| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/0949/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1227 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1227
2025 05 12 2025/ШЦТ/1227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, Б.Ням-Учрал нар,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Н.Ундармаа,
шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.П, З.Г нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч З.Г нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ********** дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* төвийн ***** дүгээртасгийн эмчийн өрөөнд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан;
Шүүгдэгч А.П нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ********* дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр байрны ***** дугаар *** тоотод Монгол Улсын эмийн бүртгэлгүй, “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 онд миний тархинд цус харвасан үүнээс үүдэн нойргүйдэлд орж байсан. Миний өмнө ууж байсан эм нар гаж нөлөө ихтэй байсан. Түүний дараа П эгчтэй хамт ажиллаж байхдаа та ямар эм ууж байна гэж асуугаад тэр эмийг авч ууж байсан. Тэр эм нь надад таарч тэгээд ээж минь өндөр настай хүн тул дараа нь ээждээ авч өгсөн. Энэ эм нь үнэ багатай мөн олдох боломжтой байсан тул найз нартаа зөвлөж байсан. Манай гэрээс хурааж авсан эмийг ээждээ өгч явуулах гэж байсан эм байсан. Сүүлийн 2 жил П эгчээс эм аваагүй. Өмнө л авч байсан. П эгч миний ачтай хүн энэ хүний нэрийг хэлж ийм байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. ******** гэж миний дугаар байгаа юм. Эмийн хувьд тохирох ч боломжтой, тохирохгүй байх ч боломжтой. Би эмнэлгийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Миний ажиллаж байгаа салбар маш эмзэг салбар гэдгийг би ойлгож байгаа. Монгол улсад бүртгэлгүй эмийн жорыг хүн болгонд бичиж өгдөггүй. Миний зарсан эм нэршлийн хувьд өөрөөр Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Миний хувьд тухайн эмийг бүртгэлгүй гэж мэдээгүй. Би уг эмийг орой болгон унтахынхаа өмнө 20 цагт уудаг байсан. Би хүнд захиж уг эмийг авч байсан. Ойлголтын зөрүү гарсан байна. 2024 онд би сонгуульд нэр дэвшиж байсан. Тухайн үед надад хүмүүс хандив өгч байсан ба мөнгө шилжүүлэх гүйлгээний утга дээр нь эм гэж хийсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлсэн нь авсан байцаагч эвгүй асуугаад байсан учраас сандраад үнэнээр нь тэгж хариулсан. Тухайн эмийг манай ах дүү нар манай гэрийн гадаа ирж надаас авдаг байсан. Би П-ээс 2022 оноос эхлэн тухайн эмийг авч эхэлсэн. Тэгээд эм нь үйлчилгээ сайн юм байна гэж зөвлөгөө авч байсан. Монгол улсад зөвшөөрөгдсөн эмийг эмч нар бичиж өгдөг гэдгийг би мэдэж байгаа” гэв.
Шүүгдэгч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би **********-д ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэрт гарсан. Үүний дараа буюу 2019 онд хорт хавдартай болсон гэдгээ мэдэж олон хүнд хагалгаанд орж байсан. Мөн үүнээсээ болж 8 удаа химийн эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээнээс болж нойргүйдэж эхэлсэн учраас нойрны эм бичүүлж авч байсан. Цагаан цогцос дээшлүүлэх эм авч уудаг байсан. Хятадаас захиалж авч уусан байсан. Хятадаас зөвлөгөө авч тэгээд нойрны эм санал болгооч гэсэн чинь энэ эмийг санал болгосон энэ эм надад их таарч байсан. Нэг жил 2 удаа хагалгаанд ороод үүнээс болж нойргүйдэлд орж энэ эмийг их хэрэглэж байсан. Г-той хамт ажиллаж байхад харвалт өгөөд нойргүйдэлтэй байгаа гэж хэлсэн тэгээд та ямар эм хэрэглэж байгаа вэ нойрны эмээс өгөөч гэхээр нь Г-д тусалцаа болгож өгсөн тэрнээс биш худалдан борлуулсан зүйл байхгүй байгаа. Би сүүлийн 2 жил Г-той уулзаагүй. Ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор худалдан борлуулсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд би урагшаа явахдаа 2 хайрцаг эм авчирсан үүнийг манай гэрээс хураагаад аваад явсан. Манай гэрээс нийт 2 хайрцаг эм хурааж авсан. Би уг эмийг 2020 оноос хойш хэрэглэж байгаа. Уг эмийг бусдад зараад ашиг олсон зүйл байхгүй. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань том болоод тусдаа гарсан ч гэсэн миний эм тарианд тусалдаг. Эхний удаа эмний үнэ аваагүй. Дараа нь цаанаас захиалж авсан үнээр нь өгсөн байгаа. Би эм зараад өөртөө ашиг олсон зүйл байхгүй. Хүмүүс янз бүрийн эм захиад би авчирч өгдөг байсан. Би уг эмний зөвлөгөөг анх эмчээс аваагүй эмийн сангаас асуугаад нойрны эм байна уу гэхэд өгөхөөр нь авч байсан. Би эмчийн байнгын хяналтад байдаг. Тухайн эмийг их хэмжээгээр бол Хятад улсын хилээр оруулж ирж чадахгүй учраас таньдаг хүмүүсээрээ дамжуулаад нэг хоёроор авч оруулж ирж байгаа. Би тухайн эмийг тэр үед 30, 40 юанаар авдаг байсан одоо 60 юаниар авдаг. Хамгийн сүүлд эмийн сангийн хажууд эмчтэй тэгээд судсаа бариулаад эмээ өгдөг болсон байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Гийн үйлдлийн тухайд:
- Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 2 дахь тал);
- Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэгжлэг хийж, ********* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** төвийн клиникийн 4 дүгээр тасгийн эмчийн үзлэгийн өрөөнөөс 7 ширхэг “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор мөн “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн эм, “LEVOMEPROMAZINE DMP TABLETS” гэсэн бичиглэлтэй, задлаагүй шинэ хайрцагтай эм 1 ширхэг, “LEVOMEPROMAZINE DMP TABLETS” гэсэн бичиглэлтэй задалж ашигласан хуванцар савтай, дотроо “Quetapine” гэсэн бичиглэлтэй эм 1 ширхэг зэргийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа (1 дүгээр хх-ийн 10-14 дэх тал);
- Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (1 дүгээр хх-ийн 5-6 дахь тал);
- Гэрч Э.С-ийн “...Фейсбүүк дээрээс “Хятад эм” гэсэн групп дээр эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, нойр хүрэхгүй байгаа хүн хэрэглэх тохиромжтой гэсэн утгатай байсан. Тэгээд зар дээрх чат буюу зурвасаар харилцахад “**********” дугаарын утас өгсөн. Тэгээд утсаар ярихад дээрх эм буюу ногоон хайрцагтай эмийг нэг хайрцгийг нь 40,000 төгрөгөөр буюу 80,000 төгрөгөөр захиалж Офицеруудын ордны Алдар спорт хорооны тэнд очиж авсан юм. Тэгээд эмийг авахдаа дээрх утсаар холбогдож “таны зарж байгаа эм хууль ёсны эм юм уу” гэхэд ********** дугаарын утастай ах “яг юу яриад байгаа юм, мэдээж хууль ёсны эм шүү дээ” гэж хэг ёг гэж харьцаад байсан. Нэлээн настай хүн шиг санагдсан, дансны хуулгаар он, сар өдөр тодорхой байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 56-57 дахь тал);
- Гэрч Б.А-ын “...манай аав Г.Б нь нойргүйдээд, нойрноос болоод сэтгэцэд нь өөрчлөлт ороод элийрсэн. Ойр дотнын хүнээ танихаа болиод арга ядаад СЭМҮТ-д буюу Шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Хүлээн авахын эмчид үзүүлсэн. Эмэгтэй эмч байсан. Тэгээд хүлээн авахын эмч эм бичиж өгсөн. Тэр эмийг уусан ч дарагдахгүй байсан. Баахан эм хайж өгсөн боловч нэмэр болоогүй. Тэгээд СЭМҮТ-ийн эмч болох Г эмчтэй холбогдож зөвлөгөө авсан. Г эмч дээр аваачиж үзүүлэхэд “насны доройтол болсон, унтуулах арга хэмжээ ав” гэсэн. Тэгээд “ямар эм уух вэ” гэхэд Г эмч “надад нэг эм байгаа, тэр эмийг уугаад үз” гэсэн. Тэгээд тэр өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ********** дугаарын данснаас Г эмчийн данс руу эмийн мөнгө гэж 40,000 төгрөг шилжүүлсэн. Г эмч ногоон хуванцар савтай, бөөрөнхий савтай шар эрээн Хятад бичигтэй эм өгсөн. Тэгээд эмээс нь нэлээн өгсөн боловч нэмэр болоогүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 60-61 дэх тал);
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс Clozapine илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 82-86 дахь тал);
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №**** дугаартай “...З.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. З.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Г нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. З.Г нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. З.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 105-106 дахь тал);
- Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт”-ын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаартай “...Ирүүлсэн савлалтын зургийн дагуу 3 нэрийн эмийг Эмийн бүртгэл мэдээллийн систем болох Лайсмед мэдээний сангаас шалгахад “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эм нь Монгол Улсын эмийн бүртгэлтгүй...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 115 дахь тал);
- Нийслэлийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/100 дугаартай “...Манай газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгосон аль нэг эмийн санд Иргэн З.Г (*********) нь бүртгэлгүй байна...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 155 дахь тал);
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаартай “...Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд З.Г (РД:*******) эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх мэдээлэл олдоогүй болно...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 157 дахь тал);
- Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн З.Г-ийн “Банкны лавлагаанд үзлэг хийсэн” тухай “...em гэх гүйлгээний утгатай 40,000 төгрөг орлого гэсэн хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй орлогын гүйлгээ байх ба уг орлогын гүйлгээг нэгтгэхэд нийт 1,380,000 төгрөгийн орлого орсон...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 193-195 дахь тал);
Шүүгдэгч А.Пгийн үйлдлийн тухайд;
- Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Нэгжлэг хийж, ********* дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр байрны ***** дугаар *** тоотоос “Clozapine Tablets” (196240603, 2024.06.25, 2027.06.25) гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн хуванцар савтай, амсар наалттай 2 хайрцаг эм мэт зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа (1 дүгээр хх-ийн 15-18 дахь тал);
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс Clozapine гэх бодисын агууламж илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 100-102 дахь тал);
- Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт”-ын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай “...Ирүүлсэн савлалтын зургийн дагуу 3 нэрийн эмийг Эмийн бүртгэл мэдээллийн систем болох Лайсмед мэдээний сангаас шалгахад “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эм нь Монгол Улсын эмийн бүртгэлтгүй...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 115 дахь тал);
- Нийслэлийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/100 дугаартай “...Манай газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгосон аль нэг эмийн санд иргэн А.П (РД:*******) нь бүртгэлгүй байна...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 155 дахь тал);
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаартай “...Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд А.П (РД:**********) эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх мэдээлэл олдоогүй болно...” гэсэн лавлагаа (1 дүгээр хх-ийн 157 дахь тал);
- Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн А.П-ийн “Банкны лавлагаанд үзлэг хийсэн” тухай “...em bayrlalaa гэх гүйлгээний утгатай 70,000 төгрөг орлого гэсэн гүйлгээг нэгтгэхэд нийт 7,726,000 төгрөгийн орлого олсон байгааг үзлэгт тусгав...” гэсэн тэмдэглэл (2 дугаар хх-ийн 27-31 дэх тал) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдөрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээдэд олгоно” гэж, мөн хуулийн 13.19 дүгээр зүйлд “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах” зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар олгохоор, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.34 дэх заалтад эмийн сан гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байхаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргийн обьектив талын шинжийг эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн идэвхтэй үйлдэл байхаар, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас аваагүйгээр эрхэлсэн байхаар тус тус хууль тогтоогчоос хуульчилсан. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г нь Төрийн захиргааны төв байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бусдад худалдсан, шүүгдэгч А.П нь Төрийн захиргааны төв байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ********* дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр байрны ***** дугаар *** тоотод Монгол Улсын эмийн бүртгэлгүй, “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд бусдад худалдсан үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч З.Г, А.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч З.Гийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бусдад худалдаж гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,380,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох, Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.Пгийн Монгол Улсын эмийн бүртгэлгүй, “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд бусдад худалдаж гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7,726,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Н.Ундармаа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Энэ хуулийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй. Хавтас хэрэгт дансны хуулгаар 1.000.000 төгрөгийн эм зарсан гэдэг боловч хавтаст хэрэгт хоёр хүн л гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгт цахимаар холбогдоод эм авсан гэж мэдүүлдэг харин миний үйлчлүүлэгчийн хувьд цахим хэрэгсэл хэрэглэдэггүй. Харвасан учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Энэ хүн эмийг худалдаад ашиг олох зорилготой байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй. Анхнаасаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис гэж шалгаж байсан. Гэхдээ шалгаад явж байхад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Зөвшөөрөлгүй эм зарсан гэж үзсэн бол заавал эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримталж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн бол гээд энэ зүйлчлэл байхад заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хэрэгтэй гэж үү. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол гэж байгаа. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Миний үйлчлүүлэгч ямар нэгэн ашиг олох зорилгогүйгээр хэрэглэсэн байгаа. Миний үйлчлүүлэгч ашиг олох зорилготойгоор их хэмжээгээр тээвэрлэсэн ашиг олсон зүйл байхгүй. Дансны хуулга дээрх шилжүүлсэн мөнгөний хувьд тухайн үед орон нутагт сонгуульд дэвшээд тэр үед хүмүүсийн өгч байсан хандивын мөнгө гэдгээ өөрөө мэдүүлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй тул цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.П-ийн өмгөөлөгч Ж.Батзоригт гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй.Яагаад ингэж үзэж байгаа вэ гэхээр энэ хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн-экспортолсон,импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн бол гэж зүйл хэсэг байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Хэрвээ энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол Монгол улсын зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээний асуудал яригдана. Миний үйлчлүүлэгчийг мансууруулах эм бүтээгдэхүүн худалдсан гэдэг үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байгаа. Хавтаст хэргийн 101-102 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд болон мансууруулахад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тийм учраас өнөөдөр зөрчлийн хуульд хамааруулж энэ хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгчийн дансны гүйлгээг оруулж ирсэн боловч хэдэн хүнд зөвшөөрөлгүй худалсан үйл баримт тогтоогоогүй. 7.726.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг учрууллаа гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэлбэр агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын хэр хэмжээ бодит хохирол учруулаагүй эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож гэж зааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Миний үйлчлүүлэгч бусдад худалдан борлуулсан гэх хэм хэмжээний акт тогтоогдоогүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 оноос хойш хүнд өвчтэй явсан. Хамт өвчтэй байсан улсууд хоорондоо тусалцаа үзүүлж байсан. Эрүүгийн хуульд холбоотой нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн үндэслэл байдаг. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцэж байгаа эсэх зарим нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай заасан байдаг. П-ийн гэрт 2025 онд нэгжлэг хийсэн байгаа. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлж тухайн эм бэлдмэлийг хэрэглэдэг гэдгээ мэдүүлж байсан. Монгол улсын хилээр зөвшөөрөлгүй оруулж ирсэн гэж байгаа бол Монгол улсын хилээр хэдэн удаа тээвэрлэж зөөж оруулж ирсэн талаар хавтаст хэрэгт нотлоогүй. 7.726.000 төгрөг гүйлгээг хэн хэнд эм өгсөн гэдгийг шалгаагүй байж 7.726.000 төгрөг хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байгаа. Зөвшөөрөлгүй оруулж ирсэн эмээс болж хэнд ямар хор хохирол учирсан энэ талаар баримт байхгүй. Дансны гүйлгээгээр энэ хүн хууль бус эм худалдсан байна гэж яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нотлох баримтаар тогтоогдох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар цагаатгах байр суурьтай байгаа. Цагаатгаж өгнө үү. Мөн төлөх төлбөргүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн төвд насаараа ажилласан. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хэрэгцээнд авчирсан эм бэлдмэлийг бусдад худалсан гэдэг асуудал үндэслэлгүй. Ганзоригт хамт ажилладаг хүний хувьд хэрэгцээ шаардлагатай хүнд тусалж өгсөн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч З.Г гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Монгол улсад энэ эмийг өөр нэршилээр нь хүлээн зөвшөөрсөн хэрэглэгдэж байгаа” гэв.
Шүүгдэгч А.П гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Эмнүүд олон улсын нэршилээрээ өөр өөр байдаг. Манайд олон улсын өөр нэршилээр энэ эм хэрэглэгдэж байгаа” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.Г нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ********** дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* төвийн ***** дүгээртасгийн эмчийн өрөөнд болон бөхийн өргөөний ойролцоо зэрэг газруудад шүүгдэгч П-ээс 20,000 төгрөгөөр авсан гэх “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай БНХАУ-аас ирсэн шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад 40,000 төгрөгөөр худалдсан болох нь:
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэгжлэг хийж, ********* дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** төвийн клиникийн 4 дүгээр тасгийн эмчийн үзлэгийн өрөөнөөс 7 ширхэг “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор мөн “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй хуванцар саванд хийсэн эм, “LEVOMEPROMAZINE DMP TABLETS” гэсэн бичиглэлтэй, задлаагүй шинэ хайрцагтай эм 1 ширхэг, “LEVOMEPROMAZINE DMP TABLETS” гэсэн бичиглэлтэй задалж ашигласан хуванцар савтай, дотроо “Quetapine” гэсэн бичиглэлтэй эм 1 ширхэг зэргийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа, Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол, гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Фейсбүүк дээрээс “Хятад эм” гэсэн групп дээр эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, нойр хүрэхгүй байгаа хүн хэрэглэх тохиромжтой гэсэн утгатай байсан. Тэгээд зар дээрх чат буюу зурвасаар харилцахад “********” дугаарын утас өгсөн. Тэгээд утсаар ярихад дээрх эм буюу ногоон хайрцагтай эмийг нэг хайрцгийг нь 40,000 төгрөгөөр буюу 80,000 төгрөгөөр захиалж Офицеруудын ордны Алдар спорт хорооны тэнд очиж авсан юм. Тэгээд эмийг авахдаа дээрх утсаар холбогдож “таны зарж байгаа эм хууль ёсны эм юм уу” гэхэд ********* дугаарын утастай ах “яг юу яриад байгаа юм, мэдээж хууль ёсны эм шүү дээ” гэж хэг ёг гэж харьцаад байсан. Нэлээн настай хүн шиг санагдсан, дансны хуулгаар он, сар өдөр тодорхой байгаа...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн“...манай аав Г.Б нь нойргүйдээд, нойрноос болоод сэтгэцэд нь өөрчлөлт ороод элийрсэн. Ойр дотнын хүнээ танихаа болиод арга ядаад СЭМҮТ-д буюу Шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Хүлээн авахын эмчид үзүүлсэн. Эмэгтэй эмч байсан. Тэгээд хүлээн авахын эмч эм бичиж өгсөн. Тэр эмийг уусан ч дарагдахгүй байсан. Баахан эм хайж өгсөн боловч нэмэр болоогүй. Тэгээд СЭМҮТ-ийн эмч болох Г эмчтэй холбогдож зөвлөгөө авсан. Ганзориг эмч дээр аваачиж үзүүлэхэд “насны доройтол болсон, унтуулах арга хэмжээ ав” гэсэн. Тэгээд “ямар эм уух вэ” гэхэд Г эмч “надад нэг эм байгаа, тэр эмийг уугаад үз” гэсэн. Тэгээд тэр өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ********** дугаарын данснаас Ганзориг эмчийн данс руу эмийн мөнгө гэж 40,000 төгрөг шилжүүлсэн. Г эмч ногоон хуванцар савтай, бөөрөнхий савтай шар эрээн Хятад бичигтэй эм өгсөн. Тэгээд эмээс нь нэлээн өгсөн боловч нэмэр болоогүй юм...” гэсэн мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ******** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс Clozapine илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай “...З.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. З.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Г нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай гэх шинж тэмлэг илрээгүй байна. З.Г нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. З.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт”-ын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай “...Ирүүлсэн савлалтын зургийн дагуу 3 нэрийн эмийг Эмийн бүртгэл мэдээллийн систем болох Лайсмед мэдээний сангаас шалгахад “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эм нь Монгол Улсын эмийн бүртгэлтгүй...” гэсэн лавлагаа, Нийслэлийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай “...Манай газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгосон аль нэг эмийн санд Иргэн З.Г (РД) нь бүртгэлгүй байна...” гэсэн лавлагаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаартай “...Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд З.Г (РД) эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх мэдээлэл олдоогүй болно...” гэсэн лавлагаа, Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн З.Гийн “Банкны лавлагаанд үзлэг хийсэн” тухай “...em гэх гүйлгээний утгатай 40,000 төгрөг орлого гэсэн хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй орлогын гүйлгээ байх ба уг орлогын гүйлгээг нэгтгэхэд нийт 1,380,000 төгрөгийн орлого орсон...” гэсэн тэмдэглэл
Шүүгдэгч А.П нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд БНХАУ-аас худалдан авсан гэх “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг шүүгдэгч Г-д зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан болох нь:
- Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Нэгжлэг хийж, ********* дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр байрны ***** дугаар *** тоотоос “Clozapine Tablets” (196240603, 2024.06.25, 2027.06.25) гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн хуванцар савтай, амсар наалттай 2 хайрцаг эм мэт зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ********** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс Clozapine гэх бодисын агууламж илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт”-ын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай “...Ирүүлсэн савлалтын зургийн дагуу 3 нэрийн эмийг Эмийн бүртгэл мэдээллийн систем болох Лайсмед мэдээний сангаас шалгахад “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эм нь Монгол Улсын эмийн бүртгэлтгүй...” гэсэн лавлагаа, Нийслэлийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаартай “...Манай газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгосон аль нэг эмийн санд иргэн А.П (РД) нь бүртгэлгүй байна...” гэсэн лавлагаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дугаартай “...Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд А.П (РД) эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх мэдээлэл олдоогүй болно...” гэсэн лавлагаа, Мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн А.П-ийн “Банкны лавлагаанд үзлэг хийсэн” тухай “...em bayrlalaa гэх гүйлгээний утгатай 70,000 төгрөг орлого гэсэн гүйлгээг нэгтгэхэд нийт 7,726,000 төгрөгийн орлого олсон байгааг үзлэгт тусгав...” гэсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн байх бөгөөд бие биенээ нотолсон, эргэлзээгүй, шүүгдэгч нарын мэдүүлгүүд гэрчийн мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар давхар нотгогдсон байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээдэд олгоно” гэж, мөн хуулийн 13.19 дүгээр зүйлд “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах” зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар олгохоор, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.34 дэх заалтад эмийн сан гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байхаар,
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24 дэх заалтад "эмийн сан" гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” гэж зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг хориглоно, гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргийг зүйлчилсэн ба 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулах гэмт хэргийг хуульчилжээ.
Шүүгдэгч З.Г, А.П нар нь хуулийн дагуу эм барих, худалдах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эмийг бусдад санал болгож худалдан борлуулсан нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тодруулбал шүүгдэгч А.П, З.Г нар нь зохих зөвшөөрөлгүйгээ мэдсээр байж эмийг бусдад санал болгож худалдан борлуулсан нь хуулиар хамгаалагдсан улсын хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын эсрэг идэвхитэй хууль бус үйлдэл бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс шүүгдэгч А.П, З.Г нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг
- хувь хүн эм худалдах зөвшөөрөл авах шаардлагагүй,
- бусдад худалдсан зүйлгүй өөрсдийн хэрэгцээнд хэрэглэсэн,
- бусдад хор уршиг учруулаагүй тул гэмт хэрэг биш
- тэдний үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой
- эсхүл Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх ёстой, 2 дахь хэсгээр зүйлчилж хүндрүүлэх үндэслэлгүй
- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцсэн ба шүүх шүүгдэгч нарыг
- Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хууль болон Эм эмнэлгийн хэрэгсэлийн тухай хуульд зааснаар эм...... -ийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдаалах ба энэхүү зөвшөөрлийг иргэнд бус хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно гэж хуульчилсан.
Шүүгдэгч П нь уг эмийг БНХАУ-н Эрээн хотын эмийн сангаас 12,000-16,000 төгрөгөөр худалдан авдаг, түүнийгээ шүүгдэгч Г-д 20,000 төгрөгөөр зарсан, өөр бусад хүмүүст хүссэн эмийг нь авчирч зардаг талаар мэдүүлдэг ба Г мөн П-ээс худалдан авдаг, гэрч С, А нарт санал болгож 40,000 төгрөгөөр зарсан талаар мэдүүлсэн нь тэдний дансны гүйлгээний хуулбараар, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон.
- Эм худалдах зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах гэмт хэргийн тухайд заавал хор уршиг шаардахгүй, бусдад худалдсанаар энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар зохицуулагдсан, харин бусдад хор уршиг учруулсан шинжээр нь зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан
Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэгт тооцсон, харин Зөрчлийн тухай хуулийн зарчим нь тухайн үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар хуульчилсан зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч З.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, түүний эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийн шинж зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж, шүүгдэгч З.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч А.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч А.Пгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, түүний эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийн шинж зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж, шүүгдэгч А.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч З.Г нь гэмт хэргийн үйлдэж олсон орлого болох 1,380,000 төгрөг, А.П нь 7,726,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ШШЕГ№733 Хими HTTG30 гэсэн бар кодтой зиплок уутанд хийсэн 1-7 хүртэл дугаарласан, дээгүүрээ цагаан, доод хэсгээрээ ногоон өнгийн цаасан хайрцагтай “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, Э.С-ээс гаргаж өгсөн “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, ЕГ0325/1049 гэсэн бичиглэл бүхий бар кодтой “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй цагаан өнгийн тагтай, хуванцар бөөрөнхий 2 савтай эм мэт зүйл, ШШЕГ№732 Хими гэсэн бичиглэлтэй “Levomepromazine dmp tablets” гэсэн бичиглэлтэй, бөөрөнхий хуванцар савтай эм мэт зүйл, “Levomepromazine dmp tablets 25 mg” гэсэн бичиглэлтэй дөрвөлжин цаасан хайрцагтай эм мэт зүйл зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах, шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй, шүүгдэгч З.Г, А.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч А.Пгийн өмгөөлөгч Ж.Батзоригт эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Н.Ундармаа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч З.Г эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч А.П эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.Г, А.П нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч З.Г, А.П нарт эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Шүүгдэгч З.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,380,000 төгрөг, шүүгдэгч А.П нь 7,726,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ШШЕГ№733 Хими HTTG30 гэсэн бар кодтой зиплок уутанд хийсэн 1-7 хүртэл дугаарласан, дээгүүрээ цагаан, доод хэсгээрээ ногоон өнгийн цаасан хайрцагтай “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, Э.Сарандэлгэрээс гаргаж өгсөн “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, ЕГ0325/1049 гэсэн бичиглэл бүхий бар кодтой “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй цагаан өнгийн тагтай, хуванцар бөөрөнхий 2 савтай эм мэт зүйл, ШШЕГ№732 Хими гэсэн бичиглэлтэй “Levomepromazine dmp tablets” гэсэн бичиглэлтэй, бөөрөнхий хуванцар савтай эм мэт зүйл, “Levomepromazine dmp tablets 25 mg” гэсэн бичиглэлтэй дөрвөлжин цаасан хайрцагтай эм мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Г, А.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч З.Г, А.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.П, З.Г нарыг “үргэлжилсэн үйлдлээр эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.П, З.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,4 хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж үүргийг биелүүлээгүй бол тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.П, З.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтууд болох ШШЕГ№733 Хими HTTG30 гэсэн бар кодтой зиплок уутанд хийсэн 1-7 хүртэл дугаарласан, дээгүүрээ цагаан, доод хэсгээрээ ногоон өнгийн цаасан хайрцагтай "Clozapine Tablets" гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, Э.Сарандэлгэрээс гаргаж өгсөн "Clozapine Tablets" гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, ЕГО325/1049 гэсэн бичиглэл бүхий бар кодтой "Clozapine Tablets" гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй цагаан өнгийн тагтай, хуванцар бөөрөнхий 2 савтай эм мэт зүйл, ШШЕГ№732 Хими гэсэн бичиглэлтэй "Levomepromazine dmp tablets" гэсэн бичиглэлтэй, бөөрөнхий хуванцар савтай эм мэт зүйл, "Levomepromazine dmp tablets 25 mg" гэсэн бичиглэлтэй дөрвөлжин цаасан хайрцагтай эм мэт зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан шүүгдэгч З.Г, А.П нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,106,000 /есөн сая нэг зуун зургаан мянган/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ