Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 154/2022/00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сум Тахилт багт оршин суух, РД:ПА63092611, Харнууд овогт *******ийн*******ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.Энхбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Алтай сум Тахилт багийн иргэн ******* овогтой******* би 1963 оны 09 дүгээр сарын 26-нд төрсөн 59 настай. Би 1979 онд 8 дугаар  анги төгсөж 1979 оны 09 дүгээр сард Дорнод аймагт ТМС-д элсэн суралцаж 1981 оны 06 дугаар сард төгсөж Дорнод аймгийн Хэрлэн САА-д трактор комбайны жолоочоор ажиллаж байгаад 1982 оны 06 сард цэргийн албанд Дорнод аймгаас Дорноговийн Зүүнбаянд АА-132 дугаар ангид 1982-1985 оны хооронд 3 жил алба хааж 1985 оны 06 дугаар сард Ховд аймгийн Алтай суманд ирээд 1985 оны 10 дугаар сард нэгдэлд тракторын жолоочоор 1990 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 1985.10.15-1990.06.25 өдөр хүртэл Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн тракторын жолоочоор ажилласан 4 жил 8 сарыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Энхбат нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 10 сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

Ц.Энхбат нь 1985 оны 10 сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь:

              - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

             Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн ...Алтай сумын нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 15-ны өдрийн 45, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа

         Ховд аймаг Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн зөвлөлийн 1985 оны 10 сарын 15-ны өдрийн 45 дугаартай ...Ц.Энхбатыг машинистаар авч ажиллуулсан тухай тушаал

         Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн даргын 1990 оны 6 сарын 25-ны өдрийн 42 дугаартай тушаал

         - гэрч П.Ганболдын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: “... Ц.Энхбат нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжилд1986 оноос 1990 оны 07 дугаар сар хүртэл тракторын жолоочоор ажилласан. Хадлан хийх, заг түүх, хашаа саравч барих, айл нүүлгэх, чулуу татах зэрэг ажилд жолооч нар явдаг байсан. Алтайн хөгжил нэгдэл нь 20 гаруй жолоочтой байсан. Тракторын  жолооч 9 байсан. Ц.Энхбат нь сайн жолооч байсан. Ц.Энхбат нь 1986 оноос 1990 он хүртэл тасралтгүй тракторын жолоочоор ажилласан.

         Жолооч нар хийснээсээ хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Жолооч нар 350-500 төгрөгийн цалин авдаг байсан. Ц.Энхбат бид хоёр хамт тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно” гэх мэдүүлэг,

- гэрч П.Даваагаравын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: “...Ц.Энхбат нь 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Ц.Энхбат нь 1986-1990 оны 07 дугаар сар хүртэл жолоочоор ажилласан. Нэгдлийн даргаар Найдан ажиллаж байсан. Тэр үед хадлан хийх, хашаа саравч барих, айл нүүлгэх, чулуу татах, зэрэг ажилд жолооч нар явдаг байсан. Ц.Энхбат нь нэгдэл тарах хүртэл тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. Ц.Энхбат нь шагнал урамшуулал авч байгаагүй, 200-300 төгрөгийн цалин авдаг байсан. Бид хоёр хамт тракторын жолооч байсан тул сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овогт *******ийн*******ыг 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, Ховд аймгийн Алтай  сумын Алтайн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ЭНХЖАРГАЛ