| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2008031241575 |
| Дугаар | 2021/ДШМ/295 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/295
Б.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:
прокурор О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.З болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2008 03124 1575 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Б-н Л, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, нөхрийн хамт ................. дүүргийн .. дүгээр хороо, ........ дугаар гудамжны .. тоот оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Б.Л нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ................... дүүргийн .. дүгээр хороо, ................... тоотод оршин суух иргэн Б.З-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Скайворт” загварын 40 инчийн лед зурагтыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Л-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.З давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийдвэрээр манай эхнэрийн дүү Б.Л хорих ял авсанд гомдолтой байна.
Хулгайлсан зурагтыг 2019 онд ломбарднаас 300.000 төгрөгөөр хуучин зурагт худалдаж авч байсан бөгөөд одоо бол худалдаж авсан үнээс хямд үнэлэгдэнэ. Гэтэл шүүхээс 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Хуучин зурагтаа би зарсан ч анх худалдаж авсан үнээсээ бага үнээр худалдах нь ойлгомжтой. Мөн би мэдүүлэгтээ 5 ширхэг толботой зурагт байсан гэдгийг хэлж байсан. Тухайн үед М, Л нар үеэлүүд учир ойр дотно байдаг гэж мэдүүлсэн хэдий ч цагдаагийн зүгээс нэг хашаанд хамт байдаг, миний эзгүйд болон намайг байхгүй байх үед манайхаар байнга орж гардаг. Манай эхнэр Ц нь хүүхдээ гэртээ хардаг учир хааяа Б.Л-р туслуулдаг, нэг хашаанд байгаа улсууд биендээ дэмтэй тустай амьдардаг байсан тухай мэдүүлгэд тусгаагүй байсан. Ярьсан бүх зүйлийг бичих албагүй гэж бодоод гарын үсэг зурсан. Тухайн үед миний бие нь мөрдөгчийн асуултад өөрийн мэдэх зүйлийн хүрээнд л хариулсан бөгөөд одоо бодоход манай эхнэр О.Цэрэнбал хохирогчоор мэдүүлэг өгсөн бол тухайн үед хашаанд байсан хоёр айлыг Б.Отгонзаяа, Б.Л нар харж үлдсэн, биднийг эзгүй үед манай гэрт орж гал түлдэг. Тодорхой хэмжээнд цэвэрлэгээ хийдэг байсан. Нэг хашаанд байгаа улсууд ийшээ, тийшээ явахад гэр орноо захиж үлдэх нь ойлгомжтой асуудал учир энэ талаар дэлгэрэнгүй ярих байсан гэж бодож байна.
Уг хэргийн улмаас 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзвэл надад уг мөнгө олгогдох ёстой гэж үзэж байна. Гэвч уг зурагт нь амьдрал дээр 400.000 төгрөгийн үнэлгээнд хүрэх боломжгүй юм. Мөн Б.Л манайд байнга орж ирдэг, эзгүй үед гэр орон харж, шаардлагатай гэж үзвэл ороод өөрийн дураар гэр цэвэрлэх, шаардлагатай хүнс, бараа бэлтгэх зэрэг үйлдлийг хийх боломжтой байсныг хэрэг шийдэхдээ анхаарч үзээсэй гэж үзэж байна. Б.Л нь гэр орноосоо хамгийн ажилсаг, хүний өөрийн гэхгүй цэвэрлэгээ хийдэг, ээжийнхээ эзгүйд гэр орноо авч явдаг, бусдад дэмтэй тустай байдаг талуудыг нь ял шийтгэхдээ анхаарч үзээсэй гэж хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Л-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй гэх зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн 2008031241575 дугаартай хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг 28 минутанд Б.Отгонзаяа гэгч гомдол мэдээлэл гаргасан байх ба хохирогч З-н мэдүүлэгт “...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед манай төрсөн дүү Б.Отгонзаяа “танай Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 12-17 тоотод байрлах Монгол гэрт хулгайч орж зурагт алга болсон байна” гэж хэлэхэд би “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд “цагдаа ирчихээд явчихсан” гэж хэлсэн. Би тухайн үед Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд Шивээ хүрэн боомтод засварын ажилтай байсан юм. Манай эхнэр Цэрэнбал, Отгонзаяа нар захиран зарцуулах эрхтэй. Би зурагтаа ломбарднаас 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагтаа асаангуут 5 ширхэг толботой зурагт байгаа юм, гэрт удирдлага нь байна лээ, авч яваагүй байсан. Б.Л бол манай эхнэр Цэрэнбалын ээж болох Оюун-Эрдэнэ гэх хүний төрсөн охин Оюунтунгалагийн хүүхэд нь байгаа юмаа. Надтай хадмын талын холбоотой. Манай түлхүүр эхнэр Цэрэнбал, миний төрсөн дүү Б.Отгонзаяа, мөн эхнэрийн дүү Мягмарсүрэн нарт нэг хувь байдаг. Мягмарсүрэнтэй Б.Л нь үеэлүүд учир ойр дотно байдаг юм. Хашаандаа хоёр айл байдаг. Нэг нь Б.Л тэдний байшин, манай гэрээр орж гардаг. Манай эхнэр одоогоор ажилгүй, гэртээ хүүхдээ асардаг юмаа. Хэрэг гардаг өдөр Хөвсгөл аймгийн Галт сум руу төрсөн аав нь бурхан болоод ажил явдалд нь явсан бөгөөд энэ үед манай гэр эзгүйрээд эхэлсэн байсан. Надад хохирлоо барагдуулсан учир гомдолгүй байна. Би өөрийн алдагдсан зурагтаа Л-р ломбарднаас буцааж авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “... Зурагт байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Манай ах, эгч хоёр хөдөө байгаа”, “Манай хашаанд манай ахын эхнэрийн ээжийнхэн байдаг. Л, О, Г нар байдаг.” гэх мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар нууц далд аргаар авсан эсэхийг дээрх мэдүүлгүүд шууд нотлохгүй. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй байна. Хохирогчоор тогтоогдсон гэх Б.З-н мэдүүлэг, гэрт нь хамт амьдардаг гэх Б.О-н мэдүүлгээс үзэхэд, алдагдсан гэх эд хөрөнгийг хариуцвал зохих этгээд болох Ц гэгчээс энэ талаар асууж тодруулаагүй. Тухайлбал, эгчийн хүүхэд Б.Л-д тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн эсэх, ломбарданд тавих талаар утсаар ярьж зөвшөөрөл авсан эсэх, энэ талаар Б.З-д урьдчилан мэдэгдсэн эсэх, хөдөө явахдаа түлхүүрээ үлдээсэн эсэх, тэдгээрийн хоорондын харилцаа, түүнчлэн тухайн эд зүйлсийн үнэлгээ, эвдрэл, гэмтэл байсан эсэх зэргийг асууж тодруулж мэдүүлэг аваагүй орхигдуулсан байхад шүүх анзаараагүй.
Мөрдөгч нь гомдол мэдээллийн дагуу шалгахдаа хэрэг учралын газарт үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Монгол гэрээс эд зүйл алдагдсан гэж байхад үзлэг хийсэн мөрдөгч нь хэрэг учрал болсон гэх газарт бүхэлд нь үзлэг хийхгүйгээр зөвхөн байшинд үзлэг хийсэн байдлаар тэмдэглэлээ үйлдсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт зайлшгүй шаардлагатай Н.Ц, нэг хашаанд амьдарч буй О...т..., М нараас мэдүүлэг авч гэмт хэрэг гарсан эсэхийг тодруулж тус тус мэдүүлэг аваагүй. Түүнчлэн Б.О руу 88..24.. дугаарын утас руу тухайн өдөр залгаж “Танай зурагтыг чинь авлаа шүү” хэмээн урьдчилан хэлсэн Баттогтохын Батжаргалыг шалгаагүй байна. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь нарийвчлан шалгахгүйгээр, өмгөөлүүлэх эрхээр хязгаарлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Манай үйлчлүүлэгчийн хувьд урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх ба хашаанд хамт байгаа З гэгчийнд орж гарах эрхтэй, мөн байшингийн илүү түлхүүр байдаг болохыг түүний ээжийн дүү Цэрэнбал болон бусад хүмүүс сайн мэддэг болох нь тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт нь илтэд хууль бус гарсан, Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т “Эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн шаардлагыг зөрчиж алдагдсан зурагтыг биет эх хувь байдлаар шинжээчид танилцуулаагүй дүгнэлтийг гаргуулсан байна.
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ нь бүрэн биш, эргэлзээтэй, хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Хохирогч алдагдсан гэх эд зүйл болох зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлсэн байхад Мастер үнэлгээний байгууллага нь дүгнэлт гаргахдаа зах зээлийн харьцуулсан байдал, объектын судалгаа, эдэлгээний байдал, хохирогчийн үнэлсэн зэрэг нөхцөл байдлуудыг баримтад тулгуурлан үнэлж дүгнэхгүйгээр дур мэдэн гаргасан байна. Энэ нь “уг хөрөнгүүдийг биечлэн үзэж хэмжилт, судалгаа хийсний үндсэн дээр илүү бодитой үнээр тогтоох боломжтой” гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу үнэлгээг хийгээгүй байна. Тухайн зурагт нь анх зах зээл дээр ямар үнэтэй байгаа, түүнээс эдэлж хэрэглэсэн хугацааг тооцон өртгийг хасаж, бодит үнэлгээг тогтоосон нь дүгнэлтээс харагдахгүй, дүгнэлт гаргахдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлийг бий болгож байна. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Хэргийг бүрэн дүүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хохирогчийн гэрт нэвтэрсэн үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх нь эргэлзээтэй. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолд хүн амьдрах зориулалтай хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй. Тухайн цаг хугацаад нэвтрэхийг хориглосон орон зай гэсэн агуулгаар тайлбарласан байдаг. Хохирогч мэдүүлэг болон гомдолдоо манай эхнэр Ц, О захиран зарцуулах эрхтэй гэсэн байдаг. Шүүгдэгчтэй садан төрлийн хамаарал бүхий Ц болон З нар тухайн орон байранд нэвтрэх эрх өгсөн эсэхийг шалгаж тодруулаагүй. Тухайн хашаа орон сууцны өмчлөлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Орон сууц нь Гаваа, Жамбаа, Лувсаншарав гэдэг хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтэрсэн эсэхийг шалгах шаардлагатай. Зөвшөөрөлтэй нэвтэрсэн эсэхийг шалгаснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой байхад шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь өөрийн гэрт байсан түлхүүрээр З-н гэрт нэвтэрсэн нь айл саахалт хүний нэг нэгэндээ гэрээ захиж үлдээдэг заншлын шинжтэй үйлдэл байх бөгөөд уг эрх олгогдсон этгээд нэвтэрсэн. Бусдын хадгалалтад үлдээсэн эд хөрөнгийн эрхийг буруугаар ашигласан тохиолдлыг шалгаж тодруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Орон сууцны эзэмшигч, өмчлөгч нартай холбоотой асуудалд дүгнэлт хийж орон сууцад хууль бусаар нэвтэрснийг шалгасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1-т заасан гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжтой байсан. Хэргийн зүйлчлэлд хохирлын хэмжээ хамаарахгүй боловч хохирлын хэмжээ нь нотолбол зохих байдалд хамаарна. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ нь бүрэн биш бөгөөд эргэлзээтэй хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тухайн хөрөнгүүдийг биечлэн үзэж шинжлэж судалгаа хийсний үндсэн дээр бодит үнийг тогтоох боломжтой байсан. Уг хөрөнгийг бодит байдал дээр судлаагүй, зах зээлийн судалгаа хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг урьдчилан танилцуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад шүүх анхаарч үзээгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тодорхой бус гарсан. Хэргийн 33-34 дүгээр талд “Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт авагдсан. Уг дүгнэлтийг үнэлгээчний туслах гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, Улсын Дээд шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 366 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу томилогдсон, тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээд байхыг шаарддаг. Уг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлгээчний туслах Ж.Отгонжаргал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэргийн 33 дугаар талд мөрдөгчийн магадлагаа авагдсан. Үүнд тухайн үнэлгээчний туслахыг томилсныг прокурор анхаарч үзээгүй. Үнэлгээчний туслах харьцуулсан судалгаа хийж элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр дүгнэлт гаргасан. Хохирогч тухайн зурагтыг 300.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн. Хэргийн 40 дүгээр талд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол авагдсан. Уг тогтоол 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгчээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхаарч үзээгүй. Шүүгдэгчийн хувийн байдлын сайтар тогтоогоогүй буюу гэр бүлтэй эсэх, жирэмсэн эсэх, зан байдлын талаар, өмнө хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасныг тогтоогоогүй байхад шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан шаардлагыг хангахуйц байдлаар хийгээгүй. Гарын мөр илэрсэн гэх боловч криминалистикийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Тухайн хэрэгт 6 мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ч нэг мөрдөгч нөгөө мөрдөгчдөө шилжүүлсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт байдаггүй. Зайлшгүй асууж тодруулах шаардлагатай гэрчүүдийг асууж тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-т заасан байдлыг тодруулахад тухайн хашаанд хамт амьдардаг Цэрэнбал, Оюунбадам нараас мэдүүлэг авах шаардлагатай байсан. Хэргийн 45 дугаар талд мөрдөн байцаагчийн тэмдэглэл авагдсан. Ахлах дэслэгч Батдэлгэрийн тэмдэглэлд Б.Батжаргал нь 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн гэрт байсан гэх Отгонзаяагаас утсаар “зурагтыг чинь авах уу” гэж асуусан байдаг. Хэрэгт яллагдагчаар татах этгээд байж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа. Шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хийсэн хэсэгт “З-н улаан өнгийн тоосгон өвлийн сууцад түлхүүр тааруулан нэвтэрч” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Түлхүүр тааруулсан асуудал байхгүй. Гэрт нь түлхүүр байсан. Ээжийнх нь дүүгийнх нь нөхрийн гэрт орох эрхтэй этгээд байсан. Хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Хууль зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал илэрсэн, хувийн байдлын талаар тодруулаагүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй. З хохирогчоор “Б.Л нь манай гэрт орох болон зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Б.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “зурагтыг хулгайлан авч ломбардад тавьсан. Ийм эрх байхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд, зээлээр авсан утасныхаа зээлийг төлөхийн тулд нэвтэрч орох эрхгүй атлаа түлхүүр тааруулж орж, өөрийнхөө хэрэгцээг хангасан талаараа мэдүүлсэн. Хохирогчоос хууль сануулж мэдүүлэг авсан байхад энэ мэдүүлгээ өөрчилж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ................ дүүргийн .. дүгээр хороо, ............... тоотод оршин суух иргэн Б.З-н хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Скайворт” загварын 40 инчийн лед зурагтыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.З-н “... 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23 цагийн үед манай төрсөн дүү О .................... дүүргийн .. дүгээр хороо, ................. дугаар гудамжны .. тоотод байрлах монгол гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ... 40 инчийн зурагт байхгүй алдагдсан байсан. ... Манай эхнэр Ц, О нар захиран зарцуулах эрхтэй бусад хүмүүс бол байхгүй. ... Би зурагтаа ломбарднаас 300.000 төгрөгөөр 2019 онд худалдан авч байсан. Хар өнгийн “Sky worth” гэсэн бичигтэй 40 инчийн зурагт байгаа. ... Манай байшингийн түлхүүр эхнэр Ц, миний төрсөн дүү Т.О, эхнэрийн төрсөн дүү болох М нарт нэг нэг хувь байдаг. Тэгээд Мягмарсүрэнтэй Б.Л нь үеэлүүд учир ойр дотно байдаг. Би саяхан М-тэй холбогдоход манай гэрийн түлхүүрийг алга болгосон гэж ярьж байна лээ. Тэгэхээр уг алга болсон гэх түлхүүрээр онгойлгож орсон байх гэж бодож байна. ... Б.Л нь манай гэрээс эд зүйл захиран зарцуулах эрхгүй. ...” /хх 14-16/,
гэрч Б.О-н “...2020 оны 10 дугаар сарын 23-ны 21 цагийн орчим ирэхэд байшингийн хаалга, цонх бүрэн бүтэн байсан ба хаалгаар орж ирэхэд манай ахын хар өнгийн “Sky worth” нэртэй зурагт байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 18/,
Б.Л-н яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим гэрт Мягмарсүрэнгийн үлдээсэн байсан хамаатны ах З-н байшингийн түлхүүрийг аваад хашаанд байх байшинг нь түлхүүрдэж онгойлгоод хойморт байсан “Sky worth” загварын 40 инчийн Led зурагтыг ганцаараа тэвэрч гараад гэрийнхээ доороос 500 төгрөгийн унаанд суугаад Баянхошууны хуучин эцсийн буудал дээр ломбарданд 230.000 төгрөгөөр барьцаалсан. Мөнгийг нь гар утасны төлбөрт өгсөн. ...Би З ахын зурагтыг авч ломбарданд барьцаалах эрх байхгүй. ...” /хх 43-44/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/, хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт /хх 33-34/, ................ дүүргийн .. дугаар хороо, ............ хуучин эцэст “Т т” дэх барьцаалан зээлдүүлэх төвд “Sky worth” загварын 40 инчийн Led зурагтыг 230.000 төгрөгөөр барьцаалсан баримт /хх 51/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Л-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Л-н хохирогч Б.З-н гэрт орж, улмаар 400.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Л нь анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн үйл баримт, хохирол, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүх энэ нөхцөлүүдийг үндэслэл болгон тухайн зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн үеийн нөхцөл байдлаа өөрчлөн давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хохирогч Б.З, шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нар “...зурагтыг 2019 онд ломбарднаас 300.000 төгрөгөөр авсан байхад эд зүйлийн үнэлгээгээр 400.000 төгрөг гэж тогтоосон буруу. ...” гэсэн, “...хохирогч Б.З-н гэрийн хаалгыг нь түлхүүрээр онгойлгож орсон байх тул орон байранд хууль бусаар нэвтрээгүй. ...” гэсэн, “...Ц-н эгчийн хүүхэд Б.Л-д тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн эсэх дүгнэлт хийгээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Хохирогч Б.З-н гэрийн хаалгыг нь түлхүүрээр онгойлгож орсон байх тул орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэх гомдлын тухайд, хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүрээр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.
Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Л нь Б.З-н гэрт хүн байхгүйг мэдмэгцээ н.М-ийн эзэмшилд байсан түлхүүрийг нууцаар авч дотогш нэвтэрч эд зүйл авсныг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй гэх гомдлын тухайд, хулгайлах гэмт хэрэгт зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгө, эд зүйлсийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусдад ашигтайгаар авах үйлдэл байдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн объект нь гэмт этгээдэд огт үл хамаарах, захиран зарцуулах ямар ч эрхгүй атлаа иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагын эд хөрөнгө өмчлөх эрхэд халдах явдал юм.
Хохирлын үнэлгээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаас бага бус хэмжээтэй байх тул эд зүйлс, өмч хөрөнгийн хэлбэрийг үл харгалзан өмчлөгчийн өөрт оногдох эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөх дархан эрх нь хэргийн объект болдог.
Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Түүнчлэн, энэ гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгосноор төгсдөг онцлогтой.
Шүүгдэгч Б.Л нь Б.З-н гэрт байнга орж гардаг, эзгүй үед гэр орон харж, шаардлагатай гэж үзвэл ороод өөрийн дураар гэр цэвэрлэх, шаардлагатай хүнс, бараа бэлтгэх зэрэг үйлдлийг хийх боломжтой гэж хохирогч давж заалдах гомдол гаргаж байгаа боловч тэрээр бусдын гэрийн түлхүүр хаана байгааг мэдэж байсан хэдий ч дураараа орох эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Зурагтыг 2019 онд ломбарднаас 300.000 төгрөгөөр авсан байхад эд зүйлийн үнэлгээгээр 400.000 төгрөг гэж тогтоосон буруу гэх гомдлын тухайд, эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулсан /хх 35-36/ бөгөөд хохирогч Ц.З, шүүгдэгч Б.Л нарын зүгээс хохирлын үнэлгээтэй холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.З, шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Л-н 2021.01.14-2021.03.23 хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.З, шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР