| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00103/И/ |
| Дугаар | 154/2022/00135 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 154/2022/00135
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, ******* овогтой*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух,******* овогтой*******д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Баттөмөр миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр И.Сүмбэнд 2 ууттай 80 кг арвайн бор гурил Ховд аймаг руу дайсан билээ. Тээврийн зардлыг нь өгөөд явуулсан. Гэтэл миний явуулсан 80 кг гурилыг бензиний амт оруулж намайг хохироосон тул гурилын үнэ болох 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Баттөмөр, хариуцагч И.Сүмбэн бид хоёр гурилын үнэ 400,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагадаа эвлэрэн хэлэлцэж 300.000 төгрөг өгч авахаар тохиролцов. И.Сүмбэн 150000 төгрөг, Бухаавайгийн .Ариунбат 150000 төгрөг өгөхөөр тохиролцов. Энэхүү гэрээг үндэслэн дахиж шүүхэд маргаан гаргахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баттөмөр хариуцагч И.Сүмбэнд холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч М.Баттөмөр нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж 300,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч И.Сүмбэн нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг нэхэмжлэгч М.Баттөмөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Баттөмөрийн нэхэмжлэлтэй И.Сүмбэнд холбогдох 400,000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж, зохигч 300,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баттөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ