Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00140

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00140

Булган сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух Батмөнх овогтой Энхбаатарт холбогдох 719,265 төгрөг гаргуулахыг хүссэн Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40142841 тоот гэрээ байгуулан 99441018 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A51, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021 оны 10 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 538,100 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 51,250 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 129,916 төгрөг буюу нийт 719,265 төгрөгийг гаруулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь мобиком корпораци ХХК-ниас Galaxy A51 утас авсан нь үнэн болно. Цаг хугацааны байдлаас болж төлөлтөө цаг тухайд нь төлж чадаагүй.

Иймд би гар утасны үлдэгдэл төлбөрт 538,100 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 51,250 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 129,916 төгрөг нийт 719,265 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 719,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Энхбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 719,265 төгрөгийг хариуцагч М.Энхбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21813 төгрөгийн 10,906 төгрөгийг улсын орлогоос, 10,906 төгрөгийг хариуцагч М.Энхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ