Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01781

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Б...ын А...,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр УШ 97100657, Булгадар овогт Б...ын Т...,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг ... байрлах, Н.... газар,

Нэхэмжлэлийн шаардлага:Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З...,  өмгөөлөгч Н.Б..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б.., гэрч Ү.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч   Б.А..., Б.Т... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.... газарт холбогдуулан барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Б.А... нь Ш.Я...гийн төрсөн охин бөгөөд 2012 онд Ү.У...ын гуйлтаар ээж минь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... тоот байрыг Х... банканд барьцаанд тавьсан байсан.Үүнийг бид бага настай байсан тул мэдэхгүй, хожим ээж хэлсэн.Түүнээс хойш хариуцагч Ү.У... нь зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч НШШГА-аас шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилж үнэлгээ хийлгэсэн гэсэн ба Ү.У... нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч гурван шатны шүүх хүлээж аваагүй, ээж минь өөрийн 58.000.000 төгрөгийг төлбөр авагч Х... банканд шилжүүлж банк бүрэн хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгийг чөлөөлж өгсөн. Нэгэнт төлбөр авагч Х... банктай харилцан тохиролцож нэхэмжилсэн төлбөрийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан байтал НШШГА дээрх орон сууцыг чөлөөл гэх мэдэгдэх хуудас 2021.10.29-нд ээжид явуулсан ба ээж минь сэтгэл санаагаар унаж, ямар ч дархлаагүй болж үүний улмаас ковидын халдвар авч мөн хүндрэлээр 2021 оны 11 сарын 23-нд нас барсан.Иймд тэргүүн ээлжид өвлөх эрхтэй Б.А... болон миний төрсөн дүү Б.Т... нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр 1 жил гаруй хугацааны дараа гарсныг аваад Х... банк дээр очиж төлбөр авагчтай тохирч мөнгөө шилжүүлсэн байгаа, хариуцагч Ү.У...т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Хариуцагч хариу тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар М... ХХК, Ү.У... нараас 141.872.337 төгрөгийг гаргуулж Х... банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох гуравдагч этгээд Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 157/02 тоот тогтоолоор, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот тогтоолоор хураан, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 48 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.Мөн төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн.Шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргаад манайхаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар өгч, хуулийн дагуу үнэлэгдсэн байна гэдгийг анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнэн зөв явагдсан талаар батлагдсан шүүхийн шийдвэр байна.Манайд 2017 онд ирсэн материал 2019 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ш.Я...гийн эд хөрөнгийг битүүмжилж хураагаад 2020 онд дуудлага худалдаанд оруулсан.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х... банкнаас Ү.У... бид хоёр 2013 оны зун 150 000 000 төгрөгийн зээл авч, бид хоёр хувааж нэг хүн 75 000 000 төгрөг аваад өөрсдийн хариуцсан зээлээ төлөхөөр тохирсон.Ингэхдээ Ү.У... нь өөрийн нагац эгч болох Ш.Я...гийн Х... хотхоны байрыг, би өөрийн Чингэлтэй дүүргийн ... байрлах байрыг тус тус барьцаанд тавьсан.Би өөрт ногдох үндсэн зээл, хүүг 1 жилийн хугацааны дараа төлж барагдуулсан.Ү.У... нь огт төлбөр төлөөгүй, өнөөдрийг хүртэл миний байр барьцаанд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явагдаж байна.Би Ү.У...тай болон талийгаач Ш.Я...тай тухайн үед ярьж, очиж уулзсан.Шүүх Ү.У...ын үндсэн зээл, хүү, алдангитай нийлээд нийт 140 000 000 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан.Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тал нь байрыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна, 58 000 000 төгрөг төлөгдсөн гэж үзээд цаана нь үйлдэх мөнгийг Х... банк ХХК төлүүлнэ, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

            Гэрч Ү.У... мэдүүлэхдээ:2013 онд Б.Б...тай нийлж Х... банкнаас 150 000 000 төгрөгийг зээлж аваад 2 хуваан 75 000 000 төгрөгөөр хариуцахаар болсон, өнөөдөр хүртэл төлөгдөөд явж байгаа, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ш.Я... Х... банканд өргөдөл гаргаж 58 000 000 төгрөгийг төлбөл барьцаа хөрөнгийг нь чөлөөлж өгнө гэсний дагуу төлсөн гэв.

            Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З...д 2022 оны 1 дүгээр сарын 17, 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэл, Ш.Я...гийн Х... банканд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл, Х... банкны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Х... банкнаас Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр явуулсан ... дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай” баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш.Я...д 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэгч нарын төрсний гэрчилгээ, Ш.Я...гийн нас барсны гэрчилгээ, Б.А...ын нотариатчид 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан өв хүлээн авах хүсэлт, Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн ... дугаар тогтоолыг шүүхэд өгсөн.

            Хариуцагчаас:Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамж, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, Х... банкнаас Нийслэлийн шийдвэрт гүйцэтгэх газарт ирүүлсэн хүсэлт, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү.У..., Ш.Я... нарт хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай баримт, Х... банкнаас Н.... газарт 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлт, Ү.У...аас ирүүлсэн үнийн санал, Ү.У...т хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 2, 2020 оны 4 дүгээр сарын 30, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн.

Х... банкны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, дансны хуулгыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А..., Б.Т... нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Бидний талийгч ээж Ш.Я... нь Х... банканд 58 000 000 төгрөг төлж, Ү.У...ын Х... банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцыг чөлөөлүүлэхээр тохирсон тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлнө гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар М... ХХК, Ү.У... нараас 141 872 337 төгрөгийг гаргуулж Х... банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хураан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 48 000 000 төгрөгөөр борлогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ш.Я...гийн Х... банканд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл, Х... банкны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Х... банкнаас Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр явуулсан ... дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай” баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш.Я...д 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэгч нарын төрсний гэрчилгээ, Ш.Я...гийн нас барсны гэрчилгээ, Б.А...ын нотариатчид 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан өв хүлээн авах хүсэлт, Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн ... дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01032 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамж, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, Х... банкнаас Нийслэлийн шийдвэрт гүйцэтгэх газарт ирүүлсэн хүсэлт, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү.У..., Ш.Я... нарт хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай баримт, Х... банкнаас Н.... газарт 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлт, Ү.У...аас ирүүлсэн үнийн санал, Ү.У...т хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 2, 2020 оны 4 дүгээр сарын 30, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ... дугаар шийдвэр зэрэг нотлох баримтууд, хэргийн зохигчид болон гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамжаар хариуцагч М... ХХК, Ү.У... нар нь 141 872 337 төгрөгийг Х... банкинд  төлөх, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар дээрх ... дугаар шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр шийдвэрлэж, ...дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Н.... газар нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээн ажиллагаа хийж, Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай орон сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр битүүмжилж, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хурааж, төлбөр төлөгч Ү.У... болон өмчлөгч Ш.Я... нараас үнийн санал авахад Х... банк нь үнэлгээчин томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтээ 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Н.... газарт гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ү.У..., өмчлөгч Ш.Я... нарт 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр анхны дуудлага худалдааны мэдэгдлийг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд улмаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай орон сууцыг 48 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан болохыг төлбөр төлөгч Ү.У..., өмчлөгч Ш.Я... нарт мэдэгдсэн байна.

Х... банкны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтод-“Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай орон сууцыг 58 000 000 төгрөг төлсөн тохиолдолд барьцаанаас чөлөөлөхийг тодорхойлов” гэжээ.

Х... банкнаас Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн “Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай” баримтад-Х... банк болон М... ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүргээс чөлөөлж байгаа тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Х... банкнаас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод-М... ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Х... банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 13 790 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3 500 000 төгрөгийг тус тус зээлийн хүүнд, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 67 000 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн болно” гэжээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамжид дурдсан төлбөр  бүрэн төлөгдөөгүй, Ү.У...ын барьцаанд тавьсан Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь талийгч Ш.Я...гийн хөрөнгийг өвлөж аваагүй байх бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн талаар шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Ү.У...т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Ү.У...т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан Ш.Я...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Б.А..., Б.Т... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ү.У...аас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН