Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 45

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Хохирогч: Т.Ганжаргал,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “МЦУУ” ХХК-ийг төлөөлж Б.Болормаа,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “Зунмен” ХХК-ийг төлөөлөгч Ян Минь /Yang Ming/ буюу Соёлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бурмаа,

Шүүгдэгч: П.Ганбат,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ганбатад холбогдох 201616010067 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа нүүр тээврийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 26-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шавь овогт Пэрлэйн Ганбат /РД:АМ78031212/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч П.Ганбат нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 78-86 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “Зунмен” ХХК-ийн эзэмшлийн 19-20 БЧ чиргүүл бүхий, 30-93 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган ослын улмаас Т.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “Зунмен” ХХК, “МЦУУ” ХХК-иудын эд хөрөнгөнд нийт 19,740,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганбат мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 27-ны өдөр Таван толгойгоос нүүрсээ ачуулаад Гашуун Сухайтын хил рүү явж байсан. Тухайн үед машинуудын цуваа үүссэн байсан. Миний урд талын машин чиргүүлийн бөгсний гэрэл байхгүй байсан бөгөөд гэнэт тоормос гишгэсэн. Миний ард талд явж байсан 2 машин зай бариагүй ойрхон явж байсан. Намайг тоормос гишгэсэн бол ард талаас дайрах байсан. Иймээс зүүн тал руу ороход урд талаас нэг машин хүчтэй орж ирээд мөргөсөн. Түүнээс хойш сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн газар хэвтэж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ганжаргал мэдүүлэхдээ: “...Над руу 2016 оны 6 сарын 28-ны өдөр 5 цаг өнгөрч байхад мэдэгдсэн бөгөөд 29-ний өдөр ирж шарилыг нь авсан. Энэ хэрэг гарснаас хойш 5 удаа ирж байна. Би хань ижлээ алдсан. Миний хань хэнд ч гэм буруу хийгээгүй. Өөрийнхөөрөө явж байсан. Миний хүү 9 сартайдаа аавгүй үлдсэн. Үлдсэн амьдралдаа аавынхаа хайрыг мэдэрч чадахгүй. Иймээс би гомдолтой байгаа. Энэ газрыг зорин ирж байгаа шалтгаан нь миний хань шиг, миний хүү шиг, над шиг хүмүүс амьдралаараа хохирогч үлдэж байгаа хүмүүст монгол улсын хууль зөв шийдвэр гаргаж байхыг хүсэж хүлээж өнөөдрийг хүрсэн. Би өмгөөлөгчөөсөө татгалзсан. 2 хятад компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдэг үгийг хэрэглээд байна. Үүнийг хэлэх шаардлага байгаа юм уу? ингэж яриад байгаа нь харамсалтай байна. Хөдөлмөрийн чадвартай хэдэн ч жил хамаагүй амьдарлаа аваад явах боломжтой байсан хүний амь нас үлэмж хэмжээний хохирол биш юм уу? энэ нь надад ёс зүйн талаасаа дутагдалтай юм шиг санагдаж байна. Энэ осол нь үйлдвэрийн осол гэсэн дүгнэлт гарсан. Энэ актыг осол гарснаас хойш 6 сарын дотор Зунмен гэх компани гаргаж өгөх байсан боловч гаргаж өгөөгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байсан учир хүндэтгэн үзэх шалтгаан гэж бодож байгаа. Одоо үйлдвэрийн ослын актыг Зунмен компаниас гаргуулж өгөхийг хүсэж байна. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, 97.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрийн ослын талаар заасан байгаа. Иймээс хохирогчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Хятад компаниуд нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хууль зөрчдөг. Үүний улмаас би хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгож чадахгүй байгаа учир нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Хүүгээ ядаж 18 нас хүртэл нь тэтгэмжийг нь авмаар байна. Миний хүүгийн аав нь байсан бол 18 жил байтугай хүүгээ тэжээж тэтгэх байсан. Энэ зам дээр зам тээврийн осол байнга гардаг. Ямар байдалтай байдгийг мэддэггүй байсан. Энэ зам дээр дахиж хэдэн хүний амь нас эрсдэхийг мэдэхгүй байна. Машин барьж байгаа олон жолооч нарыг хүлээж байгаа үр хүүхэд хань ээж аав нь байгаа. Нэг ч осол гаргахгүй юм аа гэхэд ослыг багасгах арга хэмжээг авах хэрэгтэй байна. Миний хань намайг оршуулаад өгөөч гэж машины урдуур ороогүй. Оршуулгын зардал төлсөн учир болно гэсэн шийдвэр гаргасан. Ийм байж болохгүй. Үүнийг заавал хэлмээр байна. Би огт үндэслэлгүй зүйл нэхээгүй. Хуульд заасан заалтын дагуу нэхэмжилж байгаа. Миний ханийг босгоод ирж чадахгүйгээс хойш хуульд заасан тэтгэмжийг нь гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “МЦУУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа мэдүүлэхдээ: “...Манай компани нь улс хоорондын ачаа тээвэрлэлтийн байнгын зөвшөөрөлтэйгөөр гэрээ байгуулж ажилладаг. Манай компанийн жолооч Ганбат нь зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсонд компанийн зүгээс эмгэнэл илэрхийлж сэтгэл санааны дэмжлэг болгож 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн даатгалын компаниас 10,000,000 төгрөгийг хохирогчид өгсөн. Манай компани нь нийгмийн даатгал төлдөг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт “Зунмен” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Yang Ming /Соёлт/ мэдүүлэхдээ: “Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг дагана” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 6-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нүүрс тээврийн хатуу хучилттай замын хойноос 159-160 км-т ... хөндлөнгийн гэрчээр О.Мөнхбат, Г.Шинэхүү, хяналтын прокурор Т.Баярмаа, цагдаагийн ахмад Д.Баасанбат, цагдаагийн ахмад Д.Ганбат, шинжээч Б.Бат-Эрдэнэ оролцов.” гэсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 7-р хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 8-14-р хуудас/

            Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “...П.Ганбатын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргав...” гэснээр / хавтаст хэргийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Ганжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны үед Өмнөговь руу ажлаа хийхээр явсан юм. Түүнээс хойш гэртээ очилгүй Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлаа хийж байсан бөгөөд бидэнтэй байнга утсаар холбоотой байсан. Өмнөх компаниудад ажиллахаа болиод хилийн цаана хятадуудтай тохирч, нүүрсний машиныг жолоодох ажил хийж байна гэж ярьдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг 45 минутад Гончигдамба /хамт нүүрсний машины жолоочоор ажиллаж байсан хамаатангийн залуу/ яриад ослын талаар анх мэдсэн. Би талийгаач нөхрийн оршуулга болон буяны ажилд зарцуулсан зардал болох 18,548,891 төгрөгийг осолд буруутай талаас нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримтаа одоо гаргаж өгөхөөр осолд буруутай талаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт байна.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч YAN MING /Соёлт/-ын “...Манай “Зунмен” ХХК нь хятадын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компани юм. Тус компанийн 30-93 УНЦ улсын дугаартай шланз машин уржигдар шөнө осолд холбогдож, жолооч Т.Мөнх-Эрдэнэ нас барсан байна. Жолооч нар ойр ойрхон солигдоод байдаг болохоор энэ хүнтэй гэрээ хийж амжаагүй машинаа өгч явуулсан байна. Бид ослоо амьд гарсан жолоочийн бие муу байгаа гэж сонссон. Тиймээс тэр хүн болон өөр хэн нэгэнд холбогдуулж нэхэмжлэх зүйл бидэнд байхгүй.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болормаагийн ”... П.Ганбат нь манай компанид бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан жолооч биш боловч уг тээврийн хэрэгслийг хятад улсдаа түрээсээр эзэмшдэг хятад хүн П.Ганбатад машиныг олгоод нүүрс ачуулахаар Монгол Улс руу явуулсан юм билээ. Тэр хүний машинуудыг П.Ганбат барьж нүүр тээвэрт ажиллаад 3 жил болж байгаа гэсэн. Нүүрс тээврийн машиныг эзэмшигч хятад хүмүүс Монгол жолооч нартай хувиараа ярьж тохироод, цалин хөлс өгөөд машинаараа нүүрс тээвэрлүүлэх явдал байдаг юм. Тийм байдлаар П.Ганбатад машинаа өгч явуулсан юм билээ. 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн чирэгчийн зүүн урд хэсэг эвдэрсэн, мөн чиргүүл тээврийн хэрэгсэлд учирсан эдгээр хохирлыг тооцож үзэхэд солих болон засварлах эд ангиудын нийт мөнгөн дүн 5,202,000 төгрөг болж байна. Тээврийн хэрэгслүүд БНХАУ-д даатгалтай, даатгалаар хохирол нөхөн төлөгдөх учраас бусдаас нэхэмжлээд байх зүйлгүй, санал, гомдол “МЦУУ” ХХК-нд байхгүй.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гончигдамбын “... Би орой машинуудын хамгийн сүүлд Монгол руу гараад бүрий болж байхад 4 дүгээр постын цаана машинаа зогсоогоод Мөнх-Эрдэнийн утас руу залгахад хойшоо 3 дугаар пост өнгөрөөд явж байна гэсэн. Түүнээс хойно дахиад ярихад Пийжүүт өгсөөд явж байна гэж ярьсан. түүнээс хойш утсаар яриагүй. Би явсаар Жавхлант баг орж дэлгүүрээс тамхи авч, машиныхаа усыг нэмчхээд хойшоо гараад явж байтал машинууд аваараа татаад зам дээр зогсож байсан. Хоосон машинууд замаас гараад шороогоор явж байгаад эргэж зам руу ороод цааш явахаар нь би дагаж цаана нь гарчихаад Мөнх-Эрдэнэ рүү залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Би түүнийг цайны газруудаар хоол унд идэж байгаа юм болов уу гэж бодоод цааш явсаар сүлжээ орсон. Тэнд очоод нэлээд олон залгатал эргээд өөр утаснаас над луу цагдаагийн хүн яриад талийгаачийг осолд орсон талаар хэлсэн. Би замын унаагаар осол болсон газарт буцаж очиход Мөнх-Эрдэнэ осолд ороод аль хэдийн нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Батзоригийн ”... Ах маань Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлыг 2010 оноос өдийг хүртэл хийж байна.  Хамгийн сүүлд осолд орохоос 2-3 хоногийн өмнө утсаар ярихдаа би ажлаа хийж байна. Хэд хоногоос ажил зогсоно. Тэгэхээр хот руу очно. Манай эхнэр хүүхдийг Архангай аймгаас Улаанбаатар хотод авчраад эмнэлэгт үзүүлж бай гэж надад хэлсэн. Тэгтэл намайг хөдөө байхад ахыг осолд ороод Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдсэн.  Тэгээд эхнэр хүүхэд, ээж болон ах дүү нар өчигдөр Улаанбаатар хотоос ирлээ.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 34-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Хатанбаатарын ”... Ханбогд сумын Жавхлант багийн ард засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байдалтай байсан. Тэгээд би зогсоод газар хэвтэж байсан хүн дээр яваад очсон. Тэр хүн баруун талаараа хажуулдан хэвтчихсэн, ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай амьд байсан. Харанхуй байсан болохоор гэмтэл, шарх зэрэг зүйлүүд ажиглагдаагүй. Тэгээд би Ханбогд сумын цагдаагийн тасаг болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд хоосон ачаагүй машины жолооч нь рулиндээ буюу жолооны хүрдэндээ хавчуулаатай амьд байсан. Хэдэн машин зогсож жолооч нар бууж ирсэн. Тэгээд бид нар нийлээд уг хүн хавчуулаатай машины урд талаас нь машинаар кабиныг нь татаж, тэр жолоочийг гаргаж авсан. Тэгэхэд амьд байсан. Юу ч яриагүй тэгж байгаад хөдлөхөө болиод эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан юм.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 37-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гэрэлмаагийн “...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд “Жавхлантаас хойхно нүүрс тээвэрлэлтийн машинууд мөргөлдлөө, жолооч нь муу байна” гэсэн дуудлага Ханбогд сумын эмнэлэгт ирсний дагуу ослын газарт 00 цаг өнгөрч байхад очсон. Тэнд нүүрсний 2 машин мөргөлдсөн байдалтай, 2 жолоочийг нь машины хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Нэг жолоочийг нь нас барчихлаа гэж биднийг дуудлага аваад сумын төвөөс гарч байхад эмнэлгээс мэдэгдсэн. Эмнэлэг рүү анх дуудлага өгсөн хүмүүс нь дахиж утастаад түүнийг мэдэгдсэн гэж ойлгосон. Дуудлагаар очоод амьд байгаа жолоочийн биеийн үзэхэд маш хүнд, амьсгал давхацсан, зүрхний цохилт олширсон, уушиг зүүн талдаа сул, баруун талдаа ширүүссэн, хэвлий нилэнхүйдээ эмзэглэлтэй / гар хүргэхгүй/ баруун хөл өвдөгний дээхнэ хэсгээрээ гадагш эргэсэн байдалтай, ухаан саруул, асуусан асуултад оновчтой, тод хариулж байсан. Дараа нь нас барсан хүний хөнжил мэт зүйлээр хучсан байсан ба хучлагыг сөхүүлэн үзэхэд захын пульс тэмтрэгдэхгүй, бие хөшсөн нас барсан шинж тэмдэг илэрхий байсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 38-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Т.Мөнх-Эрдэнийн цогцост үзлэг шинжилгээгээр дэлүүний задрал, нойр булчирхайн задрал, элэгний язрал, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт /1500 мл/, баруун, зүүн эгэм, зүүн 1, 2, 3-р хавирга, баруун 1, 2-р хавирганы хугарал, баруун хөмсөг орчимын язарсан шарх, чихний урагдсан шарх, зүүн шилбэний няцарсан шарх, зүүн мөр, зүүн бугалга, шуу, цээжний зүүн хэсэг, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь үхлийн шалтгаантай холбоотой болно. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барсан.” гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5927 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Т.Мөнх-Эрдэнэ  30, эр гэж хаягласан цус 5,0 мл хуруу шилэнд авч хийж, битүүмжлэн ирүүлжээ. Тогтоолд дурдсантай ирүүлсэн биоматериал тохирч байв. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийг бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход Т.Мөнх-Эрдэнийн цогцосноос авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 42-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... П.Ганбатын биед дэлүүний няцралын улмаас дэлүү авагдсан мэс засал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дунд чөмөгний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. П.Ганбатад хавирганы хугарал байх боломжтой бөгөөд үүнийг зөвхөн багажийн шинжилгээгээр тогтооно. Өвчний түүх болон эмч нарын үзлэгт яг хэдэн хавирганы хугарал гэдэг нь тусгагдаагүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 45-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5928 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... П.Ганбат 38, эр гэж хаягласан цус 5,0 мл хуруу шилэнд авч хийж, битүүмжлэн ирүүлжээ. Тогтоолд дурдсантай ирүүлсэн биоматериал тохирч байв. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийг бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход П.Ганбатын биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 47-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хавтаст хэргийн 48-51-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...П.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн учир уг тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Уг зам тээврийн осолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэснээр / хавтаст хэргийн 53-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №1138 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтэд “... П.Ганбатын биед дэлүүний няцрал дэлүү авах мэс засаын дараах байдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дунд чөмөгний далд хугарал, цээжний баруун талд 5, 6, 7, 8 9 хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, уушиг няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.Ганбатад учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг босон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн /ярих, явах г.м/ чадарт нөлөөлөхгүй.” гэснээр / хавтаст хэргийн 70-71-р хуудас/

Комисстой техникийн шинжээчийн 3 дугаар дүгнэлт / хавтаст хэргийн 73-74-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 89-р хуудас/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хавтаст хэргийн 90-р хуудас/

П.Ганбатын хувийн байдалтай холбоотой баримтууд / хавтаст хэргийн 91-93, 72-75 дугаар хуудас/

П.Ганбатын нэр дээр ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болохыг нотолсон Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/252 тоот албан бичиг, арилжааны банкуудын лавлагаа / хавтаст хэргийн 95, 135-145-р хуудас/

Яллагдагч П.Ганбатын өвчний түүх амбулаториор эмчлүүлэгчийн карт / хавтаст хэргийн 96-134-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд: “...30-93 УНЦ улсын дугаартай чирэгч, 19-20 БЧ дугаартай чиргүүлд 17,680,000 төгрөгийн, 46-02 ӨМӨ улсын дугаартай чирэгч, 78-86 БЧ дугаартай чиргүүлд 5,495,000 төгрөгийн тус тус хохирол учирсан.” гэснээр / хавтаст хэргийн 55-58-р хуудас/

Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №15, 30-93 УНЦ улсын дугаартай чирэгч, 19-20 БЧ дугаартай чиргүүл нь “Зунмен” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна”, 46-02 ӨМӨ улсын дугаартай чирэгч, 78-86 БЧ дугаартай чиргүүл нь “МЦУУ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 184-192-р хуудас/

Хохирогч Т.Ганжаргалын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /  1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 2 дугаар хавтас хэргийн 1-282-р хуудас/

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ / хавтаст хэргийн 147-152, 158-163р хуудас/

“Зунмен” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №76 дугаартай албан бичигт “...Тус компанийн нэр дээр бүртгэлтэй 30-93 УНЦ тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн ослоос компанид 12,380,000 төгрөгийн хохирол учирсан боловч компанийн зүгээс тээврийн хэрэгслийн даатгалаасаа барагдуулахаар болсон тул компанид гарсан хохирлыг осолтой холбоотой холбогдох бусад этгээдээс нэхэмжлэхгүй болсныг мэдэгдэн хүргүүлж байна” гэсэн тодорхойлолт / хавтаст хэргийн 291-р хуудас/

“МЦУУ” ХХК-ийн албан бичигт “...“МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 46-02 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбогдох хэрэгт компанийн зүгээс ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт / хавтаст хэргийн 292-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

            Шүүгдэгч П.Ганбат нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 78-86 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “Зунмен” ХХК-ийн эзэмшлийн 19-20 БЧ чиргүүл бүхий, 30-93 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган ослын улмаас Т.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “Зунмен” ХХК, “МЦУУ” ХХК-иудын эд хөрөнгөнд нийт 19,740,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Ганжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны үед Өмнөговь руу ажлаа хийхээр явсан юм. Түүнээс хойш гэртээ очилгүй Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлаа хийж байсан бөгөөд бидэнтэй байнга утсаар холбоотой байсан. Өмнөх компаниудад ажиллахаа болиод хилийн цаана хятадуудтай тохирч, нүүрсний машиныг жолоодох ажил хийж байна гэж ярьдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг 45 минутад Гончигдамба /хамт нүүрсний машины жолоочоор ажиллаж байсан хамаатангийн залуу/ яриад ослын талаар анх мэдсэн...” гэсэн мэдүүлэг

гэрч Э.Гончигдамбын “... Би орой машинуудын хамгийн сүүлд Монгол руу гараад бүрий болж байхад 4 дүгээр постын цаана машинаа зогсоогоод Мөнх-Эрдэнийн утас руу залгахад хойшүү 3 дугаар пост өнгөрөөд явж байна гэсэн. Түүнээс хойно дахиад ярихад Пийжүүт өгсөөд явж байна гэж ярьсан. түүнээс хойш утсаар яриагүй. Би явсаар Жавхлант баг орж дэлгүүрээс тамхи авч, машиныхаа усыг нэмчхээд хойшоо гараад явж байтал машинууд аваараа татаад зам дээр зогсож байсан. Хоосон машинууд замаас гараад шороогоор явж байгаад эргэж зам руу ороод цааш явахаар нь би дагаж цаана нь гарчхаад Мөнх-Эрдэнэ рүү залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Би түүнийг цайны газруудаар хоол унд идэж байгаа юм болов уу гэж бодоод цааш явсаар сүлжээ орсон. Тэнд очоод нэлээд олон залгатал эргээд өөр утаснаас над луу цагдаагийн хүн яриад талийгаачийг осолд орсон талаар хэлсэн. Би замын унаагаар осол болсон газарт буцаж очиход Мөнх-Эрдэнэ осолд ороод аль хэдийн нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг

гэрч П.Батзоригийн ”... Ах маань Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлыг 2010 оноос өдийг хүртэл хийж байна.  Хамгийн сүүлд осолд орохоос 2-3 хоногийн өмнө утсаар ярихдаа би ажлаа хийж байна. Хэд хоногоос ажил зогсоно. Тэгэхээр хот руу очно. Манай эхнэр хүүхдийг Архангай аймгаас Улаанбаатар хотод авчраад эмнэлэгт үзүүлж бай гэж надад хэлсэн. Тэгтэл намайг хөдөө байхад ахыг осолд ороод Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдсэн.  Тэгээд эхнэр хүүхэд, ээж болон ах дүү нар өчигдөр Улаанбаатар хотоос ирлээ.” гэсэн мэдүүлэг

гэрч Х.Хатанбаатарын ”... Ханбогд сумын Жавхлант багийн ард засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байдалтай байсан. Тэгээд би зогсоод газар хэвтэж байсан хүн дээр яваад очсон. Тэр хүн баруун талаараа хажуулдан хэвтчихсэн, ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай амьд байсан. Харанхуй байсан болохоор гэмтэл, шарх зэрэг зүйлүүд ажиглагдаагүй. Тэгээд би Ханбогд сумын цагдаагийн тасаг болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд хоосон ачаагүй машины жолооч нь рулиндээ буюу жолооны хүрдэндээ хавчуулаатай амьд байсан. Хэдэн машин зогсож жолооч нар бууж ирсэн. Тэгээд бид нар нийлээд уг хүн хавчуулаатай машины урд талаас нь машинаар кабиныг нь татаж, тэр жолоочийг гаргаж авсан. Тэгэхэд амьд байсан. Юу ч яриагүй тэгж байгаад хөдлөхөө болиод эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан юм.” гэсэн мэдүүлэг        гэрч Э.Гэрэлмаагийн “...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд “Жавхлантаас хойхно нүүрс тээвэрлэлтийн машинууд мөргөлдлөө, жолооч нь муу байна” гэсэн дуудлага Ханбогд сумын эмнэлэгт ирсний дагуу ослын газарт 00 цаг өнгөрч байхад очсон. Тэнд нүүрсний 2 машин мөргөлдсөн байдалтай, 2 жолоочийг нь машины хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Нэг жолоочийг нь нас барчихлаа гэж биднийг дуудлага аваад сумын төвөөс гарч байхад эмнэлгээс мэдэгдсэн. Эмнэлэг рүү анх дуудлага өгсөн хүмүүс нь дахиж утастаад түүнийг мэдэгдсэн гэж ойлгосон. Дуудлагаар очоод амьд байгаа жолоочийн биеийн үзэхэд маш хүнд, амьсгал давхацсан, зүрхний цохилт олширсон, уушиг зүүн талдаа сул, баруун талдаа ширүүссэн, хэвлий нэлэнхийдээ эмзэглэлтэй /гар хүргэхгүй/ баруун хөл өвдөгний дээхнэ хэсгээрээ гадагш эргэсэн байдалтай, ухаан саруул, асуусан асуултад оновчтой, тод хариулж байсан. Дараа нь нас барсан хүний хөнжил мэт зүйлээр хучсан байсан ба хучлагыг сөхүүлэн үзэхэд захын пульс тэмтрэгдэхгүй, бие хөшсөн нас барсан шинж тэмдэг илэрхий байсан.” гэсэн мэдүүлэг

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №56 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5927 дугаартай,  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №374 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5928 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №1138 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...П.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн учир уг тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Уг зам тээврийн осолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад П.Ганбатын тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, Комисстой техникийн шинжээчийн 3 дугаар дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул П.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч П.Ганбат нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн / нийт 4 сая төгрөг хохирогчид төлсөн байна/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирогч Т.Ганжаргалын зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх ба мөн ял шийтгэлийн хувьд гаргасан саналыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд хохирогч Т.Мөнх-Эрдэнийг иргэн Д.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироосон гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ганбат нь хохирогч Т.Ганжаргалд 4,000,000 төгрөг шилжүүлсэн, “Практикал”, “Номин” даатгалуудаас 9,900,000 төгрөг тус тус олгогдсон, иргэний хариуцагч “МЦУУ” ХХК нь гэм хорын хохирол 15,800,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Нийт 28,960,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогч энэ талаар үгүйсгээгүй.

Иргэний нэхэмжлэлийн тухайд:

Харин хохирогч Т.Ганжаргал нь иргэний хариуцагч “Зунмен” ХХК-аас Т.Мөнх-Эрдэнийн үйлдвэрлэлийн ослын улмаас ар гэрт нь олгох ёстой нөхөн төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хариуцагч “Зунмен” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ажилтан Т.Мөнх-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, түүний нийгмийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүргээ гүйцэтгээгүй, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллуулах зэрэг хөдөлмөрийн харилцаан дахь ажилтан ажил олгогч нарын эрх үүргийг хэрэгжүүлэх байжээ.

Энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс талийгаач Т.Мөнх-Эрдэнийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийгээгүйгээс түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй бага насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжийг хааснаар Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/089/07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.Мөнх-Эрдэнэ нь “Зунмен” ХХК-ийн ажилтан байх үндэслэлтэй бөгөөд тус компанийн ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осолд хамаарах үндэслэлтэй байна” гэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч байгууллага “Зунмен” ХХК-аас талийгаач Мөнх-Эрдэнийн ар гэрт 36 сар, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэсний дагуу төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин талийгаач Т.Мөнх-Эрдэнийн цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дахь заалт мөн 7-ийн а/д заасны дагуу тохирсон цалин болон түүнтэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад баталгаат хөлс болох нүүрс тээвэрлэлтийн рейсний сүүлийн 3 сарын дундаж төлбөрөөр тооцоолсон болно.

Үүнд 1 рейс /нүүрс ачиж буулгах/ -360,000 төгрөг /иргэний хариуцагч Yang Ming-ийн тайлбар болон “Амгла авто” ХХК-ийн 2017 орны 5 сарын 23-ны өдрийн 17/29 албан бичгийг үндэслэсэн хх482/ х 8 удаагийн рейс /2017 оны 5 сарын 01-ний өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 7-2/2877 дугаартай Т.Мөнх-Эрдэнийн хил нэвтэрсэн тухай лавлагаа хх483-р хуудас/ =2,880,000 төгрөг /1 сарын хөлс/ болж байх бөгөөд 36 сарын цалин 2,880,000х36 сар=103,680,000 төгрөгийг талийгаачийн ар гэр болох хохирогч Т.Ганжаргалд олгох нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг нь хангаж, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Харин хүүхдийн тэтгэмжийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцох шаардлагатай тул энэхүү нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, харин баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 209.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь овогт Пэрлэйн Ганбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. П.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зунмен” ХХК-иас 103,680,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ганжаргалд олгож,

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ганжаргалын хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан П.Ганбатын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар П.Ганбатад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар П.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.              

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ганбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА