Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 154/2022/00104

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Ц.Энхжаргал би

            Нэхэмжлэгч: “*******”-ний нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Хөх Үзүүр багт оршин суух, Н.Анхбаярт холбогдох 4,110,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “*******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ховд аймгийн Үенч сумын Хөх Үзүүр багт оршин суух, иргэн Н.Анхбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Гүнзэгэстэй” ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

          Иргэн Н.Анхбаяр нь “Гүнзэгэстэй” ХХК-ний шатахуун түгээх салбарас 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 322.560 төгрөгний шатахууныг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 283.960 төгрөгний шатахуун, өлзийт шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 350.370 төгрөгний шатахууныг, ээв шатахуун түгээх салбараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 74.886 төгрөгний шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 179.200 төгрөгний шатахууныг, ээв шатахуун түгээх салбараас 398.460 төгрөгний шатахуун, зам зуур шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 342,350 төгрөгний шатахуун, Гүнзэгэстэй шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 277.760 төгрөгний шатахуун, Алтай шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 80150 төгрөгний шатахуун, Өлзийт шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 270.220 төгрөгний шатахуун Алтай шатахуун түгээх салбараас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 412.245 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд үүнээс 252.120 төгрөгийг төлж барагдуулсан байна. Одоо шатахууны үнийн үлдэгдэл 2,740,041 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заасан байна. Алданги дээр маргах учир эвлэрүүлэн зуучлалаар орох боломжгүй. Иймд иргэн Н.Анхбаяраас зээлээр авсан шатахууны үнэ 2,740,041 төгрөг, алданги 1,370,020 төгрөг, нийт 4,110,061 төгрөгийг “Гүнзэгэстэй” ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч *******” нь 4,110,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Анхбаярт холбогдуулан гаргажээ.

     Нэхэмжлэгч *******” нь 4,110,061 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 1,370,020 төгрөгийн шаардлагасаа татгалзаж 2,740,041 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Н.Анхбаяр хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан нь бусдын эрх, эрх  чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******”-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,711 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 40,355.5 төгрөгийг улсын орлогоос, 40,355.5 төгрөгийг хариуцагч Н.Анхбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******”-нд олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч *******”-ний 2,740,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Анхбаяр хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******”-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,711 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 40,355.5 төгрөгийг улсын орлогоос, 40,355.5 төгрөгийг хариуцагч Н.Анхбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******”-нд буцаан олгосугай.

                 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ЭНХЖАРГАЛ