Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Нарангарав

Шүүгдэгч: Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарт холбогдох 201716010049 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймаг, Дэлгэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 13-157 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боорж овогт Цэцгээгийн Заяабаатар  /РД:ДЕ87022315/

          Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч, токарьчны мэргэжилтэй,  хэрэгт татагдах үедээ хувиараа нүүрс тээвэрлэлт хийх ажил эрхэлж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 32-13 тоотод оршин суух хаягтай,  урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Ноён овогт Хуягаагийн Бат-Орших /РД:ФА76033015/     

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нар нь бүлэглэж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл буюу бог малын түүхий эд болох 694 кг жинтэй, 694,000 төгрөгийн үнэлгээ бүхий гүзээг “Таван толгой Шин” ХХК-ийн эзэмшлийн 23-17 ӨМҮ улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 47-64 БЧ дугаартай чиргүүлд нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Заяабаатар мэдүүлэхдээ: Би охин эхнэрийн хамт нийтийн байр түрээсэлж суудаг. Манай эхнэрийн бие тааруу байгаа. Би барилгын ажил хийдэг боловч тухайн үед ажил олдоогүй. Чимгээ гэдэг хүн гүзээ олоод өгвөл зараад өгч боло гэж хэлсэн учир гэртэй гүзээ цэвэрлээд таксинд явдаг ахаар цагаан хаданд ирж Бат-Орших ахтай танилцаж учир байдлаа хэлж гуйсан боловч Бат-Орших ах эхлээд зөвшөөрөөгүй боловч дараа нь зөвшөөрсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бат-Орших мэдүүлэхдээ: Тухайн өдөр 3 сарын 15-ны өдөр байсан. Заяабаатартай уулзсан бөгөөд надад учир байдлаа хэлсэн. Би эхэндээ зөвшөөрөлгүй боловч гуйгаад байхаар нь жоохон зүйл бол за гэж зөвшөөрсөн. Миний машинд хийчих гэж хэлсэн. Маргааш нь хилээр гаргах гэж байгаад баригдсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюумаагийн: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гашуунсухайт боомтын нүүрсний гарах чиглэлийн Эрдэнэс терминал дээр гаалийн хяналт шалгалт хийх ажил үүргийн хуваарьтайгаар үүрэг гүйцэтгэж байх үед нүүрс ачсан 23-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Бат-Орших жолоодож гаалийн хяналтын бүсэд орж ирсэн. Машинд нарийвчилсан үзлэг хийхээр ачааны битүүмжлэлийг шалгахад нүүрсний хучлага гаднах харагдах байдлаараа хэвийн харагдах боловч тогтоодог хаймар уяа нь сул байхаар бүтээлгийг хуулуулан ачсан нүүрсэнд үзлэгийг хийхэд нүүрсээр өнгөц далдалсан хөр өнгийн гялгар ууттай зүйлүүд илэрсэн. Жолоочоос энэ юу бэ гэж асуухад “бог малын ууттай гүзээ байгаа юм. Миний танидаг Заяагийн юм байгаа юм. Намайг урагшаа гаргаад өгвөл 200,000 төгрөг өгнө гэхээр нь ингээд аваад явж байна. Тэр залуу өөрөө миний машинд ачсан юм” гэж тайлбарласан.тэгээд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд тус бүртээ ижил бус хэмжээгээр савлагдсан хар өнгийн 25 ууттай зүйл гарч ирсэн. Задалж үзэхэд жижиг гялгар уутанд савлаад вакумдсан байдалтай хийсэн малын гүзээ байсан. Тэгээд эг зүйлийг тэмдэглэл үйлдэн хураан авч, холбогдох материалын хамт Цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхбатын: “...Таван толгой Шин” ХХК-ийн бүртгэлтэй 47-64 БЧ чиргүүлтэй, 23-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Х.Бат-Орших 694 кг малын гүзээг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Жолооч Х.Бат-Орших нь энэ тээврийн хэрэгслийг жолоодон “Таван толгой” ХХК-ийн уурхайгаас нүүрс ачуулан, уртын уртад буюу БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэхээр явж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эрдэнэбатын: “...Бид гаалийн битүүмжлэлийг нээлгэж шалгах боломжгүй. Харин тээврийн хэрэгслийн кабин, багажны хайрцагт түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийдэг. Тухайн машины кабин багажинд тийм байдлаар үзлэг шалгалт хийсэн байх. Олон тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилладаг болохоор яг тухайн машиныг дугаараар нь тийм машин байсан гэдгийг сайн санахгүй байна. Нүүрсний гарах чиглэлд экспортын нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нэвтрэх ёстой байдаг. Тэр өдөр малын гүзээ тээвэрлэж яваагаа мэдүүлсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Болормандахын: “...Манай нөхөр барилгын ажлаас өөр зүйл хийж үзээгүй юм. Өнгөрсөн 3 дугаар сард хөдөө буюу Цагаан хад гэдэг газар руу явсан. Тэр үеэр нь би гэртээ байгаагүй. Тэндээ очоод удахгүй буцаад ирнэ гэсэн боловч ирээгүй. Хэрэг шалгагдаад Ханбогдод байгаа сурагтай байна. Тэр гэрээрээ малын гүзээ цуглуулж бэлтгэснийг нь мэдэхгүй. Би эмнэлгээр олон хоног эмчлүүлдэг учир миний мэдэхгүй зүйл гэрт байсныг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/

Хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын мал эмнэлэгийн, ариун цэврийн төв лабораторийн: “...Мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр дайвар бүтээгдэхүүнийг угааж нийлэг уутанд ердийн битүүмжлэлтэй савласан ямар нэгэн хаяг шошго, бичиглэл тэмдэглэл байхгүй зэрэг нь үйлдвэрийн аргаар савлаагүйг харуулж байна. Уут тус бүрд 3 ширхэг гүзээ хийж савласан дайвар бүтээгдэхүүний гадаргуу нь үс, хялгас, сэвсний бохирдолтой, шаргал ногоондуу туяатай, нэр төрөлдөө тохирсон өвөрмөц үнэртэй, гаднын элдэв гаж үнэргүй байв. Үхрийн гүзээ 90-100 литр, хонь ямааных 12-15 литр багтаамжтай байдаг. Үүнийг үндэслэн мөн хужирхай, хөхөнцөрийн хэмжээ зэргийг харгалзан мэдрэхүйн эрхтний үзлэгээр богийн гүзээ гэж үзэж болохоор байна.” гэсэн тэмдэглэл  /хавтаст хэргийн 41-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №79/01 тоот  үнэлгээгээр  “...Бог малын дайвар бүтээгдэхүүн гүзээ 1 кг 1,000 төгрөг. 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн Фотон маркийн чирэгч 25,000,000 төгрөгийн үнэ ханштай, 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн Фотон маркийн чиргүүл 12,000,000 төгрөгийн үнэ ханштай байх боломжтойг тус тус тодорхойлов..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, үзлэг хийсэн акт /хавтаст хэргийн 4-5-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10-р хуудас/

Эд зүйл устгахтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 11-17-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-20-р хуудас/

Гашуун сухайт дахь Гаалийн газрын 01/61 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 21-р хуудас/

Ц.Заяабаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспортын хуулбар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 69-71-р хуудас/

Ц.Заяабаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 72-р хуудас/

Х.Бат-Оршихын иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспортын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 78-81-р, 88-р хуудас/

Х.Бат-Оршихын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 82-р хуудас/

Х.Бат-Орших Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгий хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байна хуудас /хавтаст хэргийн 87-88-р хуудас/

Х.Бат-Орших Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 32-12б тоот хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэгдсэн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 91-р хуудас/

Ц.Заяабаатар үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 91-р хуудас/

            Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарын арилжааны банкнуудын тодорхойлолт депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 66-84-р хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 105-р хуудас/ зэрэг болно

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нар нь бүлэглэж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлалтай Гашуун сухайт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл буюу бог малын түүхий эд болох 694 кг жинтэй, 694,000 төгрөгийн үнэлгээ бүхий гүзээг “Таван толгой Шин” ХХК-ийн эзэмшлийн 23-17 ӨМҮ улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 47-64 БЧ дугаартай чиргүүлд нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюумаагийн: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гашуунсухайт боомтын нүүрсний гарах чиглэлийн Эрдэнэс терминал дээр гаалийн хяналт шалгалт хийх ажил үүргийн хуваарьтайгаар үүрэг гүйцэтгэж байх үед нүүрс ачсан 23-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэглсийн жолооч Х.Бат-Орших жолоодож гаалийн хяналтын бүсэд орж ирсэн. ...Жолоочоос энэ юу бэ гэж асуухад “бог малын ууттай гүзээ байгаа юм. Миний танидаг Заяагийн юм байгаа юм. Намайг урагшаа гаргаад өгвөл 200,000 төгрөг өгнө гэхээр нь ингээд аваад явж байна. Тэр залуу өөрөө миний машинд ачсан юм” гэж тайлбарласан.тэгээд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд тус бүртээ ижил бус хэмжээгээр савлагдсан хар өнгийн 25 ууттай зүйл гарч ирсэн. Задалж үзэхэд жижиг гялгар уутанд савлаад вакумдсан байдалтай хийсэн малын гүзээ байсан. Тэгээд эг зүйлийг тэмдэглэл үйлдэн хураан авч, холбогдох материалын хамт Цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мөнхбатын: “...Таван толгой Шин” ХХК-ийн бүртгэлтэй 47-64 БЧ чиргүүлтэй, 23-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Х.Бат-Орших 694 кг малын гүзээг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Жолооч Х.Бат-Орших нь энэ тээврийн хэрэгслийг жолоодон “Таван толгой” ХК-ийн уурхайгаас нүүрс ачуулан, уртын уртад буюу БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэхээр явж байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Эрдэнэбатын: “...Нүүрсний гарах чиглэлд экспортын нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нэвтрэх ёстой байдаг. Тэр өдөр малын гүзээ тээвэрлэж яваагаа мэдүүлсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Болормандахын: “...Манай нөхөр барилгын ажлаас өөр зүйл хийж үзээгүй юм. Өнгөрсөн 3 дугаар сард хөдөө буюу Цагаан хад гэдэг газар руу явсан. Тэр үеэр нь би гэртээ байгаагүй. Тэндээ очоод удахгүй буцаад ирнэ гэсэн боловч ирээгүй. Хэрэг шалгагдаад Ханбогдод байгаа сурагтай байна. Тэр гэрээрээ малын гүзээ цуглуулж бэлтгэснийг нь мэдэхгүй. Би эмнэлгээр олон хоног эмчлүүлдэг учир миний мэдэхгүй зүйл гэрт байсныг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг,

Хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын мал эмнэлэгийн, ариун цэврийн төв лабораторийн: “... Үүнийг үндэслэн мөн хужирхай, хөхөнцөрийн хэмжээ зэргийг харгалзан мэдрэхүйн эрхтний үзлэгээр богийн гүзээ гэж үзэж болохоор байна.” гэсэн тэмдэглэл,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №79/01 тоот  үнэлгээгээр  “...Бог малын дайвар бүтээгдэхүүн гүзээ 1 кг 1,000 төгрөг. 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн Фотон маркийн чирэгч 25,000,000 төгрөгийн үнэ ханштай, 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн Фотон маркийн чиргүүл 12,000,000 төгрөгийн үнэ ханштай байх боломжтойг тус тус тодорхойлов” гэсэн шинжээчийн дүгнэлт  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэхийг завдсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Х.Бат-Орших Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгий хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байна

Шүүгдэгч Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нар ял шийтгэл оногдуулахдаа тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэн, түүний хувийн байдал ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 23-17 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 47-64 БЧ улсын дугаартай чиргүүлийг мөрдөн байцаагч Д.Баасанбатын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч “Таван толгой Шин” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боорж овогт Цэцгээгийн Заяабаатар, Ноён овогт Хуягаагийн Бат-Орших нарыг урьдчилан үгсэн тохиролцож Монгол улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нараас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 /нэг/ жил 3 /гурван/ сар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тус бүр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Ц.Заяабаатарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт,

Х.Бат-Оршихын засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон 23-17 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн чирэгч, 47-64 БЧ улсын дугаартай чиргүүлийг хууль ёсны эзэмшигч “Таван толгой Шин” ХХК-нд буцаан олгосугай.

6. Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Заяабаатар, Х.Бат-Орших нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.УРАНГУА