Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын прокурор В.Төгсбаяр

Шүүгдэгч: Ч.Буянбат /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.Буянбатад холбогдох 201716010086 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Итайкар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо Баянхошууны 23-16 тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 269/А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Аж-Уул овогт Чимэгийн Буянбат /РД:ДА90101511/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Ч.Буянбат нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цагаан-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр зочид буудлын өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 06 цагийн үед В.Хадбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Буянбат мэдүүлэхдээ: “2017 оны 04 сарын 29-30 нд шилжих шөнө Хадбаатар, Нямбаяр ах бид гурав ажлаасаа тараад усанд орох гэж Цогтцэций сумын төв дээр ирсэн. Бид 3 очоод 2 шил архи ууж байтал Хадбаатар ах “намайг ахтай чинь хамт нүүрс тээвэрт жолоочоор явуулахгүй” гэх зэрэг хэрүүл өдөх шинжтэй зүйл ярихаар нь би “яагаад” гэж асуугаад маргалдаж би Хадбаатар ахын биед гэмтэл учруулсан” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч В.Хадбаатар мэдүүлэхдээ: “…2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Буянбат, Нямбаяр бид гурав ажлаа тараад хувийн ажлаар 22-23 цагийн үед Цогтцэций сум дээр ирээд Эрдэнэ төв хүнсний дэлгүүр орж 2 шил 750 граммын архи болон хиам талх зэрэг уух юм аваад Өгөөмөр зочид буудалд очиж өрөө аваад тэндээ амрах болсон. Тэгээд бид хэд авсан 2 шил архиа хувааж уусан. Тэрнээс цааш би юу болсон талаар санахгүй нэг сэрэхэд эмнэлгийн түргэний машинд суугаад явж байсан. Ч.Буянбат миний эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуулас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч А.Нямбаярын: “...2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Буянбат, Хадбаатар нарын хамт Цогтцэций сумын төвд ирээд “Эрдэнэ төв” хүнсний дэлгүүрээс 2 шил архи идэж уух зүйл авч Өгөөмөр зочид буудалд орж байрлахаар болсон. Тэндээ бид гурав авсан архиа хувааж уугаад миний нойр хүрээд хаалганы хажуу талын орон дээр зүүрмэглээд хэвтэж байтал Хадбаатар намайг дуудах шиг болохоор нь сэрээд хартал буудлын өрөөний цонхон талд Хадбаатарын хэвтэж байсан ор цус болчихсон түүний гар, хөл зүсэгдчихсэн байхаар нь очтол “чи Буянбатыг барьж байгаарай” гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Буянбат бид хоёр яриад байж байтал цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч А.Энхтуяагийн: “...2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө намайг жижүүртэй хонож байхад 3 ортой өрөө байна уу гээд нэг хүн асуухаар нь 104 тоот өрөөнд оруулсан. Тэгээд Буянбат гэдэг хүн бичиг баримтаа бүртгүүлээд орсон. Үүрээр 06 цагийн үед 104 тоот өрөөнд орсон 3 залуу зодолдохоор нь ортол бичиг баримтаа бүртгүүлээд орсон Буянбат гэх залуу хамт явсан нэг хүнийхээ дээр нь гараад суучихсан архины шилний хагархай барьсан нөгөө хүнээ цохиж байгаа харагдсан. Тэгээд би айсандаа гарч цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/

 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №104 дугаартай “...Ч.Буянбатын биед баруун нүдний салстад цус хурсан, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээр гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №105 дугаартай “...В.Хадбаатарын биед баруун гарын бугалганы дотор тал, цээжний зүүн талд суганы урд шугамаар 5 хавирганы харалдаа, аюулхай, баруун талын гуяны дотор тал, зүүн гуяны ард, баруун шилбэнд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/

Арилжааны банкнуудын тодорхойлолт депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39-42-р хуудас/

Ч.Буянбат Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 269/А шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгий хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байна хуудас /хавтаст хэргийн 87-88-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.Буянбат нь В.Хадбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон

хохирогч В.Хадбаатарын: “…Өгөөмөр зочид буудалд очиж өрөө аваад тэндээ амрах болсон. Тэгээд бид хэд авсан 2 шил архиа хувааж уусан. Тэрнээс цааш би юу болсон талаар санахгүй нэг сэрэхэд эмнэлгийн түргэний машинд суугаад явж байсан. Ч.Буянбат миний эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Нямбаярын: “...2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Буянбат, Хадбаатар нарын хамт Цогтцэций сумын төвд ирээд “Эрдэнэ төв” хүнсний дэлгүүрээс 2 шил архи идэж уух зүйл авч Өгөөмөр зочид буудалд орж байрлахаар болсон. Тэндээ бид гурав авсан архиа хувааж уугаад миний нойр хүрээд хаалганы хажуу талын орон дээр зүүрмэглээд хэвтэж байтал Хадбаатар намайг дуудах шиг болохоор нь сэрээд хартал буудлын өрөөний цонхон талд Хадбаатарын хэвтэж байсан ор цус болчихсон түүний гар, хөл зүсэгдчихсэн байхаар нь очтол “чи Буянбатыг барьж байгаарай” гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Буянбат бид хоёр яриад байж байтал цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Энхтуяагийн: “...2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө намайг жижүүртэй хонож байхад 3 ортой өрөө байна уу гээд нэг хүн асуухаар нь 104 тоот өрөөнд оруулсан. Тэгээд Буянбат гэдэг хүн бичиг баримтаа бүртгүүлээд орсон. Үүрээр 06 цагийн үед 104 тоот өрөөнд орсон 3 залуу зодолдохоор нь ортол бичиг баримтаа бүртгүүлээд орсон Буянбат гэх залуу хамт явсан нэг хүнийхээ дээр нь гараад суучихсан архины шилний хагархай барьсан нөгөө хүнээ цохиж байгаа харагдсан. Тэгээд би айсандаа гарч цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №105 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Ч.Буянбат Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 269/А шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байна

Хохирогч В.Хадбаатар нь шүүгдэгч Ч.Буянбаттай сайн дураараа эвлэрч, хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасны дагуу түүнд ял халдаах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Буянбат нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хувийн байдлыг нь харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан латин үсгээр CHINGGIS /Чингис/ гэсэн шошго бүхий шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж-Уул овогт Чимэгийн Буянбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Буянбатад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн латин үсгээр CHINGGIS /Чингис/ гэсэн шошго бүхий шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Ч.Буянбатын бичиг баримт ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.Буянбатад авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА