Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00144

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00144

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сум Хужирт багт оршин суух, РД:ПИ 67101931, Хэрээдэй овогт *******ийн*******ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Цэнд-Аюуш /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие Ц.Цэнд-Аюуш нь 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийн наймдугаар анги төгссөн. Би 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Цэнд-Аюуш миний бие нь 1986 оны 06 дугаар сарын 24-нд Дорноговь аймгийн 0129 дүгээр хилийн цэргийн ангид татагдаж 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажилласан. 1991 оны 01 дүгээр 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан.

Цэргээс халагдаж ирээд эхнэрийн хамт 1988 оноос 2022 он хүртэл мал маллаж байна. 1990 онд Д.Дашдаваатай гэр бүл болсон. Миний анх ажилд орсон тушаал, олдохгүй байдлаас болж өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна.

Иймд намайг 1984 оны 06 сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэнд-Аюуш нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Цэнд-Аюуш нь 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн ...Ховд аймгийн Мөст сумын 2 дугаар бригадын 70 дугаар данснаас 1984-1986, 1988-1994 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа

Хүсэлт гаргагчийн 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1983-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагчийн 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ажиллаж байсан байдлын талаарх бүрэн тэмдэглэгдсэн,

- гэрч Д.Наранцогтын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: ...Миний бие нь 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1998 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт мал маллаж байсан. 1998 оноос эхлэн Ховд аймагт жолооч хийсэн.

Ц.Цэнд-Аюуш нь 1984 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1984 оноос эхлэн илгээлтээр хөдөө гарч Мөст сумын Туяа нэгдэлд мал маллаж эхэлсэн. 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 оны 08 сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 1988 онд цэргээс халагдаж ирэнгүүт үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан.

1994 онд Туяа нэгдэл хувьчлагдаж малчид хувьдаа гарсан. Нэгдэл хувьчлагдсанаас хойш одоог хүртэл хувиараа мал маллаж байгаа нь үнэн болно. Нэгдлийн бод, бог хариулдаг байсан. Нэгдлийн хичнээн толгой мал малладаг байсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед 60-70 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Миний бие нэг багт хамт байдаг болохоор нэгдлийн малчнаар ажиллаж байсан болон одоо хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа талаар сайн мэдэж байна. 1984-1994 оныг дуустал нэгдлийн малчнаар, одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн болно. Тухайн үед нэгдлийн даргаар н.Алтангэрэл, багийн даргаар Ч.Баянзул дарга нар тус тус ажиллаж байсан. гэх мэдүүлэг,

- гэрч А.Бакийгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: ...Миний бие нь 1984 оноос эхлэн одоог хүртэл Ховд аймгийн Мөст суманд мал маллаж амьдарч байна.

Цэнд-Аюуш нь 1984 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1984 оноос эхлэн илгээлтээр хөдөө гарч Мөст сумын Туяа ХК нэгдэлд мал маллаж эхэлсэн. 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 оны 08 сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 1988 онд цэргээс халагдаж ирэнгүүт үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Туяа нэгдэл хувьчлагдаж малчид хувьдаа гарсан. Нэгдэл хувьчлагдсанаас хойш одоог хүртэл хувиараа мал маллаж байгаа нь үнэн болно. Нэгдлийн бод, бог хариулдаг байсан. 300-400 бог, 70-80 бод малладаг байсан. Тухайн үед 60-70 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Ам бүл 8. Эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нэг багт хамт байдаг болохоор нэгдлийн малчнаар ажиллаж байсан болон одоо хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа талаар сайн мэдэж байна. 1984-1994 оныг дуустал нэгдлийн малчнаар, одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн болно. Тухайн үед нэгдлийн даргаар н.Алтангэрэл, багийн даргаар Ч.Баянзул дарга нар тус тус ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хэрээдэй овогт *******ийн*******ийг 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл мөн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ