Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.О******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ж.О*******од холбогдох эрүүгийн 2515000000064 дугаартай, 304/2025/0075/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт Ж******* О*******, Булган аймгийн ******* суманд 1981 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, малчин, регистрийн дугаар: , урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.О******* / /нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн “*******” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр хохирогч Д.Хын цүнхийг ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос авч өгөх явцдаа Д.Хыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар цохиж, зодон “хоёр нүдний дээд зовхи, хоёр хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий “хөнгөн хохирол санаатай” учруулсан гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.О******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах “*******” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр Д.Хыг “...машин дээрээс ачаа буулгасангүй...” гэх зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар  цохиж биед нь “хоёр нүдний дээд зовхи, хоёр хацарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсгийн цагдаагийн албан өрөөнд байрлах хяналтын камерын дэлгэцэд үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6-7, 8-10 дахь тал/,

-Хохирогч Д.Хын: “... Би Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах захын ойролцоо явж байтал ******* сумын зүс мэдэх О******* гэх хүн таараад ******* суманд очоод мал хариулаад өг гэхээр нь зөвшөөрөөд ******* суманд тухайн айлд ирсэн юм.Тэгсэн чинь тухайн хүн нь намайг загнаад машин дээр байгаа ачааг буулга гээд загнаад байхаар нь би ингэж загнуулж чадахгүй гэж хэлээд гэрээс нь гараад алхаж явтал миний араас дуудаж машинаас цүнхээ ав гэхээр нь хашааг нь тойрч зүүн талд байрлах “*******” дэлгүүрийн үүдэнд байрлах машин дээр нь яваад очсон чинь дэлгүүрээсээ гараад машин дээрээ хүрээд ирэхээр нь цүнхтэй хувцсаа авах гэсэн чинь баруун талын гараараа миний дух хэсэгт нэг удаа цохиж унагаагаад дахин цохих гэхээр нь өөрийгөө хамгаалж дахин цохиулаагүй.Тухайн үед миний духнаас цус гараад хавдахаар нь сумын эмнэлэг дээр очиж эмчид үзүүлж боолт хийлгэсэн юм. Миний эмчилгээ хийлгэсэн 200,000 төгрөгийг надад өгсөн учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Д*******ын 2025 оны 03-р сарын 18-ны өдөр гаргасан 130 дугаартай:

1.Д.Хын биед хоёр нүдний дээд зовхи, хоёр хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ.

3.Тогтоогдсон хоёр нүдний дээд зовхи, хоёр хацарт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Хамрын нурууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4.Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

6.Дээрх гэмтэл нь 3-5 хоногт үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О*******ын өгсөн: “...хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.О******* нь дээд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.О*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.О*******ын хохирогч Д.Хын нүүр лүү цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “хоёр нүдний дээд зовхи, хоёр хацарт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Д*******ын “...Д.Хын биед учирсан гэмтэл мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...би Ж.О*******оос 200,000 төгрөг авсан, одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.О*******ыг хохирогч Д.Хд төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /зөрчлийн хэргийн 50 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 55 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 56-59 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-71 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.О*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.О*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.О*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О*******од тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт Ж******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*******од 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О*******од сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалсугай.

5.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ