| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000062 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын баг, гэх газарт оршин суудаг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч О.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр болох А0101 авто замын 86 дахь километрт 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь гэм буруугийн асуудлаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн хугацаанд дахин 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчимд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А0101 авто замын 86 дахь километрийн шонгийн орчимд улсын дугаартай Toyota Рrius-XW20 загварын тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 0.387 хувь, цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль хувь согтолттойгоор жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн замын цагдаагийн постод эрүүгийн цагдаа дэд ахлагч А.ын хамт үүрэг гүйцэтгэж байгаад 13 цаг 45 минутын үед А0101 авто замын 86 дахь километрт Тоёота Приус маркийн мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад О.******* гэх хүн жолоодож явсан. Тухайн үед бичиг баримт байхгүй гэхээр нь регистрийг хийж шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхаар дрегер багажаар үлээлгэхэд 0.387 хувь байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/,
- Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр О.*******тэй утсаар ярихад Улаанбаатар хотод явна гэхээр ирэхдээ миний тээврийн хэрэгслийг унаад ирээч гэж гуйхад за гэхээр нь би тээврийн хэрэгслээ үлдээсэн айлаа зааж өгсөн. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ******* залгаад би тээврийн хэрэгслийг чинь авсан унаад явж байна гэсэн. Өдөр залгаад тээврийн хэрэгслийг чинь унаж яваад цагдаад баригдсан гэхээр нь юу болсон талаар асуухад би өчигдөр архи уусан юм цагдаа зогсоогоод дрегер багаж үлээлгэсэн чинь согтолтын зэрэг гарсан гэсэн. О.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/,
- Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгаас Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод найзындаа очоод 750 граммын хэмжээтэй Эдэн нэртэй архи хоёулаа хувааж уусан. Маргааш нь захаас ******* явах унаад суугаад Налайх орж явахад найз залгаад хаана явна гэхээр нь би Улаанбаатар ороод буцаж явна гэхэд чи миний тээврийн хэрэгслийг унаад ирээч, хүн хүргээд өгнө гэхээр нь би за гээд сууж явсан тээврийн хэрэгслээсээ буугаад хүлээж байхад танихгүй хүн ийн тээврийн хэрэгслийг унаж ирэхээр нь би тээврийн хэрэгслийг унаад дүүргийн замын цагдаагийн пост орж ирэхэд цагдаа дохиж зогсоогоод регистрээ хэл гэхээр нь хэлтэл та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна, буугаад ир гээд дагуулаад пост руу дагуулж ороод дрегер багаж үлээлгэхэд 0,387 хувь гарсан. Би 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж эрхээ хасуулсан. Дараа нь 2024 оны 10 дугаар сард ахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2900000 төгрөгийн торгуулийн ял авсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 82 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1897 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд О.******* гэж хаяглан ирүүлсэн ЕК0000405035, АС0000333574 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Илрүүлсэн цусны дээжээс 0.6 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.”
Дүгнэлт гаргасан: химийн шинжээч Б.Нямхишиг гэжээ. /х.х-ийн 20-21 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цусны дээж авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн хэлтсийн эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо /х.х-ийн 1, 3-5, 6-7, 25, 65-70 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ХУР-иргэний үнэмлэхийн болон гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл, шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар, ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 24, 26-33, 35-40, 45-47, 50-51 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч О.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсэн хугацаанд дахин 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчимд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А0101 авто замын 86 дахь километрийн шонгийн орчимд улсын дугаартай Toyota Рrius-XW20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч О.*******ийг дрегер багаж ашиглан шалгахад 0.387 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш, шинжээчийн дүгнэлтээр цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль хувь буюу цусан дахь спиртийн агууламж 0.5 дээш согтолттойгоор гарсан нь тогтоогдож байна.
Налайх, дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг, энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: О.******* хэдийгээр удаа дараа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон боловч согтуурлын хувь хэмжээг бага, биед нөлөөлөөгүй, ам бүл ганцаараа 80 толгой мал маллаж амьдардаг, эрүүл мэндийн хувьд нэг нүд нь хардаггүйн улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, бусдад учруулсан хохирол байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөт гэх газрын нутаг дэвсгэрээс гаргахгүйгээр хязгаарлалт тогтоож өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн торгох ялыг тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, урьд нь ял шийтгүүлсэн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч О.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/10тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА