| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00171/И |
| Дугаар | 152/ШШ2022/00244 |
| Огноо | 2022-05-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2022/00244
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Д-н Га-ын,
Хариуцагч: УАШҮГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,500,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийдвэрээр миний бие Увс аймгийн ШҮГ-ын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоогдсон билээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс цааргалж, улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад дүр эсгэсэн, хууль бус тушаалаараа дөрөөлж, шийдвэр гүйцэтгэлийн хэргийг хаах санал гаргах мэтээр саад учруулсаар байна. Менежерийн орон тоог дахин бий болгож, намайг бодит байдлаар ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ёстой гэж үзэж байна. Өмнө нь хариуцагчаас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 477 дугаартай шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлсэн болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа орсон. Иймд хариуцагчаас сүүлийн 6 сарын цалин болох 4,500,000 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг миний бие С.Б нь өөрийн эрх хэмжээний хүрээнд биелүүлж ирсэн гэж үзэж байгаа. Үүнд: 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ШҮГ-ын ахлах менежерийн Б/05 дугаар тушаал гарган 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 тоот тушаалуудыг хүчингүйд тооцож Д.Г-ыг ажилд нь эгүүлэн томилсон. 2021 оны 7 дугаар сарын 05-нд ажлаа хийж байх мэдэгдэл хүргүүлсэн боловч үүнийг үл хүндэтгэн ажилдаа ирэхгүй байгаа. 2021 оны 7 дугаар сарын 07-нд мөн 99451145 утас руу мэссеж явуулсан ирээгүй. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 19-нд Ахлах менежерийн Б/05 дугаартай ажилд эгүүлэн томилох тушаал гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 дугаар тушаалуудыг хүчингүйд тооцсон тушаал гаргасан юм. ШҮГ-аас Монгол шуудан ХК-ийн хүний нөөцийн газарт менежерийн орон тоог шийдвэрлэж өгнө үү гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоот албан бичиг явуулсан. ШҮГ-ын ахлах менежерийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоот албан бичгийн хариу Монгол шуудан ХК-ийн Захиргаа хүний нөөцийн газрын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 06/827 тоот хариу албан бичигт Д.Г-ыг ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн тохиолдолд сар бүрийн санхүүжилтэнд цалинг тусган хүргүүлэх боломжтой гэсний дагуу Д-ыг ажилдаа орох саналыг удаа дараа тавьж байсан боловч ажилдаа одоог хүртэл ирээгүй. Монгол шуудан ХК-ийн бүтэц, орон тоо жилдээ 1 удаа ТУЗ-ын гишүүдээр орж батлагддаг тул өөрийн дотоод нөөц боломжоор ажиллуулж байхаар заасныг дээрх албан тоот харуулж байна. Иймд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх талаар холбогдох арга хэмжээг удаа дараа авч байсныг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй хирнээ ажилгүй байсан хугацааны сүүлийн 6 сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлага гаргаж буй 6 сарын хугацааны асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалан үргэжилсэн хугацаа байгаа тул ажил олгогчийн зүгээс дээрх хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч УАШҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,500,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлèéã шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Б “Шүүхийн шийдвэрээр Д.Г-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. 2021 оны 7 дугаар сарын 05-нд ажлаа хийж байх мэдэгдэл хүргүүлсэн боловч үүнийг үл хүндэтгэн ажилдаа ирээгүй. 2021 оны 7 дугаар сарын 07-нд мөн 99451145 дугаарын утас руу нь мэссеж явуулсан ч ирээгүй. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ахлах менежерийн Б/05 дугаартай ажилд эгүүлэн томилох тушаал гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 дугаар тушаалуудыг хүчингүйд тооцсон. Монгол шуудан ХК-ийн хүний нөөцийн газарт менежерийн орон тоог шийдвэрлэж өгнө үү гэх албан бичиг явуулсан. Улмаар Монгол шуудан ХК-аас Д.-ыг ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн тохиолдолд сар бүрийн санхүүжилтэнд цалинг тусган хүргүүлэх боломжтой гэсний дагуу Д.Г-ыг ажилдаа орох саналыг удаа дараа тавьж байсан боловч ажилдаа одоог хүртэл ороогүй. Иймд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх талаар холбогдох арга хэмжээг удаа дараа авч байсныг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй хирнээ ажилгүй байсан хугацааны сүүлийн 6 сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргаж байна.
Увс аймгийн ШҮГ-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Д.Г-г тус газрын менежерийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн ШҮГ-ын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд нэхэмжлэгч Д.Г-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрх үүсчээ.
Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр хариуцагч байгууллагаас цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч “2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ахлах менежерийн Б/05 дугаар Д.-ыг ажилд эгүүлэн томилох тушаал гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 дугаар тушаалуудыг хүчингүйд тооцсон. Монгол шуудан ХК-ийн хүний нөөцийн газарт менежерийн орон тоог шийдвэрлэж өгнө үү гэх албан бичиг явуулсан. Улмаар Монгол шуудан ХК-аас Д.Г-ыг ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн тохиолдолд сар бүрийн санхүүжилтэнд цалинг тусган хүргүүлэх боломжтой гэсний дагуу Д.Г-ыг ажилдаа орох саналыг удаа дараа тавьж байсан боловч ажилдаа одоог хүртэл ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” талаар тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Д.Г-ыг Увс аймгийн ШҮГ-ын менежерийн албан тушаалд Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал тушаалаар томилсон байхад хариуцагч Увс аймгийн ШҮГ-ын Ахлах менежер өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Г-ыг менежерийн ажилд нь эгүүлэн томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, тушаалыг биелүүлээгүй байна.
Улмаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийдвэр 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр биелэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.
Иймд хариуцагч Увс аймгийн ШҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Год олгож шийдвэрлэв.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Д.Г-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн ШҮГ-аас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн ШҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч УАШҮГ-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн ШҮГ-аас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ