Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2019/00025

 

З.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00229 дүгээр шийдвэртэй,  Ногооннуур сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, З.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын нэхэмжлэлтэй, Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч К.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, дутуу олгосон ур чадварын нэмэгдэл 2.684.464 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 323.737 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай.

 

            Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч З.А-ийг Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/526 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. З.А нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар захирамжаар зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээний 3 дахь заалтаар тус сургуулийн захирал Б.Л нь “нийгмийн ажилтнаар тогтвор суурьшилтай ажиллуулж ур чадварын нэмэгдэл 25%, тэргүүлэх зэргийн нэмэгдэл 15%-ийг бүрэн олгоно.Одоо авч байгаа цалинг бууруулахгүй” гэж тохиролцсон. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сургуулийн захирлын А/06 дугаар тушаал гаргаж З.А-д сар бүр тогтмол 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэж ур чадварын нэмэгдлийг олгож эхэлсэн боловч 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын нэмэгдлийг олгоогүй. З.А-ийн 2017 онд авч байсан сарын үндсэн цалин 557.826 төгрөг, түүний 25 хувийн нэмэгдэл 144.457 төгрөг байна. Үүнийг дутуу авсан 7 сараар тооцвол 1.011.199 төгрөг болж байна. Мөн З.А-ийн 2018 онд авч байсан сарын үндсэн цалин 608.457 төгрөг, түүний 25 хувийн нэмэгдэл 152.115 төгрөг. Үүнийг дутуу авсан 11 сараар тооцвол 1.673.265 төгрөг/152115 х 11 сар = 1.673.265 / болж байна. Ингэж нийтдээ 2.684.464 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг дутуу авсан байна. Дээрх дутуу авсан ур чадварын нэмэгдэлд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцвол 2017 онд 111.232 төгрөг /1.011.199 х 11 хувь =1117232/, 2018 онд 212.505 төгрөг /1.673.265 х 12.7 хувь =212.505/, бүгд 323.737 төгрөгийг хариуцагч төлөх ёстой байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж нэхэмжлэгч З.А-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож дутуу олгосон ур чадварын нэмэгдэл 2.684.464 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч З.А-д олгож, дутуу олгосон ур чадварын нэмэгдэлд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 323.737 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаал хүчин төгөлдөр учир хүчингүй болгох боломжгүй. Уг тушаал нь З.А-ийн хууль ёсны эрх ашиг болон ямар нэгэн цалин хөлсөнд харшлах заалт байхгүй гэж үзлээ. Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/20 дугаар захирамж, эвлэрлийн гэрээг баталсан заалт бүр тухайн үед нь манай сургуулийн зүгээс биелүүлсэн. Энэ талаарх захирлын тушаалын хуулбарыг нотариатаар батлуулж хүргүүлсэн. Нэхэмжлэгч З.А нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаал гардаж аваагүй гэдэг нь худал. Иймд тушаалын 1%-ийг санхүү нябод өгч хэрэгжүүлэн мөрдсөн болно. Түүнээс хойш 1 жил 3 сар өнгөрч байхад З.А нь мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй болно. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Л-ийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу нийгмийн ажилтан З.А-ийн ажлын үзүүлэлт үр дүнг харгалзан, захирлын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон. З.А-д ур чадварын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг олгох боломжгүй, төсөв санхүүгийн хүрэлцээ муу байна. Хуучин захирлаар ажиллаж байсан Б.Л мөн З.А нарын хоорондох иргэний маргаанд К.Г миний бие хамааралгүй болно. Иймд З.А-ийн нэхэмжилсэн ур чадварын нэмэгдэл 2,684,464 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 323,737 төгрөгийг гаргах боломжгүй байна.” гэжээ.

               

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00229 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож дутуу олгосон ур чадварын нэмэгдэл 2,684,464 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулиас гаргуулах, дутуу олгосон ур чадварын нэмэгдэлд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 323,737 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан         шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтуудыг зөрчиж зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь З.А-ийн ур чадварын нэмэгдлийг сар тутам тооцож олгох ёстой бөгөөд эхний удаагийн нэмэгдлийг 2017 оны 6 дугаар сараас тооцож олгоогүй хэдий ч энэ нь 2018 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилсэн байдаг. Мөн хариуцагч өмнөх сарын нэмэгдлүүдийг тооцож олгоогүй атлаа 2018 оны 12 дугаар сарын нэмэгдлийг тооцож олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтуудад дүгнэлт хийхгүйгээр зөвхөн шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох учир гурван сарын дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч энэ хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар захирамж, эвлэрлийн гэрээ, захирал Б.Л-гийн бичсэн хүсэлт, сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/06 дугаар тушаал, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн З.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч тус аймгийн Ц тосгоны Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, дутуу олгосон ур чадварын нэмэгдэл 2.684.464.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 323.737.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд З.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Ц тосгоны Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал К.Г нар “1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Г нь нэхэмжлэгч З.А-ийн ур чадварын нэмэгдэлд 1.300.000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 200.000.00 төгрөг, бүгд 1.500.000.00 төгрөг төлж өгнө. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би нэхэмжилсэн ур чадварын нэмэгдэл 1.384.464.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 123.737.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас болон Ц тосгоны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаас тус тус татгалзаж байна.” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарлах нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,082 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,082 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00229 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасныг тус тус баримтлан З.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Ц тосгоны Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал К.Г нарын “1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Г нь нэхэмжлэгч З.Аийн ур чадварын нэмэгдэлд 1.300.000.00 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 200.000.00 /хоёр зуун мянга/ төгрөг, бүгд 1.500.000.00 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлж өгнө. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би нэхэмжилсэн ур чадварын нэмэгдэл 1.384.464.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 123.737.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас, Ц тосгоны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаас тус тус татгалзаж байна.” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.082.00 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.082.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК