Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 154/2022/00131

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Төрийн банкны Булган тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинжаргалын хүсэлттэй,

          Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Салихан овогтой Ахмадсапа, Ахмадсапа овогтой Хурмаан нарыг эрэн  сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Булган тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Салихан овогтой Ахмадсапа, Ахмадсапа овогтой Хурмаан нар нь 2012 оны 10 дугаар сарын 26- ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 196094 тоот тэтгэврийн дэвтрээ барьцаалан банкнаас 4.189.459 төгрөгийн зээл жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагч С.Ахмадсапа, А.Хурмаан нар нь тэтгэврийн зээлийн гэрээний 2.2.2, 2.2.3-д заасан үүргээ биелүүлэхгүй, 2013 оны 08 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй 3140 хоногийн хугацаа хэтэрсэн, зээлдэгчид хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул С.Ахмадсапа. А.Хурмаан нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоолгохоор ИХШХШТ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна гэв.

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Төрийн банк нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ахмадсапа. А.Хурмаан нарыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлт гаргажээ. 

            Хүсэлтэд дурдсан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ахмадсапагийн оршин суугаа хаяг тодорхойгүй, хаягийн бүртгэлдээ байхгүйн улмаас Төрийн банкнаас  зээлээр өгсөн 4,189,459 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох түүний шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

          Харин А.Хурмаан нь оршин суугаа хаягийн бүртгэлдээ байнга оршин сууж байгаа түр хугацаагаар Казакстан улс руу явсан байх тул хариуцагчийг ирэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байх тул А.Хурмааныг эрэн сурвалжлах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд төрийн банкны хүсэлтийг хангаж, С.Ахмадсапаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Базархул овогт Салиханы Ахмадсапаг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  С.Ахмадсапаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг  тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Нэхэмжлэлийн шаардлагаас А.Хурмааныг эрэн сурвалжлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Шийдвэрийн хувийг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.ЭНХЖАРГАЛ