Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар    128/ШШ2022/0948

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*****ийн дүгнэлттэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*****т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “УБ хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.О***** миний “Ү******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн бүртгэлийн УБГГ А22-60 дугаартай материалыг хянасан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаар дүгнэлтийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О***** нь “... Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*****ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0089411 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч гаалийн улсын байцаагч нь Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*****ээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*****т холбогдуулан гаргасан “... Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*****ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0089411 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О***** нь хүлээн зөвшөөрснийг баталж, Прокурорын дүгнэлтээр гаалийн улсын байцаагч Б.О*****т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН