| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00078/И |
| Дугаар | 154/ШШ2022/00105 |
| Огноо | 2022-05-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 154/ШШ2022/00105
| 2022 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 154/ШШ2022/00105 | Булган сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Тоосгон Уул ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, Нутгийн удирдлагын ордон, Засаг даргын Тамгын газар /дарга Д.Баатарсүрэн/-д 27,106,164 / Хорин долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тоосгон Уул ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар /дарга Д.Баатарсүрэн /нь Тоосгон Уул ХХК-тай Дулааны эрчим хүчээр хангах , хэрэглэх тухай гэрээ байгуулж Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу 1м3 зарцуулах дулааны хөлсийг 1595 /НӨАТ орсон үнэ/ төгрөгөөр, гэрээнд заасан м3 тооцож сар бүр хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч дээрх төрийн байгууллага нь гэрээний үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс өр үүсгэж, 2019 онд 25,325,573 төгрөг төлөхөөс 6,899,035 төгрөг төлж 18,436,538 төгрөг төлөөгүй, 2020 онд 29,265,698 төгрөг төлөхөөс 22,692,600 төгрөг төлж, 6,573,098 төгрөг төлөөгүй, 2021 онд 29,252,300 төгрөг төлөхөөс 27,155,772 төгрөг төлж 2,096,528 төгрөг төлөөгүй буюу манай компанид үлдэгдэл төлбөрийн авлага үүсгэж нийт 27,106,164 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Ховд аймгийн Алтай сумын ЗДТГ-аас тухайн гэрээний 4 бүлгийн 8-10-т зааснаар дутуу халаалтын хөлсний үлдэгдэл төлбөр болох 27,106,164 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Тоосгон Уул ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тоосгон Уул ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр миний бие нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газраас 27,106,164 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тоосгон Уул ХХК нь хариуцагч Алтай сумын Засаг даргын Тамгын газраас 27,106,164 / Хорин долоон сая зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Тоосгон Уул ХХК нь хариуцагч Алтай сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 27,106,164 /Хорин долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тоосгон Уул ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ