Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т, Ү.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй, Г.Т, Ү.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Т, Ү.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3232 дугаар шийдвэрээр Ү.Д, Г.Т нараас 236 725 993 төгрөгийг гаргуулж “Капитал континет инвестмнент ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2018 оны 10 дугаар сард 5 000 000 төгрөг төлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 50 373 950 төгрөг төлсөн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/18070 тоот мэдэгдлээр Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 37-27 тоот 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 180 200 000 төгрөг, Ү.Дгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37-43 тоот 77.02 м.кв талбай хоёр өрөө орон сууцыг 88 620 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдсэн.

Бидний өмчлөлийн орон сууц нь 2013 онд ашиглалтанд орсон бөгөөд тухайн үед 1 м.кв нь 1 850 000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоогийн зах зээлийн ханшаар уг байршилд байрлах байр 1 м.кв нь 1 850 000 төгрөгөөс 1 900 000 төгрөгт үнэлэгдэн зарагдаж байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн тойм судалгаагаар 2017 оноос 2018 оны 3 дугаар улирлын судалгаагаар Баянзүрх дүүрэгт сайн зэрэглэлийн орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 2 300 000 төгрөг байна. Дээрх үйл баримтаас үзэхэд манай байрыг үнэлсэн үнэлгээний компани зах зээлийн ханшаас доогуур бодит бус байдлаар үнэлгээ тогтоосон байх тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай. Иймд бидний өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Үнийн саналын хувьд талууд санал нийлээгүй тул тэдгээрийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ү.Дгийн өмчлөлийн 3 өрөө байрыг 180 200 000 төгрөг, Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн 2 өрөө байрыг 88 620 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг манай байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн бөгөөд хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч нар хуульд заасан хугацааг хэтрүүлж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан мөн үнэлгээг зах зээлийн ханшаас бага үнэлсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т, Ү.Д нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ү.Дд №54-01, №54-02 дугаартай барьцаалагдсан хөрөнгийн үнэлгээг танилцуулахад төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэмдэглүүлсэн. Энэ байдлаа шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоног буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 17 цаг 02 минутад бүртгэн авсан. Үүнтэй холбогдуулан шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтанд нийцүүлж гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр буруутгасан шийдвэр болсон. Шүүх шийдвэртээ миний нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэлсэн тайлбарыг огт оруулаагүй байна. Түүнчлэн, тодорхойлох хэсэгт орон сууцны талаар зөрүүлж, алдаатай бичсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээтэй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Т, Ү.Д нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр Г.Т, Ү.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235 391 088 төгрөгийг гаргуулан “Капитал континент ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг нэхэмжлэгч нарын гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 532 дугаар тогтоолоор хянаад хэвээр үлдээснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 50-58 дахь тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 8745 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 782 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. /хх 48-49 дэх тал/ Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг.

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Г.Т, Ү.Д нар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37-27 тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий орон сууцыг 540 000 000 төгрөгөөр, мөн дүүргийн 37-43 тоотод байрлах 77.02 м.кв талбай бүхий орон сууцыг 250 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлуулах үнийн санал /хх 71 дэх тал/ ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн /хх 72 дахь тал/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 73-112 дахь тал/ Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн орон сууцыг 180 200 000 төгрөгөөр, Ү.Дгийн өмчлөлийн орон сууцыг 126 600 000 төгрөгөөр тус тус үнэлж, дүгнэлтээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ. /хх 112 дахь тал/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Г.Тд 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, Ү.Дд мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын зөрчөөгүй гэж үзнэ. /хх 113-116 дахь тал/

 Нэхэмжлэгч Г.Т, Ү.Д нар эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн шүүх нэхэмжлэгч нарыг эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь шинжээчийн үнэлгээтэй нэхэмжлэгч Г.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, Ү.Д нь мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус танилцаад, тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 19556 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар тогтоогдсон. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Г.Тунамал-Эрдэнийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн, харин нэхэмжлэгч Ү.Дгийн хувьд хуулиар тогтоосон хугацаанд гомдоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Шүүгч 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19556 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгч Ү.Дгийн хувьд гомдол гаргах хугацааг шинээр тоолох нөхцөл бий болжээ. Уг хугацаанаас тоолоход нэхэмжлэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны дотор гомдол гаргах ёстой байтал мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын тайлбарын агуулгыг тусгасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “миний нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэлсэн тайлбарыг огт оруулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                 Ч.ЦЭНД