсэгт урагдсан байсан. Тухайн гэмтэл буюу П ахын биед үүссэн гэмтлийг аав У үүсгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч У.Гын 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Аав, П ах хоёр босоод зогссон байхдаа бие биеийнхээ нүүр рүү цохиод байсан. Тэр хоёр зодолдож байхдаа хэн хэн нь газарт унаагүй. Харин зодолдсоныхоо дараа П ах хоёр удаа халтирч унасан. Унахдаа дээшээ хараад нуруугаараа унасан. Тэр хоёр нэг нэгнийгээ газарт унагааж зодож цохиогүй. П ах гар хазчихлаа л гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,

- Гэрч П.М “...Над руу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед манай нөхөр Э залгаад С сая залгалаа наашаагаа ирж явахдаа У нь хадам аавыг зодсон  гэнэ. Сумын эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэнэ. Замаараа чамайг аваад эмнэлэг рүү явъя гэсэн. Тэгээд намайг манай нөхөр гэрээс аваад шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиход аав Пгийн зүүн гар хэсгээс цус гарч байсан. Нүүр хэсэг хаван хавдар болсон. Тэгээд би ааваасаа юу болов гэж асуухад Их-Уул сум руу ирж байхад У нь миний зүүн гарыг хазаад ийм болгочихлоо, гараараа цохиод нүүр ийм болгосон байна гэсэн. Тэгээд аав маань зүгээр гэж хэлээд байсан болохоор өмнөөс нь би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэст өөрийн гараар бичсэн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан юм. Ямар учраас аавын биед гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Үнэн зөвийг нь олуулах мөн У нь аавын биед учруулсан гэх гарын шархнаас цус гарч ойролцоогоор 2-3 цаг болсон учир биед нь эрсдэл үүсэх болов уу гэж бодоод өргөдөл гаргасан юм. ...Аав болох Пгийн биед учруулсан гэмтлийг У гэх хүн нь зүүн гарт нь үүссэн шархийг амаараа хазаж учруулсан гэж надад С дүү өөрөө хэлсэн. Тухайн үед У, аав хоёр замдаа буюу Их-Уул сумаас гарах үедээ нэг шил, ирэхдээ нэг шил архийг тус тус хувааж уусан гэж С дүү надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/,

- Гэрч П.Мын “...Над руу С /С/ 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед залгаад У ах Пүрэвээ ахыг замдаа явж байхдаа зодчихлоо, эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би сумын эмнэлэг дээр ирэхэд аав болох Пгийн нүүр буюу дух хэсгийн гол нэлээн хавдартай, доод уруул дотор талдаа хэгзэрсэн шархтай, зүүн гарын алганы дотор хэсгийн эрхий хурууны мах нь өм авагдсан, тухайн хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгэхлээр би ааваас юу болсон талаараа асуухад уг гэмтлийг У надад учруулсан юм гэж хэлээд зүгээрээ миний охин гээд байсан. Тэгээд Ү эмчтэй хамтран зүүн гарын алганы хэсгийн өм авагдсан хэсгийг нийлүүлэн 8 оёдол тавьсан, уруул хэсэгт 3 оёдол тавьсан юм. Эмч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн боловч сумын эмнэлгийн ор дүүрэн байсан болохоор гэрээр эмчилгээ хийхээр болсон. Тэгээд тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед аавын маань царай цонхийгоод байхаар нь Ү эмч рүү залгаад энэ тухай хэлсэн. Тэгээд эмч ирээд аавд тархины хаван бууруулах эмчилгээ, шингэн сэлбэх, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Тэгээд гэр рүүгээ буцаад явсан. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цэцэрлэг сум руу морины наймаа хийчхээд ирэх замдаа У гэх хүн нь аав болох Пгийн зүүн гарын хэсэгт үүссэн шархыг амаараа хазаж учруулсан, мөн нүүр хэсэгт үүссэн хавдрыг гараараа цохиж учруулсан гэж С /С/ надад өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/,

- Гэрч И.М “...Би Завхан аймгийн Их-Уул суманд байрлах Мөнхзул эгчийнхээ Од нэртэй караокед галчаар ажилладаг байсан. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед байх гэж бодож байна гал түлдэг өрөөндөө ганцаараа сууж байхад гаднаас П ах, Стай хамт хоёулаа орж ирсэн. П ах гараа гэмтээсэн бололтой нэг гараа юмаар дарсан байдалтай орж ирсэн. Би П ахын гэмтсэн гарыг нь нойтон салфеткаар цэвэрлэж өгсөн. П ах архи уусан байдалтай байсан. Тэгээд архи байвал ганц хундага уумаар байна гэхээр нь С архи байвал өгчих гэхээр нь би караоке руу ороод нэг шил архи авчраад П ахад 2 хундагыг хийж өгсөн. П ах гараа хэрхэн яаж гэмтээсэн талаараа надад хэлээгүй. Цагдаад битгий мэдэгдээрэй гээд байсан. Удалгүй эмнэлэг рүү аваад явсан. Манайд нээх удаагүй ойролцоогоор 10 минут орчим л болсон байхаа. Цус нь тогтсон байсан. Намайг цэвэрлэх үед түүний шархыг нь тамхиар дараад цусыг нь тогтоосон байсан. Би Саас юу болсон талаар нь асуухад У ах гарыг нь хазсан гэж л хэлсэн. ...Уруул хэсэг нь язарсан байсан. Би халтираад унасан гэж өөрөө хэлж байсан. Өөр ил харагдах гэмтэл байхгүй. Биед нь өөр ямар нэгэн зовуурь байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Ц “...Б.П гэх иргэн нь 17 удаа Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭМЖЖ эмнэлэг, Грандмед гэх эмнэлгүүдээр яаралтай тусламжийн болон амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо зэрэг үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын санд 802,561 төгрөгийн зардал гаргуулсан байна. Иймд өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд 802,561 төгрөгийн хохирол учирч тухайн хохирол төлөгдөөгүй байна. Иймд дээрх төлөгдөөгүй байгаа 802,561 төгрөгийн төлбөрийг төлүүлж эрүүл мэндийн даатгалын санг ямар ч хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153-р хуудас/

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, ахмад Б.Сэргэлэнбаярын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ..... дугаартай

”...1. Б.Пгийн эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн гарын сарвууны дотор хэсэг, доод уруулны зүүн дотор хэсэгт, шарх зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт хохирол тогтоогдлоо.

2. Б.Пгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь ир ирмэгтэй болон хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ хохирол байна.

3. Б.Пгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд 2025.01.23-ны өдөр үүссэн байх боломжтой хохирол байна.

4. Б.Пгийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь цаг хугацааны хувьд 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирлууд байна. Хамрын хянга ясны хугарал, зүүн гарын сарвууны дотор хэсэг, доод уруулын зүүн дотор хэсэгт шарх хохирлууд нь дан дангаараа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, бусад хохирлууд нь хохирлын зэрэгт хамаарахгүй.

5. Б.Пгийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,

- 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

 

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.У нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Пгийн биед олон удаа гараараа цохих, зүүн гарын алга хэсгийг хазах зэргээр халдаж эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн гарын сарвууны дотор хэсэг, доод уруулын зүүн дотор хэсэгт шарх, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хууль зүйн мэдлэг болон бие биедээ хүлээцтэй хандаж ойлголцох байдал дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

  • Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.У мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пд 2,000,000 төгрөг өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би өнөөдөр өглөө хохирогч Б.Пд дахин 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд 802,500 төгрөгийг төлсөн гэж баримтыг өгөв. Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд учирсан тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 802,561 төгрөгийн хохирол гарсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.П нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд 802,500 төгрөгийн төлбөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүх шүүгдэгч Д.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын 61 төгрөгийг шүүгдэгчгээс гаргуулж уг санп оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

            Шүүх шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.У урьд нь Завхан аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ял шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.  /хавтаст хэргийн 126-132 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Уын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

            түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уаас 61 /жаран нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ