Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2022/00376

 

 

 

 

 

 

2022 06 08 153/ШШ2022/00376

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-10 тоотод оршин суух, Шарнууд овогт Пүрэвдоржийн Насан-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргад холбогдох,

2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны ур чадварын /ажил хавсран гүйцэтгэсний/ нэмэгдэл хөлс 1,305,726 /нэг сая гурван зуун таван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг олгуулах, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдөр хүртэлх /хорио цээрийн дэглэмд байсан/ хугацааны цалин хөлс 177,641 /нэг зуун далан долоон мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөг олгуулах, 2021 оны 9 дүгээр сард дутуу олгогдсон үндсэн цалингийн зөрүү 125,026 /нэг зуун хорин таван мянга хорин зургаа/ төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Насан-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Насан-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Насан-Очир нь 2018 оны 11 дүгээр сараас Хөгжимт Драмын театрын ерөнхий удирдаачаар ажиллахын зэрэгцээ хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэж, тус театрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/73 тоот тушаалаар ерөнхий удирдаачийн ажлыг хөгжмийн багшийн ажил үүрэгтэй хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг ур чадварын нэмэгдэл нэрээр олгож эхэлсэн боловч 2021 оны 9 дүгээр сараас эхлэн миний бие энэхүү нэмэгдэл хөлсөө авч чадахгүй хохирсоор байна. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдөр хүртэл миний бие ковидоор өвчлөн хорио цээрийн дэглэмд байсан хугацааны ажлын 4 өдрийн цалинг 10 дугаар сард хасаж тооцсон, 2021 оны 9 дүгээр сард миний үндсэн цалинг шатлал бууруулан дутуу олгосон зэрэг асуудлыг шийдвэрлэж, миний эрхийг сэргээж өгнө үү.

...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 01-ээс 15-ны өдрийн хооронд байгууллага маань нэгдсэн журмаар амарсан. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс миний бие Ковид-19 цар тахлын ойрын хавьтал болсон тул гэртээ тусгаарлагдсан. Иймээс байгууллагын дотоод журмын дагуу Ерөнхий найруулагчаас 3 хоногийн чөлөөг утсаар холбогдож авсан. Намайг эмчилгээ хийлгэж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж буруу тушаал гарсан, энэ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмтэй байсан хугацааны цалин хөлсийг тооцуулах 177.641 төгрөг гаргуулах, 2021 оны 10 дугаар сард ерөнхий удирдаачаас буулгаж хөгжмийн багш болгосон. Уг тушаал нь мэргэжлийн хувьд таарахгүй хүнийг томилсон тул буруу тушаал гарсан. Тиймээс тухайн тушаал буруу гарсан тул 2021 оны 10 дугаар сараас хавсран гүйцэтгэсэн ажлын ур чадварын нэмэгдлийг өгөөгүй. Мөн Ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа хөгжмийн багшийг давхар хийдэг байсан. Давхар ажлын хөлс болох 20 хувийн ур чадварын нэмэгдэл өгдөг, энэ нь 2021 оны 09 дүгээр сард дутуу олгогдсон үндсэн цалингийн зөрүү 125.026 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөгжмийн багшаар ажилласан нэмэгдэл 20 хувиар тооцон авдаг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны ажилд ур чадварын нэмэгдэл гаргуулах, мөн манай байгууллага үйлдвэрчний эвлэлийн хороотой. Дутуу олгосон цалингаа 2021 оны 10 дугаар сарын цалин дээр мэдсэн. Тухайн тушаалыг 2022 оны 02 дугаар сард мэдсэн. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн хороонд хандаж эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн... гэв.

2. Хариуцагч Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын дарга С.Ариунжаргал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны ажилд ур чадварын нэмэгдэл /хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 1.305.726 төгрөг/-ийг нэхэмжилсэн уг төгрөгийн хувьд, цалингийн картыг 2021 оны байдлаар гаргуулж хэрэгт хавсаргасан. Ур чадварын нэмэгдэл нь 2022 оны 08 дугаар сар хүртэл ур чадварын нэмэгдэл олгосон. Мөн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлүүд олгогдож байсан. Ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогоол зэрэгт тухайн ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр олгоно гэсэн байна. Иймд ажил хавсран гүйцэтгэсэн гэж төсөв дээр харагдахгүй байна. Ур чадварын нэмэгдлийг Засгийн газрын 182 дугаар тогтоолоор сар бүр тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамааруулж ур чадварын нэмэгдлийн үндсэн цалингийн 25 хүртэлх хувиар тооцон олгохоор хуулийн зохицуулалт байдаг. Ур чадварын нэмэгдлийг 2021 оны 08 дугаар сар хүртэл олгосон байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тушаал нь дангаар хөгжмийн багшийн ажилд томилсон тул 88.655 төгрөгийн цалингийн зөрүү гарсан тул зөрүүг олгосон байна. 2021 оны 10 дугаар сард цалинг олгохдоо ерөнхий найруулагч гэсэн албан тушаалд үндсэн цалинг олгосон. 2021 оны 09 дүгээр сард дутуу олгосон цалингийн зөрүү гэж 48.874 төгрөгийг 10 дугаар сард олгосон. Нэхэмжлэгч Ковид-19-ын улмаас тусгаарлалтад орсон тухай чөлөөг ерөнхий найруулагчаас авсан гэсэн тайлбар хийж байна. Хөгжимт Драмын театрын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.3-д Ерөнхий найруулагч нь 3 хүртэлх хонгийн чөлөө олгохоор зохицуулалт хийсэн. Уг чөлөөг авахдаа албан ёсны чөлөөний хуудас ашиглаж авах ёстой. Эмчийн магадалгааг бичгээр хүргүүлээгүй байгаа нь нотлох баримт хангалттай биш тул албан ёсоор чөлөө авсан гэж үзэх үндэслэлгүй байна... гэв.

4. Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/143 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын ажиллагсдын үйлдвэрчний хорооны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай албан бичиг, П.Насан-Очирын 2022 оны 01, 02 дугаар сарын 2 дугаар хагасын цалингийн мэдээллүүд, 2021 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын 2 дугаар хагасын цалингийн мэдээллүүд, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Б.Отгонхишигийн тодорхойлолт, П.Насан-Очирын нэр дээрх 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, Ганчулууны Сэлэнгээгийн нэр дээрх №105 дугаартай сорьцын дагалдах хуудас, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2021 оны дотоод журмын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШЗ2022/00480 дугаартай шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/760 дугаартай Бүтэц батлах тухай захирамжийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/31 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай Даргын тушаал хүчингүй болгох тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга С.Ариунжаргал, П.Насан-Очир нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, П.Насан-Очирын нэр дээрх ХААН банк дахь 5845206710 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хөгжмийн нот,

Хариуцагч талаас Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр иргэн Б.Хосбаярт олгосон итгэмжлэл, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хуулбар, П.Насан-Очирын нэр дээрх 2020, 2021 оны цалингийн картууд, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаартай Ажил хавсран ажилласан ур чадварын нэмэгдлийг хасах тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/73 дугаартай Ажил хавсран ажилласан ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын Уран сайхны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №12 дугаартай хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

5. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай Д.Мөнхсүхийг хөгжмийн багшаар түр ажилд авах тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2021 оны дотоод журам, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2022 оны дотоод журам, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/760 дугаартай Бүтэц батлах тухай захирамжийн баталгаат хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.Насан-Очирын нэхэмжлэлээс 746,092 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 862,236 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тус шүүхэд анх Ховд аймгийн Хөгжимт драмын театраас 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны ур чадварын нэмэгдэл /ажил хавсран гүйцэтгэсний/ 1,305,726 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 177,641 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард дутуу олгогдсон цалингийн зөрүү 125,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа 1,305,661 төгрөг гэж өөрчилж, нийт 1,608,328 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтээ гаргасан. 2.2. Нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд миний бие үндсэн ажил Ерөнхий удирдаачаар ажиллахын зэрэгцээ Хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн тул нэмэгдэл хөлс болох 1,305,661 авах ёстой... ...Мөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Ковид-19 өвчний ойрын хавьтлын улмаас чөлөөтэй байх хугацаанд миний 3 өдрийн цалинг хассаныг хүлээн зөвшөөрөхгүй тул уг цалинг гаргуулна. Харин 2021 оны 09 дүгээр сард дутуу олгосон цалингийн хувьд, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/31 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар П.Насан-Очир намайг Ерөнхий удирдаачийн ажлаас чөлөөлж, Хөгжмийн багшийн албан тушаалд томилсон хэдий ч тус театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/33 тоот Даргын тушаал хүчингүй болгох тухай тушаалаар дээрх Б/31 тоот тушаалыг хүчингүй болгосон байдаг. Энэ хугацаанд надад хөгжмийн багшийн цалинг олгосноор Ерөнхий удирдаачийн цалингийн зөрүү 125,026 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон. 3. Хариуцагч талаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/73 тоот Ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох тухай тушаалаар П.Насан-Очирт сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгох шийдвэр гарсан, дараа нь даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 тоот Ажил хавсран ажилласан ур чадварын нэмэгдлийг хасах тухай тушаалаар Ерөнхий удирдаач П.Насан-Очирын ажил хавсран гүйцэтгэж байсан нэмэгдлийг хассан байгаа. Мөн тус театрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 3 өдрийн чөлөөг Ерөнхий найруулагч олгохоор заасан. Гэвч Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар П.Насан-Очир тухайн үед албан ёсны чөлөө хүссэн хүсэлтээ гаргаж, чөлөөний хуудас аваагүй болно. Харин 2021 оны 09 дүгээр сарын дутуу олгогдсон цалинг 10 дугаар сард нөхөн олгосон нь нэхэмжлэгч П.Насан-Очирын дансны хуулга, цалингийн картнаас харагдах юм. Нэмж хэлэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн эхний 2 шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 4.1. Нэхэмжлэгч П.Насан-Очир нь Хөгжим ангийн багшийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж, үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байсан нь, мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны хооронд Ковид-19 өвчний ойрын хавьтлаар бүртгэгдэж, эмнэлгийн магадлагаатай байсан болох нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/73 дугаартай тушаал, цалингийн карт, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, шинжилгээний хариу зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн Ховд аймгийн Хөгжимт драмын театр /Ерөнхий удирдаач, Хөгжмийн багш/ нийт 32 орон тоотой, Хөгжмийн багшаар Д.Мөнхсүх нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/990 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/760 дугаартай захирамж, түүний хавсралт, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус тус нотлогдож байна. 4.2. Мөн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар Ерөнхий удирдаач П.Насан-Очирын ажил хавсран гүйцэтгэж байсан ур чадварын нэмэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хасах тухай тушаал гарсан байна.

Нэхэмжлэгч П.Насан-Очир нь эрхээ зөрчигдсөнөө мэдэх буюу мэдэх ёстой байсан, мэдсэн болон шүүхэд гомдол гаргасан тухайд:

5. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, мөн Ковид-19 өвчний ойрын хавьтлын улмаас чөлөөтэй байх хугацааны 3 хоногийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын үндсэн цалингийн зөрүү дутуу олгогдсон зэргийг 2021 оны 10 дугаар сарын цалин олгогдох үед мэдсэн. Тухайн үед Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хөдөлмөрийн маргааны тухайд хандаж өргөдөл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйгээс Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан... гэж тайлбарлав.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... гэж тус тус заасан ба энэхүү хуулийн заалтуудаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд энэ хугацаа нь гурван сар байна.

5.4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1- Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн эрхийн маргааны хүрээнд явагдана, 31.2Хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 125 дугаар зүйлийн 125.2Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно, 125.2Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно, 129.4Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна хэмээн тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь ...анх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, дараа нь шүүхэд хандсан байгаа, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тухайн үед буюу 2021 оны 11, 12 сард хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлттэй байна... гэж тайлбарлана. Гэвч нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлагчид хандсан эсэх нь тодорхойгүйгээс гадна шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...ер нь бол эвлэрүүлэн зуучлагчид хандаагүй гэж ойлгож болно... гэх тайлбараас харахад, 2021 оны 09 дүгээр сарын дутуу олгогдсон цалингийн зөрүү, Ковид-19 өвчний ойрын хавьтлын улмаас чөлөөтэй байх хугацааны 3 хоногийн цалин, 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны нэмэгдэл хөлсийг нэхэмжлэх шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч П.Насан-Очир нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан боловч шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 90 хоногоор хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч П.Насан-Очир хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй учир хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэлээ.

6. Харин нэхэмжлэгч П.Насан-Очир нь 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс шаардах эрхтэй байна.

Учир нь, ажилтан П.Насан-Очир нь шүүхэд анх 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 сар дуусталх хугацааны ажил хавсран гүйцэтгэсний цалингийн зөрүүг ажил олгогчоос гаргуулах тухай шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеийг 2021 оны 10 дугаар сард ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, харин 2021 оны 12 дугаар сарын 01-нээс өмнөх хугацаа нь энэ хуульд заасан гурван сарын хугацаа өнгөрсөн болохыг дээрх байдлаар дүгнэж, 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нэмэгдэл хөлсийг ажил олгогчоос гаргуулан түүнд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасантай нийцэх юм.

Хариуцагч талаас Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 тоот Ажил хавсран ажилласан ур чадварын нэмэгдлийг хасах тухай тушаалаар Ерөнхий удирдаач П.Насан-Очирын ажил хавсран гүйцэтгэж байсан нэмэгдлийг хассан гэх боловч П.Насан-Очир нь ажил хавсран гүйцэтгэсэн нь нотлогдож буй тохиолдолд хуульд зааснаар нэмэгдэл хөлс авах эрхтэй бөгөөд дээрх нэмэгдлийг хассан гэх тушаалыг ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг хассан эрх зүйн акт гэж үзэхгүй.

Тэрээр ажилтан П.Насан-Очир нь 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил хавсран гүйцэтгэж байсан боловч нэмэгдэл хөлс авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөгжмийн багшаар Д.Мөнхсүхийг Б/12 дугаартай тушаалаар томилсон тушаал, аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/760 дугаартай захирамж, түүний хавсралт, П.Насан-Очирын цалингийн карт болон харилцах дансны хуулгаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд, нэхэмжлэгч П.Насан-Очирын Ковид-19 өвчний ойрын хавьтлын улмаас чөлөөтэй байх хугацааны 3 хоногийн цалин 177,641 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын үндсэн цалингийн зөрүү дутуу олгогдсон цалин 125,026 төгрөг, 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажил хавсран гүйцэтгэсэн гэх 559,569 төгрөг, нийт 862,236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарыг дуустал ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 746,092 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч П.Насан-Очир нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй юм.

7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

8. Нэхэмжлэгч П.Насан-Очирын зөрчигдсөн эрх нь 2021 оны үйл баримт байх учир шүүхээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Хөгжимт драмын театраас 746,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Насан-Очирт олгож, үлдэх 862,236 төгрөгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 22,456 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН