Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2022/00096/И |
Дугаар | 152/ШШ2022/00238 |
Огноо | 2022-05-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2022/00238
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä õèéñýí иргэний хэргийн шүүх õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: Т ургийн овогт Х-гийн П-ын,
Хариуцагч: УДХС ТӨХК-д холбогдох,
Тэтгэмжийн зөрүү 10,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь зуухны машинист мэргэжилтэй, 1984 оноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа дулааны станцад ажиллаж байгаад 2014 оны 9 дүгээр сард Улаангомын дулааны хоёрдугаар станц ашиглалтад орох үед тухайн байгууллагын түлш дамжуулах хэсэгт машинчаар ажиллах болсон. Ингээд тухайн байгууллагад өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан. Надад өндөр насны тэтгэвэрт гарахад эрчим хүчний салбарт 32 жил ажилласнаар тооцож 32,768,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгосон. УДХС ТӨХК миний тэтгэмжийг бодохдоо буруу бодож надад олгох ёстой тэтгэмжийг дутуу олгосон байна. Учир нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг бодохдоо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрт заасны дагуу 1,6 дахин нэмэгдүүлж гарсныг нь байгууллагын хамтын гэрээнд заасны дагуу 2 дахин нэмэгдүүлээд нийт ажилласан жилээр нь үржүүлээд олгох ёстой тэтгэмжийн хэмжээ гаргадаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ x 1,6 x 2 x 32 = нийт тэтгэмжийн хэмжээ гарна. Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байсан. Гэтэл байгууллага миний тэтгэмжийг олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүчингүй болсон хэмжээгээр нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320,000 төгрөгөөр тооцож бодсоноос надад 10,240,000 төгрөгийн тэтгэмж дутуу олгосон байна. Тэтгэмж олгохдоо дутуу олгосон болохыг мэдээгүй байж байгаад саяхан надтай хамт тэтгэвэрт гарсан хүнээс олж сонсоод өөрийн авсан тэтгэмжээ тооцож үзтэл дутуу олгогдсон байна. Миний бие насаараа ажилласан байгууллага маань намайг ингэж хохирооно гэж бодоогүй. Иймд надад УДХС ТӨХК-аас дутуу олгосон тэтгэмжийн зөрүү болох 10,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.П 2014 оноос эхлэн УДХС ТӨХК сүлжээний насосны ээлжийн машинчаар ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Х.П нь Эрчим хүчний салбарт урьд нь болон тус компанид ажиллаж байсан нийт 32 жилд ногдох /320,000 x 1,6 = 512,000/, /512,000 x 2 = 1,024,000/ 11.024,000 x 32=32,768,000/ төгрөгөөр тооцож олгосон. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд нь 2021 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөг урьдчилж 2020 онд баталдаг ба хамтын хэлэлцээрт тусгасан төсвийг баталж өгдөг. Х.П 2019 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байсан хамтын хэлэлцээрийн 3.2 дахь хэсэг болон 2020 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөнд батлагдсаны дагуу тооцож олгосон. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 512.000 байхаар тогтоосон тул энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байхаар заасныг зөрчөөгүй байна. Иймд дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 10,240,000 төгрөгийг хуулийн хүрээнд олгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч УДХС ТӨХК-д холбогдуулан тэтгэмжийн зөрүүд 10,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч тал “Х.П 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Х.П нь Эрчим хүчний салбарт урьд нь бөгөөд тус компанид ажиллаж байсан нийт 32 жилд ногдох /320,000 x 1,6 = 512,000/, /512,000 x 2 = 1,024,000/ 11.024,000 x 32 = 32,768,000/ төгрөгөөр тооцож олгосон. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд нь 2021 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөг урьдчилж 2020 онд баталдаг ба хамтын хэлэлцээрт тусгасан төсвийг баталж өгдөг. Х.П нь 2019 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байсан хамтын хэлэлцээрийн 3.2 дахь хэсэг болон 2020 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөнд батлагдсаны дагуу тооцож олгосон. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 512.000 байхаар тогтоосон тул энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байхаар заасныг зөрчөөгүй байна. Иймд дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 10,240,000 төгрөгийг хуулийн хүрээнд олгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Талууд тэтгэмжийг бодсон аргачлалын хувьд маргадаггүй, зөвхөн Х.П-ыг өндөр насны тэтгэвэрт гарах үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэхэмжлэгч тал 420,000 төгрөг гэж, хариуцагч тал 320,000 төгрөг байсан гэж маргадаг.
Увс аймгийн УДХС ТӨХК ТӨХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Х.П-ыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалаар Байгууллагын хамтын гэрээний 6.7 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 1 дэх заалтаар нассосны ээлжийн машинч Х.П-ыг өндөр насны тэтгэвэр гарах болсон тул 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар Х.П-т эрчим хүчний салбарт 32 жил ажилласнаар тооцож 32,768,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.
Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн байх тул нассосны ээлжийн машинч Х.П-ыг өндөр насны тэтгэвэрт гарах үед Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээр мөрдөгдөж байжээ.
Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.2-т “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 1,6 дахин хүртэл нэмэгдүүлэн тогтоож мөрдөнө. Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгох, дагалдан ажилтны цалин хөлсийг тогтооход хэрэглэнэ” гэж, мөн Увс аймгийн УДХС ТӨХК-ийн хамтын гэрээний 3.2-т энэхүү заалтын талаар тусгасан байна.
Мөн Увс аймгийн УДХС ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7-д "Компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно" гэж заажээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор "Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгч Х.П 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан, тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан болох нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Увс аймгийн УДХС ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Х.П нь эрчим хүчний салбарт урьд нь болон тус компанид ажиллаж байсан нийт 32 жилд ногдох /320,000 x 1,6 = 512,000/, /512,000 x 2 = 1,024,000/ 11.024,000 х 32 = 32,768,000/ төгрөгөөр тооцож олгосон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч Х.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-аас тэтгэмжийн зөрүүд 10,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-т олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 178,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П- олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-аас тэтгэмжийн зөрүүд 10,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 178,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ